Facebook Twitter youtube
Дуучин П.Адарсүрэнгийн гэргий Б.Сүхээ: АДАРААД МААНЬ САЙН САНАСАН НЬ Ч, СААР САНАСАН Ч АРХИ АВЧ ӨГДӨГ БАЙСАН ГЭЖ БОДДОГ
2017-11-29 өдөр 06:41

AdarsurenАлдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэнгийн дууг сонсоогүй Монгол хүн байхгүй байх. Алдарт дуучин маань амьд сэрүүн байсан бол энэ жил 70 нас зооглох байжээ. Ханийнхаа насны ой тохиож байгаа өдөр Ганданд ном  хуруулж явсан Сүхээ гуайтай таарч уулзаж ярилцлаа. Тэрбээр бага эмч мэргэжилтэй бөгөөд Дундговь аймгийн уугуул аж.
-Дуучин П.Адарсүрэн агсантай та хэзээ танилцаж гэр бүл болсон бэ? Амьдралынх нь сүүлийн жилүүдэд түшиж тулж байсан ганц хүн бол та.
-Адараа бид хоёр анх 1985 онд танилцсан. Тэр үед би 35 настай, Адараа 44 настай байсан. Надаас  9 насаар  ах  хүн байлаа. Манайхыг Дэнжийн 1000-ын цагаан байранд байхад манай найз нэг өдөр  гэнэт  Адарааг дагуулаад ороод ирсэн. Олны танил дуучин хүн болохоор би бусдын адил дуугаар нь мэдэхээс цаашгүй, өмнө нүүр тулж уулзаж байгаагүй л дээ. Тэр үед мань хүн цэргийн хувцастай байсан  ирсэн юм. Тэгээд  бид  1986 онд нэг гэрт орсон. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй  ч 1998 он хүртэл хамт амьдарч зовлон жаргалаа хуваалцсан. Адараа маань халгиж  цалгисан их авьяастай,  ховорхон сайхан дуучин байсныг ард түмэн сайн мэднэ. Соль дуучны хувьд Адараа шиг ард түмнийг соронз мэт татаж,  хуйлруулж явсан дуучин ховорхон  гэж боддог. Үнэнийг хэлэхэд тэр үед  надад  хүнтэй суух бодол байгаагүй. Хоёр охин маань гараас гарчихсан,  ажил төрөлтэй болохоор охидоо  хойд аавтай болгоно гэж боддоггүй байсан. Мань хүн тэр үед эхнэр хүүхдээсээ салчихсан, өөрийн гэсэн орон гэргүй  явсан юм билээ. Тухайн үед хоёулаа хамт амьдаръя гэдгээ анх  хэлээгүй  л дээ. Гэхдээ ярианаас нь би  бүгдийг нь ойлгосон. Тэгээд ядарч яваа эр хүн байна гэж бодоод  манайд байж  л байхгүй юу  гэсэн. Тэгэхэд  “айлд байж бай гэдэг чинь сонин байна”  гээд  “Хоёулаа  нэг хүн дээр очъё”  гээд 120  мянгатад  айлд очноо гээд дагуулаад явсан. Сүхбаатар аймгийнхны хүндэлж биширч явдаг Инлай гэж хөгшин дээр очиход “Миний хүү одоо л  ханиа олж дээ” гээд бид хоёрт  архи  тарнидаж өгсөн. Тэгэхэд  би “энэ хүн надтай суухаар шийдэж” гэж  бодсон. Надад алдар нэртэй гэдгээс  илүү цайлган цагаан сэтгэлтэй, хүүхэд шиг гэнэн итгэмтгий зан нь их таалагдсан.  Нэг удаа “Хоёулаа гэр бүлээ батлуулъя   гэхээр  нь би тоглоод  чиний 112  дахь  эхнэр  болох  юм уу” гэж  цаашлуулснаас  хойш  дахиж  тэр талаар  яриагүй.  Яахав  бид хоёр 12 жил  хамт амьдраад тэр хүнийг хорвоогоос буцахад нь би толгойг  нь түшсэн.  Тийм   хувь төөрөгтэй   байсан юм болов уу гэж боддог. Адараа маань хоёр охинд минь төрсөнөөс  өөрцгүй сайн ханддаг, анх  зээтэй болоход их баярлаж  Дундговиос  шөлний хоньтой  ирж байсан. Тоглолтон дээр хөтлөгч нь “дуучин Адарсүрэн маань зээтэй болсонд үзэгчдийн өмнөөс баяр хүргэе” гэж зарласан гэсэн. Тэр үед үнэхээр сайхан байсан гэж ирээд ярьж байсан нь санаад тод үлдэж. Шөлний хонио хашаанаас  гаргаж алдчихаад барьж авах гэж хөглөснөө  дараа  нь  ярьж инээдэг байсан.
