Facebook Twitter youtube
Өнөөгийн шинжлэх ухааныг өрөөсгөл буюу өрөөсөн нүдтэй гэж хэлж болох юм
2017-11-29 өдөр 01:54

LkhagvaТехникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагваа Сурвалжлагч А.Мөнхжинтэй ярилцсан ярилцлага (“Ирмүүн” сэтгүүл 2/2009)

-Та Дүүриймаагийн онолоо яагаад дэвшүүлэх болсон бэ?

-Шинжлэх ухааны баримтлал, онол, номлолуудын зөв буруугийн учир нь нилээн олдож байна гэх үү дээ. Энэ дотроос хамгийн олзуурхууштай зүйл гэвэл хүний тухай онол өөр болох нь ойлгогдож байна. Яахаараа өөр байх ёстой юм, юу нь буруу байна гэдэг асуудал гарна аа даа. Хүнийг олон зууны өмнөөс физик бие буюу махбодийн хэмжээнд төсөөлсөн нь шинжлэх ухааны өөрчилж болшгүй алдаа, төөрөгдөл болж, энэ нь хүн төрөлхтнийг буруу замаар хөтлөх ийм л аюул болсон байна. Учир юу гэхээр өнөөгийн шинжлэх ухааныг өрөөсгөл буюу өрөөсөн нүдтэй гэж хэлж болох юм. Энэ өрөөсөн нүдэнд юу харагдсан бэ гэхээр зөвхөн барьж болдог, харж болдог, багажаар хэмжиж болдог, тэгээд нотолж болдог зүйл л судлагдахуун гэж үзэгдэж.

Хүний ухамсар, оюун санааг өнөөдрийн шинжлэх ухааны багаж төхөөрөмжөөр судлах боломжгүй. Тиймээс баримжаа багцаатайгаар нь бие махбодийг шүүрч аваад түүнийгээ физик бие, одоо болохоор “хүн” гэж нэрлээд, энэ томьёолсоор 360 жил хүний бие махбодтой ноцолджээ. Гэтэл энэ махбодид ХҮН хэмээх ойлголтын дөнгөж 41 хүртэл хувь нь багтана.

Энэ нь 30-35 хувь, 38 ч байж болно. Энийг бидэнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор, гавъяат багш Х.Сүхбаатар “Гэр бүлийн математик загвар” гэж бүтээлээрээ “хүний эцэг, эхээс өвлөж болох зүйлийн дээд хэмжээ нь 41 хувь” гэж тогтоож өгөөд байна. Тэгвэл үлдсэн 60-70 хувь нь юу байх вэ гэдэгт өнөөдөр бид хариулт хэлэх цаг болжээ.

Энэ нь тэрхүү өрөөсөн нүдтэй шинжлэх ухааны үзэлгүй гээсэн, ойлгож чадалгүй хаясан ухамсар, энерги буюу сүнс гэдэг ойлголт юм. Өөрийнхөө хамгийн эрхэм нандин зүйл болох 60 гаруй хувийг эзлэх, төрөлх мөн чанар нь болох энэ ойлголтыг мартчихсан, гээчихсэн, хэрэглээгүй байснаа өнөөдөр олж авч байгаа гэсэн үг юм. Ийм их юмаа алдчихсан хүнийг ХҮН гэхэд хэцүү. Тийм учраас шинжлэх ухаан хүн төрөлхтөн биднийг зүгээр л золиос, ХҮН биш робот болгож орхисон байж.

Одоо энэ роботыг ХҮН болгож хувиргая гэвэл бид юуны өмнө тэрхүү ухамсар, энерги буюу сүнсээ олж аваад бүрэн бүтэн болох ёстой юм. Тэгэхээр бидний 60-70 хувьд үйлчилдэг тэрхүү хуулийг олох асуудал гарч ирнэ. Энэ хууль бол уг нь бэлэн байж.

Хүн бол энергийн үүсэлтэй. Тийм учраас л айлын арван хүүхэд оюун санааны чадавхи, авьяас чадвар, бие бялдар, сонирхол, бүх л үндсэн үзүүлэлтээрээ арван өөр байдаг. Энэ бол монголчуудын мэдэх, маргашгүй зүйл. Арван өөр энергийн үүсэлтэй гэсэн үг.

Гени бол 40 хүртэлх хувийг л эзлэх нь. Энергийн үүсэлтэй юм бол та энергийн хуулинд захирагдана. Термодинамикийн нэг, хоёрдугаар хуулинд захирагдана. Ингэхлээр хүн төрөлхтөн захирагдах хуультай болж байна.

Нэгдүгээр хуулийн нэгдүгээр заалт биднийг оргүй хоосноос бий болоогүй энергиэс үүсэлтэй гэдгийг зааж байгаа юм. Үүнийг бид техникийн хууль төдийгүй ерөөсөө биологийн системд тохирох хамгийн гол хууль гэж үзэх ёстой.

Та энерги л юм бол устаж үгүй болохгүй мөнх гэсэн уг хуулийн хоёрдугаар заалт байж байгаа. Үүнийг бид ерөнхий боловсролын сургуульд заалгасан боловч ойлгосонгүй. Үүнийг дэлхийгээрээ мэдэх мөртлөө биологийн системд хэрэглэх учрыг нь олсонгүй ээ. Энэ хууль бол эрүүгийн хууль, үндсэн хууль, эсвэл татварын хуультай ижил юм биш. Эднийг хууль гэж “нэрлэсэн” болохоос уг чанартаа байгалийн шинжлэх ухааных шиг бай гээч юмаа гарцаагүй онодог хууль биш шүү дээ.

Хэн ч өөрчилж, хэн ч арын хаалгадаж, бас зохиож болдог хууль биш, байгалиас заяамал учир термодинамикийн хуулийг хэн ч хүссэнээрээ өөрчилж чадахгүй. Энэ хууль биднийг амьдад ч, нүд аньсан хойно ч хүчинтэй үйлчилнэ.

