Facebook Twitter youtube
А.Саруул: Би С.Баярыг лидер гэж хэлэхгүй, харин маркетингтай улстөрч
2013-05-22 өдөр 13:17

saruul1Улс төр судлаач, доктор А.Саруултай ярилцлаа.
-Энэ хавар улс төр тогтуун, иргэний хөдөлгөөний идэвхтнүүд нам гүм байна. Батзандан, Магнай албан тушаалтай болсон, Баасан гуай, Ичинноров хоёр Ерөнхий сайдын ивээлд ажиллаж байгаа гэлцэх юм?
-Ерөнхийлөгч анх гарч ирэхдээ намуудын талд биш иргэдийн талд гээд, мөрийн хөтөлбөрийн гол санаа нь иргэдийн оролцооны тухай байгаа. Тиймээс иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс энэ бодлогыг дэмжин ажиллаж байгаа. Би өөрөө “Монголын ардчилал” судлалаар докторын зэрэг хамгаалсан, өнөөдөр энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Ер нь иргэний оролцоонд тулгуурласан, иргэд нь шийдвэр гаргах эрхтэй нийгмийг л ардчилалтай нийгэм гэдэг. Энэ бол ардчилал нь чанаржсан нийгэм юм. Өмнө нь ч зөндөө хэлж байсан.Хэдийгээр манайх ардчилалсан нийгэм гэдэг ч 2000 оноос эхлээд л авторитар дэглэмийн шинжүүд хүчтэй илэрсэн.1989 оноос өмнө байсан тоталитар дэглэмд бол хэнийг ч шүүмжилж чаддаггүй байсан бол авторитари дэглэмд мянган шүүмжлэл хэлж болно. Яг албан тушаал, идэж уусантай нь хариуцлага тооцонгуут цус урсгадаг. Манайх 2008 оны 7 сарын 1-нд авторитар дэглэмтэй болох нь  батлагдчихсан. 2008 оны 9 сард  Германд миний докторын ажлыг удирдаж байсан хоёр багш маань Монголд ирсэн. Тэд “Монголын ардчилалд ямар дүн тавих вэ гэвэл -C тавина.Яагаад гэвэл ийм зөрчилдөөнийг тайван замаар шийдэж чадаагүй, цус урсгаж хүчээр дарсан.Танайх ардчилалгүй болж байна” гэж хэлсэн.Үүнийг иргэд хүлээн зөвшөөрч байгаа. Ардчилсан нийгэмд манайхан эрх чөлөө гэдгээ буруугаар ойлгодог.Ардчилал гэдэг бүгдээрээ хэлэлцэж батлаад тэрийгээ дагаж мөрддөг маш нарийн стандарт, дүрэм журам, хуулийг дээдлэх ёс. Нэгэнтээ тоглоомын дүрмээ хамт батлаад, бүгдийнх нь сэтгэлд хүрсэн учраас тэрийгээ ч баримталдаг.Ардчилсан нийгэмд хууль биелүүлэх ухамсар бараг ген шиг тогтчихсон байдаг, бүр удамшчихсан байдаг.Манайд хуулийн ухамсар удамшиж эхлэх ёстой.Манайхан ардчилал муухай юм авчирлаа гэдэг.Энэ бол ардчиллыг гутаах гэсэн, ойлголтгүй хүмүүсийн яриа гэмээр байна. Ардчиллын суурь тавигдсан учраас ч өнөөдөр иргэдэд эрх нь ирж байна.
-Та үзэл бодлоо хүчтэй илэрхийлдэг идэвхтнүүдийн нэг байсан ч сүүлийн үед чимээгүй болчихлоо?
-Би одоо ч идэвхтэй явж байгаа. Бид ер нь чихгүй, нүдгүй төр засагтай явж ирсэн. Харин өнөөдөр чих ургалаа, нүд нь нээгдэж байна.Бид урьд нь яг л одоогийн энэ нөхцлийг нэхэж шаардацгааж байсан.Гэвч биднийг огт сонсдоггүй байсан тул “орилохоос” өөр арга байгаагүй. Гэсэн ч огт үр дүнд хүрдэггүй байсан.Одоо бол урин цаг ирж, сонгосон зам маань сайхан боломж нээж өгч байна.Үүнийг хэрэгжүүлэх эсэх нь тухайн бодлогыг тээгч хүнээсээ бас шалтгаална. Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-ын ардчилсан үзэлтэй хүмүүс шийдвэр гаргах түвшинд ардчиллыг дэмжээд явж байна. Өмнө нь иргэний хөдөлгөөнүүд яагаад чанга хашгирдаг байсан юм.Яагаад гэвэл иргэд хэрхэн оролцох, шийдвэр гаргах бодитой дүрэм журам байсангүй, байлгах ч үгүй тийм л эрх баригчид ноёрхож байлаа. Хэлээд үг авахгүй, өчнөөн удаа хана мөргөлөө ш дээ. Ямар ч дүрэм журам  байхгүй, ерөөсөө л мэдээллийг албан тушаалтайгааөмчилсөн дарга нар дур зоргоороо загнадаг, иргэдийг төлөөлж гарч ирчихээд, эргээд төлөөлж байгаа хүмүүсээ сонсохгүй өмнөөс нь “салаавч” үзүүлэхээр бидний шаардлага хана мөргөөхөөс өөр яах вэ дээ. 2012 оны орон нутгийн сонгуулиар гарч ирсэн НИТХ, хотын шинэ дарга иргэдийг өчнөөн жил бухимдуулсан хур асуудлуудыг эхнээс нь шийдэж эхэллээ. Ямар ч гэсэн иргэдээ сонсдог чих ургалаа.