Facebook Twitter youtube
Батж.Батбаярын хүү Батбилэг: Манай аав компанийн хувьцаануудаа бид 4-т хуваагаад 25, 25 хувиар нь өгчихсөн, өөрөө багахан хувьтай үлдсэн
2013-06-9 өдөр 07:31

Batbilegee-Таны аав УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, монголын толгой баячуудын нэг. Арай ч төрөөс төрсөн тэрбумтан гэж хэлж болохгүй байх, ер нь тэрбумтан хүн л гэдэг ш дээ. Бага нас чинь яаж өнгөрсөн юм, ер нь юмаар дутаж үзээгүй, хангалуун л өссөн байлгүй?
-Миний амьдрал, бага нас хүнээс гоц гойд ялгараад байх юм байхгүй. Тодорхой хэмжээгээр нийгэмд өөрийн байр сууриа эзэлсэн хүний хүүхэд болж төрсөндөө баярлаж, өөрийгөө азтай гэж үздэг. Манай нийгэмд баян айлын хүүхэд эрх танхи өссөн гэдэг өрөөсгөл ойлголт байдаг. Миний хувьд их том хариуцлага юм болов уу гэж боддог. Энэ хариуцлагыг тодорхой хэмжээнд үүрч явна гэдэг амаргүй л юм л даа. Аавынхаа нэрийг сэвтүүлчихгүй юмсан гэж боддог. Би 10 жилийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. Энэ гадаад хэлээр хичээл ордоггүй, жирийн л сургууль. Би 8 дугаар анги төгсөөд Турк сургуульд орж нэг жил орчим дотуур байранд амьдарсан. Тэнд нэг жил сураад буцаад л 24 дүгээр сургуульдаа ирж суралцаж төгссөн. Дараа нь АНУ-д санхүүгийн мэргэжлээр баклаврын зэрэг хамгаалсан. Ирээд Төрийн албаны зөвлөлд даргын туслахаар ороод, 2-3 сарын дараа шинжээч гэдэг албан тушаалд дэвшиж ажилласан. Тэндээ хоёр жил гаруй ажиллаад гарсан. Ажлаас гарсан шалтгаан нь аав маань 2004 онд УИХ-д сонгогдон ороод, хэдэн дүү нар бүгд гадаадад сурч байсан болохоор хувийн бизнесээ хийхээр болсон л доо. Эндээс хариуцлага гэдэг үгийг их сайн ойлгох болсон. Хувийн хэвшилд “Туул кашемир”-ыг удирдаж ноолуурын зах зээлд хүч үзэж ажилласан. Манайд ноолуурын зах зээл төдийлөн хөгжиж амжаагүй, гадны ялангуяа урд хөршийн нөлөөлөлд өртөж байдаг салбар. Мэдээж төрийн дэмжлэг чухал ч, хувийн хэвшлийн маань өөрсдийн хүчин чармайлт илүү чухал гэж боддог. Анх манайх анхан шатны боловсруулалт хийдэг үйлдвэртэй байсан, энэ салбарын хамгийн хэцүү технологи гэдэг утас ээрэх түвшинд хүргэж, өргөтгөж шинэ үйлдвэр ашиглалтанд оруулсан. 2008 оноос үйлдвэрлэлээ эхлээд Монголдоо хамгийн сайн чанарын утас ээрч байна.
Яг одоо би “Эрдэнэс MJL” гэдэг төрийн өмчит компанид ажиллаж байгаа. Монгол улсын стратегийн гэж нэрлэгдэж буайгаа бүхий л том ордуудыг эзэмшдэг компани. 100 хувь төрийнх. Эдгээр төслүүдийг боловсруулж хэрэгжүүлэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо Тавантолгойн асуудал маш эрчимтэй явагдаж байгаа. Шивээ-Овоогийн цахилгаан станц хэлэлцээрийн түвшинд явж байгаа. Энэ ажил амжилттай хэрэгжвэл удахгүй Монголын төсөвт нэлээн хувь нэмрээ оруулах том төсөл болно. Иймэрхүү ажилд гол анхаарлаа тавьж ажиллаж байгаа компани. Энэ компанидаа ахлах эдийн засагч мэргэжилтнээр ажилладаг. Шивээ-Овоо төслийн цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байгаа. Ийм л түүхтэй хүн дээ.
-Б.Батбаяр гишүүн 4 хүүтэй гэдэг. Та хамгийн том хүү нь болохоор эрх өссөн үү? Яагаад дотуур байранд амьдрах болсон юм бэ?
