Facebook Twitter youtube
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Монголын төмөр замыг Х.Баттулга, М.Энхсайхан шийдэхгүй. Оросын засгийн газар, Хятадын засгийн газар хоёр л шийднэ
2018-03-22 өдөр 04:23

Jagaaaa-Та энэ засгийн явуулж байгаа бодлогыг яаж дүгнэж байна.Сүүлийн үед Чингис бонд гэж их ярьж байгаа?
-Ард түмэн эднийг сонгосон гээ биз дээ. Ард түмэн ийм л юм хүссэн байна. Сонгууль нэгэнт хийгээд дуусчихсан. Өдөр шөнөгүй энэ УИХ-ын гишүүдийн тухай ярьдгаа болимоор байна. Үүнээс Монголын ард түмэн залхаж байна. Нэгэнт сонгосон юм бол, хийх ажил байгаа юм бол мөрөөрөө хийг л дээ. Дөрвөн жилд юу хийснийг нь ард түмэн дүгнэж дүн тавьдгаас цааш. Өдөр шөнөгүй энэ хэдэн юм телевизээр гараастай, бүр залхмаар. Өөр үзэх юм байхгүй, бидний амьдралд өөр сайн сайхан юм байхгүй болчихсон. 76 алиа хошин шог гарав гэдэг шиг л юм байх юм. Дэндүү их улстөржиж улс үндэстнийг залхааж байна, ер нь энэ 23 жилд Монголд хямрал бий болчихож. Үзэл суртлын хямрал, нийгэм эдийн засгийн хямрал бий боллоо. Үзэл суртлын хямрал гэдэг нам, үзэл бодлоороо талцан хэрэлдэж, албан тушаалаа чаддаг ч бай, чаддаггүй ч бай хувааж авч, эцсийн зорилго нь жаахан авлига авах. Хэн нь ч байсан тийм байна. Нийгэм эдийн засгийн хямрал ажил хийдэг хүнгүйгээс болж гарч байна. Ажил хийдэг хүнгүй болчихсон, хүмүүс хялбар аргаар хөрөнгөжих, амар аргаар амьдрах бодолтой болчихсон, ажил хийх сонирхолтой нэг ч хүн алга. Энэ олон намуудад улс орны хөгжлийн тухай ойлголт байхгүй байна. Маш муу хөтөлбөр, зорилго, зорилт тавьчихсан. Нийгмийн халамжаар их уралдсан, энэний гай, гарз одоо л гарч эхэлж байна. Хөгжил дэвшлийн тухай ойлголт ерөөсөө байхгүй. Үүнээс болоод улс орон хөгжихгүй байна. Хуулийн тогтолцоо, хууль зүйн орчин маш муу. Ийм олон зүйл нүүрлэчихээд байна. Одоо их хэмжээний зээл аваад ирлээ гэхэд хэрэгжүүлэх төсөл алга. Тэр мөнгийг ямар бизнест оруулах юм, яаж ашиг гаргаж, эргүүлээд яаж төлөх вэ, тийм төсөл байхгүй.  Ер нь л бид мухардалд хүрчихээд байна. Хүн амын хэрэглээ өсчихсөн, юмны үнэ нь өсөөд байдаг, ашиг орлого нь нэмэгддэггүй. Ажил хийх сонирхолтой хүний тоо өдрөөс өдөрт буурсан. Дээр нь Хятадын хямрал, дэлхийн эдийн засгийн хямрал манайд асар их нөлөөлнө. Үндсэндээ энэ 10 жил хямралаас салахгүй. Хятадын үйлдвэрүүд зогсчихсон, эдийн засгийн асар том хямралд орчихсон. Тэр нь манайд шууд нөлөөлдөг, хүнд тусдаг. Хятадад инфляц асар хурдтай өсч байна. Тэр үнийн өсөлт маргааш нь шууд манайд орж ирж байна. Бүх бараагаа урдаас импортлодог учраас дагаад бүх юмны үнэ өсдөг. Бид одоо яах юм байгаа юм. Хэцүү байлгүй дээ. Засгийн газрыг дөрөв тавхан сар болсны дараа энэ ийм хийчихэж гэж хэлэх хэцүү.  Засаг төрөө ч олигтой томилж тавиагүй байхад юуг нь ярих вэ дээ. Баахан холио солио хийж байгаа. Холио солиог намын харъяаллаар хийх нь нэг их үр дүн өгөхгүй байх. Хөдөлмөрийн чадамж, боловсрол мэргэжлийг нь үндэслэн төрийн албан хаагчдыг томилж, тэр хүмүүсээс хариуцлага, сахилга бат, соёлыг үндэслэж ажилд тавибал үр дүн өгөх байх. Яаж ч бодсон ийм хэцүү нөхцөлд байгаа улс орныг өөд нь татахад өндөр боловсрол, мэдлэг, чадвар, ажил амьдралын дадлага туршлага хэрэгтэй. Ер нь энэ хоёр сая гаруй хүний хөдөлмөрийн насны бүх хүн ажил хийж, хөдөлж байж сая улс орон хөгжинө. Тэрнээс биш нэг хоёр дарга хөдлөөд, бусад нь хүлээгээд хараад суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Энэ чинь нэг хоёр хүний биш, улс орны хэмжээний асуудал.
-Одоо ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна, энэ хэрээр нэр дэвшигчдийн тухай яриа их гарах боллоо.Оюунхорол гишүүн PR-аа эхэлж, эмэгтэйчүүдийн нэр их дуулдаж байна?