Тэгвэл уг хуулийн гуравдугаар заалтаар яах вэ? Нүд аньсны дараа та 40 хүртэлх хувиа гээсэн болохоос биш устаж үгүй болоогүй, үлдэх хувь тань энерги учраас мөнх гэж заажээ. Тэгэхээр таныг зөвхөн нэг хэлбэрээс нөгөөд шилжинэ гэж хууль хэлж байна. Монголчууд “Алтан хайрцаг нээлгэх” гэдгийг сайн мэддэг. Түүнд талийгаачийг тэнд, энд эрэгтэй, эмэгтэй хүн болж төрнө гэж ихэвчлэн буудаг. Бурханы оронд төрнө гэсэн зурлага бараг байхгүй шүү дээ. Яагаад гэхээр бид өөрсдийгөө ухамсрын, энергийн хувьд өөд татаж хөгжүүлээгүй зөнд нь орхисон учраас тэнд хүрч чадахгүй юм. Хүн болох хэлбэрийг сонгох нь аминдаа сайн төрлийг олж байгаа нь тэр.

-“Хойт насандаа хонин гүрвэл болж төрнө…” гэдэг магадлалтай гэсэн үг үү?

-Болно шүү дээ. Шингэн биед эсвэл мод, чулуу мэтийн хатуу бие, бас хий, плазм зэрэг биед шилжиж болно. Өөрийгээ ухамсрын түвшинд хөгжүүлсэн нэгэн бол харин физикийн вакуумын бага, дунд, өндөр түвшний аль тохироход нь шилжилт хийнэ.

Эдгээр шилжилтийн хэлбэр нь бидний тархиндаа бичсэн бичлэгээс хамаарна. Бидний тархины багтаамжийг хальс болгоод цувибал 9.6 сая км-тэй тэнцэнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Энэ хальсанд бид амьдралынхаа бие, хэл, сэтгэлийн үйлийг секундын завсарлагагүй бичиж байдаг. Хамгийн ноцтой нь гэвэл энэ бичлэг цахилгаан-соронзоны түвшинд бичигдэж байдаг учраас энергид хамааралтай юм.

Өөрөөр хэлбэл бидний бодсон, хийсэн, хэлсэн ярьсан бүхэн устаж үгүй болохгүйгээр бичигдэнэ. Энэ бичлэг таныг нүд аньсны дараа ямар хэлбэрт шилжихийг шийддэг. Та зөв санаа бодолтой, зөв үйлтэй, буян хариулалтай нэгэн байсан бол санаа зовох зүйл ер байхгүй. Ямар ч байсан нилээд сайн долгионы түвшинд татагдаж очно гэсэн үг. Харин муухан бичлэгтэй нэгэнд бол маш хүнд тусна.

Таны араас дэлхийн бүх ламыг залж, бүх номыг уншуулаад ч тус болохгүй. Муу энергийг устгах цэвэрлэх арга нь энэ биш. Гучин хоёр муухан долгионы түвшинд татагдаад очих юм бол там гэж нэрлэдэг тэр аюулд тулгагдана. Тэнд хэр удаан суухыг таны бичлэг буюу бие, хэл, сэтгэлийн тань үйл мэднэ. Өнөөдрийнх шиг “нэг амьдрах нас” гээч буруу хуулиар яваад зах зээл гэгч зүйлийг хүний хууль гэж ойлгож бусармаг үйлээр өөрийгөө бузарлачихсан хүмүүсийн тухайд энэ бол аюул. Маш яаралтай үүний учрыг олохгүй бол хэцүүднэ.

Яаж олох вэ? Таны бодол санаа бол физик биеийн тань генератор юм. Энэ нөхцөлд таны бий болгож байгаа бичлэг, энергийн чинь төлөв, хэмжээ нь бодол санаатайгаа шууд хамааралтай байна. Тэгэхээр үг яриа, бодол санаа, үйлдэл гээд бүх юм чинь эергүү байх юм бол эергүү энергээр системээ дүүргэнэ гэсэн үг.

-Тэгвэл энергээ цэвэр байлгаж зөв амьдрах боломж байна уу?

-Өнөөдрийн зах зээлийн нөхцөл, энэ их сөргүү мэдээлэл, оюун санаанаас эхлээд бүх хэрэгцээ нь материалжсан ертөнц бидний сайн, эергүү энергитэй байх боломжийг хааж байгаа юм. Бид бол зүгээр л материаллаг ертөнцийн материалжсан хүмүүс, зөвхөн хэрэгцээнд захирагдсан, хэрэгцээгээр хөөцөлдсөн, хэрэгцээгээ хангахын төлөө юу ч хийхээс буцахгүй тэр хүмүүс.

Хэрэгцээнд хязгаар байхгүй, үүнийг хангахын төлөө тэмцэлд ямар ч үнэнч шударга, эвтэй аядуу, эергүү юм гэж байхгүй.

Энэ нөхцөлд таны системийн энерги тас хар байна гэсэн үг. Ийм энергитэй нэгэн энэ насандаа ч, дараа насандаа ч сайн сайхныг олохгүй.

-Та энэ чигээрээ амьдарвал хүн төрөлхтөн мөхнө гэж хэлээд байна уу?

-Энэ асуултанд чинь зөвхөн Монголд ч биш дэлхийд ХҮН байхгүй гээд эхлээд хариулчихъя. Хуулиндаа захирагдаагүйн харгайгаар хүн төрөлхтөн дампуурчээ. Зөвхөн компани, эдийн засаг дампуурдаг юм биш байна.

Хоёрдугаарт, ийм бусармаг хууль, онолоор яваад шинжлэх ухаанч бус мэдлэгээр өөрийгөө цэнэглэчихсэн учраас бидний үйлийн үр өнөөдөр өөрөө өөрийгөө хүссэн ч хүсээгүй ч сөнөөхөд бэлэн болчихсон байна. Үүнээс гаръя, арай дээр болъё гэвэл монголчууд төдийгүй хүн төрөлхтөн өнөөдрөөс эхлэн хүний онол хуулийг ухаарах, хэрэгжүүлэх учиртай. Өөр арга зам гэж харамсалтай нь үгүй.

