Facebook Twitter youtube
Монгол Улсын ахлах засуул Д.Шарав: Ерөнхийлөгчийн аав Халтмаа гуай надад дээлээ өвлүүлж үлдээсэн
2018-04-13 өдөр 01:41

Sharav - Таныг Монгол бөхийн эмч, засуул гэсэн хос морьтой гэдгийг бөх сонирхогчид андахгүй. Та өөрийгөө танилцуулахгүй юу, нутаг ус хаана вэ?

-Өвөрхангайн Хужирт суманд гал мичин жилд төрсөн. Манай аав барилддаг байсан. Сүүлд уяач болоод сум орныхоо нэрийг гаргасан сайн уяач болсон хүн. Саяхан 2015 оны 12 сард 85 насандаа бурхан болсон. Ээж миний 80 хүрч байгаа сайхан хүн бий, 1939 оны туулай жилтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдарч байсан, хүүхдүүд минь тусдаа гарсан. Одоо эхнэртэйгээ, ээжтэйгээ гурвуулаа амьдарч байна.

-Д.Шарав засуул яагаад бөхийн эмч болов?

-Би Анагаах ухааны дунд сургуульд 16 настай ирээд, хоёр жил суралцаад 1974-77 онд гурван жил Ардын армид цэргийн алба хаасан. 1980 онд Анагаахын дунд сургуулиа төгсөөд Хужиртдаа дөрвөн жил эмчээр ажилласан. 1984 онд Анагаах ухааны дээд сургуульд суралцаад 1990 онд төгссөн хүн. Дээд сургуулиа төгсөөд гурван жил хөдөө орон нутагт ажилласан. Анх 1993 онд хотод орж ирээд Спорт хороонд спортын эмч болсон юм. Давхар бөхийн эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгэхэд бөхийн өргөө ашиглалтанд ороогүй, сураггүй байсан үе. Том барилдаанууд Спортын ордны А зааланд болдог, аймаг, цэргийн цолтой бөхчүүд, залуучуудын барилдаан Анагаахын дээдийн спорт танхимд болдог. Тэндээс л бөхийн эмч, засуулаар ажиллаж эхэлсэн дээ. Засуул ч хийдэг, эмчээр ажилладаг. Спортын эмч, Дагвасүрэн арслангийн шавь. Дагвасүрэн багш минь бурхан болсон.

-Засуулч, уяачид шиг зэрэгтэй байдаг. Та ямар цолтой билээ?

-Улсын ахлах засуул. Засуулын таван зэргийн голд нь яваа. Манлай засуул, тонж манлай гэдэг, Тонж манлай ганцхан хүн байгаа. Ахлах засуул нэлээн хэд бий. 1993 оноос засуулаар ажилласан, одоо 25 дахь жилдээ ажиллаж байна. Манлай авах байх гээд хүлээж байгаа. 65 нас хүрэхээр хүндэт суудалд суулгадаг. Хөл гар сайтай, хараа нь хурц бол 70 гартал засуулаар ажиллана л даа. Тонж манлай засуул Цогзол ах одоог хүртэл ажиллаад явж байна.

-Ерөнхийлөгчийн аав Халтмаа гуай гээд сайн засуул олон. Хэр ойр байсан бэ?

-Ойр байлгүй яах вэ. Халтмаа гуайгаас би дээл малгайг нь өвлөж авч байсан. Намайг 1993 онд анх засуул болоход Халтмаа гуай ид засуул хийж байсан. Дугуй унадаг, хэдэн үнээгээ тууж хардаг, ажилсаг хүн Яармагт амьдардаг байсан. Хоёр хүү нь сайн бөх. Нэг нь ерөнхийлөгч боллоо, хүүхдүүдээ мундаг хүмүүжүүлсэн хүн дээ.

-Танд яагаад дээлээ өгсөн юм бол?

-Залгамж халаа маягаар өгсөн байх. Халтмаа гуай хүндэт суудалдаа суугаад, бөх засахаа байж байсан үед, би засуул болж таарсан байх. 1993 оноос 1996 он хүртэл эмчээ хийгээд, засуул хийгээд туршилтын журмаар явсан. Автай сайн ханы өргөөнд 1996 онд Засуулчдын улсын уралдаан болсон. 70 гаруй засуулч оролцсон том уралдаан. Бөх засаж явсан засуулчид орсон, шинэ залуу засуулчид ч оролцсон. Засуулчдыг жинхлүүлж хүн авахад Сампилдондов гэдэг найзтайгаа хоёулаа тэнцэж, жинхэнэ улсын засуул болж байсан. Тэр үед надад Халтмаа гуай дээлээ надад өгсөн юм.

