Facebook Twitter youtube
“Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэн буюу СТА С.Мандах: БИ ӨӨРИЙГӨӨ ГАВЬЯА ШАГНАЛ АВАХААР ТОМ УРАН БҮТЭЭЛЧ ГЭЖ БОДДОГГҮЙ
2017-12-5 өдөр 05:44

mandah-1.Монгол киноны түүхэнд анх удаа эрэгтэй хүний дүр бүтээж энэ дүрээрээ ард олондоо танигдсан хүн бол жүжигчин  МУСТА  С.Мандах гуай билээ. Цагтаа эрчүүдийн нүдийг хужирлаж явсан энэ эмэгтэй насны эрхээр ядруухан амьдарч байгаа талаар сонсож Хан-Уул дүүрэг дэхь гэрт нь очиж уулзаж ярилцлаа.   С.Мандах гуай энэ жил 74 насыг зооглож байгаа аж.
-Таны бие тэнхээ гайгүй юу. Амьдрал ахуй ямархуу байна даа.
-Муу амлаад яахав дээ. Надад учиргүй их ужиг хууч өвчин байдаггүй ч сүүлийн хэдэн жил бамбай булчирхайн хордлого болж  турж эцээд ядруухан л байна. Эрүүл мэнд сайнгүй  болохоор гадуур явж чадахгүй байнга гэртээ байдаг. Гэхдээ арай ч тартагтаа тулчихаагүй л байна. Цогзолмаа гуай, Хайдав гуай нарын дэргэд би арай ингэж ярьж болохгүй байх. Миний насны аль хүмүүс гялалзаад явж байхыг тэр гэхэв дээ. Өвчин гэдэг чинь бүхнийг дийлдэг хойно яая гэхэв. Жилдээ 2 удаа дүүргийнхээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Өөрөөр олигтой эмчилгээ хийлгэж чадахгүй юм. Өвдөх юм байхгүй ч их хавагнана. Боломжтой бол сувилалд явж эмчлүүлмээр л байх юм. Их л очёр дугаартай дуулдах юм. Тэнд очоод дугаарлаж чадахгүй болохоор санаанаас цаашгүй л сууна.
-Та сард хэдэн төгрөгний тэтгэвэр тэтгэмж авч байна. Амьдралд чинь хүрэлцэж байна уу?
-Би сард 124 мянган төгрөгний тэтгэвэр авдаг. Бас  эх орны хишгийнхээ 21 мянган төгрөгийг авна. Халгиж цалгиад байхгүй ч өөрийгөө болгоод л байна. Бага  хүү маань хамт амьдардаг болохоор их нэмэр тус болдог. Хүү маань мужаан  мэргэжилтэй ч  одоогоор барилгын чиглэлээр ажиллаж байна. Бас том хүү, эгч дүү маань эргэж тойроод чадлынхаа хэрээр тус дэм болоод л явж байна. Би төрсөн эх эцгээсээ 12-уулаа байсан, одоо эгч, эмэгтэй дүү хоёртойгоо үлдсэн. Тэр хоёрын маань амьдрал сайн, үр хүүхэд нь сайн сайхан л явж байна. Цагаан сараар л тэдэнтэйгээ бужигнах юм байна шүү дээ. Ажил төрөл ихтэй хүмүүс чинь бусад үед цаг зав муутай байдаг бололтой юм.
-Хүүхдийн театрт хамт ажиллаж байсан жүжигчидтэйгээ  уулзаж байна уу. Холбоотой явдаг хүмүүс бий  биз.