Бидэнд“орилох” шаардлага байгаа ч асуудлыг хэлэлцэх зам тавигдаж байна.Заримдаа замаа олохгүй будилж байгаа ч гэсэн зөв зам руу явж байгааг хараад хүмүүс их дэмжиж байна.Замын түгжрэл багассан уу, багассан.Хамгийн сүүлд тамхины хууль хэрэгжиж байна.Гоё байна ш дээ.Өмнө нь иргэд нь орилоод, санаа зовоод бужигнаад байсан эх захаа алдчихсан асуудлын тодорхой хэсгийг барьж аваад цэгцлээд явж байгаад үнэхээр баярлаж байна.Тэр үед биднийг хэн ч сонсдоггүй байсан.“Энэ юм болохгүй байна. Ингээч тэгээч” гээд санал хэлэхээр гэхээр өөдөөс “май чи” гэдэг, дургүй нь хүрвэл цагдаагаар барьж авч зодуулаад байхаар хүмүүс бүгд нийлээд орилохоос өөр яахав дээ. Одоо бид “амаа үдүүлсэн” гэдэгтэй санал нийлэхгүй байна.Дугарах мөчдөө дугарч л байгаа. Нөгөө талаас хүн л юм болохоор ядарна, үр хүүхэдтэй байж хувийн амьдралгүй юм шиг явж ирлээ. Байраа түрээсэлчихээд тэмцээд явж л байсан.Ажил төрлөөс халах мэтээр хэлмэгдүүлж, хөдөө гадаа их явсан учраас эрүүл мэндийн асуудал ч гарч ирж байна.Баасан хэдэн удаа баригдав, би ганц удаа “суухад” л бие эвгүйтэж байсан.Айсандаа ч биш л дээ, хамгийн гол нь яагаад хүн зөв юмны төлөө явж байж ингэж нулимуулж байгаа юм бэ, өөрсдийнх нь төлөө явж байхад яаж байгаа юм гэсэн хувь хүний гомдол байна л даа. Өнөөдөр юм цэгцэрч эхлэх гээд байна,  Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гурав нэг бодлоготой боллоо. Иргэдээ сонсдог, иргэд нь шийдвэр гаргадаг дүрэм журмыг гаргалцаад явж байгаа учраас олон хүний хүч чадлыг барсанхүнд суртлыг арилгахад оруулж байгаа хувь нэмэр маань болно. Би байгаль орчны салбарт тэмцэж байсан болохоор яг л энэ дүрэм журмууд орон нутагт нэн хэрэгтэй гэж харж байна. Сум, хороо өөрийнхөө дотоод асуудлыг шийдэх эрхтэй болж, иргэд нь хамтын амьдралын “тоглоомын дүрэм”-ээ хэлэлцэж батлаад, бүгдээрээ энэ хуулиа бариад явчихвал иргэд хий хоосон орилоод, хамаг хүч, цаг заваа, амьдралаа үрээд баллаад байх хэрэггүй болно гэж үзэж байна. Дарга нар мэдээллийг өмчилж дарангуйлах үе өнгөрнө гэж итгэж байна.
-Та нар болох бүтэхгүй түрүүнд хамгийн түрүүнд дуугардаг байсан улс.  Сүүлийн үед залуусын идэвх сэргэж байна, зарим нь буруу зүйл хэлээд байх шиг санагддаг.Та яаж хүлээж авдаг вэ?
-Манай үеийнхэн ардчилал анх эхлэхэд бүгд дэмжсэн. 89/90 оны жагсаал цуглаанаар би талбай дээр голлох лидер байгаагүй. Харин бүх жагсаалд очоод дэмжээд, талбай дээр биш ч энд тэнд хаана уулзалт цуглаан болно, идэвхтэй очдог дэмждэг байсан. Тэр үеийхэн маань өнөөдрийн нийгмийг хуучин нийгэмтэй харьцуулан ойлгож чадаж байна. Тийм учраас ардчиллыг дээдэлсэн идеалогиороо зэвсэглээд, ийм байсан юм, энийг өөрчилье гээд явж байгаа хүмүүс ш дээ.Залуу үеийнхэн болохоор өөрөө амьдраад сурчихсан байгаа.Эднийг хэн ч буруутгахгүй. Тухайн үеийн генераци өөрийн гэсэн үнэлэмж, үзэл бодолтой байдаг, тэрийгээ л дагадаг.Муулж байгаа юм биш.Залуусыг харж байхад бизнес хийгээд цаг үнэтэйг ойлгочихсон залуус өмөнх ажлаа хийгээд завгүй явдаг болж. Гэтэл зарим нь улс төрийн нам дагавал мөнгөтэй болдог, юманд хүрнэ гээд явж байна. Залуус их прагматик сэтгэлгээтэй болчихсон байна, хаана нь амьжиргаа байна, тэр лүү явж байна. Залуусыг буруутгах ч юм алга.Энэ муухай аргаар явахад амьжиргаагаа олох юмаа гэсэн тэр балиар хоолыг, замыг таслахгүй бол харин ердөө болохгүй. Тэр ардчилсан социалист залуучууд гээд байгууллага байлаа. Ямар муухай ёс суртахуунгүй  залуучууд байна. Тэр Цогтгэрэл гэдэг нөхөр сонгуулиар л гараад ирнэ. Хүн муулж, гүтгэж амьдардаг…Тэр мөнгөөрөө 70 сая төгрөгийн алтадсан утас барьчихаж.Монголд тийм утгагүй үнэтэй утас барих хүн ер нь хэд байгаа юм бэ. Холливудын одод ч ийм юмнаас  ичдэг. Хүн хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө үнэтэй юм авахаас айдаг, ичдэг.