-Та анхны эхнэр А.Гантогтох болон үр хүүхдүүдтэй нь хэр холбоотой явдаг вэ?  Аавыгаа байхад   хүүхдүүд нь танайхаар ирдэг байсан уу? Гантогтох багш “Гавьяат багш” цол аваад одоо Америкт байгаа сураг дуулдсан.
-Би Адараагийн  анхны эхнэр Гантогтохыг багш  хүн байдаг гэдгийг Адараагаас  л сонссон. Өмнө  нь бид  нүүр  тулж  уулзаж байгаагүй. Нас барахад нь Гантогтох хүүхдүүдтэйгээ  гэрт  ирэхэд  л  анх харсан. Аавыгаа байхад  чуулгад бүжигчин байсан Амараа гэдэг хүү л хааяа аав дээрээ ирдэг байсан.  Бусад хүүхэд нь ирдэггүй  байсан. Адараа эхнэрээсээ салснаас хойш энэ  хүүтэйгээ  л  арай  ойр байсан. Адарааг  өнгөрөхөд би ойр дотны хүмүүст  нь  хэл дуулгах гэхээр утсыг  нь мэдэхгүй  болохоор Монгол телевизээр эмгэнэлийг  нь явуулсан. Тэрийг хараад  маргааш  өглөө нь  хүүхдүүд  нь ээжтэйгээ хамт ирсэн. Телевизээр сонсоод  найз нөхөд  нь ч ирсэн. Байнга  харилцаатай байсан  болохоор яруу найрагч Ц.Чимэддорж  эхнэртэйгээ  хамгийн түрүүнд  гэрт ирсэн. Адараа маань  өнгөрөхдөө удаан  өвдөж зовоогүй. Ердөө дөрвөн хоног  хэвтээд  л өнгөрсөн. Элэг нь муу байсан  болохоор   эмчид үзүүлж  эмнэлэгт хэвтүүлье гэхэд  их дургүйцээд  хэвтдэггүй  байсан. Сүүлдээ би арга ядаад гэрээрээ  эмчилгээ хийе гэхэд  ч хэрэггүй   гээд  хийлгэдэггүй  байсан. Тэгээд нэг өдөр Эрдэнэт яваад ирэхэд  нь   дусал хийж  өгчихөөд “Чи хэд хоног архи ууж огт болохгүй шүү”  гэхэд хөөрхий минь гурван хоноод   архи  уучихсан байсан. Эрдэнэтээс  ирэхэд гэдэс нь нэлээд томорчихсон байхаар нь наад элэг чинь болохоо байчихсан байна шүү, явж шинжилгээ хийлгэе” гэхэд  гайгүй дээ гээд  яваагүй. Тэгээд гэртээ дөрөв хоног  хэвтээд  л 1998 оны 10 сарын 18-ны шөнийн 02 цагт бурхан болсондоо хөөрхий. Тэр үед  би олон сайхан хүүхэдтэй  хүн  нэгээр нь ч толгойгоо түшүүлж чадсангүй дээ гээд их өрөвдсөн. Өнгөрөхөд нь надтай хамт хоёр охин маань, хүргэн,  хөршүүд маань  л байсан. Одоо Адараа маань өнгөрөөд 14 жил болж байна. Энэ хугацаанд  ойр дотны хүмүүсээс  шарилыг  нь эргэсэн хүн байхгүй  байх. Оршуулахад  нь мөнгөн аяга шидэж байгаад дээшээ харсан газрыг нь сонгосон чинь хад асга ихтэй газар таарсан гэсэн. Өөрөө би хад асга ихтэй уулархаг газар төрсөн  гэж ярьдаг   юм. Тийм л газар  шингэсэн дээ. Үнэнийг хэлэхэд би газар дээр  нь очиж чадаагүй  л байна. Бүл  муутай болохоор тэр болгон зүрхэлж  яваагүй. Дараа зунаас  нэг очих  бодолтой байгаа.
-Адарсүрэн гуай хэдэн удаа амьдрал зохиож,  хэдэн хүүхэдтэй болсон  юм бэ? Нэг удаа  надтай тааралдаад  амьдралынхаа нарийн нандин зүйлийг  чин үнэнээр нь  ярьж өгнө гэж амласан  ч харамсалтай  нь уулзаж амжаагүй юм. Өөрт чинь ярьдаг байсан уу?
