Facebook Twitter youtube
Монголчуудын хөхөөр хооллолт гадныхныг гайхшруулдаг
2014-12-13 өдөр 06:58

Төгсөө хүүхэдӨнгөрсөн жил Америкийн “Mothering” сэтгүүлд Канадаас Монгол Улсад айлчилсан нэгэн эмэгтэйн гайхалтай өгүүлэл нийтлэгдсэн байна.
Монголд зургаан нас хүртлээ эхийнхээ сүүгээр хооллосон хүүхдүүд хүчтэй, эрүүл чийрэг өсдөг учраас уламжлалт спорт болох үндэсний бөхийн шилдэг бөхчүүд болцгоодог гэж ярьдаг. Үүнийгээ ч баталдаг. Би Монгол Улсад хүүхдээ дөрвөн сартай байхад нь анх ирсэн юм. Тэгээд хүүгээ гурван ой хүртэл нь амьдарсан даа.
Хүүгээ өсгөсөн анхны жил монгол хүмүүсийн хүүхдээ хөхөөрөө хооллох ёс нь Хойд Америкийн уламжлалаас асар ялгаатай болох нь ажиглагдсан. Тиймээс энэ зүйлийг огт өөр өнцгөөс харах нүдийг минь нээж өгсөн гэхэд болно. Монгол эхчүүд хүүхдээ удаан хугацаагаар хөхүүлэхээр барахгүй үүнийг хэнээс ч ичиж зоволгүйгээр маш дуртайяа хийдэг юм билээ. Монгол хүмүүсийн хувьд хөхний сүү гэдэг нь зөвхөн балчир хүүхдэд зориулагдсан зүйл ч биш, зөвхөн хоол ч бус, тэр бүү хэл ичиж зовоод байх ч зүйл биш юм. Энэ л чухамдаа Чингис хааныг аугаа байхад нөлөөлсөн гол зүйл юм даа.
Би анх удаа ээж болох гэж буй бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил хүүхдээ мэндлэх хүртэл нь хөхөөр хооллох тухай анхаарч бодож байсангүй. Гэвч миний хүү Кэлам хорвоод мэндэлснээсээ хэдхэн минутын дараа миний хөхнөөс барьж авсан бөгөөд ирэх хэдэн жилийн турш хөхнөөс минь салах гэсэн бодол огт байхгүй байгаа нь мэдрэгдэж байлаа. Харин надад аз таарч хөхний толгой хагарах гэх мэт бэрхшээлтэй зүйл тохиолдсонгүй. Гэвч сэтгэлзүйн хувьд тийм амар байгаагүй юм. Учир нь, би түүнийг хэрхэн хайрлах, түүний хувьд хэр чухал болох гээд бүх зүйлд бэлэн бус байсан юм. Кэлам төрөөд удаагүй ч хөхнөөс минь хэдэн цагаар зуураастай байхыг ажигласан Канадын сувилагч “Өөрийгөө түүний угж бүү болго” хэмээн надад анхааруулж байлаа.
Гэвч би хүүгээ хөхүүлсээр байсан ч өөрийгөө зөв юм хийж буй эсэхдээ эргэлзсээр байсан юм. Удалгүй нөхөр маань Монголын онгон зэлүүд байгалийг судлахаар болж, бид Канадаас Монгол руу явах болсон юм. Монголчууд нялх хүүхдийг хэд хэдэн дулаан хөнжилд ороож, яг л шуудангийн илгээмж шиг гурван уяагаар бүсэлж орхидог аж. Тэгээд тэр боолттой зүйл чимээ гаргахад аманд нь соосог хийж орхино. Хүүхдийг байнга хуурайлаад байхгүй мөн тэд нэг их гулгидаггүй. Нялх хүүхдүүд доод тал нь гурван сар хүртлээ өлгийтэй байх бөгөөд тэд гараа гарган тоглоом барьж авах ч боломж байхгүй. Түүнд тохиох ганц боломж нь эхийнхээ сүүг хөхөх.
Энэ нь надад ер бусын байлаа. Харин канад хүүхдүүд гурван сартайдаа олон нийтийн арга хэмжээнд оролцож, тэр ч байтугай усанд сэлж байдаг. Зарим нь бүр өөрсдөө тайвширч сурцгаасан байдаг юм. Нялх хүүхэд уйлах маш олон шалтгаан бий учраас миний үүрэг тэр шалтгааныг нь олж, асуудлыг нь шийдэх гэж боддог байлаа. Харин Монголд хүүхдэд уйлах мянган шалтгаан байлаа ч шийдэх арга нь ганцхан: эхийхээ хөхийг хөхөх. Би ч мөн тэдний жишээг дагаж хүүхдээ хөхүүлж эхэллээ.
