Facebook Twitter youtube
Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын “онцгой” мэдээ
2017-12-28 өдөр 08:04

logo1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун хойноос, говийн аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, зарим үед 24 м/с, төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говь болон Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 1-6 градус хүйтэн, Өмнөговийн нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр, 1 дүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Объектын гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ч-ийн эзэмшлийн “Хийтийн гол” зочид буудлын галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 13:29 хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13:32 цагт очиж 46 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын иргэн Б-ын 5х13 хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 09:53 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 11 алба хаагч, 3 автомашинтай 09:55 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Л- ийн хашаанд 4500 орчим боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 07:03 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 09:35 цагт, орон нутгийн 36 иргэн, 3 автомашинтай 07:20 цагт очиж 6 цаг 37 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн иргэн А-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05:19 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 05:30 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ч-ын байшингийн шал шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 00:32 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 00:37 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Д-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 15:14 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 15:20 цагт очиж 2 цаг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ц.Дэнзэнгомбо /81 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн И-ын “Грейс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 15:22 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:53 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас-Өлгий сумын чиглэлд зорчиж явсан “Истана” загварын автомашин, “Ланд крузер-80” загварын автомашинтай мөргөлдөж 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 22:00 цагт очиж 20 минут ажиллаж иргэн А /73 настай, эрэгтэй/-ыг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