-Адарааг хүмүүс их  л олон удаа амьдрал зохиосон гэж боддог юм шиг байна лээ. Тийм  шалиг завхай хүн байгаагүй. Миний мэдэхээр Гантогтох бид хоёртой  л  олон жил амьдарсан. Анхны эхнэрээсээ салсны  дараа  100 айлд амьдардаг  өөрөөсөө 20-иод насаар дүү бүсгүйтэй  дотносоод  нэг хөөрхөн  охинтой болсон юм билээ. Өөрөө ярихдаа  нөгөө эмэгтэйнх нь аав нь жаахан дургүй байсан  гэж ярьж  байсан. Тэр эмэгтэй нь  нэг урлагийн хүний хамаатан байсан гэж дуулсан. Би ер  нь энэ талаар нь өөрөөс   янз бүрийн юм асуудаггүй  байсан. Охин нь  одоо 20 гарсан байх ёстой. Өнгөрөхөд нь энэ охин нь ээжтэйгээ хамт ирсэн ч манайд хүүхдүүд нь  ээжтэйгээ ирчихсэн  байсан  болохоор нь санаа нь зовоод  орж  чадахгүй  хажуу талын  айлд ирчихээд явсан байна лээ. Тэрийг сонсчихоод  би хүний үр юм чинь  аавтайгаа салах ёс хийчихээд гарахгүй  дээ гэж их харамссан. Миний мэдэхээр Адараа гурван хүү, дөрвөн охинтой  хүн байсан. Анхны эхнэр дээр хоёр хүү, гурван  охин нь  бий. Том хүүгээ Ховдын Булганд байхдаа багад нь айлд өргүүлсэн гэж ярьдаг юм. Тэр хүү нь сүүлд хотод орж ирсэн дуулдсан. Харин Говь-Алтайн нэг дуучин  эмэгтэйгээс  нэг хүү төрсөн   юм билээ. Говь-Алтайд тоглолтоор явж байхдаа надад “Энд хөгшиний  чинь нэг хүү байдаг юм. Чи надад 100 төгрөг өгөөч” гээд   явсан  ч хүүтэйгээ уулзаж чадаагүй. Ээж  нь  хөдөө тоглолтооор явчихсан байна гээд ирсэн. Хоёр удаа ийм  тохиолдол болсон юм. Тэр эмэгтэйг  хүүгээ аавтай нь уулзуулах дургүй юм байлгүй гэж бодсон. Уг  нь өөрөө хүүтэйгээ уулзах гэсэн  бодол  их байсан. Тэгэхээр одоо Адараагийн гурван хүү, дөрвөн охин энэ хорвоо дээр  өсөж үржээд явж байна гэсэн үг. Ач зээ ч олонтой болсон. Үр ач нар нь хожим ийм сайхан  алдартай хүний  үр  сад гэдгээ дурсаж  явах  байх.
-Нэг үе та хоёр хөдөө орон нутгаар тоглолтоор яваад байсан. Орлого  хэр олдог байв. Чуулгад байхдаа Адараатай явсан бригад чуулгын жилийн орлогыг олдог байсан гэлцдэг. Адараагийн  дуулахыг  дахиж сонсох гэсэн үзэгчид нэг сумаас нөгөө сум руу дагаж явдаг байсан гэдэг юм билээ.
