Facebook Twitter youtube
Ардаа, алдартнаа алагчилдаггүй төртэй байхыг хүснэ
2018-04-5 өдөр 03:51

MunkhdorjМонгол Улс ДНБ, цалингийн хэмжээгээрээ дэлхийд сүүл мушгиж, харин орон сууц, өргөн хэрэглээний барааны үнэ, үнийн өсөлтөөр дэлхийд дээгүүр давхиж яваа. Орон нутгийн иргэд хэдэн малынхаа буянаар шар наран бор хоногийг өнгөрөөж, гэр хорооллын иргэд нь төмсөө ширхэглэн, байцаагаа таллаж, ургамлын тосоо граммлаж хэрэглэсээр хэдэн жилийг үдлээ. Тэгсэн атлаа УИХ-ын гишүүд, уул уурхайн хэдэн компанийн боссууд дэлхийн баячуудтай эн зэрэгцэж, Англи Канадаар нисэн буугаад, нисэн буугаад тансаг амьдарч байна. Үндэсний нийт баялгийн 90 шахам хувь нь 100 гаруйхан баячуудын гарт төвлөрсөн. Баячуудын эдэлдэг хэрэглэдэг хувцас, орон байр нь дэлхийн тэрбумтнуудын жишигт хүрсэн.

Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаасаа болоод эрүүл мэндийн салбар “нойл зааж”, иргэд хорт хавдар гэдэг тахлаар амь насаа алдсаар. Энгийн номхон иргэд нь эмнэлгийн үйлчилгээ бүрэн авч чадахгүй эхнэр хүүхдээ тойруулж асруулсаар яаж ч чадахгүй нөгөө ертөнцөд оддог. Алдартнууд нь өвчин тусахаар эрхбиш олонд танигдсан нүүрээрээ хэдэн төгрөг олж эмчилгээ, сувилгаа хийлгэдэг, эсвэл гадаадад очиж эмчлүүлдэг.

Саяхан Хөдөлмөрийн, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн гээд төрөөс өгөх бүх шагналаа авсан Бавуугийн Лхагвасүрэн гуайн лагшин чилээрхэж, гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай боллоо. Ардын уран зохиолчид атгаад гарах мөнгө байхгүй болохоор ард олноосоо хандив хүссэн нь нууц зүйл биш. Нэрт яруу найрагчийн эмчилгээнд зориулж Засгийн газрын Нөөц сангаас 10 сая төгрөг, БСШУСЯ-наас 10 сая, ЭМЯ-наас 5 сая төгрөг гаргахаар шийджээ. Сайхан мэдээ.

Гэхдээ хажуугаар нь гол зурсан мэдээг дуучин Э.Ганболор олон нийтийн сүлжээнд жиргэв. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуай мөн адил өвчнөөр шаналж, төр засгаас тусламж хүсэхэд боломжгүй гэж байсан гэлээ. Төр засаг маань ард иргэдээ, авъяастан алдартнуудаа алагчилдаггүй бол сайхансан.

Саяхан нэрт найруулагч Б.Мөнхдорж хүнд өвдөж, Ардын жүжигчин Н.Сувд, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, найруулагч Найдандорж, Б.Мөнхдорж найруулагчийн төрсөн дүү Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, СГЗ сэтгүүлч Ш.Гүрбазар нар иргэдээсээ хандив гуйж хэвлэлийн хурал зарлалаа.

Эмчилгээний зардал цуглуулах зорилготой хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 13,14-нд UB palace, Монгол бөхийн өргөөнд болно. Энэ хүний найруулсан уран бүтээлийг үзэж биширч, хайрлаж явдаг үзэгч та бүхэн маань энэхүү тоглолтыг үзснээрээ сэтгэл оюунаа баясгахын сацуу энэ хүнд өвчнөөс аврах үйлсэд нь том тус нэмэр болж, буян үйлдэнэ гэж тэд уриаллаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