Термодинамикийн 2-р хуулиар системийн энерги хэмжээний хувьд хэвийн байх боловч хэлбэр нь сөргүү болчхоод байгааг саармагжуулвал хүний төрөлд ойртоно. Яаж саармагжуулах вэ гэдэг л чухамхүү хамгийн чухал асуудал. Бүх үйлдлээ эерэг болгох хэрэгтэй. Бүх бодол санаа, яриа хэлээ эергүү болгож энэ материаллаг юм руу шунасан, тэмүүлсэн, эрэлт хэрэгцээний хойноос хөөцөлдсөн, гадаад орчин руу бүхэлдээ хандсан араг ясны балмад үйл ажиллагаагаа зогсоож, хүнлэг, энэрэнгүй, өршөөнгүй болох хэрэгтэй.

Энэ балмад үйл ажиллагаа бол арга-билэг гээч системийн нэгдлийн арга тал юм. Хүн төрөлхтний үйл ажил аргаар дүүрчхээд байна. Билэг тал нь ухамсар бөгөөд одоо хаалттай байна. ХҮН болъё, бүр агуу нэгэн болъё гэвэл өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө зөвхөн дотроосоо л таньж мэдэж болно. Хоол хүнснээс эхлээд бүх хэрэглээгээ ухамсар буюу энерги биеийн хэрэгцээнд зориулан өөрчилж, бүх буруу дадал зуршлаа зөв болгож, ухамсар биеийг хөнөөгч хамгийн аюулт өвчин болох “Би” гэдэг үзлээсээ бүрмөсөн салаад, хамгийн даруухан, хамгийн намуухан, хамгийн эгэлхэн болж дотогшоогоо нэвтэрч чадах юм бол ХҮН болно.

Дэлхий ХҮН-тэй болж байж бид эх дэлхийгээ аварч чадна. Ийм энгийн зүйлийг ойлгож чадаагүй нь хүн төрөлхтний буруу биш. Энэ бол шинжлэх ухааны төөрөгдөл. Тэгэхээр энэ удаад бид шинжлэх ухаанд бурууг нь тохчихъё. Харин энэ мөчөөс “шинжлэх ухаан”-тай болсон хойноо та энэ алдааг хийж байгаа бол мөхнө, сөнөнө. Одоо дэлхийн 6.5 тэрбум хүнийг оюун санааны хувьд тахир дутуу гээд нийгмийн халамжинд хамруулах хэрэгтэй болчхож. Тэтгэлгийг нь шинжлэх ухааны нэр зээлдэж худал номлогчдоос гаргуулах нь зохилтой юм.

-Бид өнөөг хүртэл шинжлэх ухааныг шүтэж түүгээр явж ирсэн шүү дээ?

-Хүнийг буруу төсөөлснөөс болоод өнөөдөр хүн төрөлхтөн оносон философи ч үгүй, нийгмийн онол ч үгүй, хэрэв байгаа гэж мэлзэх гэж байгаа бол энэ чинь буруу байна. Би зүгээр шуудхан хэлчихье. Өнөөдөр хүний тухай онол, сурган хүмүүжүүлэх, анагаах ухаан, хоол хүнсний зөв онол гэж байхгүй байхнээ. Яагаад гэхээр хүний зөвхөн физик бие буюу 40 хувь хүртлэхэд хамаарах онол номлол байгаа учраас тэр.

Энэ нь хүнийг хорлосон болохоос хэрэг болсонгүйг хүн төрөлхтөн бэлхнээ харж байгаа. Өнөөдөр энэ ертөнцөд хэн сайхан амьдарч байгаа юм. Зовлон зүдгүүргүй хэн байгаа юм. Тэгэхлээр бид ертөнцийн амьдралыг зөвхөн материаллаг хэрэгцээ, зовлон зүдгүүр хоёроор л төсөөлж байгаа.

Тэр тэрбумтан шиг зовлонгийн далайд умбасан хүнийг би мэдэхгүй юм байна. Яагаад гэхээр оюун санааны доройтол шиг зовлон, эрх чөлөөгүйгээс өөр шаналан хүн төрөлхтөнд байхгүй. Хүн төрөлхтний маш цөөхөн хэсэг нь агуу их уран бүтээлчид, их эрдэмтэд, зохион бүтээгчид байдаг. Тэд ухамсрын 90 хувийн түвшинтэй гэж ойлгож болно. Бусад жирийн хүмүүсийн хувьд дундаж нь 10, дийлэнх нь гурван хувь байгаа. Гэтэл үхрийн эрхэм ариун чанар 40, зэрлэг гахайных 30, хун шувууных 20, буганых 20, нохойных 30, арслан, бар, ирвэсийнх гурван хувь. Тэгэхлээр бид араатнаас ч дор орсон. Зөвхөн хоолоор нь баримжаалаад үзье. Дорно дахины шинжлэх ухаанд Бурхан багш хоногт нэг хоолтой, хүн хоёр хоолтой, араатан гурван хоолтой гэсэн.

Өнөөдөр хоёр хоолтой хүнийг олоход бэрх. Америкт өдөрт 10 удаа бага багаар ид гэж номлож байна. Энд бүр араатны цаад араатны тухай яригдаж байна. Нөгөө нэг жишээг аваад үзье. XIII зууны монголчууд өвлийн улиралд өглөөд нэг хоёр аяга цай уугаад өдөржин хоосон яваад оройд ганц аяга махан хоол иддэг байж. Зуны улиралд бага зэрэг цагаан идээ хэрэглэж, жилийн есөн сард нь ингэж хооллодог байжээ.

Багахан хоолоор гэдэснийхээ микробыг тэжээгээд, тэндээс өөртөө хэрэгтэй бүх зүйлийг гаргуулж авдаг агуу ухаантнууд байж. Энэ ухаанаас бидэнд аль хэр үлдэж вэ? XXI зууны шинжлэх ухаан энэ тухай төсөөлөл ч үгүй сууж байна шүү дээ.