-Тэр дээл танд байдаг уу?

-Би өмсөж байгаад багадаад, буцаагаад Бөхийн өргөөнд тушаасан. Тэрнээс хойш 4-5 дээл солилоо.

асуул хийхэд дуучнаас дутуугүй хоолой шаарддаг юм биш үү?

-Засуул хийнэ гэдэг дуу, дуучнаас өөр. Хоолой яг нэг хэмжээгээр яваад дуусдаг. Дуу дээшээ доошоо өргөнө, татна, намсна. Дуу дуулахаас шал өөр шүү. Засуулаар сонгох шалгалт авахдаа биднээр цол дуудуулна. Уртын дуу нэгийг, богины дуу нэгийг дуулуулна. Онолын шалгалт дээр хүснэгт бөглүүлнэ. Хэдэн онд, хэнээр начин болсон, овог нэр, төрсөн он сар, хэнтэй хэдийн даваанд таарч, унасан давсан бүгдийг мэдэх ёстой. Засуулчийн шалгалтыг олон шалгуураар авдаг. Нас харгалзана, бие галбир, дуу хоолойны өнгө харгалзана, засуулчид дунд бөгтөр нуруутай, сайрга хөлтэй, гүзээтэй хүн ховор. Шаардлага гарахад бүгд бөх цоллоно, тийм л залуучууд байгаа даа.

-Засуул аварга арслангуудыг мөрөн дээрээсээ гаргах дуртай биз?

-Тэгэлгүй яах вэ, болж л өгвөл дээшээ өгсөхийг бодно. Анх засуул болж байхад эрэмбээрээ 16-д байсан бол одоо дээрээсээ дөрөвт явж байна. Дээрээ улсын наадмаар бөх цоллодог хоёр засуул миний урд байна. Бас миний найз Гомбосүрэн гээд Увсын засуул байгаа. Хамгийн анх Завханы Усны-Эхийн Балжинням гэдэг залуу 1996 онд миний мөрөн дээрээс начин болсон. Тэр үед Хүч нийгэмлэгт барилдаж байсан залуу, одоо улсын том цолтой бөх болсон л доо. Говь-Алтайн Шаргын Гансүх бас бий. Өвөрхангай аймгийн Бүрд сумын Пүрэвдоржийн Ганхүү, Архангайн Булган сумын Мишкагийн Батжаргал гээд тоолоод байвал олон цолтон бий. Энэ жилийн наадмаар Бүрэнтөгс арслан эхний дөрвөн даваанд миний мөрөн дээрээс гарсан. Ахмад аваргууд унахаар дээшээ шилжээд явчихдаг. Бүрэнтөгсийг “За сайн барилдаарай” гэж ерөөгөөд дээшээ явуулсан.

-Монголчууд бөхийн засуулын үүрэг, хөдөлмөрийг нарийн ойлгодоггүй?

-Тиймэрхүү хандлага бий. Малгайг нь баруун талаас нь магнайд нь хүндэтгэлтэй өмсүүлээд, зулайг нь хойш нь сайхан тавьж өгөөд, тохойг нь өргөөд тосож авах жишээтэй. Засуулч бөхдөө их хүндэтгэлтэй хандана. Учраа бөх нь гарч ирэхгүй бол дээлийнхээ хормойг дэвсээд бөхийнхөө өвдгийг шороо болгохгүй, билэгдэл домтой. Дэвжээн дээр гарч ирэхэд нь сайхан мэндлээд, зоригжуулсан, урмын үг хэлнэ.

-Засуулчаар ажиллахын зэрэгцээ бөхийн эмчээр ажилладаг болохоор цаг заваа яаж зохицуулдаг вэ?

-Бөхийн өргөө ашиглалтанд орсноос хойш өвөлдөө эмчээр ажиллана. Зун наадмаар бөхөө засна. Уяачдын наадам, даншиг наадмаар бөх засна. Ямар хуваарьтай байна, тэр дагуу ажилладаг даа.

