Facebook Twitter youtube
Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа: Төрийн тэргүүндээ 20 долларын тэтгэвэр өгдөг орон Монголоос өөр бий гэж үү?
2017-12-21 өдөр 03:39

Daariimaa-guai1Жамбын Батмөнх… энэ нэрийг, энэ хүнийг өдгөө Монголын төр хэр үнэлж, Монголчууд маань хэр мэдэж, хэр дурсаж байдаг бол… Монголын төрийг 15 жил, 9 cap тэргүүлэн, нийгмийн шилжилтийн нэн эгзэгтэй мөчийн хүнд хүчрийг эр зоригоороо үүрэн гарсан хүн гэдгийг бид мартах учиргvй. Тэрээр эх орондоо шинээр мэндэлсэн ардчиллыг алган дээрээ эх барьж тосож авсан гавъяатан. Цаг улирах бүр цагийн салхинд түүхэн үйл явдлуудын үнс чандар хийсэн арилж, жинхэнэ мөн чанар нь улам тодордог. Энэ лүгээ адил Ж.Батмөнх агсны Монгол төр, ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа чилээн нойр хоолоо умартан зүтгэсэн зүтгэл, гүйцэтгэсэн үүрэг хуучраагvй ээ… Хуучрах нь бүү хэл улам тод томруун болж байна. Өдгөө цагийн 3 cap, 6 cap, цөөн хоногийн настай наймааны ерөнхий сайдуудтай харьцуулахад эгнэшгvй мэдлэгтэй, тулхтай нуруутай ард түмнийхээ төлөө нэгэн бие сэтгэлээ огоорсон жинхэнэ төрийн хvн байлаа. Тэрээр ухамсарт бүх амьдралаа төр түмнийхээ төлөө гэж явснаас өнөө цагийн сайдууд шиг өөрийгөө бодож, эд хөрөнгө эрх ямбаны төлөө явсангүй. 90-ээд онд Батмөнх гуай талхны урт оочөрт зогсдог байсныг цөөнгүй хvн санаж байгаа байх. Төрийн тэргүүний албанаас буухад 500 төгрөгийн тэтгэвэр өгч, орон гэр ч, унаа тэрэг ч үгvй үлдээж. Ард иргэдтэйгээ зэрэгцэн талх сүүнд дугаарлаж явахдаа “Би яах вэ? Энэ ард тvмэн ингэж ядарч явах гэж дээ” гэж хэлж, сэтгэл гонсгор явсаар хорвоогоос хальжээ. Бид энэ удаа түүний насны халамжит хань А.Даариймаа гуайтай уулзаж, ханийнх нь тухай амьдралынх нь сүүлчийн мөчүүдийн тухай ярилцлаа.
Миний хань төрд зүтгээгvй бол цүнх үүрсэн өвгөн профессор л алхаж явах байсан даа
-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болоход та их баярласан гэдэг?
-Эзэн Чингисийнхээ байгуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг үзсэндээ их баяртай байгаа. Монголынхоо төлөө бvх амьдралаа зориулж явсан үе үеийн олон алдартан суутнуудын байгуулсан гавъяаг хойч vеийнхэн нь мартах ёсгүй. Ойн баяраар надад хvлээн авалтанд орох урилга ирvvлсэн. Даанч хөл муу, унаа тэрэггүй ганцаараа болоод очиж чадаагvй ээ. Өвгөн маань байсан бол хоёулаа очих л байсан даа. /Санаа алдав/1993 он хүртэл манай Батмөнхөд төр засгийн зүгээс баяр ёслолоор ганц ч урилга мэндчилгээ ирүүлэхээ больчихсон байсан юм. Харин манай их сургууль гэхэд надад цагаан cap, шинэ жил, “Мартын-8″ гээд урилга заллага байнга ирүүлнэ. Би өвгөнөөсөө санаа зовоод заримыг нь үзүүлдэгтүй байсан ч хэзээний олоод харчихсан, “Чамд урилга ирсэн байхад яагаад очоогvй юм бэ?” гэдэгсэн. Би одоо гайхдаг юм.
