Facebook Twitter youtube
Ардчиллын түүх 12 дугаар сарын 3-ныг мартах учиргүй
2017-12-3 өдөр 02:49

Enkhtaivan1990 оны анхны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчин Эрдэнэтэд 51,6 хувиар ялж, “гайхамшигт” ялалт байгуулав. 70 жил дангаараа ноёрхсон МАХН-ыг орон нутагт анх ялсан болохоор “гайхамшигт” ялалт гэж нэрлэхээс өөр яахав. Энэ ялалт Эрдэнэтийн Ардчилсан холбоо, Ардчилсан намын үйл ажиллагаатай шууд холбоотой.
Эрдэнэтийн ардчиллын анхны хараацайнууд, ардчиллын партизануудын олонхи нь түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг, урлагийнхан, соёлын ордны театрын уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, зураачид байсан. Эдгээр залуус Эв нэгтний холбоо буюу “ЭНХ” нэртэй маш хүчирхэг улс төрийн нууц бүлгэм байгуулж, ухуулга сурталчилгаа их хүчтэй явуулж байлаа. Тэд ухуулах хуудас наах, уулзалт хийх ажлаа 1989 оны эхээр эхэлсэн. Дашрамд сонирхуулахад “Энх” бүлгэмийн нэрийг Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайваны нэртэй холбоотой гэсэн ойлголт байдаг нь, ерээд онд Д.Энхтайван ардчиллыг эхлүүлэх, бэхжүүлэх үйлст их зүтгэж, нөлөөтэй байсан нь тодорхой.
“ЭНХ” бүлгэмээс гадна нэг хүчтэй байгууллага нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх ЗХУ-д төлөх өрийг барагдуулах хөдөлгөөн нэртэй, До.Ганболд тэргүүтэй залуучуудын бүлгэм. Үүний хажуугаар “Шударга ёс” бүлгэм гэхчлэн хөдөлгөөнүүд их байсан. Хамгийн гол нь эднийг нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажил байсан, тэд ч нэгдэж чадсан.
Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсдын цалин өндөр, сэхээтнүүдийн бөөгнөрөл Эрдэнэтэд байлаа. Сонгогчид нь мэдээлэл сайтай, ардчилсан үйл явцыг сайн мэдэж, Оростой хамтарсан байгууллагад ажиллаж байсан учраас хойно болж байсан Престройкаг оросуудын түвшинд хүлээж авч ойлгодог байв. Тийм учраас 1990 оны ардчилсан сонгууль болохоос өмнө Эрдэнэтийн хувьд давуу нөхцөл бүрдчихсэн байв. Бусад газар, хөдөө орон нутагт ардчилсан хүчин сайндаа л 5-10 хувийн санал авч байхад Эрдэнэтэд 51,6 хувийн санал авсан нь үүнтэй холбоотой. Эрдэнэтэд МАХН хүчирхэг нөлөөтэй, санхүүжилт, тоног төхөөрөмжөөрөө хүчирхэг намын байгууллагатай, дээр нь Ш.Отгонбилэг тэргүүтэй МАХН-ын хамгийн шилдэг боловсон хүчнүүд нь Эрдэнэтэд байсан. Энэ намын өнгө зүс, ирээдүй болсон шинэ боловсон хүчнүүдтэй намыг ялах хөрс суурь нь бэлтгэгдсэн байсан. Эрдэнэтийн Ардчилсан холбоо 1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр тайван жагсаал хийж, ардчиллын үйл явц Улаанбаатар хотоос хамаагүй түрүүнд явсан гэдэг. Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм.
Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах. 1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ.
Эрдэнэтийнхэн илүү эрт ардчиллын хөрс суурь нь бэлтгэгдсэн, тийм учраас 1990 оны анхны ардчилсан сонгуульд Эрдэнэтийнхэн 51,6 хувийн өндөр амжилт үзүүлсэн юм.