Зовж олсон мөнгө учраас хамаагүй үрдэггүй. Цогтгэрэл юу хийсэн юм бэ.Ийм муухай амьдрах арга бий болчихжээ.Харин одоо иргэд өөрсдөө шийдвэр гаргахад оролцоод, багийнхаа, хотынхоо асуудлыгхэлэлцээд ирэхээр ийм юм арилна л даа. Хэн тэрнийг дагаж хошуурах гэж? Сая хөдөө ажлаар явлаа.Орон нутаг өөрийн дүрэмтэй байя, сум гэхэд өөрийн дүрмээ хэлэлцүүлье гэж байгаа.Дүрмэн дотор нийтийн зар мэдээ хүргэх журам, хуралдахдаа дэгтэй байя, иргэдэд таалагдаагүй бол хуулийн хүрээнд санал хураалт явуулаад энэ асуудлаа шийдье, эргэж харъя гэсэн ийм журмууд гарч байна.“Орон нутгийн хөгжлийн сан”-аас хороод, багуудад 40 – 140 сая төгрөг очиж байна. Манай багт энэ мөнгө ирлээ, энийг яаж зарах вэ гэсэн сайхан хэлэлцүүлгийн үеэр нөгөө л “Манай УИХ-ын хоёр гишүүн хаана байна, тэр Оюутолгой яасан…” гэж тэр баг, хороо өөрөө ямар ч асуудалгүй юм шиг улс орны асуудал ярьж хадуурах хүн ч байна. Зарим нь харин ухаантай юмаа.“Үгүй ээ, өвөө. Энэ 40 сая төгрөгөөрөө багтаа иргэддээ яаж хэрэгтэй юм хийхээ яръя” гэж байна лээ.Тэгэхээр нөгөө элий балай юм ярьж, хүмүүсийг талцуулдаг популист нөхдийн турхиралт сонин биш болоод явчихна лээ.Гэхдээ энэ нь довоо шарлуулаад суу гэсэн үг биш л дээ.Эхлээд багийнхаа асуудлыг шийдье, улс орны асуудалд өөр замаар оролцож болно ш дээ.Өөрийнхөө гэрийн асуудлыг шийдэх гэж байхад “Тэр яах вэ” гэчихээд бусад айлын амьдралыг яриад байх нь утгагүй.Яг л ийм сайхан зам руу орж байгаа болохоор би баяртай байгаа. Нэгэнтээ иргэдийн санал дээр тулгуурлан шийдвэр гаргах зам нээгдэж байгаа тул, шийдвэр гаргагч нар нийтээрээ баталсан дүрэмд захирагдах уур амьсгал мэдрэгдээд эхэлчихсэн тул хэрүүл шуугианаар бүх асуудлыг шийдэх хэрэггүй болох байх.
-Та улс төр судлаач хүн. Одоо манай улс төрийг  их бохир гэдгийг зөвшөөрөх үү.
-Манай улс төр бохир. Төрөөс яагаад тэрбумтнууд бөөнөөрөө төрөөд байна.Тэгээд ч манайд өмнөх нийгмийн балаг инерцээрээ үргэлжилнэ гэдэг юм л үйлчилж ирсэн.1989-90 онд ЗХУ гэсэн систем нурж, гинжин урвал шиг л бүх юм үргэлжилсэн.Манайд өрнөсөн ардчиллын процесс ч нийгмийн сууриас өрнөсөн гэхээс илүүтэй гадны доргилтоор хүчээ авсан.Иргэдэд тулгуурласан иргэний нийгэм эхэлж үүсээгүй, үүсэх ч боломж байгаагүй, айдас дарамт иргэдийн идэвхийг боомилсон байлаа.Дэлхийн процессоос манай ардчиллын түүхийг тасалж ойлгох боломжгүй юм.…Оросуудөөрсдөө ярьдаг юм билээ. Оросын “Хар хайрцагны бодлого” гэж бичсэн байсныг уншсан. АНУ, Орос, Хятад дэлхийг өөрийн нөлөөний бүсүүдэд хуваасан байсан.Гэтэл Оросын нөлөөний бөгөөд өөрийнх нь хөрөнгө оруулсан улсууд хөгждөггүй. Америк болохоор ашигт малтмалыг нь аваад нөгөөдүүлдээ хөрөнгө оруулахаар хөгжөөд байдаг. Оросууд манай хөрөнгө оруулсан мөнгө хааш нь шингэсэн нь мэдэгдэхгүй алга болж, эдгээр орнууд хөгжихгүй, ашиггүй байгаа учраас нэг хэсэгтээ өрнөдийхөнд түр “шилжүүлчихье”, Оросын нөлөөний нутгуудад өрнөдийхөн хөрөнгөө зараад, тэр хөрөнгөөр нь Монгол зэрэг улсууд өөрсдөө техниктэй харьцаад хөгжөөд эхлэхээр эргүүлээд өөрийн нөлөөндөө авчихъя гэсэн хар хайрцагны бодлого байдаг гэж уншсан. Тэр нь одоо харагдаад байх шиг санагддаг.Манайх өндийгөөд ирэхээр оросууд бензин энэ тэр гээд эргээд боомилж байна.Оросууд Европын холбоонд байгалийн хий нийлүүлдэг.Жилд 50 хэдэн тэрбум еврогийн цэвэр ашиг хийдэг.Орос тэр их мөнгөөрөө буцаад нөлөөллийн нутгаа эргүүлж авна гэсэн бодлого баримталж байгаа юм билээ.Орос манайхыг гэнэт хаясан.Гэхдээ тэд уг нь байгалийн нөөцийг нь судалсан нутгаа хэзээ ч тэгэж хөсөр хаяхгүй ш дээ.Афган асар их байгалийн нөөцтэй учраас ЕХ, АНУ, ОХУ тэрхүү байгалийн баялаг дээр нь “алалцаж” байна ч гэдэг.