-Мөрөөрөө ажлаа хийж яваад өөрөө огцорч, суудлаа тавьж өгсөн хүнийг яагаад яллаж буруутгадаг юм бол…
-Яахав дээ. Одоогийн энэ дуулдаад байгаа шиг төр улсынхаа сан хөмрөгөөс хэдэн зуун сая, тэрбумаар нь идчихсэн бол ч зохих ял зэмээ хүлээх нь зөв. Миний өвгөн чинь өндөр алба хашиж байхдаа хоол ундны зардлаас илүү гарсан цөөн хэдэн төгрөгөө ч хүртэл буцаагаад тушаачихдаг байсан. Илүү дутуу тансаг хэрэглээ юу ч байгаагүй дээ. Бүх л амьдралаа Монголын залуу үе, оюутан, сэхээтнүүдийг сурган хүмүүжүүлэхийн төлөө зориулж, сүүлийн арав гаруй жил төрийн төлөө гэж явсаар дууссан даа. Би зарим үед боддог юм. Хэрвээ багшаа хийгээд явж байсан бол өдийд амьд сэрүүн цүнх үүрсэн өвгөн профессор л алхаж явах байсан даа гэж. Хамт багшилж байсан зарим нь өнөөдөр ажлаа хийгээд л явж байна.
Нэг л өдөр орох орон, унах унаагүй үлдсэн
өр улсынхаа тэргүүнийг ямар ч халамж анхааралгvй орхисон улс орон Монголоос өөр байхгvй болов уу?
-Өвгөн маань МУИС, Намын дээд сургуул, СЭЗДС, Багшийн дээд сургууль гээд дөрвөн дээд сургуульд багш, захирал, Сайд нарын зөвлөлийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга зэрэг алба хашиж явсан хүн. Нэг л өдөр орох орон, унах унаагүй үлдсэн. Гэвч сэтгэлийн хаттай хүн болохоор хүний rap харалгүй өөрөө дарханы багажаа бариад л, Дамбадаржаад өвлийн байшин барьж, сандал ширээ хийж, цагаан орны пүрш хүртэл худалдаж аваад хүүтэйгээ дамжилж гэртээ авчрахыг ойр хавийнхан хараад толгой сэгсэрч чадах ядахаараа тусалдаг байлаа. Өөрийнхөө хүчээр амьдрах гэж явсныг жирийн хүмүүс мэднэ дээ.
-Ж.Батмөнх дарга яагаад өөрөө бүх юмаа хийх болсон юм бэ?
-1992 оны 8 сар хvртэл “Тойрон хүрээлэгчдийн хэрэг” гэгчээр манай гэрийн бүх тавилгыг хэрэглэхийг хориглоод лацадчихсан юм. Ах дүүс маань хотын чийг, дуу чимээнээс зайдуу гээд Дамбадаржаад нэг хашаа барьж өгсөн юм. Тэнд хавар эрт гараад намар орой болтол эрүүл агаарт байдаг байлаа. Тэр үед барих гэр байхгүй. Засгийн газрын үйлчилгээ аж ахуйн албанаас нэг гэр гуйж зусаж байснаа сүүлд нь мөнгө төлж өөрийн болгосон. Цас бороонд нороод гэр зутруу болохоор өвгөн маань хүүхдүүдтэйгээ хамтарч зуны байраа шавардаж өвлийнх болгосон юм. Одоо ч хашаа байшин маань хэвээр байгаа. Өвгөнийг маань огцорсны дараа гурван хүүг маань орон тооны цомхотгол нэрээр ажлаас нь хvртэл халсан. Аав нь хүүхдүүддээ ямар ч ажлыг гололгvй хийж сур! гэж сургадаг байсан нь энэ үед их тус болж “Ажнай” нэртэй хоршоо байгуулж залуусын дуртай хиймэл үстэй малгай хийж, удалгүй суудлын бүрээс оёдог болсон. Их олон газар, ЭСЯ-ууд ч суудлын бүрээс олныг хийлгэсэн дээ.