Хөтөлгөө мориор хэдэн зуун км газрыг туулдаг, хоёр өдөр унтахгүй, идэхгүй, уухгүй довтолгодог чадавхи өнөөдөр монголчуудад хаана байна. Тэгэхээр физик биеийн хувьд ч, ухамсар биеийн хувьд ч бид XIII зууны монголчуудаасаа 100-95 хувь доройтсон байх нь. Жаран настайдаа цэргийн алба хаагаад улс дамнан морин дэл дээр довтолгож явсан ард түмэн өнөөдөр төдий насандаа өвчний үүр болчихсон, дэлхийгээр явах нь байтугай гэрээсээ гараад явах нь хэцүү болчхоод байна шүү дээ.

Ийм хүнээс юу хүсч хүлээх юм? Дэлхий нийтээрээ бид жилд 745 тэрбум ам. долларын эм тан борлуулж өгч байна. Энэ нь жил бүр 6-7 хувиар өсч байгаа. Хорин таван км зайд малаа хараад ялгадаг байсан тэр нүдний хараа, 120 настай хүнийг төрийн эрхэм өтгөст өргөмжилж байсан тэр их эрүүл бодьгал, тэр их оюун санаа, дэлхийг эзэлсэн стратеги, тактик хаана байна? XXI зуунд нэг жижигхэн улсыг аваад явчих чадал бидэнд байгаа билүү? Хоёрхон сая хүн ам, 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгаа сахиж чадахгүйдээ хүртэл доройтсон байна биш шүү. Араг ясны онол дажгүй сайн хэрэгжсэний ачаар өнөөдөр улс төрийн бодлого энэ тэрхэн ярьж, сонгууль явуулж, хэдэн санал авахын төлөө хэдэн жил пижигнүүлээд айл гэр болж тоглодог хүүхдийн тоглоом шиг юм хийгээд, үүнийгээ “ардчилал” энэ тэр гэж нэрлээд л… Энэ тэнэглэлээс юу хожив?

Бүхний нүдэн дээр ил байгаа хамгийн энгийн юмыг хар. 43 сая малтай болж гэнэ. Манай өвөг дээдэс малаа 25 саяас дээш гаргаж байгаагүй нь чадахгүйдээ биш. Яагаад гэвэл бэлчээрийн даац нь хүрэхгүй юм чинь. Дээрээс нь энэ мал сүргийн бараг тэн хагас нь ямаа гээд бод доо. Дэлхийн гутамшгийг бий болгох талаар тэргүүн туршлагын бүх гэрчилгээг бидэнд олговол таарна.

Өөрсдийгөө ингэж л булшилж байна шүү дээ. Иймэрхүү байдлаар нутаг орных нь, бүх сумдынх нь 77 хувь нь цөлжчихсөн.

-Гэтэл бид өөрсдийгөө хөгжиж байна, хөгжүүлж байна гээд байдаг. Таныхаар энэ хөгжил мөн үү?

-Хүний 40 хүрэхгүй хувийг агуулаад байгаа робот буюу өнөөгийн бидэнд энэ чинь яах аргагүй “хөгжил” шүү дээ. Тэдэндээ энэ нь агуу зүйл. Хэрэв бид ХҮН болчихоод харах юм бол үүнээсээ айж сүрдэж үхмээр. XIII зууны монголчуудыг больё, бүр хойх нь үеийн монголчуудыг сэрээж авчраад харуулах юм бол бүр айдас хүйдсийн ертөнцөд бид амьдарч байхвий. Хэдэн мянган жилийн өмнөх Чулууны бичиг гэдэг номлолыг 90-ээд оны эхээр “Зохист аялгуу” сонинд хэвлэсэн юм. Тэр нь өнөөдрийг болгоосон бошго сургаал юм л даа. Тэрнийг би 1966 онд уншиж байсан юм. Тэнд цөвүүн цаг ирнэ, дэлхийн дайнууд болно, их цус гарна, өглөө гарсан хүн орой гэртээ ирэхгүй цаг болно. Эх эцгээ хүндлэхгүй цаг ирнэ, мэдэгдэхгүй өвчнүүд ихээр гарна гэсэн байгаа. Тэр дотор нэг их анхаармаар зүйл байсан нь хот балгас араатнаар дүүрнэ гээч айлдвар. Тухайн үед би залуу байсан болохоор сайн ухаараагүй үлдсэн юм. Ухаандаа, тэр хүмүүс ирээдүйг бошиглож харахад “хот балгас араатнаар дүүрнэ” гэж зурхайд буусан нь өнөөгийн бид байх нь. Бидний лүндэн ингэж бууж. Тийм учраас дэлхий дээр ХҮН байхгүй гэдгийг баримтаар хэлж болно. Хэрэв байгаа гэж мэлзвэл энэ нь роботлог хүний л харьцуулсан үзүүлэлт мөн. ХҮН гэдэгтэй нь харьцуулвал зүгээр л бусармаг зүйл.

Дэлхий ямар байгааг, галав юүлж эхэлчхээд байгааг мэдрэх цаг хэдийнээ болчихсон. Саяхан дэлхийн дулаарлын асуудлаар семинар, теле бага хурал хийлээ. Тэндээс аймшигтай дүр зураг харагдаж байна. Дэлхийн дулаарал, түүний гамшгийг монголчууд тойроогүй дайраад тэр л замаар явж байна. Цөлжилт эргэлт буцалтгүй болчхож. Мөнх цэвдэг хайлаад эхлэчихсэн, гол горхи, нуур цөөрөм ширгээд өчнөөнөөрөө алга болсон байна. Хүний бусармаг үйл ажиллагааны гамшигт үр дүн энэ.

-Тэгвэл бид ХҮН болж дэлхийгээ аврах гэхэд хэтэрхий оройтсон байх юм биш биз?

-Хүн гэдэг бодгалийн чинь үндсэн мөн чанар болох ухамсар доройтсон болохоос огт засах боломжгүй гэсэн үг биш. Бид үүнийгээ өөд нь татаж хөгжүүлээд, тэр ч байтугай бурхан гэж хэлэгддэг энергийн хөгжлийн өндөр түвшинд хүртэл хөгжүүлэх боломж бэлээхэн байж байгаа. Ухамсрыг үнэн хэрэгтээ хязгааргүй хөгжүүлж болно. Хөгжлийн тийм түвшинд хүрсэн олон хүний нэг нь Бурхан багш байж байна.