-Үндэсний бөхийн эмч олон хүн байдаг уу?

-Анх Бөхийн өргөө ашиглалтанд ороход Өмнөговийн Сугаа начин надтай цуг ажиллаж байсан. Улсын начин, нарийн мэргэжлийн эмч хүн байсан, одоо бурхан болсон л доо. Гансүх заан бас эмч хүн байсан, бас бурхан болчихлоо. Би 2001 онд Солонгос улсад ажиллаж амьдрахаар явсан. Архангайн Цэнхэр сумын Пэрэнлэйсамбуу эмч намайг иртэл 4-5 жил ажиллаж байсан. 2006 онд Солонгосоос ирээд эмчээр ажиллаж байна. Одоо ганц нэг залуучууд сургаж байна.

Бөхчүүд гэмтэж бэртэх нь бага болсон

-Нэг барилдаанд хэдэн бөх эмчилгээ хийлгэдэг вэ. Бэртэл гэмтэл их гарах уу?

-Ноцтой бэртэл гэмтэл цөөн гарна. Бэлтгэл сургуулилт, дасгалжилт сайн болоод байдал өөр болсон. Дээхнэ үед, жижиг барилдаан дээр хүүхдүүдийн тохой, мөр мултрах тохиолдол 10 хэд гарч байсан удаа бий. Бэлтгэл сургуулилт муу, бие бялдрын хөгжлийн түвшин дутуу ч юм уу, уралдаан тэмцээнд яаран сэтгэлийн хөөрлөөр орохоор бэртэж гэмтэх нь хурдан байдаг. Одоо бол тийм биш. Өрсөлдөгч нар нь ямар өндөр түвшинд бэлтгэгдэж байгаа билээ, тэр хэмжээний байж хүнтэй өрсөлдөнө. Секцэнд гурван сар барилдаад, бөх барилдана гэвэл худлаа, бэртэхийн л нэмэр. Тэрийг ч хүүхэд залууст сайн хэлдэг. Дасгалжуулагч багш нар нь ч сайн ажиллаж, хэлдэг учраас бэртэл гэмтэл гайгүй. Хумс ханзрах, хуруу мултрах, булгарах, тулгарах үе гарна. Тэрийг эвд нь оруулаад, барилдаж болмоор бол барилдуулаад, болмооргүй бөхийг чөлөөлөөд “Гэмтлээ эмчил, барилдаан олон. Одоо эмчлүүл” гэж хэлж зөвлөөд явдаг.

-Монгол бөхийн түүхэнд гарсан хамгийн дуулиантай зүйл Г.Өсөхбаяр аварга, А.Сүхбат аваргыг өшиглөсөн асуудал гарсан. Тэр үед та эмчээр ажиллаж байсан уу?

-Тэр асуудал 2001 оны улсын наадмаар болсон, тэгэхэд би засуулаар ажиллаж байсан. Үзүүр, түрүүний бөх барилдахыг хүлээгээд сууж байлаа. Их оройтсон ш дээ. Би тэр үед эмчээр ажиллаж байсан бол асуудлыг газар дээр нь шийдэх байсан гэж боддог. Ямар нэг тэмцээн уралдааны үед бөхийн асуудлыг дэвжээн дээр нь л шийддэг. Барилдах уу, үгүй юу. Хэрэв барилдмаар бол Гэмтлийн эмнэлэг рүү авч яваад, наадамчдыг хүлээлгэх ёсгүй. Ард түмэн, наадамчин олон хүлээж байна. Хоёрхон хүний асуудал биш учраас биеийг нь үзээд, барилдаж чадахгүй гэвэл чөлөөлөөд, нөгөө хүнийг давуулах юм уу, асуудлыг тэр дор нь шийдэх байсан гэж боддог. -Саяхан С.Мөнхбат аварга учраа бөхтэйгөө барилдахгүй гээд татгалзсан. Учраа бөхийн биен дээр нь шарх байсан гэж сонссон?

