Facebook Twitter youtube
Л.Элдэв-Очир: Утааг арилгахгүй бол УИХ-ыг тараана гэж турхирч байгаа хүмүүс өөрсдөө буруутай
2018-01-11 өдөр 09:57

Eldev-OchirУИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Агаарын бохирдолтой тэмцэх ажлын хүрээнд “Цэвэр агаар” санг дахин байгуулах, цахилгаан халаагуур, амны хаалтыг татварын бодлогоор дэмжих, утаагүй зуухыг зорилтот бүлгүүдэд тараах, шахмал түлшээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэх бүтцийг шийдэх чиглэлийг хэлэлцэж байна. Энэ асуудлын хүрээнд УИХ-ын гишүүдийн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Өнгөрсөн 20 жил ярьсан, хийсэн юмаа дахин хийх тухай ярьж байна. Ингэж байж бид дахин амаа асуулгах вий дээ. О.Баасанхүү л ярьж байгаа болохоос биш утаагүй зуух гэдгээр бизнес хийлээ л гэдэг нэр зүүх вий дээ. Хэтэрхий жижиг юм яриад байна. Түүхий нүүрс, болсон нүүрс, амны хаалт, утаагүй зуухаа л яриад байх юм уу. Өнгөрсөн хугацаанд ямар ч үр дүнгүй 200 тэрбум төгрөг зарцуулчихаад бүтээгүй зүйлээ дахиад л яриад байна. Энэ утааны асуудлыг том зургаар нь харж хийхгүй бол болохгүй. Хөдөө орон нутагт ипотекийн зээлээ түлхүү өгч, хот руу нүүдлийг зогсоох хэрэгтэй. Дэд бүтцийг нь хийж өгөөд, хотоос гаргах боломж нөхцөлийг хангаж өгөх чиглэлээр энэ утаатай тэмцэх гээд байгаа мөнгөө зарцуулбал яасан юм бэ.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир:

2016 оноос хойш ерөөсөө л 10 хүрэхгүй тэрбум төгрөг л зарцуулсан. Түүнээс өмнөх мөнгийг үрэн таран хийсэн улсуудтай нь тэр мөнгийг хэрхэн зарцуулсан талаар хариуцлага ярих хэрэгтэй. Түүнээс биш, одоогийн Засгийн газар энэ мөнгийг зарцуулчихсан юм шиг асуудалд хандаж болохгүй. Цагаан сарын дараа ард түмнийг тэмцэлд уриалж байгаа нь байж болохгүй асуудал. Өөрсдийнхөө хийсэн зүйлийг одоогийн эрх баригчдад нялзааж, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалах нь байж болохгүй асуудал. Одоо шүүмжилж, УИХ-ыг тараана гэж турхирч байгаа тэр хүмүүс өөрсдөө тэр 200 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан. Түүнийг одоо хийх гэж байгаа ажилтай хольж хутгах хэрэггүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” санг 2015 онд татан буулгаснаас болж энэ ажил зогссон. Өөрөөр хэлбэл, өмнөх засгийн үед хийгдсэн ажил. Тийм учраас алдаа хаана гарсныг үнэнээр нь ярих хэрэгтэй. Одоо гэтэл МАН гарч ирээд, агаарын бохирдолтой тэмцэхээ байсан юм шиг яриад байж болохгүй. Агаарын эсрэг ажиллах ёстой албууд бүтцийн хувьд их ойлгомжгүй болчихсон. Агаарын бохирдолтой тэмцэх ажил тал талд тарамдчихаад байна. Энэ тараасан бүтцээ нэг гарт төвлөрүүлж зангидах хэрэгтэй байна.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