-Турк сургууль маань их онцлогтой, тэр болгон хүүхдүүдийг аваад байдаггүй. Ихэвчлэн улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдийг авдаг. Би 10 жилд байхдаа физикийн олимпиадад ороод 7 дугаар ангидаа мөнгөн медаль, 8 дугаар ангидаа хүрэл авсан болохоор урилгаар орсон. Өндөр шаардлагатай гүнзгийрүүлсэн сургалттай сургууль учраас дотуур байранд байлгаж эрчимтэй сургалт явуулдаг байсан, цагийн хуваарийн дагуу амьдардаг. Хагас бүтэн сайн өдөр л гэртэй харьдаг байсан.
-Таны аав анх “Буян”-гийн Жагаатай нэг өдөр “Болор” хоршоолол байгуулж байсан манай анхны бизнесмэнүүдийн нэг. Та аавынхаа их баян гэдгийг хэзээ мэдэж байсан бэ? Их баян айлын хүүхэд гэсэн мэдрэмж төрж байсан уу?
-Анх манайх Ганданд байсан.  Тэр үед бага байсан. Дараа нь 40 мянгатад шилжиж ирсэн. Тэр үед картын бараандаа, талханд оочерлож зогсдог байсан. Тэр үеийг тойроогүй биш, туулаад мэдрээд л гарсан. Бид нэг их хүмүүсээс ялгараад илүү гойд юм хэрэглэдэггүй байсан. Яахав хүүхдүүд пүүз авч чадахгүй байхад би аав ээжээсээ гуйж байгаад пүүз авахуулчихдаг байсан, тиймэрхүү юм бол байсан. Түүнээс биш “тасарчихсан” юм байгаагүй л дээ. Одоо багын найзуудтайгаа холбоотой найзлаад явдаг, олон найзтай. 40 мянгатын атаман ч бидэнтэй найз, түүнтэй холилдоод л өссөн.  Аав ээж маань биднийг нийгмээс тасалж өсгөөгүй.
-Америкт сурсан төлбөр хэд байсан бэ? Америкт хэрхэн амьдарч байв? Америкт том хаустай гэдэг дээ?
-7500 доллар байсан. Манай сургууль хотын харьяаллын сургууль учраас тал төлбөрийг нь улсаас АНУ-ын төсвөөс даадаг байсан. 15000 долларын төлбөртэй сургуулийг 7500 доллароор сурсан. Манайх Америкт байр байхгүй ээ. Би анх 17 настайдаа Америк явсан. Хамт байгаа улсууд ах нар ажил хийдэг, би ажил хийхгүй болохоор буруутай юм шиг санагдаад ажил хайгаад л явна. Дөнгөж очсон хэл усандаа муу, тэгээд ч 17 настай болохоор ажил олдохгүй. Хэсэг ажил хайж байгаад сүүлдээ больсон. Би тэр үед миний гол зорилго сурах гэж бодоод хичээлдээ л анхаарал тавьсан. Эхний 3 жил сургалтандаа анхаараад бараг ажил хийгээгүй. Сүүлийн жил гаруй санхүүгийн мэргэжлээр төгссөн ч туслах мэргэжил нь математик байсан болохоор сургуульдаа дээд сургуулийн математикийн анхан шатны хичээлд туслах багш хийж байсан. Сургууль төгсөхөд 2001 онд 2 өндрийг Осама Бин Ладен мөргөхөд тэр үед би Нью Йоркт хичээлдээ явах гээд байж байсан. Тэр үеийн эдийн засагт үзүүлсэн нөлөөлөл хагас жилийн дараа гарч ирсэн. Хоёр өндөр нурсны дараа хамаг хувьцаанууд унаад, аягүй олон хүн ажилгүй болсон, том том компаниуд, санхүүгийн байгууллагууд нь дампуураад эхэлсэн. Тэгээд Монголдоо 2002 оны 9 сард ирсэн.  Америкт амьдрах зардлаа өөрөө олно, заримдаа аав ээжээсээ татаас авна. Би 17-тойдоо Америкт очиж байсан болохоор сүүлд нь харамсаж байсан. Тэнд байх түрээслэхдээ сар болгон мөнгө төлж байсан, хэрвээ би тэрийг моргейж болгочихсон бол магадгүй 5 жилийн дараа тэнд амьдарч байх хугацаандаа байртай болчих байж гэж боддог. Гадаадад байр байхгүй ээ.
-Ер нь баячуудын хүүхдүүд ихэвчлэн  загвар өмсөгч бүсгүйчүүдтэй гэрлэдэг, суудаггүй юм аа гэхэд их дотно нөхөрлөдөг гэдэг?
-Би гэрлээгүй ээ. Хүнээсээ болох байх л даа. Үүнд хариулт өгч мэдэхгүй байнаа.
-Одоо аавтайгаа хамт амьдардаг уу?