Канадад хүүхдээ хөхөөр хооллох явдал нь учир битүүлэг, нууцлаг зүйлд орно. Үнэн хэрэгтээ бид үүнд дасаагүй хэрэг. Канадад хүүхдээ хөхөөр хооллох нь ихэвчлэн гэртээ эсвэл нялх хүүхэдтэй хэсэг эмэгтэйчүүдийн дунд л байдаг зүйл юм. Кафе болон олон нийтийн газар хүүхдээ хөхүүлэхгүй бөгөөд бидний санаанд ч энэ тухай ойлголт огт байхгүй. Мөн эх, хүүхдийн энэхүү дотно харилцаа, эелдэг зөөлөн дуу, нүдээрээ нэг нэгийгээ энхрийлэн ширтэх харц, хориггүй нэг нэгийгээ хайрлах, сэтгэлт хос шиг байдаг ч бусдад бол тийм ч тааламжтай бус сэтгэгдэл төрүүлдэг юм.
Монголд “Зөвхөн эхчүүдэд” гэсэн хэсэгт оролгүйгээр бусад хүмүүсийн дэргэд хүүхдээ хөхүүлэх нь намайг шууд олны анхааралд оруулж орхив. Эхчүүд дуртай газраа, дуртай цагтаа хүүхдээ хөхөөр хооллодог практик нь ерийн явдал юм. Харин тэд энэхүү уламжлалыг даган дууриаж байгааг минь харахдаа маш таатай байлаа.
Намайг цэцэрлэгт хүрээлэнд хүүхдээ хөхүүлж суухад тааралдсан эмээ нар надад маш олон хүүхдийг хөхүүлж өсгөсөн түүхээ ярьж өгдөг байлаа. Мөн намайг таксины арын суудалд хүүгээ хөхүүлж байхыг харсан жолооч нар эрхий хуруугаа гозойлгон магтаж, хүүг минь мундаг бөх болно хэмээдэг байв. Зах дээр хүүгээ хөхүүлэн явж байхыг харсан худалдагч эмэгтэйчүүд надад лангуугаа зайчлан яаж хөхүүлэх тухай зөвлөгөө өгдөг байв. Надаас зайгаа барихын оронд хүмүүс ойртож ирээд Кэламын хацар дээр үнсдэг байлаа. Хариуд нь миний хүү хөхний сүүгээ өөдөөс нь гулгиж орхивол хэн ч дургүйцэж, сэжиглэлгүй харин ч инээлдэн хамар дээрх сүүгээ арчаад л өнгөрнө.
Кэламыг дөрвөн сартайгаас нь эхлээд гурван ой хүртэл намайг хаа ч явсан нэг л зүйл хэлдэг байсан юм. “Хүүхдээ хөхүүлэх нь та хоёрт хоёуланд нь сайн” гэж. Урамшууллын эдгээр үгс өөрийгөө ер бусын чухал зүйл хийж байгаа юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байсны дээр ийм олон нийтийн дэмжлэг залуу эхчүүдэд маш чухал юм байна гэсэн ойлголтыг өгсөн юм.
Кэламыг хоёр ой хүрэхэд хүүхдээ хөхүүлэх нь маш чухал юм байна гэдэгт би эргэлт буцалтгүй итгэсэн билээ. Удаан хугацаагаар машинд явахад эх хүнээс өөр хэн ч ингэж хүүхдээ хөхөөр хооллож, бүлээн сүүгээрээ тайвшруулж чадахгүй. Энэ бол ээж нарт хүүхдээ аргадах хамгийн ойр дөт тусламж юм. Тэгээд ч үүнийг дээд зэргээр ашиглах ёстой хэмээн би бодож байсан ч энэ тал дээр монголчууд биднээс түрүүлсэн байлаа.
Монголын хатуу ширүүн өвлийн үеэр би өөрийн найз Цэцэгээгийн дулаан гэрт олон үдшийг өнгөрүүлсэн. Энэ үеэр бидний хүүхэд хүмүүжүүлэх аргыг харьцуулах сайхан боломжтой тохиосон юм. Бидний хоёр ой хүрсэн хүүхдүүд хоорондоо тоглоом булаацалдаж эхлэхэд миний анхны хариу үйлдэл бол Кэламын анхаарлыг өөр тоглоомд хандуулах, мөн түүнийг хуваалцаж сургах байлаа. Энэ нь цаг их авсан ч бараг 50 хувийн амжилттай болсон гэж хэлж болно. Харин үлдсэн 50 хувь нь Кэлам бууж өгөхийг хүсээгүй, дээд зэргээр ааш нь хөдлөх үед би түүнийг хөхүүлдэг байлаа.