Исүс Христ мөн Энэтхэгт 13 жил бясалгаж гэгээрэн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн. Өнөөдөр бид Төгс Гэгээрсэн Их Багш Чан Хай гэдэг суут хүнийг мэдэж байгаа. Тэр хүн жирийн амьдралаас төгс гэгээрлийн түвшинд хүрчээ. Ийм бодит жишээнээс суралцаж та өөрийгөө бүрмөсөн өөрчлөөд хөгжлийн өндөр түвшинд хүрч болно. Одоогийнхоороо зөрүүдэлж зүтгээд байх юм бол энергийн долгион тань дордож буураад сиймхий хадаг шиг авах юмгүй болно. Муухан 26 долгионы түвшин буюу там гэдэг долгионд татагдаж орно. Үүнийг та нүд анитлаа хүлээж сууж яах гэсэн юм бэ? Долгионыхоо хэлбэлзлийг хичнээн хөгжүүлнэ, төдийчинээ өндөр түвшинд хүрч чадна гэдэг ойлголтыг авчихвал энергээ хөгжүүлэх тухай бодох болно.

Тэгвэл яаж хөгжүүлэх вэ? Маш олон арга бий. Та энергээ хөгжүүлэх гэж байгаа бол энергээр амьдар. Та махаар, хиамаар, архиар, тамхиар, хорт бодисоор ухамсар буюу энерги биеийг хооллоно гэж бодож байна уу? 60-70 хувийг тань эзэлж байгаа эрхэм зүйлээ ингэж хоолловол гундах нь аргагүй. Эергүү энерги, мэдээлэл, ер нь эергүү бүхэн ухамсрын хоол унд. Уг нь бидний бүх юм автомат тохируулгатай заяагдсаныг унтраачхаад байгаа юм билээ. Ухаандаа энергийг ашигтай ажилд хувиргах физикийн гол хуулийг хэрэглэвэл өвчнөө ч өөрөө эмчилж болно. Та ухамсар биеэ ч, физик биеэ ч цагаан хооллоор хооллож хөгжүүлэх боломжтой. Ингэвэл энэ хоёр биеийн цахилгаан-соронзон талбай цэвэршинэ. Хоолныхоо хэмжээг багасгах хэрэгтэй. Италийн Карпини, Францын Рубрук нар XIII зуунд Монголд ирж тагнаж үзээд бичиж үлдээснийг авч үзвэл тэр үеийн монголчуудын ухамсраа дээдэлж ХҮН чигээр нь авч явах программыг бага хоол гэж үзэхээр байгаа юм. Одоо юуны өмнө та программаа өөрчлөөд эртний өвөг дээдсийнхээ бага хоолны программыг суулга.

Дэлхийн хүмүүс тэр чигээрээ хоол руу хошуурч, хоолны жороор өрсөлдөж байх зуур араар нь суугаад үлдчихсэн ганцхан ард түмэн байсан нь монголчууд. Ухамсар амтанд уусч доройтдог гэдгийг олж мэдсэнийхээ хэрээр гал тогооноос ухамсартай татгалзаж, өөрийгээ хүн хэвээр нь авч үлдсэн жинхэнэ шинжлэх ухаанч агуу хүмүүс. Хоттой хониндоо барагтай гар хүрдэггүй, гадаа хаяанд нь ургасан байгалийн үнэгүй хүнсэнд ч ам хүрдэггүй ийм их ухааныг сэдэж амьдралдаа олон зуунаар хэрэгжүүлсэн тэр программ хангамжийг санал болгоё. Шүдний махаар хооллож, шүлсний усаар ундалж ухамсар, сүнс, энергийг цэвэр жинхэнэ хүнийх нь ёсоор авч явсан ард түмний хөгжлийн энэхүү программыг авч үз. Үүний л ачаар оюун санаа нь бохирдолгүй, эрүүл мэндэд нь ямар ч гажиггүй, эсийг нь эвдлэх буруу юмгүй, генид нь өөрчлөлт оруулах ямар ч үндэсгүй, тийм эрхэм нандин ёс суртахууныг, мэдлэгийг шинжлэх ухаанчаар олж үүнийхээ ачаар өөрсдийгөө хүн төрөлхтнөөс олон зуунаар урагш хөгжүүлж чадсан байдгийм. Ийм амжилт хүний түүхэнд гараагүй. Бидний мэддэгээс илүү сайхан юм бий эсэхийг мэддэггүй нь өөр сайхан юм, боломж байхгүй гэсэн үг биш шүү дээ. Энэ нь ердөө физик биеийн сэтгэлгээний түгжигдмэл байдлыг л харуулдаг юм.

-Дэлхий даяар хоол үйлдвэрлэл төрөл бүрээрээ хөгжиж, түүнийг дагаад төрөл бүрийн технологи бий болж олон мянган хүмүүс энэ салбарт ажилладаг. Та ч өөрөө энэ салбарын хүн. Бас бид тийм юм идвэл ийм юманд сайн гэж ярьдаг. Үүнийг одоо яах болж байна?

-Энэ бол зүгээр л бизнесийг дэвэргэж, хүн бүхэн ажилтай, сэдэгч нь зоостой болж байгаа нэг ядмагхан зүйл гээд ойлгочих. Тэгэхээр энэ чиглэлийн ном юмыг үүнээс хойш бүү үз. Дэлхийн хүмүүсээс энэ номоор яваад сайн сайхан болчихсон, 100 илүү насалчихсан, эрүүл саруул хүнийг олоод ир. Харин тэр дутагддаг, хэрэгтэй гээд байгаа юмаар чинь хооллохгүйгээр амьдраад ирсэн ард түмэн бий.

