Facebook Twitter youtube
Л.Мөрдорж гуай, Ж.Мөнхбат аварга хоёр ингэж танилцжээ
2017-12-4 өдөр 03:39

munkhbatЖ.Мөнхбат аварга Улаанбаатар зочид буудлын урд цэцэрлэгт хэдэн залуу бөхчүүдтэй хамт шил юм задалчихсан байж гэнэ. Мөөеө аварга, дархан аварга болчихсон, олимпоос мөнгөн медаль авчихсан “гудамж нарийсаад, цээж давчдаад” гээд ид барилдаж, бяр нь багтаж ядаж
байсан үе нь. Тэдний хажуугаар нэг өвгөн явж байж. Тэгсэн Мөнхбат аварга “Насаараа ном уншсан байртай энэ нэг өвгөн энүүгээр ингээд л салгалаад явж байдаг юм. Хааяа уудаг ч байх. Дуудчих, дуртай л байлгүй” гэж. Ингээд дуудаж архи өгч гэнэ. Өнөөх нь хүрээд л ирж. Тэр сэхээтэн байрын өвгөн Ж.Мөнхбат аваргыг нэлээн харж байснаа “Чи нөгөө барилддаг хүү мөн үү” гэж. Ам нь бяр чадлаасаа дутахгүй залуухан аварга “Ардын төрийнхөө наадамд завсаргүй 5 түрүүлсэн. Алтан дэлхийн наадмаас анхны медалийг авчирсан аваргыг ноцолддог хүү гээд. Яасан даварсан өвгөн бэ. Та нар муусайныг гэртээ гэдсээ илээд хэвтэж байхад бид төрийнхөө далбааг харийн тэнгэрт мандуулж, төрийнхөө дууллыг түмний сонорт хүргэх гэж хөлс хүчээ урсгаж явдаг юм, мэдэв үү” гэх мэтчилэн нэлээн агсрах янзтай болжээ. Тэгсэн нөгөө өвгөн тайван гэгч нь “Би ч өнчин ишиг өргөж даахгүй болжээ. Гэхдээ та нарын тэгэж их зовж байж дуугаргах гээд байдаг аяыг чинь ах нь зохиосон юм шүү дээ” гээд босоод явчиж. Тэгтэл Мөнхбат аварга “Хүүе, энэ чинь Л.Мөрдорж гуай байх нь…” гэж уулга алдаад араас нь очиж дахиад урьж, “Улаанбаатар” зочид буудлын ресторанд орж дайлж цайлсан гэнэ. Ингэж спортын аварга, урлагийн аварга хоёр анх танилцсан юм гэдэг.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