-Адарааг чуулгад байхад таагүй ханддаг  байсан  хүмүүс  одоо ч байж  л байна. Тэр талаар  надад ярьдаг л байсан.  Нэг нэвтрүүлгээр  чуулгаас хөөгдсөн гэж ярьж байна лээ. Бас төрсөн сум, цэргийн алба хаасан газрыг нь  андуураад  ярьж байсан. Адараа маань  Завхан аймгийн  Цагаанхайрхан сумын  уугуул, цэргийн албаа Ховд аймгийн Булган сумд хаасан юм билээ. Чуулгаас гарахад  нь ажлаас  өөрийн  хүсэлтээр чөлөөлж Соёлын яамны мэдэлд шилжүүлэв гэж бичсэн хөдөлмөрийн дэвтэр нь одоо  ч надад  хадгалагдаж байгаа. Хар дипломат цүнхтэй өөрийнх  нь бүх бичиг баримт, тэмдэглэлийн дэвтрүүд, дууны нот гээд олон гар бичмэл нь байгаа. Завханы театрт  ажиллаж байгаад нэг зун торонд цагаан дээлт гэдэг нутгийн чихэр хийчихсэн гэнэт ороод ирсэн. Тэгээд ер нь чөлөөт уран бүтээлчээр эндээ  ажиллана гээд  Урлаг,  уран сайхны үйлчилгээ явуулах” Есөн билэг” хоршоогоо байгуулж тамга тэмдэг авсан. Алиалагч Цэеэ, УГЖ Нансалмаа  зэрэг  хүмүүстэй  тоглолтоор  их  явдаг байсан. Би  хэд хэдэн удаа аймгуудаар санхүүг  нь барьж хамт явсан. Хаана тоглож,  хэдэн төгрөгний орлого олсон,  зарлага нь тэдэн төгрөг байсан гээд бүх юмаа хөтөлдөг байсан. Баян-Өлгий аймгаас бусад бүх аймагт очиж тоглосон. Тухайн үед боломжийн мөнгө олсон ч унааны бензин тос, хоол унданд  мөнгө  зарцуулна. Бас хамт тоглосон жүжигчиддээ  хувь хүртээнэ. Учиргүй  их илүү гараад хуримтлуулаад  байхгүй  ч хэдэн төгрөгний  ашигтай ирдэг  байсан. Адарааг  ид дуулж байхад нэг сумаас  ойролцоо байдаг сум  руу тоглолтыг дахиж үзэх гээд дагаад явдаг байсан гэж өөрөө  ч ярьдаг байсан. Сүүлийн үед хуурцаг, СD гээд дууг нь дахин дахин сонсох боломжтой  болохоор учиргүй тэгэж явахаа больсон л доо. Гэхдээ хөдөөгүүр явахад олон хүн ирж уулзаад баяр хүргэж зарим  нэг нь гэртээ урьдаг л байсан.
-Хүмүүс  гавьяат цолыг нь эрт өгчихсөн бол ийм  байдалд орохгүй байсан гэж  ярьдаг. Алтангадас одонг  хоёр удаа өгөөд нэгийг  нь буцаагаад авчихсан гэдэг үнэн үү?
-Манай хүн чинь бусдын боддог шиг өдөр болгон архи уугаад,  өглөө болгон шараа тайлдаг хүн байгаагүй. Ер нь архи  тааралдвал уучихдаг  л хүн байсан. Уухгүй гэвэл хэдэн ч хоног уудаггүй гэрээсээ гардаггүй байсан. Ард түмэн сайхан санаад авьяасыг үнэлж байна гэж магтаад архи өгчихдөг байхгүй юу. Нэг удаа намайг ажлаас иртэл   Завханы нэг хүн манайд сурсаар байгаад ирлээ гээд дөрвөн шил архи авчраад  “Урсаж унатлаа уу” гээд шахаж  байсан нь санаанаас  ер гардаггүй юм. Адараад сайн санасан нь ч, саар санасан ч архи авч өгдөг байсан гэж би боддог. Ямар ч хүн архи аваад өгөхөөр үргэлж  уухгүй гээд гэдийж чадахгүй. Хүн л болсон хойно гутарч гунилгүй яахав. Сэтгэл санаа нь тавгүй үед , үр хүүхдээ санасан хүнд  архи бариад ирэхээр цааш  гэхгүй шүү дээ. Надтай суугаад хэдэн жилийн дараа ойр ойрхон архи уугаад байхаар  нь би цаашлуулаад “Би хөгшдөөд байвал хашаандаа гэр бариад  залуу эхнэр аваад өгье” гэхэд дэмий юм яриад гээд  инээж суусан.  