-Хэрвээ барилдахаас татгалзвал чөлөөлөөд зогсоодог. Бөхийн холбооны дүрмэнд ч бий. Нүцгэн биеийн үзлэг тэр бүр хийж амждаггүй. Дараа нь барилдааны явцад ил харагдахуйц хатиг, үлд гарсан байвал, эсрэг бөх нь татгалзвал чөлөөлөх ёстой. Арьс, хөлс, цусаар дамжиж халдвар тархах аюул бий. Тиймэрхүү шарх шарлага хийгээд, тарилга хийгээд, хэд сайхан усанд ороод арилдаг. Ерээд онд мэр сэр байдаг байсан. Одоо бол ийм асуудал гарах нь гайгүй. Бөхчүүд ариун цэвэр сайн сахиж байгаа. Бөхчүүд бэлтгэл хийсний дараа шүршүүр, саунд ордог, заавал орох ёстой. Зодог шуудгаа ч бэлтгэлийн хувцас шиг байнга угаах ёстой. Барилдаан долоо хоногт нэг л болж байгаа юм чинь амжина ш дээ. Хоёр гурван ээлжийн зодог шуудагтай байх ёстой. Элэг бүс тасарч болно, мөрний хуниас сэтэрч, ханзарч болно, бөхчүүд нөөц хувцастай ирдэг. Бөхчүүд хээгүй байдаг гэсэн яриа хуучирсан, цаг үе, нийгмээ дагаад улам соёлтой болж байна. Зөвхөн өвчин биш, өрсөлдөгч бөхийн хувцас стандартын бус байвал элэг бүс, шуудагны уяа нарийхан байна, хуруу гар сэнжгэнд орохгүй байна” гээд татгалзаж болно, нөгөө бөх өмсгөлөө солино. Сольж өмсөөд зүгээр бол үргэлжлүүлэн барилдана, байхгүй бол барилдаанаас чөлөөлөх асуудал ярьж болно. Нарийн болсон шүү.

-А.Сүхбат аварга барьц авах аргагүй бариу өмсгөлтэй гэсэн яриа гардаг байсан..?

-Сайн мэдэхгүй байна. Ер нь Дэмүүл арслангийн хэлсэн үг бий. “Хуруу байтугай, хумс орохгүй болтол чангал наадахаа” гэж… Хошин наргиа яриа байх л даа. Одоо бол хуруу чөлөөтэй орж байх ёстой гэж дүрмэндээ заагаад өгчихсөн. Барьцаа өгөх ёстой, үгүй бол барилдаанаас хасах хүртэл арга хэмжээ авна гээд дүрмэнд бүгдийг детальчлаад заачихсан. Одоо дүрмээ бүгд мэддэг, дагадаг. Засуулууд бүгд судлаад мэдчихсэн, өдөр тутмын ажил болсон л доо.

-Таныг Чөлөөт бөхийн шигшээ багийн эмчээр ажиллаж байсан гэж сонссон.

-Тиймээ. Чөлөөт бөхийн шигшээ багийн эмч байлаа. Үйтүмэнг байхад боксын эмч байлаа. Нийгэм шилжиж байсан хэцүү үед эмчээр ажиллаж байсан. Гадаад дотоодын тэмцээнд явсан, явсан. 1997 онд Красноярскт болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эмчээр очсон. 1999 онд Узбекстанд боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон, тийшээ явсан. Монголд болсон олон улсын тэмцээнүүдэд 1993 оноос эхлээд эмчээр олон ажилласан. Хамгийн сүүлд 2001 онд чөлөөт, жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болоход эмчээр ажиллаад, улсын наадмаар бөх засчихаад Солонгос руу ажил, амьдрал хөөгөөд эхнэр хүүхдийн хамт явсан.

-45 насандаа Солонгос ажиллахаар явсан гэсэн. Ажил хийхэд хэцүү байсан уу?

