Facebook Twitter youtube
“Mongol pub”-ын захирал Бай овогт Эрдэнэ: Миний тархинд монгол дуу л оршдог
2018-01-4 өдөр 06:22

erdeneMongol pub-аараа овоглодог Эрдэнэ хэмээх Өвөрмонгол бизнесментэй ярилцлаа. Эрээн хотын төвд Mongol Pub-ыг ажиллуулж, хамтлаг дуучдын төлөө хийж бүтээснээрээ манай бизнесменүүдээс дутахгүй эрхэм юм билээ.
-Та хэдэн жил энэ бизнесийг эрхэлсэн бэ. Яагаад заавал монголчуудыг сонгож авав?
-20 гаруй жил бизнес эрхэлж яваа монгол хүмүүст зориулсан шоудах, алжаалаа тайлах газар байх ёстой гэж эхлээд бодсон. Тийм учраас “Монгол баар” гэж нэрлэсэн.
-Үүнийг эрхлэхээс өмнө мэдээж өөр ажил хийж явсан байж таарна аа даа?
-Монгол Оросоос хилийн худалдаа эрхэлж явсан.
-Танай ажилтнуудын байраар орж үзлээ. Амьдралын захаас атгаж буй залуус харагдана?
-Залуус байртай, хоолтой, тав тухтай байвал удаан ажиллана гэж боддог. Баяжчихмаар их цалинтай биш ч арын асуудалдаа санаа зовохгүй байх хэрэгтэй.
-20 жилийн хугацаанд олон хамтлаг дуучинтай хамтарсан уу?
-Анхдагч нь гэвэл СТА Уранчимэг бид олон жилийн өмнөөс найз, анх Хятадад би тоглолтыг нь зохион байгуулж өгч байлаа. Урнаагийн дараа Хатанбаатар, Төмөрбаатар, Жаргалсайхан гээд монгол хамтлаг дуучид тасралтгүй ирсэн. Ингээд хүмүүс нэмэгдэж, орлого ашиг ихэссэн. Бизнесмен хүн яаж ашиг олохоо тооцоолохгүй бол болохгүй шүү дээ. Сүүлийн үед хүмүүс амьд хөгжмийг сонсох дуртай болсон.
-Бизнесийн оргил үе гэж байдаг даа. Та хэдэн онд энэ кайфыг мэдэрсэн бэ?
-2004, 2005 оны үед тасалбар хүрэлцэхгүй, хүмүүс пивоо бариад гадаа хүлээгээд суудаг байсан. Энэ бол оргил үе байлаа.
-Монголд ч ийм төрлийн бизнес эрхлэгчид өөрсдөө урлагт дуртай байдаг. Таны хувьд?
-Залуудаа хамтлагийн гишүүн, хөгжим оролддог байлаа. Одоо бол дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралтай учраас өөрөө залуучуудтай хөгжим наадаад, ашиг нэг их олохгүй ч өөрийнхөө сонирхлоороо л бизнесээ үргэлжлүүлж байна. Энэ залуусынхаа цалинг тавьбал боллоо гэж үздэг.
-Хамтлаг дуучдын тухай ярихаар таны нүд сэргээд ирэх юм. Тэднийг л урьж авчраад дуулуулчих юмсан гэсэн хорхой гозолздог уу?
-Ер нь дуртай ш дээ, сэтгэл гаргахсан гэж боддог. Хамтлаг дуучин авчрахад хөрөнгө мөнгөний асуудал байна. Өөр газар хамтлаг дуучин ирсэн ч дуртай болохоор гүйгээд очдог доо. Сая Сарантуяа, Лхагвасүрэн хоёр ирээд тоглоход би очиж үзсэн. Тухайлбал Хурд хамтлаг ирвэл сайхан шүү дээ. Залуудаа сонсож ирсэн болохоор “Чингис хаан” хамтлагт дуртай. Одоо өөрийн хоббигоороо хөгжим тоглохгүй бол урт наслахаараа утгаа алдана. Одоо л миний амьдрал надад таалагдаж байна.
-Сонирхогчийн хувьд монгол хамтлаг, дуучдыг бусадтай харьцуулдаг уу?
-Манай монгол хэдий цөөн хүн амтай ч миний хувьд монголынхыг би илүүд үзнэ. Хятад хэдийгээр хүн ам ихтэй ч, монголынх шиг гоё, аялгуулаг нь цөөхөн гэж боддог. Техникийн тал дээр манайхан гүйцэхгүй байж магадгүй. Монгол соло гитарчин бараг эвдэрхий шахуу гитартай гайхамшигтай тоглож байна шүү дээ.
-Дэлхийн хамтлаг дуучдаас сонсдог уу?
-Селин Дион, Майкл Жексон. Гэхдээ миний тархинд монгол дуу л байдаг.
-Монголд очдог уу, та?
-Арваад жилийн өмнө бараг амьдарсан. Эрээнд ирээд буцаад л явдаг байлаа.