-Яахав, тэндээ жаахан уралдаж хэрэлдэцгээнэ биз. Яршиг аа, тэр Оюунхорол, өөр хэн ч билээ хүүхнүүд. Тэд чадахгүй. Эмэгтэй хүнийг туршиж байдаг цаг алга. Солонгосын ерөнхийлөгч мисс Пактай барьцаад байгаа бол уучлаарай. Хоёр өөр ойлголт шүү. Пак бол удам угсааны ерөнхийлөгч, язгууртан гарал үүсэлтэй эмэгтэй. Аав нь Солонгос улсыг босгосон мундаг улстөрч, аавыгаа дагаж улстөрч болсон, өнчин өрөөсөн өссөн, улс төрийн асар том хэлмэгдэл, галын хайчин дунд өссөн эмэгтэй. Тэр эмэгтэй бол улс орноо өөд нь татаж чадна. Тэр эмэгтэйн түүх намтар ч тийм. Оюунхоролд ямар түүх намтар байдаг юм, ямар чадамж байдаг юм. Зүгээр сайхан бүсгүй гэж тавих гэж байгаа юм уу. Манайхан тийм дэмий юм ярихаа болих хэрэгтэй. Мисс Пак өнөөдөр засгийн газраа дандаа тэргүүний сэхээтэн, эрдэмтэн профессоруудаар бүрдүүлж байна. Манайх өнөөдөр ямар хүмүүс засаг төрийн ажилд томилж байгаа билээ. Ямар ч боловсролгүй хүмүүсийг нүдээ аниад тавьж байна. Асуудал үүндээ байна. Намын харьяаллаар ангилах асуудал гаарсан, аль нэг ялсан намын гишүүн л болохгүй юм бол тэгээд турж үхэх юм байна л даа. Тийм байж болохгүй. Бид хүний эрхийг дээдэлдэг ардчилсан нийгэм байгуулж байгаа. Аль нэгэн намын дарангуйллыг бий болгох гэж бид 1996 онд залж авчраагүй ш дээ.
-“Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайханыг ТӨХ халчихсан. Салбарын сайдынх нь албан бичиг ч тарсан.
-Сайд нь дургүй нь хүрээд сольсон юм бол солино л биз. Өөрийнх нь ажил байлгүй. Тэрэнд юунд нь гонсойгоод байгаа юм бэ.
-Орос, Хятад руу тавих өргөн, нарийн царигтай төмөр зам тавих асуудлаас болоод Х.Баттулга сайдтай муудалцсан л гэж сонсогдсон?
-Монголын төмөр замыг Баттулга ч юм уу, М.Энхсайхан ч юм уу шийдэхгүй. Хэн ч шийдэхгүй. Монголын төмөр замыг Оросын засгийн газар, Хятадын засгийн газар хоёр л шийднэ.
-Манайх тусгаар улс шүү дээ.
-Тэгвэл тусдаа л байж байна биз. Бидэнд дотоодын төмөр зам хэрэгтэй биш, олон улсын гарцтай төмөр зам хэрэгтэй. Тэгж байж бид олон улсын ачаа тээвэр зөөх гээд байгаа. Тэгэхээр олон улсын төмөр зам Орос, Хятадын нутаг дээгүүр гарах юм байгаа биз дээ. Тэгэхээр энэ хоёр л шийднэ ш дээ. Орос, Хятад хоёр шийдвэр гаргаагүй, бид дур мэдэж шийдэх юм бол тэр хоёр зөвшөөрөхгүй. Оросууд хэлж байгаа, “барь барь та нар, харж л байя” гэж. Олон улсын төмөр замыг Орос, хятад шийдвэрээ гаргасны дараа бид барина. Орос, хятадын төмөр замтай холбогдъё гэж бодож байгаа бол…Тэрнээс М.Энхсайхан нарийн зам бариад, Баттулга өргөн төмөр зам бариад шийдэх гээд байгаа бол шийдэхгүй юу даа. Эцсийн бүлэгт трамвайны зам барих гээгүй. Олон улсын ачаа тээврийн том транзит төмөр зам тавих гэж л байгаа бол Орос, хятадтай хэлэлцээр хийж, энэ хоёрын санаачлагаар хийнэ гэсэн үг. Тэгж байж энэ асуудлын цаана гарна.
-Та БНН-ын дарга, Монголд АН, МАН хоёр илүү сонгогчдын саналыг илүү авч байгаа үед намаа татаж буулгачихаад АН руу орчихвол амар юм биш үү. Та ардчилсан хөдөлгөөн анх эхлэхэд ГАЗ 24 машинаараа тусалсан, 5000 доллар хандивласан, анхнаасаа хамт явсан хүний нэг.
-Яах юм, Д.Арвинтай би барьцаад яах вэ дээ. Тэр хүүхэн амьдрахын тулд ямар нэг юм хийх, цалин авах хэрэгтэй. Би ойлгож байна, тэр эмэгтэйд ямар үзэл суртал байна. Байхгүй, өнөөдөр УИХ-ын гишүүн болж, өндөр цалин авч, дипломат паспорт өвөртөлж явах нь ашигтай байгаа бол аль ч намд орно ш дээ.
-Та БНН-ынхаа ирээдүйд итгэлтэй байдаг уу. Энэ Ан, МАН хоёрыг ялна гэдэг хүнд. Байнга ингээд явах уу?