Би төрийн тэргүүний гэргийн хувьд ханийнхаа зовж байсан өдрүүдийг бодож, одоо хүртэл нулимс унагадаг
-1993 оноос хойш даргын хувьд төр засгаас хандах хандлага арай өөрчлөгдсөн үү?
-Тэр үед арай ч дээ гэж сэтгэл өвдөх юм их л гарч байсан даа. Тэр болгоныг бодох бүр муу өвгөнөө өрөвдөж нулимс унагах үе цөөнгvй байсан, заримд нь гомдож гутрах үе бишгүй л тохиолдсон. 1990 оны намар улсын прокуророос 3-4 хүн ирж манай бүх юмыг битүүмжлээд манайд бараг нэгжлэг хийсэн Тэр ч бүү хэл Батмөнхийг сандал дээр гаргаад зогсоочихсон гал тогооны өрөөний дээд талын шүүгээнд юу байгаа юм бэ?, гаргаад ир! гээд өөрөөр нь эрж хайлгаж байхаар нь би өөр өрөөнөөс орж ирээд “Үзэх ёстой бол өөрсдөө үзэцгээ! Наад хүн чинь бие муутай, толгой нь эргээд уначихна” гэхэд өвгөн маань “За яахав үзэх ёстой болоод л ирээ биз” гээд зогсож байсныг бодохлоор одоо ч дотор муухай болдог юм.
-Хүмүүсийн ёс суртахуун доройтохоор ямар муухай болдог юм бэ?
-Тэр хүмүүс хичнээн цаанаасаа тийм даалгавартай байсан ч арай өөрөөр харьцаж болно шvv дээ. Хувь хүний ухамсар, хүмүүжил ийм юманд жинхэнээрээ илэрдэг юм байна лээ гэж бодогдсон. Тэр vед намайг Улсын прокурорт Уранцэцэг гэдэг нэг хүүхэн дуудаж байцаахдаа “Та хичнээн алтан эдлэл улсын мөнгөөр хийлгэсэн гаргаад ир, ямар тусгай эрх эдэлж байв” гэх шиг нилээн дарамталсан. Харин хоёр залуу орж ирээд түүнийг зэмлэж ингэж харьцаж болохгvй гээд намайг тайвшруулж аяга кофе хийж өгсөн. Төрийн тэргүүний гэргийн хувьд би хоёр удаа л төрийн айлчлалд орж өвгөнөө дагаж явсан. Өнөөгийнх шиг дэлхийд нэртэй үнэтэй фирмийн хувцас хунар олдох биш. Монгол дээлээ өөрөө оёод л өмсөөд явдаг байсан. Харин тэр Уранцэцэг прокурор:
-Чи муу буриад Батмөнхийгөө аваад, Буриад руу зугтах гэж байгаагүй гэл үү! Орон байшингаа хүртэл бэлдчихсэн гээ биз дээ? гэж худлаа гүтгэн ярьж байцаахад миний уур хvрээд “Би Монгол хvн. Энд төрж өссөн болохоор эндээ л үхнэ” гэж хэлж байлаа.
                                      Би залуудаа бүжгэнд, өвгөн маань кинонд дуртай байсан
-Батмөнх гуай зөөлөн аядуу зантай хүн шиг харагддаг. Намайг 1995 онд ярилцлага авахаар анх гэрт нь ороход таныг эмнэлэгт хэвтсэн гээд өөрөө хоолоо хийгээд сууж байсан?