-Та аль нутгийнх вэ?
-Би Шилийн голынх.
-Таны бизнесийн тухайд судлахад Си Жин Пин авилгачидтай тэмцэж байгаа нь таалагдаж байна гэж хэлсэн?
-Си ерөнхийлөгч гарч ирснээс хойш хууль ёс чангараад их таатай байна. Бичиг баримт бүрдүүлэхэд маш хүндрэлтэй байсан. Хуучин бид гуйдаг, одоо тэд гуйдаг боллоо. Та “ирээд ав аа гээд” төрийн ажилтнууд өөрсдөө ярьдаг болсон.
-Эхнэр, хүүхэд нь энэ бизнест оролцдог уу?
-Эхнэр маань Бээжинд, охин Америкт сурдаг.
-Бидэнд ойлгогдсоноор үхтлээ мөнгө хураадаг зарчмаас гаждаг Хятад, Өвөрмонгол хүн байдаг болов уу?
-Байхгүй ш дээ. Залуудаа их зовсон. Одоо энд гэрийнхэн маань байх шаардлагагүй. Энэ ажилтнуудаа манай гэр бүл, хүүхдүүд минь гэж үздэг. Найман жил ажилласан бүжигчин бий. Хоёр хүүхэд, ээж, нөхөртэйгөө энд амьдардаг. Ээж нь бөөр нь өвдөөд, хагалгаанд ороход би мөнгө гаргаад Монголд аваачиж хагалгаанд оруулсан. Ерөөсөө л нэг гэр бүл шиг болчихож.
-Монгол хүмүүстэй ажиллахын давуу тал юу вэ?
-Давуу тал нь монгол хүүхдүүд ажил хийхдээ их нямбай. Хийвэл хийсэн шиг хийнэ. Хятад хүмүүс нарийн нямбай биш. Зөөгч гэхэд стаканаа маш сайн арчина. Харьцангуй боловсролтой л доо.
-Энэ бизнесийг дагаад хар тамхи, янхандалтын тухай яригддаг шүү дээ?
-Өнөөдөр миний ганц омогшиж, бардамнаж чадаж буй нь энэ. 20 жил муу зүйлээс нэг ч төгрөгийн ашиг олж үзээгүй. Эрээний хүмүүст ар монголын хамтлаг дуучдыг үзүүлэхийг зорьж ирсэн. Тийм биш бол аль хэдийнэ цагдаагаас хаалга барьчихсан байгаа.
-Бизнесийн хувьд Эрээний нэвтэрхий толь нь та биз. Бүр үгээгүй ядуугаас боссон хүмүүсийн тухай сонсвол их сонин байна?
-Хятад хүн бий. Эрээний олон хүн түүнээс мөнгө зээлдэг. Анх шоронд сууж байсан нөхөр. Нэлээд ядуу айлын хүүхэд. Хил нээсний дараа гоё боломж таарч, түүнийгээ маш сайн ашигласан. Тэр хүн Эрээнд өнөөдөр хамгийн баян, одоо Бээжинд амьдардаг, хувийн хэд хэдэн компанитай.
-Наймаачин хүнд аз тохиодог доо. Танд тийм зүйл таарсан уу. Эсвэл өдийг хүртэл зөвхөн хөдөлмөрлөв үү?
-Энийг яривал үлгэр шиг санагдана даа, зүгээр үү. Олон жил уулзаагүй, наймааны түнш монгол эр гэнэт нэг өдөр ирээд “Найз аа, гурван вагон төмөр байна” гэлээ. Монголд үйлдвэрт очоод харсан чинь нэлээд бүдүүн төмөр байна. Төмрийн тухай мэдлэггүй ч, ямар ч тэнэг хүн ийм бүдүүн төмрөөс нэг тонноос хоёр зуун юань унагаж л таарна гэж бодоод авчихсан. Тэгсэн чинь ган төмөр нь байсан юм билээ. Энгийн төмөр 800 бол энэ нь 3800 юань. Тухайн үед сая юань унагасан. Сая юань чинь маш их мөнгө байхгүй юу даа. \уулга алдав\ Надаас тэр төмрийг худалдаж авсан хүн M манган мөн үү гэхээр нь надад манган байхгүй ш дээ гэсэн чинь “Та соронз авч очоод үз” гэсэн . Манганд соронз наалдахгүй. Монгол нутагт, хүмүүст нь би баярладаг. Тэр үеийн сая юань их мөнгө шүү дээ. Хамгийн том аз гэвэл Бээжин дэхь байр байна. Би хоёр сая юаниар авсан. Одоо арав гаруй сая хүрэх байх. Европ явах гээд виз гарахгүй болохоор уур хүрээд авсан чинь хэдэн сарын дараа нэг хүн яриад зургаан саяар авья гэж хэлсэн. Байршил нь их гоё, дөрөвдүгээр тойрог шүү дээ.