-Манай нам улстөржиж, гишүүнчилж, иргэдийг талцуулдаггүй, би харсан болгондоо намын батлах тараадаггүй. БНН-ын хувьд Монголд яаж ардчилсан нийгэм бэхжүүлэх вэ, яаж хүмүүсийн эрх үүргийг баталгаажуулж, дээдлэх вэ, яаж зах зээлийн эдийн засгийг эрчимтэй явуулах вэ, яаж Монгол улсыг хүчтэй, хөгжилтэй улс орон болгох вэ гэдэг л зорилготой. Тэрнээс ялна, ялагдана яанаа гээд байдаггүй. Ер бидний гаргаж тавьсан БНН-ын мөрийн хөтөлбөрийг энэ хоёр нам өнөөдрийг хүртэл хуулж явж ирсэн. Даанч олигтойхон хуулж чаддаггүй юм. Бид тэдэнд гарын авлага бэлдэж өгдөг. Улс орноо ингэж хөгжүүлбэл яасан юм бэ гэсэн “шипи” өгдөг.
-Гуравдагч хүчин гэдгээрээ МАХН-тай, МҮАН-тай холбоотой байдаг. Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярыг эхнээс нь өмгөөлж үгээ хэлж байсан хүний нэг. Энэ байр суурь одоо ч хэвээрээ юу?
-Ер нь Монголын төр их эмзэг болж, ямар ч хамгаалалтгүй болж байна. Монголын ерөнхийлөгч, ерөнхий сайдуудыг хэн дуртай нь дамжилж аваачаад, шоронд тамлаад, устгаад байх юм амархан болчихлоо ш дээ. Улс төрийн аль нэг хүчинд нь гадныхан бодлогоор мөнгө өгөөд,  сонгуулиар ялуулаад, хуучин байсан улстөрчдийг нь барьж шоронд хийж устгаад амар. Бид социализм байгуулах гэж байна гээд хамаг сэхээтнүүдээ устгуулсан, хамаг язгууртнуудаа устгасан, бүх түүхээ устгасан. Буриадыг яалаа, геноцит явуулсан, нэг шөнийн дотор 10 гаруй мянган буриадыг тууж хээр аваачин буудаад, газар булаад хаячихсан. Манай 13 ерөнхий сайдыг маань хойш нь ачиж яваад, буцаагаад модон хайрцганд хийгээд явуулж байлаа. Манай төр буцаад яг тэр лүүгээ орлоо.
-Одоо экс ерөнхийлөгчийг ялласанд арай ч гадны улс орны нөлөө байхгүй байлгүй дээ.
-Байхгүй ч гэсэн бид өөрсдөө ийм муухай юм хийж байна. Гадныхан ашиглахад сайхан, манай төрийг устгахад амар үүд хаалга нээгдчихлээ. Өнөөдөр Элбэгдорж, Энхбаярын асуудал чухал биш. Элбэгдоржийн хувьд ардчилал, зэх зээл, хүний эрх сахиулах ажилд хувь нэмрээ оруулсан ерөнхийлөгч. Би ч тэр намыг байгуулахад хамт явж, байлдаж тэмцэж явж ирсэн. Н.Энхбаярын хувьд улс орныг хүнд хэцүү үед удирдаж, дампууруулчихаагүй, өр ширнээс нь салгасан хүн. Аль алинд нь хувийн зан чанарын хувьд дутагдал байдаг л байх. Гэхдээ энэ нь хоёр бие биенийгээ үзэн ядаж, хэн нь төр барина, тэрийгээ барьж шоронд хийх шалтгаан биш шүү дээ. Монголын ерөнхийлөгч байсан хүнийг үхэн үхтэл нь эрүү иргэний хуулиар яллахгүй, хэнбугай нь ч гар хүрэх ёсгүй дархан цаазтай л болгох ёстой. Тэгэхгүй бол эднийг нэг нэгээр нь ээлжлэн шоронд илгээдэг, устгадаг, тийм хаалга нээгдэх гээд байна. хамгийн аюултай нь тэрнээс болж тусгаар тогтнолоо алдах, улс төрийн дарангуйлалд орох аюул нүүрлэнэ. Манай иргэд өнөөдөр Н.Энхбаяр, Ц.Элбэгдоржийн тухай асуудал яриад байгаа юм. Үгүй, тэр хоёр хувь хүн. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан хүнийг яаралтай Үндсэн хуулиар хамгаалах хэрэгтэй, хэзээ ч, хэн ч гар хүрэх эрхгүй болгох ёстой. Бодъё л доо, Монгол улс, ОХУ-д найман тэрбум долларын өртэй байсан. Тэрийг Н.Энхбаяр дарга хүчингүй болгож өгсөн. Тэгээд нэг муу хуучин ямбий байшин түрээслээ л биз дээ. Тэрийг нь хэрэг гэж үзээд шоронд хийнэ гэдэг дэндүү эмгэнэлтэй зүйл. Нөгөө талаас Монголын төр эмзэг болчихлоо, хэн нэг нь гадныхны хөл гар болчихвий, гадныхан манай төр лүү халдах үүд хаалга нээлттэй болчихлоо. Энэ нь хамгийн том аюул. Үндэсний аюулгүй байдал алдагдах гэж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр идээд идээд хичнээн их юм идэж чадах юм. Н.Энхбаярын хувьд найман миллиард долларын ашиг орлого оруулсан хүн. Тэр хүн 100 сая доллар идээ л биз дээ, яадаг юм. Бусад нь идээгүй юм уу, бүгдээрээ л идэж байгаа даг. Тэр хүн чинь ядаж юм хийсэн байна ш дээ. Ц.Элбэгдорж хүмүүсийг хөрөнгө мөнгөтэй, өмчтэй болгоход зөндөө хувь нэмэр оруулаа биз дээ. Ардчилал, зах зээл гээд зөндөө явсан. Тэр хүн 20 сая доллар идээ л биз, тэгээд яадаг юм. Тэглээ гээд шоронд хийж, цаазаар авах юм уу. Болохгүй ш дээ.  Гэхдээ би заавал юм идээдэх гэж хэлж байгаа юм биш л дээ.