Гэтэл одоо бид хоол гээч хорондоо дасчихсан, юм бүхнийг холиод хийчихдэг хогийн сав болгочхож. Дээр үеийн хүмүүс ямар цэвэр ариун байж вэ гэдгийг харьцуулаад харахад бидэнд заавал билгийн мэлмий нээгдсэн байх албагүй. Өөрсдийгөө мэдье гэж хүсвэл мэдлэг маань бидний дэргэд бэлэн байж байна. Хүсэхгүй л байгаа юм. Яагаад гэхээр та хэрэглээнд барьцаалагдчихсан амьгүй албат, хэрэглээний золиос юм. Бид мэдээллийн хуулийг томьёолоод байна. Таван мэдрэхүйгээр хүлээн авч буй бүхэн мэдээлэл. Мэдээлэл гэдэгт таны сурсан мэдсэн, дуулсан сонссон, үзсэн харсан, судалсан, уншсан, өмссөн зүүсэн, идсэн уусан бүгд орно. Шинжлэх ухаан нь буруу учраас та бид хэрэггүй зүйлийн цуглуулга болж байна.

Ерөөсөө сөргүү мэдээлэл бүхэн өвчин эмгэг, гэмтэл согог, гай зовлонгийн эх үүсвэр болдог юм байна. ОХУ-ын эрдэмтэн, Уураг тархи судлалын институтын захирал, профессор Медведев “XVIII зууны бөглүү тосгоны тариачны авч байсан мэдээлэл хэмжээнийхээ хувьд XX зууны бизнесмений авч байсан мэдээллээс дутуугүй юм байна. Гагцхүү мэдээлэл өөрөө их өөр болжээ” гэсэн байна.

Мэдээллийн, гэхдээ сөргүү мэдээлэл давамгайлсан зах зээлийн энэ зуунд цоройж гарах ямар ч боломж байхгүй ухамсрын хувьд улам уруудана, доройтно. ТаТермодин амикийн хуулийг ойлгочихвол өнөөдрийн сөргүү мэдээлэл тараагч сонинг уншихаа, үзвэрийг үзэхээ байчихна. Сонгодог болон үндэсний урлаг, спорт гээд сайхан юмнуудаа л үз. Бусдыг нь та өөрөөсөө чөлөөлчих. Танд эрх нь байгаа шүү дээ. Ингэж яагаад чадахгүй гэж. Мэдэхгүйгээс та өөрийгөө хог новшинд хутгаж байна. Та хайран байна, би ч хайран байна. Алаан хядаан, аваар осол бүү хар. Би ундаасахгүй, би өлсөхгүй байна, надад ямар сайхан байна вэ гэсэн программыг өөртөө өгчөөд нэг өнжөөд үз. Ингэснээр их өөрчлөлт гарна. Эд эсүүд тань эхний өдөр “энэ чинь хоол ирэх л ёстой юу болчихвоо” гэж гайхшралд орно. Дараа нь “өө энэ чинь өөр программ суучихсан байна шүү дээ” гээд хагас өдөр, сайндаа бүтэн хоног ноцолдоно, тэр үед багахан өлсөнө, ундаасна, тэгээд л цааш тэр программаар ажиллаад ирэхээрээ хэрэгтэй, хэрэггүйгээ өөрөө гадагшлуулаад эхлэнэ.

Та сүүгээр амласан. Махаар, архиар, тамхиар амлаагүй. Хэдийдээ бид ийм юманд дасчихаад бүр салж чадахаа байчихдаг байнаа. Архи, тамхинд орсон нэгнийгээ муулж байна. Маханд орсныгоо өдөрт хэдэн удаа идсэнээр нь сайшааж байна шүү дээ. Яахаараа үүнийг сайшаах ёстой юм. Архинд орсонтой л адилхан юм шүү дээ.

Дэлхийн хүмүүс 56 тэрбум малыг жилд нядалж хэрэглэж байна. Энэ тоо 15 жилийн дараагаар хоёр дахин өснө. Солиорсон байгаа биз! Эрдэмтэд нотолсон байна шүү дээ. Хүнийг шүд амнаас нь эхлэж судалж үзээд бид чинь өвсөн тэжээлтний аймагт багтах юм байна гэжээ. Энэ их идэш сүүлд тансаг хэрэглээ гэдэг юмыг бий болгосноор гарч ирсэн. Ингэж л бид элдвийн хэрэглээг эрж хайж олоод, энийг нь далимдуулаад бизнесүүд хэрэглээг нь бүр нэмээд ашиг олох үйл ажиллагаандаа ашиглаж бидний нүдийг хуурсан, сэтгэлийг татсан юм хийж оюун санааг чинь өнгө, амтанд уусгаж байна. Би анх найман настайдаа орос печений хэлтэрхий олж амссан хүн. Амттангүйгээр үхэж үрэгдсэн хүнийг би л лав нутаг уснаасаа олж үзээгүй юмдаг.