-Хоёр хүүхэд оюутан боллоо, оюутны сургалтын төлбөр хэрэгтэй, хоёрдугаарт байр сууцны асуудал хэрэгтэй. Тэгээд Солонгос явж үнэндээ нойр хоолгүй ажилласан даа. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Намайг очиход хэдэн тамирчин тусалсан. Боксын, чөлөөт бөхийн тамирчид байсан, тэд ах шигээ хүлээж авсан. Эхний нэг жил хамаатныхаа дүү дээр очиж даавууны үйлдвэрт ажилласан. Дараа жил нь Сөүлийн төвд орж ирж, барилгын “арбайт” гэдэг юм хийж эхэлсэн. Юм зөөж үүрч, ажиллаж явтал нэг мэдэхэд таван жил болчихсон байсан. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болсныг хэлэх үү, Монголоо, наадмаа санаад хүрээд ирсэн. Манай эхнэр хүүхэд үлдээд хоёр жилийн дараа ирсэн. Тэр жил Д.Сумъяабазар түрүүлэх байх гэж бодож ирсэн, үнэхээр тэр жил түрүүлж аварга болсон доо. Нэг нутаг усных, манайхаар орж гарч байсан болохоор Сумъяабазарыг их дэмжинэ ээ. 1996 онд манай Хужиртын ой болсон. Долгорсүрэн заан эхнэр хүүхэдтэйгээ очсон. Тэр үед манай аав барилдахаа байчихсан байсан. Манай Халзан морь уралдаанд түрүүлж, түрүүлсэн бөх Д.Сумъяабазар бүрэн тавилгатай гэрээр мялааж, гэрийн найр хийж байсан. Долгорсүрэн гуай айлчилж ирсэн, Дагваа аварга бүр жаахан хүүхэд, сандал олдохгүй газар сууж байсан. Сэржбүдээ цолтой бөх дээшээ суугаад.

-Таны аав Догоо заантай дотно байж дээ?

-Манай аав барилддаг аймгийн заан хүн байсан. Долгорсүрэн гуайтай найз. Цэрэгт явахаас нь өмнө хоёр жил дараалаад Долгорсүрэнг одоо л гурвын даваанд авч байхгүй бол дийлдэхээ байна гэсэн. Начин болчихоод ирэхэд гар барихад л гар нь атганд нь багтахаа байсан, начинг би яаж дийлэх вэ гээд айлын найранд дэмбээдээд хуруу гаргаж хожчихоод “За гурав давлаа, одоо бид тооцоо байхгүй” гэж явсан улсууд гэж ярьж байсан.

Солонгосчууд 30 ширхэг тоосго үүрдэг бол монголчууд 50-60 ширхгээр үүрдэг

-Таныг Солонгост байхад 2002 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга гэхчлэн томоохон тэмцээн болж байсан, үзэж амжсан уу?

-Үзэх завгүй, ажлын морь л байсан. Нэг газартай гэрээ хийгээд 2-3 сар ажиллана. “Самшил” хооронд мөнгөний шилжүүлэг явагдаж байна, орой тооцоогоо хийнэ. Бид зөвхөн ажлаа л хийх үүрэгтэй. Тоосго цемент үүрээд зүтгэнэ. Тоосго нэг удаа солонгосууд 30 ширхгээр үүрдэг бол монголчууд бид 50-60 ширхгээр үүрчихдэг. Чинбат гээд Эрдэнэтийн залуу бүр 70 тоосго үүрдэг байсан. Үдийн хугаст нормоо хийчихээд үдийн хоолоо идчихээд буугаад явчихдаг. Солонгосууд гайхна. Солонгосоос гадна бидэнтэй 19 орны цагаач цуг ажиллаж байсан. Дундад Азийнхан, Непал, Бангладеш, Филиппин, хятад, иранчууд хүртэл байна. Вьетнамчууд, лалынхан, тас хар арьстай улс ч байна, есөн шидийн улс байна. Тэд хэзээ ч монголчууд шиг бярдаж ажил хийхгүй. Даадаггүй юм уу, биеэ ч нөөдөг юм уу их сонин. Тэдэнтэй ажилладаггүй, дандаа монголчууд баг болж гараад ажлаа хийчихээд бууна. Иранууд харахад сайхан залуу, биеэ нөөгөөд хөдөлдөггүй. Цаг хараад л ажиллана, солонгосчууд биднийг суу жаахан амар, тамхиа тат гэнэ. Монголчууд тамхи ч татахгүй ажилладаг. Монгол хүний зан юм даа.