-Бас С.Баяр дарга байна. Тантай хамтарч эвсэл болж, УИХ-ын сонгуульд оролцсон Ц.Шинэбаяр “С.Баяр шиг эх орондоо амьдрах нүүргүй болбол аймшигтай” гэж хэлсэн байна лээ. Ерөнхий сайд байсан С.Баяр ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүн байх?
-Хамгийн боломжгүй кандитат. С.Баяр дарга УИХ-ын гишүүн болоод хичнээн хууль санаачлав, хэдэн удаа УИХ-ын хуралдаандаа суув, байхгүй ш дээ. Ерөнхий сайд болоод хэдэн өдөр ажлаа хийсэн юм бэ?
-Бие нь муу, эмчилгээнд явж байсан шүү дээ.
-Тэгвэл тэгээд биеэ эмчлүүлээд байж бай л даа. Яах юм бэ. Бие муутай хүнээр төрийн тэргүүн болгож яах гээд байгаа юм. Ажил хийдэг хүн л хэрэгтэй. Өнөөдөр 24 цаг ажилладаг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай байж улс орон энэ дампуурлаасаа гарна. Сү.Батболд, Ц.Элбэгдоржтой өрсөлдөөд гарахгүй ш дээ. Намаа УИХ-ын сонгуульд ялагдуулчихсан намын дарга чинь яаж дахиад гарах юм бэ. Хоёрт хүний хувьд хүчтэй лидер хүн биш ш дээ. Бат-Эрдэнэ аварга энэ тэр бол аргаа барсан хүмүүсийн л таамаглал. Яах вэ, хэн гарах нь гол асуудал биш. Хоёрт Ерөнхийлөгчийн сонгууль яг тэр Америкт явагдаж байгаа шиг шударга ил тод явагдах уу, үгүй юу. Асуудал тэрэндээ л байгаа. Хэн болох нь сонин биш. Одоо энэ Ардын нам больсон нь дээр, тэтгэвэртээ гарах хэрэгтэй. Тэд нэр дэвшиж юу хийх юм. Ардын намд улс орныг өөрчлөх зөндөө боломж байлаа ш дээ. Хийж чадсан юм уу, өөрсдөө л жаахан хөрөнгөжөө биз дээ. Одоо хураасан хөрөнгөө идээд, хувийнхаа ажлыг хийгээд яваа ч дээ. Чадахгүй байгаа юм чинь. Би Ц.Элбэгдоржийн оронд ерөнхийлөгч байсан бол Н.Энхбаярыг шууд цагаатгаад гаргах байсан.
-Цагаатгахаар Н.Энхбаяр гуай шууд л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшчихнэ биз дээ?
-Амьдрал үнэн дээр тулгуурладаг юм. Юунаас нь айсан юм. Энхбаяр дэвшвэл дэвшиж л байг. Би бол цагаатгаж байгаад харин ч хамт өрсөлдөнө. Улс төрд өрсөлдөөн хүчтэй, амттай байх хэрэгтэй. Өрсөлдөгчгүйгээр сонгуульд орох гэж байгаа бол сонгууль хийж яах юм. Сонгуулиа ил тод, шударга явуулах хэрэгтэй. Ардын нам сонгуулийг луйвардаж байсан, одоо Ардчилсан нам ч булхайцаж луйварддаг боллоо. Энэ хамгийн буруу. Уг нь Элбэгдорж энэ сонгуулийн бүх процессыг нээлттэй ил тод болгосон бол хүний эрх, ардчиллыг бэхжүүлэхэд маш чухал ажил байсан. АН-ынхан, Ардын намынхныг дууриаж саналын луйварчин болж хэрэггүй, хүний мууг дууриах хэрэггүй. Хүний сайныг дууриа. Энхбаяр жишээлбэл харгис хатуу байж болно. Долоон сарын нэгэн гээд зөндөө юм болсон л доо. Тэгвэл Элбэгдорж харин эсрэгээрээ улам уян хатан байх ёстой. Юмыг бас сайн сайхнаар шийдэж болдог юм байна гэдгийг харуулах ёстой байхгүй юу.
-Цагдаагийн дарга нарыг бие нь муу эмнэлэгт байхад авчраад, ял сонсгоод явуулсан шүү дээ?
-Хөөрхий тэр 300 хүүхдийг дөрвөн хөлөөр нь мөлхүүлээд, зодож нүдээд ял өгч байхад сэтгэл зүрх эмтэрч л байлаа, дотроо уйлж л байлаа. Тийм ч учраас өмөөрч байсан. Хүүхдүүдийг өмөөрлөө гээд Амарболд эд нар намайг Ганц худагт хийчихсэн. Ер нь генерал хүн, хүчний байгууллагын, цэрэг армийн, цагдаагийн генерал хүн ямар нэг дайн дажин болоход биднийг хамгаалах үүрэгтэй. Тэр генералууд маань ийм сул дорой байх юм бол биднийг хэн хамгаалах болж байнаа. Бас тэр талаасаа өрөвдмөөр л харагдаж байна лээ.
-Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэл гэж их ярьсан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн салбарыг өөрчилнө гэж их ярьдаг хүн. Ахиц гарч байна уу?