Угтаа 1924 онд МАХН Оросынгеополитикийн сонирхлын дагуу анх байгуулагдсан нам.МАХН нь анхны эх оронч МАН-ын толгойг Орост цөлөх, буудах зэргээр устгаад өөрсдөө гадны эрх ашгийг төлөөлсөн тоглоомын байгууллага болон гараагаа эхэлсэн. Тэрхүү геополитикийн үзэл баримтлал нь“удамшаад” үлдчихжээ. Яагаад энэ нам монголчууддаа ингэтлээ дайсагнаад, эх орноороо тоглоод байнаа. Надад МАН, МАХН хоёр огт ялгаагүй. Гишүүд нь бол зүгээр л тоо, харин толгойд нь суугаа хэдэн авилгачид л улс төрийн нам болж жүжиглэж байна. Нэг хүнд үйлчилсэн хэвээрээ л. Хоёр нам болж түр зуур шоу хийсэн, толгойлогчид нь өмчөө булаацалдаж толгой нь салсан болохоос огт ялгаагүй. 1990 онд МАХН мэдээллийн, өмчийн бүхий л эх үүсвэр дээр сууж байсан, улс орон даяар сүлжээтэй байсан, бүх албан тушаал дээр байсан. МАХН-ыг хэн ч хориглоогүй, хэн ч тэдэнд хариуцлага тооцоогүй.1996 онд МАХН сөрөг хүчний цөөн хэдэн нөхдийг парламентад оруулаад, тэгээд дотор нь элдэв хутгуурууд шургуулж саармагжуулах бодлого явуулсаар ирсэн.2000 оноос өмнө МАХН-ын дотор нэгнээсээ давсан хөрөнгөтэй, монополь бүлэглэл хараахан гараагүй байв.МАХН-ын толгой, тэдний мэдлийниргэний нийгэм болох ТББ-ууд нь ерөнхийдөө ганц намын даргаасаахэт хараат явсан. Ийнхүү Энхбаяр бүгдийг нь атгаж авсан. Түүний ивээлд явсан нөхөд улмаар өөрсдөөхөрөнгөжиж, өсөж өндийцгөөсөн. Хөрөнгөт бүлэглэлүүд тэнцүү шахуу хүчирхэг болонгуут нөгөө хүн нь хуучин шигээ дарамтлаад байхаар тэсэхээ болино, задарна ш дээ. МАХН / МАН дотор өнөөдөр том хүчирхэг бүлэглэлүүд үүсчихсэн хоорондоо үзэлцэж байна.
Харин энэ л хагарал манай ардчиллын хувьд ашигтай, үүлэн чөлөөний нар. Эд дотроо үзэлцээд тоглоомын дүрмээ баримтлахгүй бол болохгүй гэдгийг өөрсдөө ойлгож эхэлж байна.Тэд өмнө нь иргэдэд тоглоомын дүрмээ хэлэцэж батлах эрхийг нь огт өгдөггүй байлаа.Зөвхөн өөрсдөө л бүхнийг дураараа шийддэг байсан болохоор иргэний хөдөлгөөнүүд бид “орилохоос” өөр яах юм бэ. Өнөөдөр энэ авилгач бүлэглэлүүд хэт томорлоо, харин тэдэнд мөнгөнөөс өөр юм алга.Мөнгөнөөс гадна хүнд тустай юм хийе, улсаа хөгжүүлье гэсэн сэтгэл зүрх, толгой тархи, хүсэл тэмүүлэл, зорилго, алсын хараа байх хэрэгтэй.Монголоо сайхан болгоё гэсэн сэтгэл байх хэрэгтэй.Эдэнд аль нь ч алга.Ашиг хаана байна би тийшээ гээд, өөрсдөө сохорчихсон, хор найруулж гүйгээд мөнгөнөөс өөр юм бодохгүй. Мөнгөгүй бол тэд эрх мэдлээ нөгөө айхтрууддаа булаалгачихх гээд, муухай замаар олсон мөнгө учраас өөртөө хэт олон дайсантай болчихсон явна. Энэ улс төрийг бохир гэж байгаа юм.Тэр үед дургүй хүрч, бид гудамжинд гарч хашгираад ч авлигачдыг дийлдэггүй байсан.Тэр үед ч хүн болгон л хэн нь хэн бэ гэдгийг мэддэг л байсан.Харин өнөөдөр  авилгачдыг АТГ шалгаад, нэр усыг нь хийсэн хэрэгтэй нь нээлттэй зарлаж эхэллээ.Энэ бол том ахиц. Гэхдээ л дутуу байна. Тэд ч биенийгээ матаад байна гэж сонссон л доо.
Зарим нь 1990 онд МАХН-ыг тараах байсан юм гэдэг.Намын нэр хориглолоо ч тэр айхтар зохион байгуулалтанд орчихсон юм чинь хийдгээрээ хийх л байсан болов уу.Харин ардчилалд итгэх итгэл унтраагүй, ялж эхэлж байна. Тэр хуучин нийгмийн муухай инерц явсаар байгаад өнөөдрийг хүрчихлээ. Одоо харин цаг өөр болж эхэллээ.Арабын хувьсгал гарч, Египэтэд Мубарак унахад Германд надтай хамт “Дэлхийн уур амьсгалд дасан зохицох хөтөлбөрт” оролцож байсан гурван египет хүн их баярлаж байгаа юм.“Бид эх орноо Мубаракийн улс гэдэг байсан.Одоо Мубарак уналаа, Египет бол манай улс, Кайр манай хот” гэсэн.Монголд би 2011 оны 8 сард эргэж ирсэн.Хүмүүс нэг л өөдрөг болчихсон санагдсан.Манайхан утас, машин гээд нүдэнд харагдах юмыг л үнэлээд байдаг.Гэтэл бидний нүдэнд харагдахгүй, харин сэтгэлд мэдрэгддэг ололтыг ардчилал бидэнд өгсөөн.Урьд нь “манай ардын нам”хэмээн улайрдаг байсан улаан фенүүдийн бодол ч эргэж эхэлжээ.Ардчиллыг муухай, салан задгай гэдэг байсан хүмүүс “Шууд ардчиллыг дэмжье, энэ чинь гарц байна” гэх болсон байна.Сонгуулийн дүнг л харъя.Өмнө нь СБД ямар дүүрэг байлаа, одоо ямар болов.2012 оны 9-р сард Иргэний оролцооны шинээр гарч байгаа дүрэм журмаа НИТХ-д танилцуулаарай гээд бид очсон. Гэтэл Бат-Үүл дарга “Өмнөх хотын удирдлагууд ямар аймаар байсан юм бэ. Тэд өөрсдөө энэ хотдоо амьдарч байна, тэдний ээж аав үр хүүхэд нь ч энд амьдарч байна. Гэтэл тэр хүмүүс өөрийнхөө хотод ямар муухай хүнийрхүү сэтгэлээр ханддаг юм бэ.Энийг би ёстой ойлгохгүй байна” гэж халаглаж байсан.Үнэн шүү дээ. Хот маань юу болж хувирчихаад байна? Хотын газрыг зарсан мөнгө хаачив? Юу ч бүтээсэнгүй алга болжээ. Одоо хүн болгон сайн цаг ирж байна, сайхан цаг ирж байна гэж яриад байгаа.Бидний нүдэнд харагдахгүй, харин мэдрэгдээд байгаа өөрчлөлт их байна. Хүнд найдвар төрнө гэдэг чинь хамгийн гоё.