-Сүүлийн хэдэн жил хамт ажиллаж байсан жүжигчидтэйгээ уулзаж чадаагүй. Жилд хоёр удаа театр маань хүлээж авдаг. Бие тааруухан болохоор очих санаа байвч  чадахгүй юм. Утасгүй болохоор холбоо барьдаг хүн ч байхгүй дээ. Одоо манай театраас Жамц баяны эхнэрт тоглодог Цэндсүрэн гуай  хамгийн өндөр настай нь болж байх шиг байна. Тэгээд А. Очирбат гуай, Энхтуяа гавьяат гээд олон сайхан жүжигчидтэйгээ хааяа нэг уулзах юмсан гэж бодох л юм. Би гар утас  ер хэрэглэж үзээгүй. Анх гэрийн утастай байсан болохоор гар утас хэрэглэе гэж бодолгүй  явсаар өдий хүрчихсэн. Холбоо харьцаагүй болчихоор бөглүүд газар амьдарч байгаа хүн шиг л болчих юм байна. Өдөрт гэртээ ганцаараа байдаг болохоор надад телевиз л хань болох юм даа. Манайхаар хааяа хорооны хүмүүс  ирнэ. Багын ганц найз маань үе үе ирж хуучилдаг.
-Танайх өмнө нь сайхан байртай байсан. Энэ байрандаа хэзээ нүүж ирсэн бэ? Бие засах газар нь гадаа болохоор өвөлд жаахан зутруу байдаг уу?
-Манайх анх 120 мянгатад хоёр өрөө сайхан шинэ байранд орж 30 шахам жил амьдраад зах зээл эхлээд удалгүй зараад энд хоёр өрөө байранд орсон. Сүүлд нь би нэг өрөөг  нь хаалга гаргаад зарсан. Уг дотроо халаалттай боловч бие засах газар нь гадаа байдаг болохоор олон жил байранд амьдарсан надад ихэндээ хэцүү санагдаж зутруухан л байлаа. Одоо ч дассан даа. Байраа зардаг л их буруудсан даа. Ер нь би мөнгө төгрөг зарцуулахдаа их маруухан хүн байгаа юм. Нэг бусдын жишгээр наймаа хийж ТҮЦ хүртэл ажиллуулж үзсэн. Тэр ажил миний чадах юм биш юм байна лээ. Мөнгө төгрөгөө  зохицуулаад амьдралаа өөд нь татаад явчих чадалтай хүн биш гэдгээ ойлгоод дахиж наймаа арилжаа хийгээгүй.
-Та Монголын уран зураг, бүжгийн урлагийн хоёр том зүтгэлтэнтэй амьдралаа холбож  явсан хүн. Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад өнгөрүүлсөн амьдралдаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ? Ардын зураач Гаваа гуайг  Монголчууд андахгүй.
-Алддаггүй хүн гэж байдаггүй гэдэг. Өнгөрүүлсэн амьдралдаа учиргүй их харамсдаггүй ч хань ижлээ гомдоож явсан болохоор нэг их сэтгэл хангалуун явдаг гэж хэлж болохгүй байх. Би анхныхаа ханиас салсандаа их харамсдаг. Тэр хүний амьдралыг би тоглочихсон гэж бодохоор л самсаа  шархирдаг юм. Залуу байхад нэг их санаанд ордоггүй юм билээ. Одоо  бодож байхад  их буруу юм хийж дээ гэж өөрийгөө буруутгадаг. Би залуудаа дэнгийн эрвээхэй шиг явсан гэж боддог. Гаваа маань надаас 17,18 насаар ах хүн байлаа. Анх би өөрөө л сууна гэсээр суусан. Тэгээд 4 жил болоод салчихсан. Нэг өдөр саллаа гээд л юмаа аваад  гэрээсээ явчихсан. Тухайн үедээ юу бодож тэгсэн юм бол гээд одоо их гайхдаг юм. Тэр хүн шиг ноён  нуруутай, ухаалаг, хар хоргүй  сайхан хүн ховор  доо. Муу хүний заяа завагт гэгчээр би дараа нь 4 жил гаруй ганцаараа явж байгаад Жавтайгаа суусан юм. Үнэхээр  сайхан хоёр хүнтэй ханилж явсандаа бахархаж явдаг. Надад бурхан дахиад сайн хань заяаж насны эцэс хүртэл нь хамт амьдарч гар дээрээ өнгөрүүлсэн. Манай Жав  бүжгийн урлагт их зүйл хийх байсан. Эрдмийн ажил хийж байсан ч гүйцээж амжаагүй. Урлагт тод мөрөө үлдээсэн хоёр  сайхан хүн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
-Жав багш бол бүжгийн урлагт их юм бүтээсэн гавьяатай хүн. Шавь нартай нь хэр холбоотой явдаг вэ?