Бидний ярилцлагыг уншаад “энэ хүн солиорчээ” гэх нь олон бийг би мэдэж байна. Яагаад гэхээр та хэрэглээгээ өмөөрөхөөс өөр юу ч бодох чадваргүй, энэ хэрэглээгүй бол үхэж хатах нэгэн болжээ. Гэхдээ таны, уншигчдын аз таарвал “магадгүй, юусан билээ” гэх хүн ч байх биз. Би дандаа хоосон ходоодоор амьдар гээгүй байна. Ямар ч байсан программаа өөрчилж махбодийнхоо 100 триллион эсийг зөв удирдаж ажиллуул. Энэ бүх хорт программаас нэгийг ч үлдээлгүй устга гэдгийг хэлэх байна. Таны одоогийн программаар өдөрт 3-4 удаа хооллох ёстой, үүний хоёр нь махан хоол, чанарлаг тэжээллэг хоол ид, ядарчихна, өвдчихнө, 2300 ккал илчлэг авахгүй бол үхнэ гэсэн өгөгдөлтэй байгаа шүү дээ. “Цай холдлоо,толгой өвдөнө” гэдэг программыг өгснөөс арван хормын дараа толгой тань өвдөж эхэлдэг. Программ ингэж үйлчилдэг. Яагаад гэхээр аливаа программ тань 100 триллион амьд эсийг удирдаж байгаа. Ерөөсөө хоол идэх завгүй байж байгаад орой гэртээ харьж явахдаа “хөөх бүтэн өдөр хоолгүй” гэдэг айхтар программ өгөөд л гэртээ ирээд идэж өгнө шүү дээ. Идсэн хоолны тань 15 хувь нь л шингэдгийг эрдэмтэд тогтоосон. Тэгээд ч одоо үед ам руу юм хийе гэсэн ч аюулгүй юм үнэндээ ховор болж. Эх орны хөрсөнд тариалсан тариа, ногоогоо идэе гэсэн чинь хэзээний химийн бодисоор хэтрүүлж бордчихоод сууж байна шүү дээ. Махаа аваад үз. Гялайх ганц цагаан энерги алга. Малын хулгайч болоод хэдэн ченжийн гар дамжсан хөлжих шуналыг л зооглож байна. Энэ махаар тэжээвэл нохой гутна. Махан хоолтон жилд нүүрс хүчлийн хийнд шилжүүлснээр 4080 кг, харин цэвэр цагаан хоолтон 190 кг хий ялгаруулдаг гэсэн эрдэмтдийн судалгааг НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн 2008 оны “Дадал зуршлаасаа салцгаая” (Kick the Habit, 2008)номонд бичсэн байна. Бид яагаад өөрийгөө өөрчлөж болохгүй гэж. Хүн тархиныхаа бус ухамсрынхаа удирдлагад захирагдах ёстой. Бусдыг дуурайж идэж ууж, хэрэглэж байгаа бол та зүгээр л сармагчин. Энэ бол хүн төрөлхтний асуудал. Магадгүй монголчуудад илүү ч байж болох юм. Бид их хөгийн тоглоомоор тоглоод сурчхаж. Хурдан морь уралдуулах, бөх барилдуулах, дайлин хөөргөөр, машинаар, өмссөн зүүснээрээ өрсөлдөх гээд. Энэ чинь хүн төрөлхтний хамгийн доод болхи сэтгэлгээ. Би үүнд тохирох хамгийн муу үгийг олж хэлж чадахгүй нь. Тохирчихоор үг нь үгсийн санд байхгүй ч байж мэднэ. Би хэрэглээ руу тань бус ухамсар руу тань дайрч байна. Ингэтлээ доройтчихоод өөрийгөө ХҮН гэж нэрийдэх үү? Бид ухамсар биеийнхээ хөгжлөөр өрсөлдөх хэрэгтэй. Өрсөлдөх гэдэг үг өөрөө хэт зохимжгүй бүдүүлэг байна л даа. Бурхан гээч түвшинд хүрэх, энэ л хөгжил, энэ л зорилго юм. Энэ нь шашин мэт сонсогдож магадгүй. Гэвч үүнд ямар ч шашин байхгүй. Өөрийгөө хөгжүүлж болох, танд буй бэлэн боломжийн тухай л ярьж байна. Монгол хүн мах идэхгүй бол хэцүүднэ гэдэг зүдэг программаа орхиё гэхэд хажуу дахь хүнээ харах л үлдээд байна шүү дээ. Дэлхий дээр 850 саяас нэг тэрбум цагаан хоолтон амьдарч байна, тэд үхэж доройтоогүй. Махыг эрхэмлэсэн бид айхтар түрэмгий, дайсагнасан, бие биеэ үзэн ядсан, дүрэлзсэн хүмүүс л байна шүү дээ. Эх орноо, ард түмнээ ямар болсныг зүгээр энгийн жишээгээр хар л даа. Ямар юмных нь нотолгоо баримт шаардаад байх вэ дээ.

-Энэ бүхнийг хийхэд амаргүй санагдах юм?

-Ингэж оюун санаагаа хордуулах хэрэггүй ээ. Ийм нэг буруу программ л биднийг, улс орныг хордуулж, сөнөөж байгаа хэрэг. Таныг өнгө, мөнгө ч, амт ч хордуулна, танд шохоорхогдож байгаа бүхэн чинь таныг эрүүл биш болгоно. Монголчууд өнгө татах даавуугүй цагаан нэхий дээлтэй байхдаа муудаагүй, харин ч гаргууд амжилтанд хүрсэн юм. Ил галтай утаа тортог болсон цавагтай үедээ агуу байсан юм. Яагаад гэхээр тэдний оюун ухаан эрүүл байж. Оюун ухаан цэвэр учраас хүн байгальтайгаа, малтайгаа, ан амьтантайгаа харьцах харьцаа өнөөдрийнхтэй зүйрлэхийн аргагүй байж. Таны асууж байгаа асуултын хариуг бид өнөөдрийнхөө түвшинд одоогийнхоороо сэтгэх юм бол хэзээ ч гарцыг нь олохгүй. Өнөөгийн шинжлэх ухааны мухардлын шалтгаан нь энэ юм.

-Уул, ус, газар шороонд ч энерги байна биз ?

-Энергижих үйл явцыг л амилах, амь орох гэж бид одоо үзэж байгаа юм. Дорно дахины мэргэд айхтар шинжлэх ухааныг бий болгосон байдаг. Зураг, баримал, уул, овоо, усанд эергүү энерги буюу сэтгэл шингээгээд тэр зүйлийг амилуулна гэсэн үг. Уул, ус, газар шороо, мод бүхэн энергитэй, тиймээс ч амьтай юм. Амьгүй гэж ойлгодог учраас хаа сайгүй алт, эрдэнэс, баялаг эрж газар шороогоо ухдаг. Энэ чинь ухаангүй балмад явдал. Авсан бүхнийхээ хэрээр эргээд төлбөр төлдөг жамтай.

-Хүн амт, өнгөнд тачаадах болсон нь шуналаас болдог юм болов уу, ер нь шунал хаанаас үүдэлтэй вэ?