Архи уучихаад  “Надад гавьяат цол өгчих болов уу гэсэн чинь өгөхгүй юм шиг байна. Дургүй хүрээд  байна”  гэж  чин сэтгэлээсээ ярьж байсан. Хүн бүхэн л Адараад гавьяат өгөх   ёстой гээд яриад байхаар хөөрхий минь өгчих болов уу гэж  их  харсан л даа. Анхны   “Алтан гадас” одонг  нэг гоё бороотой өдөр бид хоёр хамт очиж авсан юм. Үнэмлэх бичүүлээд Адараа ордонд орж шагналаа  авахад би гадаа нь хүлээж байсан.  Саарал хослолтой  одонгоо зүүчихээд талбай дээгүүр  алхаж явахдаа “гялалзаад ямар гоё юм бэ” гээд их баяртай  байсан. Тэрнээс  хойш удалгүй  Хотын дарга байсан Баасанжав гуай дуудаад “Далай ээж”   захын тэнд хоёр  өрөө сайхан байр өгсөн. Өмнө нь өгсөн байр нь эхнэр хүүхдэд үлдсэн болохоор сүүлийн байрны ордерийг нэр дээр бичих боломжгүй гэхэд тэр байраа хүүгийнхээ нэр дээр болгуулсан. Манайхыг  тэр байранд байхад хүний хөл  тасардаггүй  байсан. Хаанаас  олоод мэдчихдэг  юм бүү мэд өдөр болгон  л янз бүрийн хүн ирнэ. Тэр байранд  гурван  жил болоод  бид хоёр  ярилцаад агаар салхи сайхантай гээд  энэ   хашаа байшинг  худалдаж  авсан юм. Энд ирээд удаагүй байхад нэг өдөр дуудаад дахиад “Алтан гадас” одон өгсөн. Тэр үед би “Гавьяат жүжигчин цол өгчихгүй дээ”  гэж  бодсон  ч өөрт нь хэлээгүй юм. Өөрөө гайхаад   яагаад  дахиад “Алтан гадас”  одон өгч байгаа юм бол гэж байсан. Хэдэн сарын дараа нэг өдөр  эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд “Уучлаарай Адарсүрэн гуай танд андуураад  одон өгчихсөн байна”  гээд нөгөө одонгоо буцаагаад аваад  явсан. Дараа нь  манай хүн одонгоо зүүгээд дэлгүүрт очёрлож байгаад одон нь урд зогсож байсан хүний хувцасанд  тээглээд  газар унахаар  нь  авах гэтэл   очёр зохицуулж байсан нэг цагдаа одонг  нь  өшиглөж  холдуулаад өөрөө авч хармаалаад  дараа аваарай гээд хармаалчихсан гэсэн. Тэгээд нэг  ч одонгүй болсон. Нас барахад  нь Соёлын тэргүүний ажилтан  цолны тэмдэг, АХ-ын 60 жилийн ойн медаль хоёроос  өөр гялтайх юм байгаагүй.
- Төрсөн  ах дүүсээс нь одоо хэдэн хүн байна. Тантай холбоотой явдаг хүн бий юу?
-Адараагийн эх нэгтэй  төрсөн эгч Сумъяа. Ах Юра, дүү Балжинням гэж хүмүүс байсан.  Одоо үр  хүүхдүүд  байгаа.Төрсөн  нь  ээжийг нь бид Жоожоо гэдэг байсан. Олон жил яслид ажиллаад улсаас хоёр өрөө  байраар  шагнуулсан сайхан хөгшин бага хүүтэйгээ  хамт  амьдардаг байсан. Бид хоёр тэднийхээр их очдог байсан. Төрсөн  ээж нь Адараатай  их адилхан хүн байсан. Адараагийн амьдралыг нутгийнхан их сайн мэддэг юм билээ. Аавынх  нь авааль эхнэрээс  хүүхэд гараагүй болохоор   аав нь Жоожоотой  дотносоод  Адарааг  төрөхөд  нутгийн хүмүүсээс сураг дуулсан эхнэр нь нэг өдөр аавд нь “Чиний хүүхэд төрсөн гэнэ. гэртээ аваад ир” гээд үстэй  дээлтэй явуулсан  юм гэсэн. Тэгээд аав нь 3,4 -хөн сартай  хүүгээ  үстэй  дээлэнд  боогоод  гэртээ  авчирсан юм билээ. Ээж нь  10 гаруй настай байхад нас бараад аавтайгаа амьдарч байгаад дараа  нь  аав нь  өөр эхнэр аваад хэдэн дүүтэй болсон  гэсэн. Эцэг нэгтэй дүү нар нь Эрдэнэтэд байдаг юм. Надтай холбоогүй болохоор тэдний  талаар би сайн мэдэхгүй. Нэг нагац ах нь надтай хамт ажилладаг байсан. Одоо тааралдахгүй  л байна.
-Сүүлдээ гудамжинд голдуу дуулаад явдаг байсан. Та хорьдог байсан уу?