Тухайн үеийн сонгуульд хоёр хуудас дугуйлдаг, нэг нь нэр дэвшигчийг, нөгөө нь намыг дугуйлна. Улс төрийн шинэ ардчилсан хүчнийг эрдэнэтийнхэн 51,6 хувь дэмжиж хуучин 70 жил эрх барьсан МАХН-ыг ялж байсан. Тэр үед Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны даргаар Данзанбалжирын Энхтайван, Ардчилсан намын дарга нь Луузангийн Лувсан-Очир ажиллаж байлаа. Анхны намуудын төлөөх санал хураалтаар 51,6 хувийн санал аваад ялчихсан мөртлөө дахин сонгууль явах тойрог байсан юм. Тухайлбал 57 дугаар тойрог. Улаанбаатарчууд ардчиллыг ойлгох, хүлээж авах, масс дэмжих талаараа Эрдэнэтийг гүйцэхгүй байсан. Тиймдээ ч тухайн үед ардчиллаас нэр дэвшсэн лидерүүд анхны ардчилсан сонгуульд нийслэлд ялагдаж байжээ.
Эрдэнэтэд дахин сонгууль болох тойрог байсан, тэнд хамгийн гол нь хэн ч ирсэн ялахаар сайн суурьтай. Тэр тойргуудад дахин сонгууль болж, Ардчилсан холбооны дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг зориуд авчран нэр дэвшүүлжээ. Эрдэнэтийн залуус “Бид сонгуульд гармаар байна. Энэ бидний хөдөлмөрийн үр шим” гэсэн яриа гаргахад “За яахав ээ, би ажиглаж байгаад улс төрд тууштай явах, Монголын ардчилалд хэрэгтэй гэж үзэж Ц.Элбэгдорж гэдэг энэ залууг сонгуульд оруулна” гээд Ц.Элбэгдоржийн гурван үеийн түүхийг аваад Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн Цэцэгмаа гэдэг эмэгтэйд өгч “Танайх маргааш 11 цагаас өмнө хурлаа хийгээд энэ хүнийг дэмжээч” гэж захиж байжээ. Энэ бол Эрдэнэтийн онцлог. Тэд одоогийн ерөнхийлөгчийг анх сонгуулиар гаргаж ирж байсан түүхтэй. Бусад газар сонгуульд оролцоод ялах найдваргүй, сураггүй хол байхад Эрдэнэтэд яагаад Ардчилсан хүчин ялчихав?
Үүнд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт Эрдэнэтийн Ардчилсан холбооныхон маш эв нэгдэлтэй байсан. Одоогийнхоос эрс ялгаатай байсан. Одоо эрх мэдлийн төлөө байлдаж байгаа нь нууц биш. Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван “Хэн энэ нийгмийг өөрчилж чадах вэ, хэн ардчилал, шударга ёсыг бий болгож чадах вэ, тийм хүмүүсийг ямар ч нам хамаагүй дэмжинэ” гэж олны өмнө хэлж байсан. Тиймээс ч шүүх прокурорын тухай асуудал дэвшүүлсэн баримтат кино хийсэн сэтгүүлч Жаргалын Барамсайг МАХН-аас нэр дэвшсэн ч дэмжиж байж. Эрдэнэтэд анхны тайван жагсаал, залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд дэмжиж үг хэлсэн. Арван хоёрдугаар сарын 10-нд УТТ, Намын төв хороог огцруулъя гэсэн жагсаалыг дэмжиж зөвшөөрөл олгосон аймгийн АДХ-ны Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч нэр дэвшсэн. Засвар механикийн заводын Эвлэлийн хорооны дарга байсан До.Ганболд МАХН-аас нэр дэвшсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг ялж, Ц.Элбэгдоржтой цуг АИХ-ын депутат болж байжээ. Эрдэнэтэд 1990 оны анхны ардчилсан сонгууль болоход ялах хөрс суурийг 1989 онд анхны партизанууд бэлдчихсэн байлаа. Уран бүтээлчид аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Тэд зөв сайхан, шударга нийгмийг хүсч байв. Тийм учраас залуучуудын эх орноо гэсэн дэврүүн хүсэл мөрөөдлөөр шударга ёсыг тогтоож чадах хүнийг олж гаргая, үүний төлөө сөхөрч унатлаа зүтгэе гээд тэмцэж энэ хүмүүсийг гаргаж ирж чадсан. Анхны ардчилсан сонгууль одоогийнхоос өөр. Сонгогчид нь өөр, нам нь өөр, сонгуулийг удирдан зохион байгуулж байсан хүмүүсийн сэтгэхүй нь өөр, өөрийгөө гэхээсээ илүү Монгол улсынхаа төлөө хэн биднээс илүү юм хийж чадах вэ гэсэн хүнийг сонгохыг зорьж байсан.