-Солонгост байхад 2002 оны намар Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Монголоос О.Пүрэвбаатар нарын бөхчүүд ирсэн. Эрдэнэ-Очир арслангийн хүү Балдорж гэдэг залуутай Бусан явж, Азийн аварга шалгаруулах тэмцээн үзэж монгол бөхчүүдээ дэмжсэн. Долоо хоног чөлөөт, жүдо бөхийн тэмцээн үзээд О.Пүрэвбаатарын түрүүлэхийг харч хөөрч баярлаж байлаа. Орой Солонгосын телевизийн мэдээгээр хоёрхон сая хүнтэй Чингисийн Монголоос Азийн аварга төрлөө, тэгэхэд 70 сая хүнтэй солонгосчууд монгол бөхийг дийлсэнгүй гэж гарч байсан. Өмнө нь О.Пүрэвбаатар 2001, 2002 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан хүн Азийн тоглолтонд босоо байлгүй яахав. Солонгос бөхийг хөнгөхөн хожсон.

-Таныг О.Балжинням аваргатай найз гэж сонссон…

-Шигшээ багийн эмч байхдаа “Алдар” спорт хороог давхар хариуцаж ажиллаж байсан. О.Балжинням аварга их сайн хүн ш дээ. Айлын ганц хүү, хүмүүстэй сайхан нөхөрлөдөг. Миний амьдралыг ойлгоод Солонгос явахад тодорхойлолт гаргаж өгч тусалж байсан. Би Солонгосын Элчинтэй шууд ярилцлаганд орж байж виз гарсан шүү. Тэнд нэг жил ажиллаад Солонгост түр оршин суух гурван жилийн үнэмлэх аваад, сүүлд жил жилээр сунгаад таван жил айх аюулгүй сайхан байсан.

-Тэр үед Цогтбаяр, Энхбаяр гээд сайн бөхчүүд Солонгост хар ажил хийдэг гэж ярьдаг байсан?

-Азийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт МУГТ Цогтбаяр байсан, намайг явахаас өмнөхөн ирсэн. Бас л амьдралынхаа төлөө Солонгост ажиллахаар явсан байх.

-Та Солонгос хэлээр сайн ярих уу?

-Ойр зуурын хэдэн үгтэй. Монголчуудтайгаа ажилана, тэгээд эхнэр хүүхэдтэйгээ байхаар монголоороо л ихэвчлэн ярьдаг. Ганцаараа явбал хэл нэвтрээд төөрөхгүй яваад байх хэмжээний солонгос хэлтэй.

-Хойд солонгосчуудтай ажиллаж байсан гэсэн. Хэзээ цуг ажллаж байсан бэ?

-Уурхайд 2013-2015 онд Ардчилсан Солонгосын иргэдтэй цуг ажилласан. Баянхонгорын Галуутад 50 хойд солонгос ажилладаг алтны уурхай байсан юм.

-Хоёр Солонгос улсын иргэдтэй цуг ажиллаж үзжээ, ялгаа мэдэгдэх үү?

-Адилхан л солонгос хүн, аялга нь жаахан өөр. Ардчилсан солонгосчууд багаасаа хүнд хүчир ажил хийсэн болохоор ажилд сайн. Идэр насны залуус Монголд ажиллахаар ирсэн болохоор эрүүл мэнд нь ч сайн. Их л сахилга баттай улс, намын дарга нь бололтой бүгдийг нь явган суулгачихсан, үүрэг өгөөд илтгэл тавьж байгаа харагддаг. Бүгд Ким Ир Сенийхээ тэмдгийг зүүчихсэн, намын дарга нь их хүчтэй, эрх мэдэлтэй байдаг юм шиг билээ. Диктатуртай, бидэнтэй хамаагүй яриад байхгүй. Улс орныхоо тухай бүр ярихгүй. Жаахан өвдөж ядарвал биеэ үзүүлж, витамин тариулчихаад ажлаа хийдэг. Өмнөд солонгосчууд чөлөөтэй, Америктай хуурай ах дүү улс. Киноноос нь амьдрал нь харагддаг шүү дээ.

2010 ОНД УВСЫН ГАЛД ГАРАХАД Б.ГАНБАТ АРСЛАН ТҮРҮҮЛСЭН

-Таныг Бөхийн галд эмчээр ажилладаг, бөхдөө ээлтэй эмч гээд байдаг юм билээ. Ямар учиртай юм бол?