-Улс төр судлаачийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг яаж харж байна, хэн ялах бол?
-МАН нэг хүнээс хараат явдаг, бусад нь түүнийгээ дагаад, амьжиргаагаа даатгаад, толгойгоо зовоохгүй тэжээлгэж явдаг. Бодлого ч байхгүй бүлэглэл.Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийг ялна гэж бодож байгаа.Гэхдээ би энэ хүнээс цалин аваад сууж байгаа хүн биш.Иргэдийн оролцооны бодлогыг дэмжээд мөрийн хөтөлбөр нь өөрөө маш зөв бодлого болж чадсан учраас бүрэн дэмжинэ.Ерөнхийдөө л гарах хүн Ц.Элбэгдорж.Өөр хүн алга байна ш дээ.Солонгосын кино гарч байна, эмэгтэй ерөнхийлөгч гээд.Гэтэл МАН Оюунхорол гээд ярих юм, би түүний хийсэн бодлогыг харахгүй байгаа.Орон нутгаар явж байхад хүмүүс “Энэ сонгуульд аль нэг нам ялаагүй, бодлого яллаа.Энэ бодлогыг дэмжиж байсан учраас АН яллаа” гэж байсан.Би санал нэг байгаа.Энэ бодлогыг АН дэмжлээ, Шинэчлэлийн Засгийн газар ч энэ чиглэлээр яриад явж байна.Тэгэхэд МАХН Энхбаярыг тойроод яриад байна, намын даргаа яаж авч үлдэх вэ гээд л байна.Н.Удвал сайд, Эрдэнэжамъян нар төрийн төлөө биш, нэг л хүний төлөө ажиллаж байна.Төрд “Эрдэнэжамъянгууд” байж болохгүй ээ.Н.Энхбаяр ерөнхийлөгчийг 2009 оны сонгуулийн өмнөхөн тэрбум доллартай гээд “Форбес” сэтгүүлд гаргах гэхэд өөрөө Бээжинд нууцаар очиж зогсоосон гэж сонссон.АТГ шалгаж байгаа болов уу. Одоо татвар, МИАТ, Тэнгис кинотеатр гээд гол тоглогчид МАН-аас л дуулдаад байгаа.Нам гэдэг олон нийтийн байгууллага.Гишүүдээс бүрддэг, гишүүдээ сонсч байх ёстой.Гэтэл толгой нь өөрөө өөртөө үйлчилдэг, гишүүд нь зүгээр л тоо.
-“Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” гээд ном байдаг. Тэрний үргэлжлэл “Түвд оронтой эргэн золгосон нь /30 жилийн дараа/” гээд номыгби  орчуулсан. Хайнрих Харрэр гэдэг австри хүн бичсэн.Түвдийг Хятад эзэлж авснаас хойш 30 жилийн дараа очиж харсан үзсэнээ бичсэн байгаа.Хятадууд түвдүүдийн тархийг нь угаачихсан тухай бичжээ. Жишээ нь түвдүүдийг хятадууд дөрвөн давхарга болгочихсон. Эхнийх нь түвд төрхтэй, хятад сэтгэлтэй түвд хүмүүс, тэд Хятадад бүрэн үйлчилдэг.Хятадын эсрэг үзэлтэй нөхдийг хэзээ ч өөд нь гаргадаггүй, хорих лагерьт тарчлаах, газрын мухарт цөлж, хамгийн муу ажил хийлгэдэг.Манай Монголд ч гэсэн тиймэрхүү л байсан.Цэдэнбалаасаа эхлээд Орос сэтгэлтэй болчихсон хүмүүс байсан.Монголоор ярихаар дургүйцдэг, Монголоор ярихаар би сонсохгүй байна гэдэг байсан.Тэгэхэд одоо эх оронч гэж нэрлээд хөшөө дурсгалыг нь босгочихсон байгааг гайхдаг.Манайх социализмын үед яг л Түвд шиг Оросын эсрэг үзэлтэй нь хэлмэгддэг л байсан.Одоо тархи нь эргэчихсэн, магтаж шагшаад явдаг. Ер нь хуучин нийгмээ дүгнэж түүхээ ойлгохгүй бол хоорондоо хэрэлдэж талцаад, худлаа лидерүүд тодроод байдаг балагтай. Тэрбумаар иддэг, эх орондоо дайсагнадаг улсаа одоо барьж аваад буудалтай нь ч биш дээ.Хууль дүрмээ нийтээрээ хэлэлцэж батлаад, түүнийгээ дагаад явбал болоо.Худлаа улс төржөөд байх шаардлагагүй болно. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч “1990 онд бид Кремлиэс эрх мэдлээ авчирлаа.Одоо бид эрх мэдлээ иргэддээ өгч байна” гэсэн.Луйвраар сонгогдсон даргын эрх ашгийг дагуулж биш, харин иргэд нь оролцож шийдвэр гаргадаг төртэй байж л дархлаажсан улс болж чадна гэж байгаа, тийм болохоор би дэмжиж явна.