-Сохор аз, гүйлгээ ухаангүй хүнд таардаггүй ч юм шиг санагддаг?
-Наймаачин хүний эргэн тойронд олон боломж бүрддэг, тэрийг ашиглах нөхцлийг бүрдүүлэх ёстой.
-Аав, ээж нь нутагтаа бий юу?
- Аавын аав тариачин, малчин, аав галт тэрэгний жолооч байсан. Аав дөрвөн жилийн өмнө өөд болсон. Ээж нутагтаа бий. Эцэг эхээс бид дөрвүүлээ. Ах, эгч, охин дүүтэй. Эгч надад туслаад явж байна. Ах нутагтаа наймаа хийдэг, дүү улсын ажилтай.
-Манайхан бол их бүлсэг. Бие биедээ аль ч талаар туслах жишээтэй. Эндхийн ерөнхий жишиг нь ямар бол?
-Хэн нэг нь өвчин зовлон тусвал заавал туслах ёстой гэж боддог. Зүгээр мөнгө өгөхгүй.
-Таны бага нас ямаршуухан өнгөрсөн бэ?
-Манай нутаг Сайхан талынх. Амьдралын түвшин ядуу. Биднийг багад Хятад улс ч ядуу байсан. Хоол унд ховор олдоно шүү.
-Таны охин аавтайгаа адил хоббитой юу?
-Охин маань Америкт сурч байгаа. Охиноо багш болоосой, бизнесийн ажилтай бүү хутгалдаасай гэж боддог.
-Хятадад нэг хүүхдийг зөвшөөрдөг гэсэн?
-Өвөрмонгол хүн хоёр хүүхэдтэй байж болно. Залуудаа хүүхэд авбал амьдрал хэцүүднэ гээд аваагүй. Одоо харамсдаг юм.
-Эрчүүдийг хараад байхад эхнэрээ их дээдлэх юм. Эмэгтэй хүн хойморт эр хүн доод талд нь сууж байх шиг. Би зөв тааварлаж уу?
-Залуу байхад наадаж, наргиж болно. Гэхдээ л эр хүн гэрийн бүх ажлыг хийх ёстой гэж боддог. Миний гэрийн хувьд би гуравт эрэмбэлэгдэнэ шүү. Эхнэр, хүүхэд, би. Хэрэв нохой байвал дөрөвд тууж явахгүй юу. Эхнэртэйгээ огт маргадаггүй. “За,за. Чиний зөв” гэдэг. Эхнэрээсээ айдаг гэж бусад хүн хэлсэн ч тоохгүй. Аав маань ээжийг их хүндэлдэг байсан.
-Хэдийгээр энэ бизнестээ сэтгэл хангалуун ч хийж үзэхсэн гэсэн мөрөөдлийн ажил танд байв уу?
-Эрээнд хоёр жилийн өмнө цанын бааз хийх гээд больсон. Уг нь зүгээр юм уу гээд хөөцөлдөж үзсэн, болоогүй. Монгол бааранд үйлчлүүлдэг хүн цагийн эрхээр цөөрсөн ч хаалгаа барьчих гэхээр надад хариуцлага байна. Хэдэн саяар зарахад болохгүй юмгүй. Манай Эрээн хотын дарга гурван жилийн өмнө Сингапур явахдаа миний хэвлүүлсэн “Ашдын сайхан Эрээн хот” цомгийг хүнд бэлэглээд, түүгээрээ их бахархсан даа.
-Бизнес эрхлэгчдийн ажил сайн бол засгаас урамшуулал өгдөг гэх юм?
-Ноднин надад шагнал гэж 50 мянган юань өгсөн. Энэ жил өгч магадгүй. Засвар хийсэн, баараа гоё болгож байна гэдэг утгаар шагнал өгсөн. Хүний урсгал татаж буй зочид буудал зэрэг аялал жуулчлал хөгжүүлсэн хүмүүсийг шагнадаг.
-Та спортын найзуудтай гэсэн. Өөрөө спорт ер нь бусад зүйлээс юу сонирхдог вэ?
-Спортын хаан гэгддэг газрын теннис үргэлж тоглодог. Маш сайн багшаар дөрвөн жил заалгаж байж тоглохтойгоо болсон. Бүх зүйлийг эхнээсээ дүрмээр нь сурчихвал цаашид асуудал гарах нь бага. Хар тамхинд донтож буй мэт дурладаг гэж байгаа юм. Жил бүр заавал аялаад хэвшчихсэн. Дэлхийн бүх газраар очиж үзэж, өөрийгөө цэнэглэдэг. Ном үзэх, биеэрээ очиж харах ялгаатай.
-Аль улс танд илүү таалагдав?
-Америк хүмүүс таалагдсан. Хүний эрхийг дээдэлдэг, нэг л өөр. Европт Хятад гэхээр бас л эвгүй харьцана шүү дээ.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Н.Энхцэцэг

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