Харин Цэцэгээ надаас өөр арга барилтай байсан юм. Хүүхдүүд хоорондоо муудалцаад эхлэх үед тэрбээр цамцаа сөхөн “Нааш ир, хүү минь. Надад чамд өгөх юу байгааг хараач” гэдэг байсан юм. Түүний хүү тоглоомноос харцаа салган өөрийнхөө ээжийн мээм рүү гүйж очдог байв. Харин амжилт ямар гээч.
100 хувь!
Түүнээс дутахгүйн тулд би энэ стратегийг хэрэгжүүлж эхлэв. Тэгээд бид хоёр үйлчлүүлэгчээ булаалдан өрсөлдөж буй тайчигч нар шиг суудаг байлаа. Энэхүү үйл явдалд өвөө, эмээ нар хүртэл оролцдог байсан гээд бод доо. Хөөрхий хүүхдүүд ээжийнхээ сүү дусалсан хөх рүү явах уу, эмээ нарын бин шиг болсон цээж, өвөө нарын гараараа хавчин сунгасан хөх рүү явах уу гэдгээ шийдэж ядан эргэлзэнэ. Гэхдээ яаж ч бодсон ийм зүйлийг La Leche League-гийн тайзан дээр болно гэж би төсөөлж чадахгүй билээ.
Намайг хамгийн их гайхуулсан нэг зүйл бол миний шинэ найз монгол эмэгтэй хүүхдээ есөн нас хүртэл хөхөөрөө хооллосон гэх явдал байсан юм. Би үүнийг тоглоом байх гэж бодсон ч гайхахдаа миний ам байдгаараа ангайсан байсан юм. Миний хүү дөрвөн ой хүрч байж хөхнөөсөө гарсан хийгээд үүнд би их ичдэг байсныг хэлэх хэрэгтэйн дээр тухайн зүйлд итгэж өгөхгүй л байлаа. Есөн нас хүртэл нь хөхүүлнэ гэдэг бол монгол ойлголтоор ч гэсэн ер бусын явдал юм.
Гэхдээ үүнийг монголчуудын “өөрөө хөхнөөс гарах хүртэл” эсвэл “хугацааг нь хүртэл” гэдэг нь хэлний сааднаас болоод ойлгоход хэцүү байсан ч энэ нь хэвийн зүйл байсан юм.
2005 оны UNICEF-ийн гаргасан судалгаагаар Монгол Улсад 12 сараас 15 сар хүртэл хүүхдээ хөхүүлдэг эхчүүд 82 хувь бол 20-23 сар хүртэл хөхүүлдэг эхчүүд нь 65 хувь гэж гарсан байдаг. Мөн есөн нас хүртэл хүүхдээ хөхүүлдэг нь ардын домогт өгүүлснээр хүдэр чийрэг, эрүүл биетэй, ухаан саруул хүн болон өсдөг хэмээсэн учраас Монголд алдартай бөхчүүд олон төрдөг ажгуу.
Кэламаа гурван ой хүртэл хөхүүлж байхдаа би чухам юу монгол хүүхдийг хөхнөөс нь гаргадаг бол хэмээн сонирхож суулаа. Зарим эхчүүд хүүхдүүд зүгээр л хөхнөөс уйддаг гэнэ. Зарим нь үеийнхэн нь үүнд нөлөөтэй гэж ярих юм билээ. Монголын өсвөр насны хүүхдүүд нэгийгээ “Чи ээжийнхээ хөхийг хөхдөг” хэмээн дооглодог нь Канад хүүхдүүд нэгийгээ “Ээжийн уйланхай” гэж дууддагтай ялгаа байхгүй гэж бодогдсон.
Есөн нас хүртлээ ээжийнхээ мөөмнөөс гараагүй Буянаа охин надад яагаад тийм удаан ээжийнхээ мөөмийг хөхсөн тухайгаа хэлэхдээ “Би хөдөө гэрт өссөн охин. Миний ээж мөөмөө хөхөх нь чамд л хэрэгтэй гэж хэлдэг байсан. Би ч бусад есөн настай хүүхдүүд шиг тэгдэг байлаа. Харин би сургуульд орохдоо л мөөмнөөсөө гарсан” гэсэн юм. Мөн тэрбээр над руу дүрсгүй харцаар харсанаа “Одоо хүртэл би ээжийнхээ мөөмийг хөхмөөр байдаг юм” гэж билээ.
Харин миний хувьд хүү минь хөхнөөс гарах нь цаг хугацааны нарийн хэмжүүртэй үйл явдал байлаа. Миний сүү татарлаа. Баарны үйл ажиллагаа зогсов.