-МАН алдаагаа хожуу чгэсэн ойлгоод нэрээсээ хувьсгалт гэдэг үгээ авлаа.Нийгмийн ардчилал энэ тэр гэж ярьж байна.
-Шоу, шоу. Тэд ойлгохгүй. Г.Занданшатарын хэлсэн үгийг сонсоод инээд хүрсэн. Шууд ардчилал иргэдийн оролцоо гээд ярьж байнаа.Гэхдээ иргэн гэдэг нь тэдний хувьд хоёр янз байх шиг байгаа юм.Орон нутгийн сонгуулийн өмнө Г.Занданшатар “Бид Засаг даргыг жирийн иргэдээсээ сонгоно оо” гэж байгаа юм.“Жирийн иргэн” гэдэг муухай үг ш дээ, Г.Занданшатар дарга өөрөө арай өөр иргэн юм шиг байгаа юм. Шууд ардчилал гэдэг иргэд өөрөө шийдвэр гаргах эрхийг л хэлж байгаа байхгүй юу.Гэтэл тэр хүн дахиад л Засаг даргаа сонгохоо л яриад л. Тэр хүн тэнэг биш, гэхдээ хүсэл байхгүй болохоор ойлгодоггүй. Би коммунист идеологийг ойлгохгүй, яагаад гэвэл надад ойлгох хүсэл алга.“Шууд ардчилал” гэдгийг ч зөвхөн хүсэж байгаа хүн л ойлгодог. Одоо тэд ард түмнийхээ элчийг тодруулна гээд л байна.Эцэст нь өөрсдөө л гарна ш дээ, тодорхой.
-Монголд утга зохиолд шүүмжлэгч, улс төрд судлаач байхгүй гэдэг. Байгаа нь Эрдэнэтуул.Харин  таны мэргэжил улс төр судлаач гэсэн, яагаад идэвхтэй ажилладаггүй юм бэ?
-Би өөрийнхөө өнцгөөс ярьж байж болох юм. Цувруулж өрсөн бөмбөгийн эхнийхийг цохиходдараахиа мөргөж, улмаар цааш үргэлжилсээр явдаг шиг түүх ч бас нэгнээсээ хамаараад үргэлжилж байдаг. Зарим нь өнгөрсөн үеэ дурсаад яах юм бэ гэдэг.Тэрийг ямар утгаар хэлээд байгааг ойлгодоггүй. Бид өмнөх анализаа хийе.Монголоос бусад нь социализмынхаа анализийг хийчихсэн байдаг юм билээ.Бид өнгөрсөн 22 жилийнхээ анализыг хийсэнгүй. Одоо зарим улс зөв бурууг нь тооцоогүй мөртлөө хөшөө дурсгалыг нь бариад эхэлчихсэн байна гэж байсан.Манайх тэр л байхгүй юу.Одоо цаашаа замнахын тулд энийгээ ойлгоод зөв буруугаа тунгаагаад явах ёстой гэж боддог.Эрдэнэтуулыг би танихгүй. Би тэр хүнийг энэ мэргэжлийн нэрийг битгий гутаагаач ээ гэж л хэлмээр байх юм.Энэ мэргэжил чинь хүнээс мөнгө авч ярьдаг юм биш.Ер нь аль ч мэргэжил, шинжлэх ухаан бол шинжлэх ухаан л байдаг.Нэг хүн таалагдсан учраас тэрийгээ өмөөрөөд, тэрнийхээ дуу хоолой болно гэдэг байж боломгүй зүйл.Үнэхээр судлаач мөн ч юм уу, биш ч юм уу би яаж мэдэх вэ.

-Манайд улс төрд лидер байна уу. С.Баяр шиг стратегич хүн хэрэгтэй л гэдэг?
-Байнаа, байна. Логик сайтай хүн байна.Зөв чиглүүлдэг, буруу чиглүүлдэг ч лидер байна. Би Баярыг зөв чиглүүлэгч гэж хэлэхгүй, лидер ч гэхгүй.С.Баяр түүхэнд үлдээх бодлого гаргаагүй, Монгол улсыг хөгжүүлэх бодлого гаргаж чадаагүй тул лидер гэж хэлэхгүй. Угаасаа МАН-ын толгойд гарсан л бол бусдыгаа “атгадаг” заншлаар тодорсон тийм л хүн. “Гудамжны юмнуудтай нийлээд муухай юм яриад” гээд л иргэний хөдөлгөөнийхнийг зандардаг нөхөр байна лээ.Лидер хүн ингэж хэлж боломгүй. Дарангуйлагч лидер байдаг, зөв лидер байдаг.Компани удирдаж байгаа сайн сайн лидерүүд байдаг.Түүхэнд муухай лидер байдаг. Гитлер бол гамшиг, Сталин ч мөн адил. Энэ хоёр хүн хичнээн сая хүний аминд хүрэв.Муу лидер нийгэмд их гамшиг тарьдаг.Гитлерт гэхдээ тодорхой бодлого байгаагүй, бүх давхаргын эмзэг сэдвийг нь хөндөнгүүтээ еврей нарын эсрэг массыг хөдөлгөөд мөнгө босгосон хүн.Гитлер Сталин хоёр хоёулаа найз, хоёулаа, лидер, бас чөтгөр.Энэ хоёр хичнээн их гай тарилаа.Улс төрийн лидер хүн гэдэг түүхэнд үлдэх чухал бодлого боловсруулчихсан, түүнийгээ бусдад ойлгуулж, түүхэнд ул мөрөө үлдээсэн, нийгмийг урагш хөдөлгөсөн хүнийг хэлнэ. Харин мөнгөөр дарга болж, бусдынхаа амь амьдралыг атгаж, худлаа Пи Ар хийлгэсэн хүнийг лидер гэхгүй ээ.