-Ер нь манай хууль завхарчихсан хууль. Энд тэндээс аваад орчуулаад хууль хийчихсэн. Тийм учраас манайд хууль болохгүй байгаа юм. Эрүү, иргэний бүх хуулиа шинэчлэхгүй бол явахгүй. Таван төгрөг авсан ч таван жилийн ялтай, таван сая төгрөг авсан ч таван жилийн ялтай, 500 сая, бүр 14 тэрбумыг идчихсэн ч таван жилийн ял эдлээд гарч ирж байна. Асар олон залуучууд таван сая төгрөгийн хэргээр шоронд сууж байна. Манайх шорон улс болох гээд байна. Яагаад захиргааны арга хэмжээ авч болдоггүй юм, яагаад албадан хөдөлмөр гэж байдаггүй юм, яагаад торгууль тавьдаггүй юм. Яагаад бүгдийг нь аваачаад нэг байшин дотор түгжинэ гэсэн хуультай юм. АН-ынхан олонхи байна, хүний эрхийг сайжруулж, баталгаажуулахын төлөө Эрүүгийн хуулиа өөрчлөхөөс ажлаа эхлэх л ёстой доо. Залуу хүн хийх болов уу гэж харж байна. Х.Тэмүүжин саяхан сайд болсон, хийх хугацаа одоохондоо алга, цаашдаа хийгээсэй гэж бодож байна. Сонгуулийг луйварддаг будлиулдаг хуулиа бас өөрчилмөөр байна. Нэг хэсэг нь компьютерээр, эсвэл хороо дүүргийн зальтай шунахай дарга нар сонгуулийг луйварддаг. Энийг болиулмаар байна. Зүгээр ил тод хэн дуртай нь, ард түмэн очоод тоолдог сонгууль хийе л дээ. Тэгээд ялсан нь гарч ирээд төр улсаа удирдаад явъя л даа. Яагаад өөртөө зориулж хууль гаргаж, өөрсдөө хуулиараа луйвардаж, булхайцаж төрийн эрхийг авах ёстой юм. Энийгээ больё л доо. Энийг ардын намынхан эхлүүлсэн, ардын намынхан сүүлийн 2-3 сонгуулийг дандаа хороо дүүргийн дарга нараар дамжуулж будлиантуулж, луйвардаж байсан. Манай сонгууль луйвар болчихоод байна. Иргэд ч улс төрийн сонгуульд хариуцлагагүй хандаж байна. Юу ч биш юм шиг гурван төгрөг аваад саналаа худалддаг. Эсвэл хэн нь илүү ангалзаж худлаа ярина, тэрэнд саналаа өгдөг.
-12 дугаар сарын 21-нд таныг гэр бариад хотоос гараад явчихсан гэлцээд байсан. Үнэн үү?
-Ардын нам, АН-ынхны л явуулга.Намайг гутааж доромжилж, доош нь хийх гэсэн л нэг арга хэлбэр. Би муу ч, сайн ч нэг физикийн сургууль төгссөн юм болохоор тийм тэнэг мунхаг биш ээ. Андуурч байна. Би цор ганцаараа нуугдаад л, амьд үлдэх гээд л, лаа шүдэнз цуглуулаад л… Тийм юм байхгүй ээ. Харин ч би телевиз радиогоор “Ийм юм болохгүй ээ, худлаа. Маяагийн календарь дууссан, чухам яагаад дууссаныг нь хэн ч тайлаагүй байгаа. Дэлхий сөнөхгүй ээ, сөнөх физик үйл явдал байхгүй, тайван амгалан байцгаа” гэж хэлсэн ш дээ. Муу л бол баруун хойд захын овоохой гэгчээр над руу гүжирдэж байхгүй юу. “Буян”-гийн Жагаа дэлхий сөнөнө гээд нуугдаж байна гэж. Би 12 дугаар сарын 21-нд ажлаа хийгээд сууж байсан. Өөрсдөө л хотын захад гэр бариад, лаа шүдэнз асаагаад, архи тамхи хэрэглээд байсан юм гэнэ лээ. Эзнийг нь би мэдэж байгаа. АН, МАН-ынхан намайг доромжлох гэж тэгж ярьж байгаа юм. Интернэтийн комментийг хараарай. АН, МАН-ын хоёр бүлэг сэтгэгдэлчид юм бичээд сууж байгаа. Тэд хүн доромжлоод сууж байдаг. Хоёр гуравхан хүн бие биенийгээ гахай, нохой гэж бичээд сууж байдаг. Тэрийг юуг нь уншдаг юм, тэнэг юмнууд хоорондоо асуулт хариултаа тавиад хэрэлдээд сууж байг.
-Сэтгэгдэл хаах тухай яригдаад эхэлсэн байгаа.
-Бичиж л байг дээ. Юуг нь хаадаг юм. Бичлээ гээд хэнд ямар гарзтай юм.
-Энэ бүхнээс болоод  ардчилсан коммунистууд гээд байгаа байх л даа.
-Бат-Үүл дарга зөв л шийдвэр гаргасан ш дээ. Хууль бус газруудыг хурааж авахгүй яадаг юм. Нэг хэсэг нь яагаад төрийн алба хашиж байхдаа энэ их газрыг хувьдаа авч хашаалчихаад худалдаж идэх ёстой юм. Гэтэл нэг хэсэг нь гэр орноо барих ч газар алга. Тийм учраас Бат-Үүлийн хурааж авч байгаа нь зөв. Үүнийг цэгцлэх цаг болсон. Одоо Улаанбаатар хотод дулаан хүрэхгүй байна. Дулаан хүрэхгүй байхад зөвшөөрөлгүй орон сууц бариад, миний гэрийн дулааны хагасыг нэг нөхөр хулгай хийж аваад дулаацдаг, би хөлдөж үхэх гээд хэвтэж байдаг байж таарах уу. Одоо дахиад байшин барих ямар ч боломжгүй болчихсон. Дулаан хүрэхгүй байна, гол шалтгаан нь тэр ш дээ. Тийм учраас МАН-ынхан хотын засаг захиргааг барьж байхдаа авсан бүх газрыг хүчингүй болгох нь зөв.
