Facebook Twitter youtube
Төтө: Одончимэг эгчид 64 алтан загас бэлэглэсэн
2017-12-18 өдөр 03:15

Tutu“Х ТҮЦ” хамтлаг “элэг бүтэн” байж, хамтдаа нэг баг болон хошин урлагийн хамтлаг, продакшныг манлайлж явах үед, тус хамтлагийн залуу жүжигчин Д.Тvвшинтөр манай сурвалжлагчид ийн ярьжээ. Хамтлагийн дунд үе гэж болох Төтө, Нарансолонго хоёр, Тэмкатай хамтран “Эмоци” продакшн байгуулж, Аглуу Бооёотой “найзалж”, А.Туяа, Оюунтуултай хамтран T&T хамтлагтай болж, Д.Батаа Мөрөөдлийн театрын гишүүн болсон. Гэсэн ч могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдгийг харуулан “Х ТҮЦ” хошин урлагийн хамтлаг дотроо тоглолтын чанар чансаа, үзэгчдийн тоогоор тэргүүлсээр яваа.
-Жүжигчин И.Одончимэг МУГЖ боллоо. Гавьяатаа яаж угтаж авсан бэ?
-Одноо эгч маань гавъяат жүжигчин цол, Аглуу ах маань Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. Мэдээж гавьяатын найраа нүсэр сайхан тэмдэглэсэн. Одноо эгчийг зөвхөн бид битгий хэл ард түмэн Гавьяат жүжигчин болоосой, цолоо аваасай гэж бодож байсан байх. Хамтлагийнхаа залуусыг толгойлон ямар нэгэн “сюрприз” бэлдээрэй гэсэн үүргийг Онон ах надад даалгасан. Тэгээд ямар бэлэг барих вэ гэж бүгдээрээ ярилцаж, бэлэг сонгохоор дэлгүүр хоршоогоор өдөржингөө явж байгаад загас бэлэглэхээр тогтсон. Одноо эгч маань ажлын ачаалал ихтэй байдаг болохоор аквариумтай загас авч өгөхөөр болсон, загас хүнийг их амраадаг гэсэн. Аквариумдаа 64 загас хийгээд “Баянгол” рестораны урд талд нь аваачиж найрын үеэр бэлэглээд, маргааш нь дахиад Одноо эгчийнх рүү зөөсөн. Хэд хэд сольчихоор уснаасаа болоод загас нь эрсдэх тохиолдол байдаг юм билээ. Одноо эгч маань загаснууддаа бидний нэрээр нэрлэчихсэн гэсэн. Хамгийн удаан хөдөлгөөнтэйг нь Батаа, хурдан хөдөлгөөнтөй загас болгоныг нь Төөткө гээд миний нэрийг өгчихсөн байсан. Дараа нь “Загаснууд чинь яаж байна” гэсэн чинь “Дандаа л Төөткөнvvд л үхээд байгаа” гэж байсан, миний нэртнүүд амиа алдсан юм шиг байна лээ. Одноо эгч тарваганы маханд дуртай. Бид нэлээд эрэл хайгуул хийсний хүчинд олж өөрсдөө сайхан тарваганы боодог хийж өгсөн.
-Та хошин үзүүлбэрт Одончимэгийн нөхөр болж тоглодог. Ийм сайн жүжигчинтэй партнёр болно гэдэг сайхан байх. Өөрийнхөө алтан партнёр гэвэл хэнийг хэлэх вэ?
-Намайг дөнгөж сургуулиа төгсөнгүүт л Одноо эгч, Онон ах, Аглуу ах нар маань л өлгийдөж авч байлаа. Мэдээж ийм мундаг хүмүүстэй хамтран тоглоно гэдэг сайхан. Одноо эгчийн нөхрийн дүрд хэд хэдэн удаа тоглосон нь хүмүүст их хүрсэн юм шиг санагддаг. Гэхдээ алтан партнёр гэвэл Онон ах байхаа. Бид хоёр л байнга партнёр болдог ш дээ. Онон ах дандаа авгайд нь, би байнга нөхөрт нь тоглодог. Манайхан залуучууд олон байдаг болохоор дотроо тэмцэлтэй, өрсөлдөөнтэй байдаг. Тиймээс тэр нь миний партнёр гэж өмчилдөггvй.
-Та 18 настайдаа гэр бүлтэй болсон гэсэн? Таны үеийнхэн гэр бүл төлөвлөлтийг их хойш тавьдаг байсан шүү дээ?
-Би СУИС-д орох жилээ хүнтэй хамт амьдраад, нэгдүгээр курстээ аав болж байлаа. Тухайн үедээ хүнтэй сууна гэсэн бодол байгаагүй. Тэр үед би нэг охинтой үерхдэг байсан юм. Тэгээд хоёулаа хэрэлдээд хоёр тийшээ болохгүй юу. Эргээд бодож байхад нөгөө охиндоо шарлахаад л хурдан хүнтэй суучихсан юм шиг байгаа юм. Гэхдээ залуу хүний заяа, аз хийморь түшиж, сайн ханьтай, хөөрхөн хүүхдүүдтэй болсон. 1997 онд СУИС-д ороход Найдандорж багш маань бүх оюутантай уулзаж эмэгтэйчүүд нь хүүхэд гаргаж болохгvй, эрэгтэйчүүд нь авгай авч болохгүй, архи ууж болохгvй. Тэгвэл сургуулиасаа хөөнө гэж дүрэм гаргасан. Би бүх дүрмийг нь зөрчсөн. Багш маань намайг ойлгож манай ангийн анхны эцэг, тэр тусмаа хүүтэй боллоо гэж их билэгшээж байсан. Хүүхдүүд маань том болж байна.
-Шарлахаад хүнтэй суусан болохоор хойно нь харамсаж байсан уу? Бас эрт гэр бүлтэй болохоор уйддаг, хүнээ сайн таньж чадаагүй байдаг, түүнээс болж гэр бүл салалт бий болдог гэдэг дээ?
-Манай эмээ ярьдаг байсан. Мал ижилсэх тусмаа дасдаг, хүн удах тусмаа уйддаг гэж. Гэхдээ бие биенээсээ уйдна гэдэг утгагүй. Тэр нь хувь хүний хүмүүжил, зан аашнаас л болдог байх. Би чамаас уйдчихлаа гээд салбал тэнэг асуудал. Би эрт гэр бүлтэй болсондоо харамсдаггvй. Миний хань намайг үнэхээр сайн ойлгож тусалдаг учраас харамсаад байх зүйл ч гардаггүй. Би ч түүндээ хайртай. Яахав хааяа хол ойр явахаар ар гэртээ санаа зовж хүний охиныг зовоох вий гэж боддог. Хэрвээ гэрлээгүй байсан бол санаа зовох зүйлгүй байсан гэдэг ч юм уу, залуу багад зурвасхан бодол орж ирж л байдаг.
-Олны танил болоод ирэхээр хүмүүс утасдаад л “эргүүлнэ” биз?
-Мэдээж хайртай бол хартай гэдэг ш дээ. Хааяа гадуур гарахаар харддаг. Харин охид бүсгүйчүүд над руу утасдаггүй. Гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж чадах юм бол нэг нэгнээсээ уйдна гэж юу байхав дээ. Амьдралд дутагдаад байгаа юм байхгүй, сайхан л амьдарч байна.
-Ярилцсанд баярлалаа П.Сувд

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