Facebook Twitter youtube
АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ, НИСЭХИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2018-03-16 өдөр 02:52

HurlaaaЭнэ сарын 19, 20-нд “Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн салбарын шинэчлэл” удирдах ажилтны зөвлөгөөн болох гэж байгаатай холбогдуулан либералчлал-хууль эрх зүйн шинэчлэл, нисэх буудлуудын хөгжлийн чиг хандлага, агаарын навигацийн үйлчилгээ, ерөнхий зориулалтын нисэхийн хөгжлийн талаарх хэлэлцүүлгүүд Иргэний нисэхийн ерөнхий газарт 2 өдөр болж өндөрлөлөө.

Нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд, авиа компаниуд, мэргэжлийн холбоод, аялал жуулчлалын салбарынхан оролцсон хэлэлцүүлгийн үеэр салбарт тулгарч буй бэрхшээл, цаашдын хөгжлийн талаарх саналуудаа нэгтгэсэн юм. Тухайлбал, агаарын тээврийн либералчлал гэдгийг юу гэж ойлгох талаар нэгдсэн ойлголттой болох, агаарын харилцааны хэлэлцээрүүдэд цаашид баримтлах төрийн бодлогоо тодорхойлох, өнөөдөр либералчлал Монголд хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт олон санал гарган хэлэлцэгдэж байсан. Мөн Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлхэд ямар бэрхшээл тулгарч байгаа, аж үйлдвэр, инновацийн хөгжилтэй хэрхэн уялдуулах вэ, хууль эрх зүйн шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй байна гэсэн асуудлуудыг ч хэлэлцүүлэгт оролцогчид хэлж санал, шүүмжээ илэрхийллээ.
Иргэд, зорчигчдын зүгээс хамгийн их гаргадаг тийзний үнэтэй холбоотой асуудалд авиа компаниуд өөр өөрсдийн санал, төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн шинэ нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ, Хөшигийн хөндий рүү авиа компаниуд нүүхэд бэлэн үү, Монголд аялал жуулчлал хөгжихөд агаарын тээврийн салбарын үйлчилгээ нөлөөлж байгаа юу гэдгийг ирэх даваа, мягмар гаригт болох зөвлөгөөнд илтгэл тавьж хэлэлцүүлхээр тогтлоо.

Ингээд ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны дарга, Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч С.Манлайгаас дараах тодруулгыг авлаа.

- Хоёр өдөр болох хурал ямар хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах вэ?

- Ирэх даваа гариг буюу гуравдугаар сарын 19-нд “Агаарын тээврийн либералчлал” сэдвийн хүрээнд олон нийтийн хамгийн их сонирхдог тийзний үнэтэй холбоотой асуудлууд, либералчлалын талаарх олон улсын чиг хандлага, Монголд агаарын тээврийн либералчлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн томоохон өргөтгөсөн хуралдаан болно. Энэ хурлыг Зам тээврийн хөгжлийн яам, ИНЕГ хамтран зохион байгуулж байгаа юм. Аялал жуулчлалын хөгжилтэй холбоотой асуудлууд ч яригдах учраас бусад холбогдох яамдаас мөн оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн авиа компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөллүүд, тийз борлуулагчид оролцоно. Мягмар гариг буюу гуравдугаар сарын 20-нд болох хурлаар иргэний нисэхийн салбарын шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд удирдах ажилтнуудын түвшинд хэлэлцэнэ. Энэ өдрийн зөвлөгөөнөөр шинэ нисэх буудал, авиа компаниудын асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, ерөнхий зориулалтын агаарын тээврийн хөгжил, нисэх буудлуудын шинэчлэлт, орон нутгийн нисэх буудлуудын цаашдын чиг хандлага зэргийг нарийвчлан ярьж зөвлөмж гаргана. Зөвлөгөөнд ЗТХЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, бүх авиа компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд мөн оролцох юм.

- Зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?

- Засгийн газар болон, ЗТХЯ-аас дэвшүүлсэн хэд хэдэн зорилт байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэх арга зам, гарц нь энэ хоёр өдрийн хуралдаанаас эхлэлтэй гэж үзэж байгаа. Хэлэлцэгдсэн асуудлуудыг УИХ, Засгийн газрын түвшинд хэрхэн шийдүүлэх вэ гэдгийг дэвшүүлсэн, салбарын хөгжлөө өргөн хүрээнд ярилцсан чухал ач холбогдолтой хурлууд болно. Удирдах ажилтны зөвлөгөөн хамгийн сүүлд 2013 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш салбарт олон зүйл өөрчлөгдсөн байгаа. Тиймээс өнөөг хүртэл бид юунд хүрэв, цаашид яаж хөгжиж, дэвших вэ гэсэн ирээдүйн зорилт, зорилгоо улам сайн тодорхойлж чадна гэсэн үр дүнг хүлээж байна.

Гуравдугаар сарын 19-нд болох хурал Корпорэйт зочид буудлын /Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дэргэдэх/ хурлын зааланд болох бол 20-ны өдрийн хурал Хаан банк /Энхтайвны гүүрний зүүн урд/-ны хурлын зааланд зохион байгуулагдах юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