-Буруу хүрдтэй машиныг ням гарагт явуулахгүй, цаашдаа ч хязгаарлах тухай хотын захиргаанаас санал асуулга явуулаад иргэд дэмжсэнгүй. Энэ зөв шийдвэр үү?
-Буруу рультэй машин явж байг ээ. Одоохондоо Монголын ард түмэн ядуу байна, ажил амьдралаа буруу рультэй хямдхан машинаар залгуулж байна. Ойрын 5-10 жилдээ, хүн амын орлого, сарын дундаж цалин 1000 доллар хүрэхээс нааш буруу рультэй машин хорьж болохгүй ээ. Бүгдээрээ шинэ машин аваад унах боломж алга, ядарсан хүмүүсийг хөл нүцгэн, явган шалдан болгож болохгүй ээ. Улаанбаатарын утааны асуудлыг шийдье гэж байгаа бол хоёр арга бий. Нэгдүгээрт, Улаанбаатар хотод төвлөрсөн дээд сургуулийг цомхотгох хэрэгтэй. Цөөн хэдэн сургуулийг үлдээгээд, нийслэлд 30-40 мянган оюутан байхаар тооцоод, бусад сургуулийг бүгдийг нь Дархан, Эрдэнэт, Багануур, Дорнод, Булган гэсэн аймгийн төвүүд рүү нүүлгэх хэрэгтэй. Тэрийг дагаад нийслэлийн хүн амын 20-30 хувь нь гараад явна. Дараачийн арга нь Засгийн газар Малын сан гэж дэргэдээ байгуулах хэрэгтэй, мал худалдаж аваад сандаа бөөгнүүлээд, эргээд орон нутаг руу нүүх хүмүүст түрээсээр мал, бас гэр өгнө гэвэл дахиад 20-30 хувь нь гараад явчихна. Тэгвэл хүн амын 50 хувь нь гарна гэсэн үг. Улаанбаатарын замын хөдөлгөөн хоёр дахин буурна, утааны хэмжээ гурав дахин буурна. Энэ механик өсөлтийг хязгаарлах арга хэмжээ авахгүй бол зүгээр байшин барьж өгөөд шийднэ гэвэл хөрөнгө мөнгө алга, улс ядуу байна, цаг хугацаа хэрэгтэй байна. Тэрнээс Бат-Үүл гараад бүхнийг нэг амьсгаагаар шийднэ гээд хүлээгээд, Бат-Үүлийг элдвээр доромжлоод байж болохгүй. Бат-Үүл бол муу ч сайн ч улс төрийн тогоонд 23 жил чанагдсан туршлагатай сайн улстөрч болсон. Би долигонож магтаж байгаа юм биш. Ямар ч байсан эхний ээлжинд хийж байгаа алхмууд зөв, юм хийж л байна.
-Э.Бат-Үүл даргын шийдвэрээр та нэг өдөр явган явдаг болсон уу?
-Би хоёр машинтай. Ээлжлээд уначихдаг юм. Би өдөржингөө машинтай явах дургүй, ажил дээрээ очоод сууна. Хүмүүс харин ямар их завтай юм, өдөржингөө машин дотор дэмий тэнэж явна. Ажилгүй хүмүүс хотоор их тэнэж зам бөглөдөг. Энийгээ болих хэрэгтэй. Берлин хот 10 сая хүн амтай. Ажлын өдрүүдэд гудамжинд нь нэг ч машин байхгүй. Яагаад гэвэл бүх хүн ажлаа хийдэг учраас. Манайх бүгд ажилгүй учраас 10-11 цаг хүртэл унтана, 12 цагт гэрээсээ гарна, тэгээд бүх зам нь битүү. Ажил хийдэг хүнгүй учраас машинтай дэмий тэнэдэг.
-УИХ-аар олигтой зүйл хэлэлцэхгүй байгаа. Сүүлд Чингисийн төрсөн өдрийг тогтооно гээд нэлээн юм болсныг харсан байх.
-Манай энэ өвгөн аавыг орхи. Сүүлийн 20 жил Чингис гэж ярилаа. Чингис хаан бидний аав, Монголын түүхэнд гавьяатай үүрэгтэй үнэхээр агуу хүн. Ингээд орхичих. Одоо шинээр Чингисүүдийг төрүүлэх, тэр тухай илүү яримаар байна. Тэрний төлөө ажилламаар байна. Яаж шинэ монголчуудыг төлөвшүүлж бий болгох вэ, яаж хөгжилтэй МУ-ыг бий болгох вэ, энэ тухай яримаар байна, уриалмаар байна.
-Таны хувийн бизнес ямархуу байна? Нэг хэсэг улс төрөөс завсарлага авлаа.
