Facebook Twitter youtube
Су.Батболд “Аз жаргалтай” хотын индекс боловсруулахад НЭГ тэрбум төгрөг зарцуулна
2018-03-15 өдөр 10:06

Az hotЕрөнхийлөгч Х.Баттулга 2018 оны улсын төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан нь нүдээ олсон. Одоо болдогсон бол хотын төсөвт хориг тавиасай… НИТХ-ын дарга Ц.Сандуйгаараа сор залчихаад Су.Батболд багийнхаа дууч голдуу залуучуудтайгаа наргин жарган үлдсэн. НИТХ хуралдаж чадахгүй, удаж, гацаж байж боловсруулсан нийслэлийн төсөвт нь харсан хүний нүд орой дээрээ гарахаар зүйл зөндөө байна. Түүний нэг жишээ нь, “Аз жаргалтай хот”-ын индекс тооцож сайжруулах арга хэмжээний зардалд нэг тэрбум төгрөгийг тавиулаад авчээ. Энэхүү тэрбум төгрөгийг хотын дарга С.Батболд захиран зарцуулна. Өвөл зунгүй зам нь түгжирч, өвөлдөө утаандаа бүдчиж, зундаа усан шавхай дээр урт урт харайн явж, охид хүүхдүүд нь ор сураггүй алга болж, автобусандаа чихэлдэн, гэр хороололдоо хөрс нь бохирдож, эсгий гэртээ, модон жорлондоо амьдарсаар атал Су.Батболдын багийнхан тавлаж байгаа юм шиг дандаа “Аз жаргалтай хот” гэж ярина. Монгол хүнд “совесть” байдаггүй тул энэ орос үгийг орчуулж болохгүй хэмээн Б.Ринчен гуай хэлсэн гэдэг. Түүнтэй адил Улаанбаатарт аз жаргал байхгүй. Агаар нь утаа, хөрс нь ялгадас, ус нь бохир, зам түгжрэлээр дүүрэн хотын иргэдээс аз жаргалын тухай судалгаа авч аз жаргалын түвшинг нь тогтоох индекс аргачлал боловсруулахад нэг тэрбумыг зарцуулах гэнэ. Бүр энэ ажиллагаа нь үе шаттай хэрэгжих аж. Тэгсэн атлаа гэр орронгүй, тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэхэд 200-хан сая төгрөг тавьжээ. Нийслэл хотоос аз жаргал хайх хэрэггүй. Түүний оронд хотын даргаас хутга тавилгүй мах зооглож, хундага тавилгүй архи ууж, эр эм ялгалгүй үнсдэг хотын даргаасаа аз жаргал хай…
Үүнээс дутуугүй нэг зүйл байгаа нь Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл санхүүгийн төв болгох арга хэмжээний зардалд гурван тэрбумыг төсөвлөжээ.
Өвөлдөө Утаанбаатар, зундаа Өмхийбаатар хот маань ердөө гуравхан тэрбумаар л Шанхай Харбин гэх мэт хотыг ардаа орхиж Зүүн хойд Азийн аялал жуулчлал, соёл санхүүгийн төв болох нь… Энэ бол Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга, дуулахаас өөр ажил эрхэлж яваагүй “Номинталст”-ын Батсүхийн “аугаа” төлөвлөгөө юм. Тэрээр ажлаа аваад Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгохоор мэдэгдсэн. Гэхдээ түүний буруу биш. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргаар очсон хүн бүхэн ингэж “өвчигнөдөг” жамтай. Одоо хэрхэн төв болгох тухай нь асуух хэрэггүй. Харин 1,5 тэрбумаар боссон шөнийн гудамж нь юу болсоныг дуучин Д.Батсүх даргаас асууя. Эхлээд гудамжаа босгоод дараа нь Зүүн хойд Азийн төвийн тухай ярь л даа…

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