-Өнөөдөр С.Баяр даргын өгсөн ярилцлага нийгмийг ханаруулж байна.МАН-д байгаа ганц лидер гэдэг?
-С.Баяр үнэхээр тийм мундаг юм уу, эсвэл маркетингийг нь сайн хийдэг Оросын баг байна уу гэж боддог. Сонгуулиар дандаа Оросын багууд ирдэг.С.Баяр эмх цэгцтэй гоё ярьдаг, тэгсэн мөртлөө яг хийж байгаа бодлогыг нь би олж хардаггүй. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн бодлогыг харж байна, бодлого аваад явж байна.Монголын Ерөхийлөгч нараас төрийн бодлого хийсэн хүнийг Ц.Элбэгдоржийг л гэж хэлнэ. С.Баяр Оюутолгойн гэрээгөөрийн фракцынханд л авах гэж хийсэн юм уу, Н.Энхбаярын фракцтай өрсөлдөөд өнөөх нь ялагдаад… Би С.Баярыг лидер гэж хэлэхгүй, харин маркетингтай улстөрч.
-Та УИХ-д нэр дэвшье гэж боддоггүй юм уу?
-Үгүй. Иргэний оролцоо гэсэн бодлого дээр жаахан хувь нэмрээ оруулъя гэж боддог. Өөрийнхөө сурсан мэргэжлээрээ жаахан ч гэсэн хувь нэмэр оруулъя, ерөнхийдөө тайван амьдаръя гэж боддог.Улс төрд явах хүн байна, явахгүй хүн байна.Хүн болгон орчихдог юм гэж бодож болохгүй. Төрд орсон зарим хүмүүс, орох гээд зүтгэж байгаа хүмүүсийг харахаар өмнөөс нь ичдэг.Онлайн парламентыг хараад энэ ажлыг одоо ингээд зогсоогоосой гэмээр санагдсан, болиосой гэмээр байсан.Улс төрөөс зайлсан бактериуд ахиад л ороод ирчихсэн. Иргэд тарыг нь таниад унагаачихсан хүмүүс л бүгд зүтгээд нэрээ дэвшүүлчихсэн явна.Энэ хүмүүс яагаад ичдэггүй юм бэ.Нэр хугарахаар яс хугар гэдэг, олон хүн чамайг муулаад байхад больчих хэрэгтэй.Энэ хүмүүс би юу бүтээв гэж бодох ёстой.Би чадах уу гэж бод л доо.МУИС-ийн улс төр судлалын багш ярьж байна лээ.Гуравдугаар курсын 2012 оны сонгуулиар оюутан нэрээ дэвшүүлчихсэн тууж явна гэж.Оюутнуудаас юу болох вэ гэж асуусан чинь бүгд УИХ-ын гишүүн болно гэсэн гэнэ.Эрдэнэтуул эгч нь улс төрийн талаар буруу ойлголт өгчихсөн л байгаа байхгүй юу.
-МАН хүчтэй сөрөг хүчин ч сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн шүүмжлэл гардаг?
-Сөрөг хүчин эрх барих хүчин гэдэг олон цөөн тоондоо биш. Нэг нь  бодлого тодорхойлооднөгөөх нь алдааг нь залруулахын төлөө, бодлогоо уралдуулж явдаг, үндсэндээ эх орноо гэсэн нэг юмны төлөө явдаг. Монголд “Бид гурав дахь хүчин, энэ хоёр нам хэрэггүй болчихсон учраас” гэж ухуулдаг нөхдүүд байх юм. Энэ сурталчилгаагаар  хувьсгалт намынхан гарч ирсэн. Гэтэл гуравдагч хнүчин гэгч чинь эрх баригч ба сөрөг хүчний бодлого дундаас дажгүй юмнуудыг нь авъя гэсэн бодлого явуулдаг болохоос энэ хоёр нам байхгүй болчихсон учраас бид л гуравдагч хүчин гэх гаж зуршилтай нөхдүүд байнаа.Өнөөдөр Монголд гуравдагч хүчин өөрөө хийсэн юу ч үгүй байж ердөө л энэ хоёр намын алдаан дээр дөрөөлж өндийх гэсэн бүр ч аймаар нөхдүүд байна.Гялайсан юмтай байсан бол гарч ирэх л байсан, өнөөдөр хэн ч гарч ирээгүй. Өнөөдөр Гуравдагч хүчний орон зайг иргэд эзэлж авч эхэллээ. Гэхдээ гуравдугааргэх гээгүй шүү.Энэ хоёр намтай эн тэнцэх хүчтэй хүчин бол иргэд л байна.
-Та цөөнгүй жил иргэдийг төлөөлж идэвхтэй ажилласан ч улс төрөөс ашиг хүртдэггүй хүн. УИХ-д нэр дэвшихгүй гэж байна. Яагаад?
-Манай аав ээж хоёр насаараа мэргэжлээрээ амжилттай ажиллаад тэтгэвэрт гараад сайхан амьдарч байгаа хоёр хүн байна.Ээж маань агроном, агрохимийн салбарт насаараа зүтгэсэн. Манай аав Монголын эрчим хүчний сүлжээг анх хийсэн мундаг мэргэжилтэн хүн. Ээж газар тариалангийн салбарын шинжлэх ухааныг Монголд оруулж ирсэн гавьяатай хүн. Манай ах нар бүгдээрээ тоо физиктээ сайн, мэргэжлээрээ хэнээс дутахгүй яваа хүмүүс. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дуу үнэн шүү. Манайхан яагаад тийшээ шунаад байна гэхээр ашиг хийх нүхийг олоод харчихсан байна.Ер нь нам төвтэй улсад намын нөлөө бүхий этгээдийг дагасан хүмүүс л өөд гардаг, манайд чадалгүй хэрнээ дарга нарт долигоносон олон хүнтом албан тушаалд очиж байгааг харах юм. Ийм зам биш ээ биш.