-Би завсарлага аваагүй ээ, заавал тэр саарал байшинд орж суухаар улстөрч болдог юм уу. Хувийнхаа бизнесийн тухайд чадахаасаа чадахгүй хүртлээ зүтгэж л байна. Амар хялбар юм хаана байх юм. Үйлдвэрээ өргөтгөж байна. Хамаг байдгаа шавхаад үйлдвэрлэлд хөрөнгө оруулаад үйлдвэр бариад байдаг. Гэтэл Монголд юу ч хийдэггүй, ченжүүд хэдэн муухай юань оруулж ирээд, хамаг түүхий эд хамж аваад хятадуудад өгч байна. Энэ ариун шударга явдал мөн үү. Тэр ченжүүд хэдэн хүнийг ажилтай болгосон юм бэ, улсын төсөвт хичнээн мөнгө төлж байгаа юм бэ. Юу ч байхгүй ш дээ.  Болимоор байна, түүхий эдээ, ядаж ноолуураа Монголд 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгоё. Харин эцсийн бүтээгдэхүүнийг ченжүүд аваад чаддаг юм бол зар.
-Ноос ноолуурын 300 тэрбум гээд баталсан, нэмэр болсон уу?
-Болсон, малчдад очиж байгаа мөнгө. Зүгээр тэтгэмж гэж өгч байхаар тийм зүйлд мөнгө гаргаж байсан нь дээр ээ. Ноолуураар эцсийн бүтээгдэхүүн хийдэг болъё. Ядаж нэг юмыг хийж суръя. Нэг юмаараа нэрд гаръя. Одоо солонгосууд Ганнам стайл, Самсунг смартфон хоёроороо дэлхийд гарчихлаа. Бид юугаар гарах вэ. Самсунгийн оронд ноолуураа тавьчихъя, Ганнам стайлийн оронд нэг нөхрийг гаргая. Юун Ганнам стайл, Монголын стайл аймаар юм билээ гэхээр юм хийх хэрэгтэй байна. Хэдэн юм энд хэрэлдээд, бие биенийхээ ажил албан тушаалыг булаацалдаад, уйтгартай байгаа биз дээ. Энэ юмнаас хүмүүс залхаж байна. Ганнам стайлийн оронд, үүнтэй дүйцүүлж зун наадмаа үзүүштэй болгоё.  Хэдэн дарга нар морь уралдуулдгаа болих хэрэгтэй. Наадмыг олон улсын том фестиваль баяр болгох хэрэгтэй. Тэр үеэр наадмыг үзэхээр 1-2 сая хүн ирдэг бол гоё биз дээ. Куба, Бразильд том фестиваль болдог, жуулчид сонирхож очдог. Манай наадмыг үзэх гээд, наашаа ирэх гээд бүх азичууд булаацалддаг болох ёстой. Үүнийг Бат-Үүл дарга хийх байх. Энийг хийнэ гэвэл одооноос бэлдэх ёстой. Яг долоон сарын нэгнээс бэлдэхээр яаж амжих вэ дээ. Одоо дарга нар шоумен болчихсон, найруулагч болчихсон, эсвэл нэг зөнөчихсөн хөгжмийн зохиолч ч юм уу, балетмейстер, эсвэл ямар ч мэргэжил боловсролгүй урт үстэй нөхөр наадам зохион байгуулж байдаг. Тэгж болохгүй ээ. Үүнийг мэргэжлийн түвшинд, маш сайн хийх ёстой. Тэгвэл хэдэн зуун хүн орлоготой мөнгөтэй болно. Наадам үзэх гээд 200-300 мянган хүн ирлээ. Нэг жуулчин 1000 доллар орхиё гэж бодъё, 200-300 сая доллар орхичихоод явах нь. Бид Ганнам стайлийн эсрэг Монгол наадмыг гаргаж, Хүй долоон худагт том фестиваль хийдэг болох хэрэгтэй. 10 мянган морь хуйлруулан давхиулаад, адуучин залуучууд гийнгоолоод давхиж байвал гоё биз дээ. Түүнээс биш Ч.Улааны морь, М.Энхболдын морь, Г.Батхүүгийн морь хэнд сонин байгаа юм бэ. Эсвэл тэр арслан болж, Тоёото жип бэлгэнд авчээ гээд л. Хэнд хэрэгтэй юм. Наадамд өнөөдрөөс эхлээд бүх соёл урлагийнхныгаа бэлдүүлдэг байх ёстой. Наадам болохоор нөгөө л байдаг юм, шинэлэг юм ерөөсөө байдаггүй. Өөрчлөх хэрэгтэй. Надад нэг юм таалагддаггүй. Морь уялаа гэнэ, тавхан настай балчир хүүхдүүдийг аарцгийг нь задартал унуулж давхиулна. Дэлхий дээр насанд хүрээгүй хүүхдүүдээр хурдан морь унуулдаг тийм зэрлэг улс хаана ч байхгүй. Морь уралдуулъя гэвэл Ч.Улаанаар өөрөөр нь морийг нь унуулаад, Г.Батхүү, “Ажнай”-н Бат-Эрдэнийг морин дээр нь суулгаад уралдуулъя. Г.Батхүү өөрөө азаргаа унаад уралдана биз. Тэгвэл жинхэнэ үнэлье. УИХ-ын гишүүн уяач Г.Батхүү, Сангийн Сайд уяач Ч.Улаан уясан морио өөрөө унаад түрүүллээ гэвэл хүн амьтан үздэг юм байгаа биз дээ. Г.Батхүү өөрийнхөө таван настай хүүхэд, таван настай ач зээгээр хурдан морь унуулах уу. Үгүй ш дээ. Жаахан хүүхдүүдийг хайрлая, зэрлэг цэнгэлийнхээ хөлд үрэхээ больё. Одоо энэ УИХ-ын гишүүдээс залхаж байна. Телевиз асаана, олон ангит “Халтар царайт” кино гээд дуусдаггүй кино шиг хэдэн юм сууж байна. Наадам болно, тэдний морь уралдана түрүүлнэ. Энэ гишүүдийг орой болгон телевизээр гаргахаа болъё. Сард нэг удаа ийм тийм хууль баталлаа гэж мэдээгээр гарч болно. “Халтар царайт” сериал шиг өдөр болгон гаргаж болохгүй ш дээ. Сонгуулийн жил л улстөрждөг, бусад үед нь хүн болгон дор дороо ажлаа хийдэг болмоор байна.