-Миний хань чинь ёстой хvний хайлан байлаа. Төрөлхийн үг дуу цөөтэй, зөөлөн ааштай. Бид хоёр намайг 17 настай 1949 онд Мал эмнэлгийн техникумд байхад анх танилцаж гэр бvл болсон юм. Тэр үед өвгөн маань 23 настай Их сургуулийн оюутан байсан. Ер нь удмын гарын ур дvйтэй, хоол унд хийхдээ их донжийг тааруулж амталж хийнэ. Залуудаа янз бүрийн хоол унд хийдэг байсан. Дарга болсноосоо хойш гал тогоонд оролцох завгүй болсон боловч 1990 оноос хойш хааяа гарын хоолоо хийнэ гээд галын өрөөндөө ордог байлаа. Намайг эмнэлэгт хэвтэхэд битүү хар шөл, бүхэл мах ногоотой чанаж өгнө. Хааяа биеийг минь өвдөхөд тослоод rap хөлийг маань барьж өгдөгсөн. Монгол эмэгтэйчvvд маань ихийг нуруундаа үүрч яваа энэ цагт миний хань шиг хань олон болбол олон сайхан эхчүүд сэтгэл амар аз жаргалтай амьдарна даа. Одоогийн залуус ханиа хайрлахын оронд архи дарсанд толгойгоо мэдүүлж, эвгүй үгээр дайрч доромжилж сэтгэл зүрхийг нь сэвтүүлж байгааг хараад их л эмзэглэдэг юм.
-Таны хань дуу хуурт хэр дуртай байв. Залуудаа юу их сонирхдог байсан бэ?
-Өөрөө гойд сайхан дуулахгүй ч дуу хуурт дуртай. Дажгүй дуулчихна. Залуудаа бид хоёр гэртээ мандолин тоглоод дуулдаг байлаа. Дараа нь баян хуур хөгжим авч гайгүй сайн тоглож сурсан. Би залуудаа бүжгэнд, өвгөн маань кинонд их дуртай байсан. Гэрээсээ хамт гараад намайг бүжгэнд оруулчихаад өөрөө киноны билет авч ороод яг тэдэн цагт гараад ирээрэй гээд л явдаг байж билээ. Мөн оюутан байхаасаа л гэрэл зураг их авдаг. Сайн зургийн аппаратыг мөнгө хайрлалгүй авч, бидний зургийг санамсаргүй байхад авчихсан байдагсан. Надад өвгөний маань дуулсан “Хэрлэн”, “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг Буриадын АЖ Ким Базарсадаевтай хамт дуулсан бичлэг нь хадгалагдаж байдаг юм. Бид хоёр /Ким Базарсадаев/ төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байхгүй юу.
-Төрийн тэргүүний ажлаасаа бууснаас хойш та өрөөгөөр нь орсон уу?
-Орсон. Багабанди гуайг ерөнхийлөгч байхад нь уулзъя гэвэл оруулахгvй л байхдаа гэж бодоод очтол нарийн бичгийн дарга нь уламжилж намайг орохыг зөвшөөрч ажлын өрөөнд нь ортол өвгөний маань сууж байсан ширээ сандал бүх юм хэвээр байсанд цаанаа л дотно сайхан санагдсан шүү. Амьдрал ахуйгаа яриад гарах гэтэл алд цэнхэр хадаг, мөнгө барьж надад хүндэтгэл үзүүлсэнд их баярласан. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай холч ухаантай жинхэнэ төрийн хүн шиг санагддаг юм.
Би “Батмөнхийнхөн” гэдэг дурсамжийн номоо бичээд дууслаа
-Та хэд хэдэн ном бичсэн. Сүүлийн vед юу хийж байна даа?
-Би 1961 оноос хойш тэтгэвэрт гартлаа МУИС-ийн номын санд ажилласан “Монгол хүний нэрийн толь”, “Номын санчдад гарын авлага зэрэг” хоёр ном бичсэн. Мөн “Багш нарын эрдэм шинжилгээний бvтээлийн ном зүйн бүртгэл” номын эхийг хэвлэлд бэлдээд очтол алдагдчихсан. Одоо ч олдоогvй. Хэн нэгэнд нь байж л байгаа байлгvй. Би “Батмөнхийнхөн” гэдэг дурсамжийн номоо бичлээ. Өвгөн маань дурсамжийн номоо дуусгаж амжаагүй юм шүү дээ. “Хүн амьтан янз бүрээр яриад байх юм. Бас тайлбар, хариу хэлэх зүйл байна, жаахан юм бичье” гээд номоо эхэлсэн. Сонин үзэх, архиваас шvvх материал байна гэсэн ч амжаагvй өнгөрсөн. Тэгээд л гvйцээж дуусгаж 500 ширхэг хэвлүүлсэн боловч дууссан. Заримдаа хүмүүс сураглах л юм. Одоо цөөхөн хэдийг дахиад хэвлүүлэх юмсан. Гарч явж хөөцөлдөж чадахгүй юм. Сайн санаат хүмүүс таарч өвгөний маань номноос хэвлүүлж өгч туслаасай гэж залбирч сууна.