-1998-99 онд Алдар нийгэмлэгийн галд гарч байсан. Одоо аймаг болгон бөхийн дэвжээтэй, улсын наадмын өмнө гал болж гардаг. Солонгосоос ирснээс хойш жил болгон бөхийн галд гарсан. Говь-Алтайн галд олон гарсан. Намайг Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний галд ажиллахад Улсын гарди Н.Ганбаатар харцагаас гарди болж үзүүрлэж, аймаг цэргийн арслангаас, Соронзонболд заан, Тогтохбаяр начин болж байсан. 2007, 2008 онд Говь-Алтайн галд гарч, 2009 онд Өмнөговь аймгийн галтай бэлтгэлд гарсан. Одбаяр, Сумъяа зэрэг бөхчүүд аймгийн арслан болж байсан. 2010 онд Балжинням аваргатай хамт Увсын бөхийн галд эмчээр ажилласан. Тэгэхэд Балжаа аварга “Энэ жил Ганбатыг улсын наадамд түрүүлүүлье” гээд хэлж байсан. Тэгээд заан Б.Ганбат түрүүлж Улсын арслан болж, С.Мөнхбат, Бямбажав хоёр харцага болж байсан юм байна. 2011 онд Говь-Алтайн галд эргээд гарсан. Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадам тохиосон. Говь-Алтайн Цээлийн Жанцангийн Бат-Эрдэнэ Өсөхөө аваргыг давж Улсын гарди болсон. Багахүү улсын начин болсон. 2012 онд Алдар нийгэмлэгийн галтай гарсан. “Алдар” бөхийн дэвжээнээс даншгийн арслан Пүрэвдагва начин болж байсан. Сонгуулийн жил таарсан, сонгуулийн ажилд оролцож нутгаараа явж ирлээ гэсээр ирсэн. 10 хоног бэлтгэлд гарч начин болж байсан юм. Тэр үед Пүрэвдагвыг их сайн бөх болох нь гэж харж байсан. 2013-2014 онд Говь-Алтайн галдаа эргэж гарсан. Бөхийн галд ажиллахад сайхан байдаг. Бөхийн барилдаан болоход бөхөө засна, хажуугаар эмчээ хийгээд, хөлбөмбөг тоглосон ч бөхчүүдийг дагаад явна шүү дээ. Эмнэлгийнхээ цүнхийг үүрээд бөхчүүдээ байнга дагана, завсар зай гарвал бөхчүүдийнхээ эрүүл мэндийг нь үзнэ, бариа хийнэ. Жаахан гэмтсэн ч заавал бариа, тариа, шарлага шаарддаг.

-Та залуудаа барилдаж явсан уу?

-Би бөх барилдаж шалиагүй. Залуудаа “Хоршоолол” нийгэмлэгт харъяалагдаж, аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд орж байсан. Сүүлдээ цэрэгт яваад, Анагаахын дээдэд ороод барилдаж ноцолдоогүй. Хичээл номноосоо илүү гарч чадахгүй юм билээ. -Танай хүүхдүүд ямар мэргэжилтэй вэ? -Хоёр хүүгээ жүдо, бөхийн дасгалжуулагчид шавь оруулсан. Нэг нь өсвөр, залуучуудын улсын аваргаас овоо хэдэн медальтай. 70 гаруй медальтай, сүүлдээ барилдахаа болиод жүдогийн олон улсын шүүгч болсон. Одоо спорт хороонд мэргэжилтэн хийж байгаа. Миний хүү Бат-Эрдэнэ аваргын шавь болж, “Аварга” сургуулийг онц төгсөөд, сургуульдаа багшлаад, дараа нь дасгалжуулагч болоод, Вьетнам, Тайландад дасгалжуулагчаар ажиллаж байсан.

-Бага хүүхдээ Солонгос дагуулаад явчихсан болохоор спорт хөөж явж чадаагүй. Компьютер графикийн инженер мэргэжилтэй, одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Чөлөөт бөхийн бүх компьютер цахилгаан хэрэгслийг угсарч суурилуулаад, ажиллуулж өгдөг. Эрхлэгч нь Чөлөөт бөхийн ОУХМ Энхбаяр гэдэг хүн байдаг. Алим модноосоо хол унадаггүй гэгчээр хүүхдүүд бөхийн спорттой холбоотой ажилладаг. Манай гэр бүлийн эмч хүн, Төмөр замын эмнэлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа.

-Ярилцсанд баярлалаа Ч.ТУЛГА

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