-Таны ганц охин Төгсөө загвар өмсөгч. Саяхан эмээ болсон гэл үү?
-Тэгсэн, саяхан эмээ боллоо.
-Танай охин тантай их адилхан юм билээ. Та загвараар явсан бол амжилт гаргах боломж байсан байх аа?
-Би сонирхдоггүй. Машин барих, хөдөө аялах сонирхолтой. Би охинтойгоо Германд байсан.Манай охиныг 10 настай байхад л европчууд “загвар өмсөгч болгооч” хэлж байсан.Манай охин тоодоггүй байсан.Монголд ирэхэд бас манай охиныг загвар өмсөөч гэдэг хүмүүс цөөнгүй байсан.Ингэсээр байгаад хүүхдийн толгойд хийчихдэг юм билээ.Хүмүүс л загвар өмс гэсээр байгаад манай охин сонирхож эхэлсэн.Манай охин биологич болно гэдэг, мөрөөдөл нь юу байсан гээч. Өөрөө нохойд дуртай болохоор симбернарын гөлгийг яг энэ хөөрхөн жижигхэн хэвээр үлдээнэ гээд, сарнайг генетикийг нь өөрчилж нэг бутнаас улаан, ягаан, цэнхэр, хөх, цагаан өнгийн  сарнай ургадаг болгоно гэж ярьдаг байсан. Манай охин хэлэнд авъяастай болохоор янз бүрийн ном уншаад л, тэгээд л загвар сонирхож эхэлсэн.Дараа нь “Ээжээ, би халат өмсөөд лаборторит суумааргүй байна” гэсэн. Сая манай охин Германд очоод make up artist болсон. Тэнд байхад нь бас л хүмүүс гудамжинд тааралдаж“загвар өмс” гэж санал болгоод.Хүмүүс тэгээд байхаар, тэгээд ч загварын ертөнцтэй танилцахаар хүүхэд ихийг ойлгож эхэлдэг.Манай хүүхэд бол загвар өмсөөд бие даасан, хатуужилтай, сэтгэлээ нэг зүйлд зориулж, мэргэшил гэдгийг хатуу ойлгож чадсан.Зарим охид их буруу ойлголттой байдаг.Олны өмнө харагдаж баян хүн барьж авах гэсэн сонирхолтой охид загварын ертөнцөд байх юм.Зарим нь биеэ сайхан авч явъя, загварын ертөнцөд чадлаа сориод үзье гэсэн охид байна.Манайд жаахан стандарт хэрэгтэй байна, мэргэжлийн салбар юм байна гэж ойлгуулах зүйлийг залуу охидын толгойд хийж өгмөөр байгаа юм.Би загвар сонирхдоггүй. Харин нэг удаа Хятадын фейшн шоу Парист болохыг харлаа.Хятадын олон үндэстний хувцаснуудаас хамгийн гоё нь монгол хувцас байна лээ гэж бодсон.Монголчуудын генд дизайны нэг юм байнаа.Урлагийн, дизайны хүмүүс замбараагүй, чөлөөтэй байдаг ш дээ.Тийм болохоор монголчууд хууль дүрэм биелүүлж дагах нь тааруу байдаг байх аа.Итали, Францууд загвар талдаа сайн, тэгэхдээ замбараагүй дураараа.Германд дизайн юу ч байдаггүй, тийм учраас техникийн талдаа сайн болохоор нягт нямбай чамбай байдаг.Улс үндэстэнд нэг тийм натур байдаг.Германд сонгодог урлагт сайн тэгсэн мөртлөө хошин хөгжилтэй юм хийж чаддаггүй. Хошин шог өөрөө хийж чадахгүй мөртлөө хошин киног гайхалтай орчуулна.Америкт хийсэн киног илүү болгоод орчуулчихна.Яагаад гэвэл хэлнийх нь шинжлэх ухаан хөгжчихсөн учраас америк киног илүү болгоод орчуулчихна.Ер нь сонин юм их бодогдох юм. Манай охин хүмүүст стиль, донж маягаа тааруулах талаарүнэхээр сайхан зөвлөж чаддаг.Охины маань зааж өгсөн хувцас үнэхээр зөв байдаг. Би охиноо салбараа зөв олж чадсан гэж бодож байгаа.
-Танай хүргэн Эрдэнэцогт бас загвар өмсдөг. Хэр сайн хүргэн бэ?
-Тэр хоёр загвар өмсч яваад танилцсан юм гэнэ лээ. Хоёр өндөр хүн л байгаа ш дээ.Тэд бие биенээ олжээ гэж санагдсан. Тэд хамт байхдаа нийлж хошигноод их хөгжилтэй сайхан шүү. Сайн хань, сайн аав болноо. Сая хөөрхөн охинтой боллоо.Хүүхэд нь холиод дууриачихсан байна лээ.Гэрт нэг ийм жаахан охин хүлээж байгаа гэхээс л надад одоо гэрийнхээ шаахайг өмсөх хамгийн гоё санагддаг болсон. Боломж л гарвал гэртээ байх дуртай. Охиноо сургууль, хувийн амьдралаа аль алийг нь амжуулаад яваад баярладаг.Олонхи нь хувийн амьдралаа золиосолчихдог, хослуулаад сайн яваа хүн алийг тэр гэхэв дээ.
Tovchoo.mn

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