- Намайг  өглөө  ажилдаа  явсан хойгуур  гараад явчихдаг байсан юм. Надтай хэд хэдэн удаа Бөмбөгөрийн тэнд дуулж  байгаад  таарсан. Харангуутаа дуугаа дуусгаад  урд ороод алхчихдаг байсан.  Хүмүүс Багшийн дээдийн буудал дээр  дуулж байна гэдэг байсан. Намайг Автобус баазад ажиллаж байхад манай нэг жолооч “Адараа ахыг яагаад гудамжинд дуулуулаад байгаа юм бэ” гэж байсан. Би ямар загнаад сүйд болох биш. Хорьж  цагдаад гэрт нь цоожлоод байлтай  биш. Нэг удаа яруу найрагч Чимэддорж эхнэртэйгээ манайд ирээд бид гурав  ярилцаад  “ээлжилж архи авч өгье” гэж тохирооод бүр гарын  үсэг зурсан удаатай.  Уумаар санагдвал  бид гуравт хэлээд  архи авахуулж бай. Битгий гудамжинд  дуул гэж тохирсон. Адараа надаас “архи уумаар байна,  мөнгө  өгөөч” гэж  нэг  ч удаа  гуйж  байгаагүй. Тайзан дээр тэр болгон дуулахгүй болохоор тааралдсан хүмүүс дуул гэж  дуулуулаад хэдэн төгрөг өгдөг байсан байх.
-Та хэдэн зээтэй вэ? Урлагийн мэргэжилтэй  хүн бий  юу?
-Адараа миний бага  охиныг  өөрөөрөө овоглоно гээд  овоглосон юм. Манайх одоо гурван зээтэй. Том нь  дээд сургуулиа төгссөн. Зээ  охин Энхлүүн  одоо ХБДС-д флейт хөгжимчин  мэргэжлээр  сурч байна. Өвөөгийнхөө үлдээсэн нотны  учрыг энэ охин  маань олдог болохоор бүгдийг нямбай гэгч нь  хадгалдаг юм. Том хоёр зээгээ Адараа надтай хамт өсгөлцсөн. Хааяа нэг халамцуухан үедээ ч цэцэрлэгээс аваад ирдэг байсан. Хөдөө тоглолтоор явахдаа дулааны улиралд нөгөө хоёроо  чирээд  л хамт явна. Их хайртай байсан. Мөнгө байвал чихэр жимс  авч өгөөд их  эрхлүүлнэ. Зөөлөн сэтгэлтэй хүн болохоор хүнд хатуу муу үг хэлэхгүй шүү дээ. Намайг нэг ч удаа муухай харж яваагүй дээ. Ажил төрөл гээд зарим үед би тоглолтоор явахад нь тэр болгон цуг явж чаддагүй байсан. Хамт явдаг   хүмүүс нь “таныг авч явахгүй болохоор дураараа дургиад байдаг юм” гээд намайг заавал хамт авч явна гэдэг байсан.
-Та одоо хэнтэйгээ хамт амьдарч байна. Хашаандаа олон сайхан мод, жимсний мод тарьжээ.
-Би  одоо зээ охинтойгоо амьдарч байна. Тэтгэвэрт гарснаасаа хойш цэцэг, мод тарьдаг сайхан ажилтай болсон. Хашаандаа чацарганы мод, үхрийн нүд,  нохойн хошуу  тарьдаг. Чацарганы  модтой  6 жил ноцолдож байж  үр жимс  авдаг болсон. Хоёр  улиас тарьсан  нь маш сайн ургаж байна.  Чацарганы  суулгацаасаа ойр хавийн  айлуудад өгсөн. Хашаагаа ногоон байгууламжтай болгохоор хэдэн жил зүтгэсэн.  Уйдах завгүй цэцэг ургамалтайгаа ноцолдож суудаг. Миний ээж Жорчинсүрмаа  насаараа тогооч хийсэн,  80 гарсан ануухан хөгшин байдаг юм. Ээжийн маань аав Ламхүү Чин ван Ханддоржтой хамт Эрхүүд очиж хэлэлцээр хийж явсан,  угсаа залгамжилсан тайж удамтай хүн байсан юм гэнэ лээ. Намайг төрөхөөс  нэг жилийн өмнө нас барсан гэсэн. Ээжийгээ амьд сэрүүн дээр өвөөгийнхээ талаар илүү ихийг мэдэж,  удам судар ургийнхаа  номыг гаргахаар  ойрд  мэдээлэл цуглуулаад  жаахан ажилтай  л сууна.  Хэлмэгдүүлэлтийн үед өвөө маань  хар болж Төв аймгийн Лүн сумд ирж суурьшаад Манга лам гэж нутаг усандаа алдаршсан сайхан хүн байсан гэдэг. Үр хүүхэд хойч үе маань  удам  угсаагаа сайн мэддэг болоход бидний хийх ажил их байна.
Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