Д.Энхтайван нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Д.Энхтайван гишүүний сэтгэлийг өмнөд хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн засгийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
Энэ хооронд Туж, Дух нарс хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм таван хувь болтлоо сэглэгджээ. Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан “Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмжсэн дуу хоолой олон улсын байгууллагад хүрэв. Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны экспортыг таслан зогсоох хууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн түүний тухай “Лус савдаг баярлуулсан хүн” хэмээн бичсэн нь бий.
Тэр үед ямар газрын баялгаа олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн наймаачид түүнийг элдвээр дайрч давшилж, нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв. Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр “Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг.
Хувьсгалыг ухаантнууд эхлүүлж, үр шимийг амиа хичээгсэд хүртдэг гэдэг үнэний хувьтай. Эрдэнэтийн ардчилагчид ЭНХ бүлгэмийн залуус анх 12 дугаар сарын 3-нд анх жагсаж, мөн тэр сарын 10-нд МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэн, нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэж шаардаж байсан нь тухайн үедээ ганц намтай, МАХН-аа төрийнхөө дээр залчихсан үед төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үзэх үндэс болж болох байсан. Коммунизм, социализмийн онол амьдралд нийцэхгүй, “гэрэл Ленин багш”-ийн заасан зам биш байгааг Эрдэнэтийн анхны алтан хараацайнууд, ЭНХ бүлгэмийн залуус олж харсан байж. Харин нийслэлд анх жагсаж байсан залуус нөгөө “соотон халтар дүйвээнээр” гэдэг болсон л доо. Ямартаа л түүнээс хойш сар гаруйн дараа 1990 оны 1 дүгээр сарын 22-нд Ленин багшийнхаа нас барсан өдрийг дурсан санаж, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам малгайгаа аван мэхийн ёсолж, аавыгаа алдсан аятай баргар царайлж олны өмнө зогссон. Одоо тэд худал гэж болох ч тэр зураг азаар үлдсэн. Харин Эрдэнэтийн төлөөлөгчид хойно өрнөсөн Престройка, өөрчлөн байгуулалт, большевикийн хувьсгалын алдаа, Солженецийн номын зах зухаас ярьж өгч, нүд, чихийг нь онгойлгож байсан. Ардчиллын баатрууд ч олны сэтгэл зүйг мэдрэхдээ гарамгай учраас “ичсэн хүн, хүн ална” гэдэг болж, саяхан малгайгаа аван мэхийн ёсолж зогссон “ачит багшийнхаа” хөшөөг буулгана гэж дайрсан билээ.
Монголд ардчилсан хувьсгал өрнөсөн үеийн Ардчилсан намын удирдлагууд чухалчлан тэмдэглэдэг. Түүнээс өмнө ардчилагчид 12 дугаар сарын 03-ныг санан дурсаж яваарай. Монгол улсад анх жагсаал цуглаан зохион байгуулсан Ил тод бүлэг, ЗМЗ-улс төрийн дугуйлан, ЭНХ клубынхэндээ 12-р сарын 3-ны энэ түүхэн өдрийн мэндийг дэвшүүлж байгаарай.
Тэд өдрөөс өдөрт цөөрч байна, түүхэн үнэн мартагдах эмгэнэл Ардчиллын түүхэнд битгий гараасай.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