-Цагаан сар боллоо.  Манайхан Эрээнээс элдэв юм авчирч бие биедээ бэлэг гэж өгдөг. Энийг болъё гэж ярьдаг ч ажил болдоггүй. Эмэгтэй гишүүд ч энэ талаар ярьж байна?
-Манайх цагаан сард зориулаад бараагаа 70 хувь хямдруулаад, удахгүй бүх дэлгүүрүүдээр гаргах гэж байна. Хятадаас, Эрээнээс чанаргүй хог авчрах маш буруу, эрүүл мэндэд ч муу. Бие биедээ тийм юм бэлэглэхээ больё. Хамгийн наад зах нь “Буян“ компанийн ноолууран бүтээгдэхүүнийг бэлэглэж байя л даа. Ноднин манайх бүх дэлгүүрүүдээр бараагаа 70 хувь хямдруулж зарсан. Үүнийгээ жил болгон уламжлал болгоё гэж бодож байгаа. Ер нь “Нарантуул” захаас хувцас авч өмсдөгөө болих хэрэгтэй. “Нарантуул”-ын барааны үнэ асар нэмэгдсэн, дээр нь муу чанаргүй байдаг. Ер нь манайх цаашдаа дотоодоо 100 хувь хувцаслана гэж зорьж байгаа. Манайхан бүтээгдэхүүнээ рекламдаад байдаггүй. Та нар хараарай. Барууны телевизээр хувцас рекламдаад байна уу, CNN энэ тэр хувцас рекламдаж байна уу. Үгүй ш дээ. Монголд үйлдвэрлэсэн барааг авбал Монголын эдийн засаг төлжинө, өснө, монгол хүн мөнгөтэй болно, ажилтай болно. Хятад хувцас өмсөөд байвал хятадын оёдолчид сүлжигчид мөнгөтэй болно, хятадын компани мөнгөтэй болно, хятад улс мөнгөтэй болно. Хүмүүс үүнийг л ойлгох хэрэгтэй. Тавилга авсан ч дотоодод үйлдвэрлэснийг авах иргэний ухамсартай байх хэрэгтэй. Жаахан эх оронч бай, эх оронч худалдан авагч болцгоо. Бидэнд хийж чаддаг юм цөөхөн байгаа шүү. Бидний хамаг мөнгийг гадныхан хамж авч байгаа. Манайх оёдлын үйлдвэр ашиглалтанд оруулж байгаа. Европ стандартын, европ дизайнтай хувцас хийнэ. Түүнээс биш Азийн орнууд муухай хувцас хийдэг, иргэд нь муухай хувцасладаг. Дэлхийн брэндүүд хаана байна, европт л байна. Кристиан Диор, Шанел, LV, Картер гээд зөвхөн европт л байна. Бид илүү европжуу хүмүүс. Энэ засгийн газар үндэсний үйлдвэрээ яаралтай өөд татах хэрэгтэй. Үйлдвэрлэлгүй улс орон хөгждөггүй юм аа. Бидэнд чаддаг юм цөөхөн байна, ядаж чаддаг юмаа өөд нь татъя. Улс орныг зөвхөн арилжааны санхүүгийн аргачлалаар хөгжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Дээр нь зөвхөн уул уурхай яриад хөгжихгүй.  Нүүрсний үнэ уналаа яанаа гэлцдэг, унахгүй яадаг юм. Заавал монголчуудад тааруулж, нүүрсний үнэ өндөр байх ёстой юм уу. Урьд нь бид нүүрсгүй амьдраад болоод ирсэн. Солонгос, Япон, Сингапур, Тайвань, Хонконг нүүрсгүй амьдраад байгаа биз дээ. Яагаад бид заавал нүүрсээр амьдрах гээд байгаа юм бэ. Өөр хийх юм алга уу. 20 жилийн өмнө уул уурхай байхгүй л байсан биз дээ. Зэс 1200 доллар л байсан. Одоо зэсийн үнэ уначихвал бид дөрвөн хөлөөрөө мөлхсөн нь дээр болно. Хэнийг ч ерөнхийлөгч, ерөнхий сайд болгоод нэмэргүй. Нүүрсний үнэ уналаа, зэсийн үнэ уначихвал дуусаа биз дээ. Тийм учраас хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, модны үйлдвэрлэл гээд олон үйлдвэрлэлүүд байгаа, хөгжүүлэх хэрэгтэй. Хүн амаа ажилтай байлгаж, хөдөлмөрийн үнэлгээг өөрчлөх хэрэгтэй байна. Одоо хэдэн барилгачид амныхаа зоргоор ярьж байна. Жаахан юм хийчихээд хэдэн саяар нь нэхнэ. Тэрнээс болоод орон сууцны үнэ өсөөд байна. Тийм учраас цагийн үнэлгээг яаралтай шинэчилж тогтоох хэрэгтэй. Үйлдвэрлэл эрхэлж, иргэдээ ажилтай орлоготой болгох хэрэгтэй.
Ярилцсанд баярлалаа Ч.ТУЛГА

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