-Шунал, хүсэл тачаал, хувиа бодох, ер нь хамаг муу юм харанхуй мунхагаас үүдэлтэй. Шүдээ хэдэн литр ус гоожуулж юмуу аяганд балга ус хийгээд угаачхад шүдний тухайд ялгаа байхгүй. Эх дэлхий, эх орон, эдийн засгийн талаас сэтгэл эмзэглэн бодож байгаа бол хүнлэг, эс бөгөөс балмад үйлдэл мөн. Энэхэнийг мэдэхэд заавал гэгээрсэн байх шаардлагатай гэж би бодохгүй байна. Бид улс орноо, бусдыгаа өөрөөсөө түрүүнд тавьж байвал дэлхийгээ аврах үйлдэл мөн. Би л болж байвал бусад нь хамаагүй гэж бодож буй бол харанхуйн дунд нүдээ тас аниад зүтгэж байгаа нэгэн.

Ийм л байдлаар сохор нь сохортоо замчлаад ангал руу явж байгаа энэ дүр зураг одоо бэлхнээ монголыг тодорхойлж байна. Бид оюун санаагаа, ухамсраа, сүнсээ, өөрийгөө ХҮН болтол нь өөд татахгүй бол ангал руу цөмөөрөө унана.

-Ходоод бохир учраас оюун санаа бохир байна гэж ойлгох нь зөв үү?

-Үгүй. Оюун санаа нь бохир учраас бүх юм нь бохир болчихож байна. Тэгээд түүгээрээ бид ертөнцийг бүхэлд нь бохирдуулж байна. Бүр бузарлаж байгаа юм. Буруу үзэл бодол гэдэг чинь тэр чигээрээ л муу энерги юм. Хаврын хаварт жагсаал цуглаан хийгээд, хашгиралдаад, байгаагаа хэмхчээд, чулуудаад, алаад, тоноод байгаа чинь зөвхөн Монголд биш дэлхий нийтийнх. Энэ бүхэн дээшээ гурван ертөнцөд нөлөөлнө.

аныхаар ХҮН болж амьдаръя гэж бодъё л доо. Тэгэхээр юуг ч үгүй хийхгүй, бас юуг ч бүтээхгүй, юу ч хүсэхгүй тийм болохоор хөгжихгүй хүй нэгдлийн үеийнх шигээ амьдраад байх уу. Жаахан зөрчилтэй санагдаад байна?

-Та хүслийн тухай ярьж байна. Яг л нөгөө материалжсан хүнийхээрээ ярьж байна. Материаллаг хүсэл сонирхлоо дээдэлсэн, үүндээ хөтлөгдөн байгаа цагт одоогийнх сайхан, хүй нэгдлийнх муухай гэж шууд бодохгүйгээр хэлнэ. Тэр үеийн хүмүүсийн ухамсар чухам юуг хүсч, юуг эрхэмлэж байсныг бид мэдэхгүй. Хөгжил гэж бидний яриад байгаа юм бол маханбодийн хэрэглээний хангамж талыг л хэлж байна. Зөвхөн тэр ногоон өнгөтэй мөнгө “толгой дээр нь гараад суучихсан, бурханы орон зайг нь эзэлчихсэн” байгааг хөгжил, гайхамшиг мэт ойлгоод байна. Энэ бол бидний 60-70 хувийг, ухамсрын хэрэгцээг хангах арга биш. Хүн бээр өөрийн дотоодод амар амгаланг, тэрхүү нэн тансаг гайхамшигтай диваажинг бий болгосноор агуу болж чадна. Тэр үед аахар шаахар хэрэглээ аяндаа чухал байхаа болино. Өөрөөр хэлбэл та өөрийгөө олсон цагт л бүх юм аяндаа таных болно. Өөрсдийгөө ёлкны мод шиг болгочхоод гудамжаар алхаж яваагаа хамгийн дээд сайхан гэж яагаад бодох ёстой юм, яагаад үүнээс өөр хүсэл тэмүүлэл бидэнд байж болдоггүй юм. Яагаад заавал ордон шилтгээнд суух, хэдэн машин сольж унах хүсэл тэмүүлэлтэй байх гэж.

-Хүн төрөлхтөн дэлхийгээсээ авдагаа аваад дууслаа. Цааш хөгжих боломжгүй боллоо. Цаг нь болоод жамаараа л мөхөх дөхөж байна гэсэн аятай юм сонсож байсан юм байна?

-Тийм биш ээ. Бид хэрэглээгээ ухаалаг зөв болговол хичнээн тэрбум хүн амыг ч энэ дэлхий даана. Би зөвхөн энэ дэлхийг олон хүн даадаг болгох гэсэндээ хэрэглээгээ багасга гэж хэлээгүй юм шүү. Тэрүүнийг хүн бүхэнд хувааж өгөх гэж, өөрөө бас хувь хүртэх гэж тэгж байгаа ч юм биш. Тэр ухаангүй хэрэглээ угаасаа хэрэггүй зүйл, хэрэггүй учраас л тэгэж хэлж байгаа юм.

-Баярладаг, гомддог, ичдэг, инээдэг, боддог, сэтгэдэг, уйлдгаа бид бусад амьтдаас ялгаатай буюу хүн гэж тодорхойлдог. Тэгвэл таны ярьж байгаа ХҮН хэтэрхий сэтгэл хөдлөлгүй гөлгөр болчих юм биш үү?

-Бас л нөгөө өчүүхэн физик биеийн хэмжээний бодол, тэр л хэмжээний асуулт байна шүү дээ. Уурлаад, инээгээд элдвээр аяглаад байгаа нь таны яг жинхэнэ мөн чанар чинь биш. Гөлгөр дүмбэгэр нь ч бас биш. Та өөрийгөө олчихвол өөрийнхөө бүх юмтай зохицонгуй, зохиронгуй болох болно. Жинхэнэ мөн чанараа олчихвол та хэзээ ч уйдахгүй, уйтгарлахгүй. Энэ ертөнцөд баяр баяслаас өөр юуг ч мэдрэхээ болино.

-Та өмнө юу ч идэхгүй байж болно, бас өөрийгөө эмчилж ч чадна гэж хэлсэн. Энэ үнэхээр боломжтой юу?

Боломжтой. Хүний бие махбодь дээд зохион байгуулалттай автомат систем юм. Энергээрээ ундалж, хооллож, эс, эд, эрхтнийг цэвэрлэж, бүр ариутгах ч боломжтой.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