-Та ханийнхаа хөшөөг босгоход их зүтгэл гаргасан?
-Би анх Америкт очоод олон сайхан музей түүх дурсгалын газруудыг үзэж яваад нэг зvйлийг анзаарсан юм. Энэ улсад төрийн тэргүүн байсан хүмүүсээ их сайхан дурсаж хүндэлж алдаршуулдаг юм байна. Бүгдэд нь дурсгалын цогцолбор босгож, олон байгууллага газруудыг тэдний нэрээр нэрлэж хүндэтгэл үзүүлсэн байх юм. Эндээс санаа аваад анх өвгөнийхөө хөшөөг босгож музейг байгуулъя гэж шийдсэн юм. Олон жил уйгагүй хөөцөлдөж сайхан сэтгэлтэй олон хүний дэмжлэгээр үүсгэн байгуулсан ЭЗДС-ийг нь 80 насных нь ойгоор нэрэмжит болгож эрдэм шинжилгээний бага хурал хийсэн. Энэ бvхэнд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн сургуулийн хамт олон бусад хүмүүст баярласнаа дахин дахин илэрхийлье. Хөшөөний хувьд УГЗ Болд зургийг гаргаад бэлэн болчихсон. Бүх юмыг нь баталсан. Хөрөнгө мөнгийг нь Элбэгдорж ерөнхий сайд байхдаа шийдэж өгсөн. Энэ бvгдийг бvтээхэд их тусалж сэтгэл гаргасан УИХ-ын гишvvн Баярцогт болон бусад хvмvvст их баярлаж байна.
-Танд үзүүлэх төрийн халамж нэмэгдсэн. Мөнгөө авч байгаа биз дээ?
-Тиймээ. Арвин гишүүнд би насан туршдаа баярлаж явах болно. Намайг эх шигээ санаж их ажлынхаа хажуугаар санаачлага гаргаж Их хуралд өргөн барьж намайг үлдсэн насанд минь хүний гар харахгүй тэтгэмж тогтоолгож өгсөнд өвгөний мааь сvнс ч мэдэрсэн байх гэж сүсэглэн залбирч явдаг. Буцалтгүй өгсөн тусламжаар нь байраа засаж, төрөл төрөгсдөд нь хувь хүртээж, өвгөд хөгшид үр хүүхэд, ач нарт нь чихэр жимс авч өгч буяныг нь хуваалцсан. Тэр их хүний буяныг хувааж хүртвэл зохино. Одоо мөнгөний хувьд хөшөөг нь босгочихоод өсч төрсөн нутагт нь хөл тавиад нутгийн ард тvмэнтэй нь нэг уулзаж учрах юмсан гэсэн хүсэлтэй байгаа. Хяргас сумын Засаг дарга Нансалжав ирээд уулзаад явсан. Нутагт нь хүндэтгэлийн өрөө гаргаж эдэлж хэрэглэж явсан эд зvйлс, одон медалийг нь өгье гэж бодож сууна. Надад цөөнгvй дурсгалын зүйлс зураг, хөрөг үлдсэн юм. Үүнииг гэрт хадгалаад яахав дээ. Би их олон дурсгалыг сувенир, буу сэлэм, бас бус зvйлсийг данслаад тушаасан нь ор сураггvй алдагдсан. Хэн нэгний гар дээр байж л байгаа. Одоо авчирч өгч музейд өгвөл их л баярлана даа.
Н.Удвал

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