-Жав маань 300 гаруй шавьтай, монгол бүжгийн төлөө амьдралаа зориулсан хүн байсан. Хүүхдийн ордны бүжгийн багш МУГБ Жаргалсайхан, Алтанцэцэг гээд олон чадалтай шавь нар нь ажил үйлсийг нь үргэлжлүүлээд явж байгаад бахархдаг. Ажлын төлөө уйгагүй зүтгэдэг  занг нь шавь нар нь дууриасан юм болов уу гэж боддог. Шавь нартай нь би одоо бараг холбоогүй болсон доо. Өнгөрсөнийнх нь дараахан шавь нартай  нь ярилцаад нэрэмжит уралдаан зохиож алдарыг мөнхжүүлэх талаар ярилцаж ганц нэг ажил зохиосон ч үргэлжлүүлж чадаагүй. Саяхан Ардын багш Долгорсүрэн багшийн маань 90 насны хүндэтгэлийн арга хэмжээнд очиж чадаагүйдээ их харамссан. Цагтаа бид нар эгч дүүс шиг явсан хүмүүс. Уулзаад жаргал зовлонгоо ярьж хөөрөөд суухаар сайхан хүмүүс зөндөө л байх юм.
-Таны хувьд алдар цолны талаар ямар бодолтой явдаг вэ? Хамгийн анх ямар кинонд тоглосон билээ.
-Би багаасаа л урлагийн хүн болно гэж зүтгэж мөрөөдлөө биелүүлсэн. Анх урлагийн сургуулиа төгсөж жүжигчин болчихоод хөл газар хүрэхгүй л гүйж явлаа. Хамгийн анх 1958 онд УГЗ Доржпалам гуайн найруулсан “Гурван найз” кинонд бага эмчийн дүрд тоглосон. Дараа нь 1959 онд “Ардын элч” кинонд хонь хариулж байхдаа Ариунаад зодуулдаг охины дүрд тоглосон. Тэгээд 1963 онд “Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэнгийн дүрд тоглож үзэгчдэд танил болсон. Тэр үед хаа ч явсан хүмүүс таньдаг болсон. Энэ дүрийнхээ буянаар тухайн үед хаалттай шахуу байсан Ардчилсан Германд айлчилж  гадны соёлын нүдээр үзэж алмайрч л явлаа. Тэрнээс хойш цөөнгүй уран бүтээл хийсэн. Гэхдээ би өөрийгөө гавьяа шагнал авахаар том  уран бүтээлч   гэж боддоггүй. Дуламсүрэнгийн дүр маань намайг ард түмэнд  танил болгосон нь надад том шагнал. Намайг тоож кинондоо тоглуулсан Доржпалам найруулагчдаа байнга баярлаж талархаж явдаг. Залуу насаа кинонд үлдээсэн болохоор хааяа телевизээр үзэхэд их сайхан байдаг. Энэ хавийхан намайг Дуламсүрэн эмээ л гэдэг. Жүжигчин хүн тоглосон дүрээрээ нэрлүүлэх шиг сайхан юм юу байхав дээ. Надад олгосон СТА цол маань их хүндтэй шагнал гэж боддог.
-Та И.Нямгаваа найруулагчтай олон жил ажилласан. Хүүхдийн театрын барилгыг үнэтэй зараад гадаадад гарсан гэж хүмүүс муулдаг.
-Юм хийсэн хүн л  шүүмжлүүлдэг шүү дээ. Манай Нямгаваа найруулагч чадалтай, авьяастай найруулагч гэдгийг ард түмэн андахгүй. Намайг театрт ирээгүй байхад  л театрт дагалдан жүжигчнээр ажиллаж байгаад намайг сургууль төгсөөд ирэхэд зөрөөд хойшоо сургуульд явсан юм. Одоо Америкт сайхан амьдарч байгаа дуулдсан. Үе үеийн олон сайхан жүжигчидтэй нэг тайзан дээр тоглож явсан хувь тавиландаа залбирч явдаг хүн дээ би.
Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