Харин Монголд энэ өөрөөр явагдана. Хөхөөр хооллох тухай өөрийн найз Нараатай ярьж байх үед би түүнээс “Чиний охин хэдэн ойтойдоо хөхнөөс гарсан бэ?” гэж асуухад тэрбээр “Дөрвөн ойтой доо” гэж хариулсан юм. Дараа нь тэрбээр долоо хоногийн өмнө охин нь өвөө, эмээ нарынх нь амьдардаг суманд ирээд ээжийнхээ мөөмийг хөхөх гэхэд нь зөвшөөрсөн хэмээн ярьсан билээ. “Охин минь намайг их санасан байсан. Мэдээж, миний хөхөнд сүү байхгүй байсан ч энэ нь надад тун таатай байлаа” хэмээн Нараа ярьсан юм.
Тэгээд ч “хөхнөөсөө гарах” явдал нь заавал хөхөнд сүү байх эсэхтэй хамаагүй ч монголчууд заавал хөхнөөс гаргах гэдэггүй нь намайг хамгийн их гайхшруулсан билээ. Хэрэв ээжүүд хөхөнд нь сүү байгаад, заавал өөрийнх нь хүүхэд байхгүй үед гэрийнхээ хэнээр ч хөхөө хөхүүлдэг юм. Мөн эмэгтэйчүүд өөрийнхөө сүүг нөхөртөө амттан болгож эсвэл саагаад хөргөгчинд бусдад зориулан хадгалдаг.
Бид өөрийнхөө сүүг өөрсдөө амталж, эсвэл хамтрагчдаа амтлуулж, эсвэл бүр кофенд хийж туршиж үздэг бил үү? Мөн бидний ихэнх нь хөхний сүү уудаг гэж бодохгүй байна. Харин миний асууж үзсэн монголчууд тэдэнд хөхний сүү таалагддаг гэж хариулсан юм. Хөхний сүүний үнэ цэнэ монголчуудын хувьд тэдний соёлд зөвхөн хөхүүл хүүхдийнх биш гэж үнэлэгддэг. Хөхний сүү ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэхээс гадна өндөр настай хүмүүст бүх өвчнөөс сэргийлэх эм болно. Мөн нүдний халдварт өвчнийг эмчилдэг. Энэ нь нүдэнд цагаа хаях, нүдний бүрхүүл гэмтэх зэрэгт эм болдог байна.
Гэхдээ монголчууд хөхний сүүг амт нь таалагддаг учир уудаг юм. Миний Барууны найз хөргөгчиндөө сүүтэй лонх хийсэн бөгөөд нэг удаа тэр нь дундарсан байсанд “Би зөвхөн Монголд л өөрийнхөө ажлынхныг хардаж чадах юм байна” гэж билээ.
Өөр орны соёл дахь амьдрал өөрийнхөө амьдралыг үнэлж цэгнэхэд хүргэдэг. Би Канадад өөрийнхөө хүүг нэг настай байхад яаж тэжээх байснаа төсөөлж ч чадахгүй байна. Монгол эхчүүдийн олон нийтийн газар хүүхдээ хөхөөр хооллож чаддаг нь намайг гайхшруулаад зогсохгүй өөрийнхөө хүүг өөрийнхөөрөө өсгөхөд тус болсон билээ. Бидний хөхөөр хооллох явдал маш их ялгаатайн дээр бидний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил ч бас өөр байсан.
Хойд Америкт бид биеэ даахыг хэтэрхий үнэлдэг. Бидний хүүхэд өдөрт хэдэн удаа хөхөө хөхдөгт бидний яриа чиглэдэг. Харин Монголд хүүхдээ хөхөөр хооллох нь бие даах чадвартай харьцуулашгүйн дээр эцсийн барианы зурваст хүрэх арга ч биш юм. Тэд хүүхдүүд нь таван ой хүртлээ хөхөө хөхдөг ч Барууны орны үеийнхнээсээ илүү биеэ дааж сурдаг гэж үздэг. Мөн хөхнөөс нь гаргах гэж ч яардаггүй.
Миний Монголд хүүгээ бойжуулсан хамгийн үнэ цэнэтэй туршлага бол нэг асуудлыг шийдэх сая сая арга байлаа ч миний сонгох арга л чухал гэдгийг ойлгосонд байлаа. Би хүүгээ хөхүүлж байхдаа олон маргаантай асуудалтай тулгарч байсан ч янз бүрийн онол шийдлээс зайлсхийж, өөрийнхөө аргыг сонгодог байсанд оршино. Би өөрийнхөө хүүг дөрвөн ой хүртэл нь хөхүүлсэндээ баяртай байдаг.
Би хүүхдийг хөхөөр хооллох нь миний хүүхдэд хамгийн сайн зүйл болсон агаад түүнийг цаашдаа өсөн хөгжихөд хамгийн чухал алхам болсон гэж боддог. Тэгээд түүнийг Олимпийн бөхийн барилдаанаас алтан медаль авахдаа надад талархах болно хэмээн би хүлээж байна.
Орчуулсан С.Майдар

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