-Тусдаа. 4-5 жил ганцаараа амьдарч байна.
-Танай аав их гоё уран зургийн цуглуулгатай. Үнэлбэл хэд хүрэх бол?
-Үнэлгээ хийлгэж үзээгүй болохоор мэдэхгүй байна. Зарим алдартай зургууд нь нэлээн үнэтэй байгаа байх л даа. Магадгүй 3 тэрбумын үнэ ч хүрэх байх. Ер нь урлаг гэдэг чинь дэлгүүрт ороод юм авдаг шиг тогтсон ханш байхгүй ш дээ. Их хэмжээний мөнгийг энэ зургийг бүрдүүлэхэд зарцуулсан. Орчин үеийн залуу зураачдын зургийг би худалдаж авч байсан. Дотоодын зурагнууд авдаг, гадагшаа явахдаа би зураг авч чаддаггүй.
-Том хаус аваад цуглуулсан зургаараа музей байгуулсан гээд байсан үнэн үү?
-Бид ээжийнхээ нэр дээр сан нээгээд буяны үйл ажиллагаа явуулдаг юм. Тэр үйл ажиллагааг байнга явуулахын тулд  тусгай байр гаргаж өөрчилж засаад музей хийсэн.
-Иргэд үзэхэд нээлттэй юу?
-Нээлттэй, гэхдээ нийтэд хэлбэрээр ажилладаггүй. Сонирхсон хүн байвал үзэж болно.
-Хэдэн төгрөгөөр үзэх вэ?
-Үнэгүй үзүүлдэг. Уг нь нийтэд дэлгэж үзүүлье гэсэн хүсэл байгаа. Яг одоогийн байдлаар хамгаалалт муу, бүх зураг ил байдаг. Хамаагүй хүмүүс орж ирээд юм цацах юм уу, юм асгачихвал тэр бүтээл юу ч биү болох учраас одоохондоо хараахан нийтэд үзүүлээгүй байгаа. Яваандаа болно байхаа.
-Таны ээжийг их сайн хүн байсан гэж ярьдаг.
-Манай ээж бидний өдий зэрэгтэй явахад их нөлөө үзүүлсэн. Аавыг нийгэмд ийм байр суурьтай болоход хамгийн гол нөлөө үзүүлсэн хүн. Бид ээжийнхээ нэрийг мөнхжүүлэх зорилгоор ээжийнхээ нэрээр нэрлэсэн сан байгуулаад ажиллаж байгаа, музей нээсэн. Анх 2007 оны нэг сард нээлтээ хийсэн. Намайг төгсөж ирсний дараа 2004 онд өнгөрсөн. Өмнө нь “Туул кашимер”-ийг хариуцаж ажилладаг байсан. Ээж минь хэвтэрт ороогүй байсан. Эмнэлэгт  хэвтэж эмчлүүлээд гайгүй байсан. Нэг их дор орж, хүний гарт орж асруулаагүй ээ.
-Мөнгөнд хэр ханддаг вэ? Ер нь аавын буяныг эдэлнэ гэж л ярьдаг ш дээ.
-Хэрэгтэй зүйлдээ мөнгө харамлаад байх нь утгагүй. Мундаг үнэтэй машин барьдаггүй. Соната-6 байхаа машин барьдаг. Машинд сонирхолтой биш ээ. Намайг төгсөж ирэхэд аав цоо шинэ Соната-5 бэлэглэж байсан. Тэр үед цөөхөн байсан юм. Одоо  3 дахь машинаа унаж байгаа. Төрсөн өдөр энэ тэрээ тэмдэглээд байдаггүй.
-Цагны тухайд…
-Миний дүү бэлэглэсэн юм. Үнийг нь сайн мэдэхгүй байна, 1000 доллар орчим байх.  Өөрөө үнэтэй цаг авч үзээгүй.
-Буян буянаа дагадаг гэдэг. Хэний хүүхдүүдтэй найзалдаг вэ?
-Манай дүү нар бид жил дараалаад гарчихсан.  Тэдний найз нартай гадаад дотодод хамт сурч байсан хүүхдүүдтэй найз. Манай том бизнесмэний хүүхдүүд байна. Би Америкт байхдаа Р.Гончигдорж гуайн охинтой нэг хотод сурдаг байсан. Н.Батбаяр гишүүний охин Жаргалан сурч байсан, О.Чулуунбат гишүүний хүү гэх мэтчлэн найзууд байна. Бид холбоотой байдаг, хааяа уулзалдана.
-Хувцсаа хаанаас авах вэ? Зарим нь Монголоос юм авдаггүй гадаадаас цуглуулдаг гэдэг ш дээ?
-Гадаад явах үедээ ганц нэг юм авнаа. Монголоосоо ч авна. UB март, их дэлгүүрээс хувцсаа авна. Брэнд энэ тэр гээд байхгүй. Брэндийн хувцас зарим нэг үед авах тохиолдол гарна. Дандаа брэнд өмсөөд байхгүй.
-Ер нь аав ээжүүд та нарын төлөө юм цуглуулсан гэж хэлдэг. Тухайлбал Сайхансамбуу гишүүн “Яадгийм охиндоо зориулаад том байшин бариад өгчихсөн” гэж байсан.
-Манай аав бүх компанийн хувьцаануудаа бид дөрөвт хуваагаад 25, 25 хувиар нь өгчихсөн. Өөрөө нэг жаахан хувьтай. Аав бидэнд тэнцүү хуваагаад өгчихсөн. Том байрыг завгүй би арчлахад хэцүү. Хэрэглээнд ач холбогдол өгдөггүй. Ганцаараа байгаа надад элдэв юм байх ямар ч шаардлага байхгүй. Яахав том байшин авъя гэвэл авах л байх. Нью Йоркт настай гэр бүл, үр ачтай болсон хүмүүс хотын захаар амьдардаг, амьдралын хэв маягтай. Залуу хүн гараад  явахад юм юмандаа ойр байр сонгодог юм уу гэж боддог. Би одоохондоо энгийн цомхон амьдардаг.
-Танай аав их олон газрын хувьцаа эзэмшдэг, бараг 10 хүрнэ байхаа?
-6-7 газар байгаа байхаа. Би нарийн хэлж мэдэхгүй байна.
-Өдөртөө, сардаа хэдийг үрэх вэ?
-Байрны мөнгө гээд 100 орчим мянган төгрөг өгдөг. Ганцаараа болохоор ихэвчлэн гадуур хооллодог. Сардаа 500-600 мянган төгрөг зарчихдаг байх. Хувцас хунарыг эгч ирээд угаачихдаг. Би гэртээ унтах гэж ордог.
-“Жаст”-ын Батхүү 4 ээлжийн костюмтэй гэсэн…?
-4-өөс арай олон. Албан ажилд өмсдөг костюм 5-6 байгаа. Хувцсандаа анхаарал тавихгүй байсаар байгаад нэлээн хуучруулчихдаг.  Зарим нь индүүдсээр байгаад гялтайчихдаг. Тиймэрхүү юм байна. 2004 онд аавынхаа сонгуульд ажилласан. 2008 оны сонгуулиар аавынхаа ерөнхий менежерээр нь ажилласан.  Баттулга сайд, Ганбат ахтай нэг баг болоод ажилласан. Гайгүй ажилласан гэж боддог. 200 хүнтэй уулзах гэж 20-30 км явна, 100 хүнтэй уулзах гэж 300 км явах ч үе байсан. Хотынхыг бодвол их онцлогтой юм. Өдөржин шөнөжин машинаар явсан. 3 сард яваад 7 сарын 1-нд хотод ирсэн. Энэ 3 сарын хугацаанд Баянхонгор руу 20-30 удаа явсан байх. Онгоцоор явна, машинаар явна, нэг удаа нийтийн тээврийн пургоноор явсан.
-Танай аав шинээр амьдрал зохиосон. Яаж ханддаг вэ?
-Манай Буяа эгч сайн хүн. Аавыг шинэ амьдрал зохиосонд баяртай байдаг.  Олон жил ханилсан ханиа алдана гэдэг маш хүнд. Үүнийг би яс махандаа тултал мэдэрч байсан. Тодорхой хэмжээгээр аавын зовлонг нимгэлэхээсээ гадна асарч яваад баяртай байдаг. Бид 4-үүлээ эрэгтэй болохоор аавыг эмэгтэй хүн шиг асарч чаддаггүй байх.
-Монголын баян аавууд “Скайтель бариулаад, эксель унуулаад, хороололд 2 өрөө байранд амьдруулна шүү” гэж загнадаг гэдэг?
-Тийм “онигоо” байдаг. Тэгж загнана гэж юу байхав. Би өөрийгөө нийгмээс тасарсан гэж боддоггүй. Аль болох энгийн амьдрахыг боддог. Үзэл  бодол маань ч энгийн.
-Гадаадад гэр бүлээрээ амардаг биз дээ.
-Хамгийн анх 1990 онд  аав дөнгөж бизнес хийж эхэлж байсан. Тэр үед бид гэр бүлээрээ Хөх хот руу явж амарч байсан. Тэр үед би 10 настай байсан байх. Анх удаа гадагшаа явж үзсэн болохоор тэр их тод санагддаг.
-Ярилцсанд баярлалаа. www.tovchoo.mn

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