Facebook Twitter youtube
“Шим”-ийн Цандэлэг: Монголд мафи байхгvй болохоор улстөрчид давраад байна
2017-11-18 өдөр 06:23

tsandelegeeБизнест өөрийн гэсэн намтар түүх, гаргасан зам мөртэй, өнөөгийн баялгаа бvтээсэн хуруу дарам цөөхөн бизнесмэн байдгийн нэг нь “Шим”-ийн Цандэлэг. Хэлэх гэснээ шулуухан хэлчихдэг, хэнд ч тал засаж, шарвагнадаггүй, шаардлагатай бол шанаа өгчихдөг, хийвэл хийчихдэг өнөө цагт ховордсон ойлгомжтой араншин энэ ноёнтных. Ямартаа л 90-ээд оны эхэн vед тарваганы арьс зөөж, гахай ганзагалж явахдаа Оросын мафиудаас “шийртэй Монгол” нэр авч явсан цөс ихтэй эр. Монголын шинэ vеийн баячуудыг оройлж, хамгийн анх хаус гээчид амьдарсан нь мөн л Л.Цандэлэг ноёнтон. Хvн ганц амьдрах насандаа сайхан морь, эмээл, сайхан байр, машин ер сайн сайхан бvхнийг эдэлж хэрэглэх ёстой гэж vздэг тэрээр мөнгөтэй хэрнээ уруу дорой амьдардаг, Гобсек шиг хvмvvсийг ойлгодоггvй гэсэн.
Зах зээлийн нийгэмд хvмvvс машин унаа байтугай талхныхаа мөнгийг хэрхэн олохоо мэдэхгvй байх vед тэрээр Монголд байтугай Орост нүдний гэм болсон үнэтэй, чамин тэрэг хөлөглөж олныг гайхуулж явсан. Төмөр хүлгийн төдийгүй хурдан хүлгийн хоббитой ноён Л.Цандэлэгийг манайхан алдартай уяач гэдгээр нь сайн мэднэ. Муу хүнтэй нөхөрлөснөөс адуунд дурласан нь хамаагvй дээр гэж үздэг тэрээр хойно инженер, эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Ингээд энэ яриаг сонирхъё.
-Ноён Л.Цандэлэгийн ажлын нэг өдөр хэр өрнөлтэй өнгөрдөг бол? Энэ тухайгаа манай уншигчидтай хуваалцвал ямар вэ?
-Хувийн бизнес эрхэлдэг болохоор цаг нар нэг их хязгаартай биш. Их ажилтай үедээ өглөө хар үүрээр босоод шөнө 2, 3 цаг хүрч амрах нь бий. Ачаалал багатай vед гэртээ амраад, үр хүүхдүүдтэйгээ тоглож наадаад ажлаа хийхгvй байсан ч болдог. Жишээлбэл, морь, мал уяж байгаа зуны цагт эрт босно. Өвөлдөө бол унтах дуртай.
-Цандэлэг гээд тийм ч түгээмэл биш нэр. Таны нэрний утга, учрыг сонирхож болох уу?
-Би эхээс дөрвүүл. Манай өвөө аав их чадалтай лам хvн байсан юм. Цандэлэг гэдэг нь өвөөгийн маань хайрласан нэр. Төвд номын нэр гэнэ лээ. Өдөр сайхан, өдрийн од ч гэж орчуулагддаг. Аав маань тухайн үед “миний хүүд их сонин нэр өглөө” гэхэд нь өвөө “Би нэг хүүхдэд толгойг нь мэдээд нэр хайрлачихья” гэж уурлаж байсан юм гэсэн. Өвөө маань ном судар, хөөрөг даалингаа надад нэр зааж үлдээсэн байдаг юм. Өвөөгийн өмчилсөн хүүхэд байсан гэх үү дээ.
-Та бол Монголын анхны бизнесмэнvvдийн нэг. Орос, Монголын хооронд жим гартал тарваганы арьс зөөж, амаргүй замыг туулж хөл дээрээ боссон хvний нэг нь. Оросын мафиудаас “шийртэй Монгол” нэр автлаа явж байсан тэр цагийг эргэж дурсвал сонин байх болов уу?
-80-аад оны vе хаалттай нийгэм байсан. Хоёр нийгмийн зааг дээр хойно сурч, бас амьдрах гэж vзэж байлаа. Тэнд сурдаг оюутнуудын нэг хэсэг нь ээж, аавынхаа явуулсан мөнгө, стипендийнхээ хvрээнд даруухан амьдарна. Мань мэтийн нэг хэсэг нь арай илүү харж, юухан, хээхэн зөөж мөнгө олчихдог байлаа. Илүү сайхан амьдарчих юмсан, арай илүүг өмсөж, эдэлчих юмсан гэж тэмүүлж явсан залуу нас. Хос жийнс, өдөн куртка, алтан цаг зүүгээд охидод харагдчих гэсэн хүсэлтэй. Тэр хүсэлдээ хөтлөгдөж бизнест хөл тавьж байлаа. Москва, Бээжин, Улаан-Үд, Новосибирск, Одесс гэх мэт хотуудаар явж мөнгө олдог байлаа.
Тарваганы арьс зөөнө. Оросын мафиуд дээрэлхэх гэж vзнэ. Ангарск, Сибирь чинь тэр аяараа Оросын цөллөгийн газар нутаг шvv дээ. Сибирьт том том шоронгууд байдаг. Тэндээс гарсан улсууд голчлон Сибириэр амьдардаг. Хулгай дээрэм, хүн амины хэрэг, хүчирхийлэл гаарчихсан газар. Тийм газар бид амьдарч, наймаа хийнэ. Хэцүү ш дээ. Залуу байж дээ, юмнаас айдаггvй. Тэгээд бас нэлээн хөдөлгөөнтэй, спортоор хичээллэдэг байсных Оросуудтай нэлээн үздэг байлаа.
Багаасаа л хүнд дээрэлхүүлэхгvй, хүний дор амьдрахгvй гэсэн хүсэл эрмэлзэлтэй амьдарч ирсэн дээ. Тэр шарандаа л нэлээн үздэг. Машинаас зvvгдэж 2 км явсан ч тvvх бий. Хэдэн Оросууд арьсыг чинь vзье гэж машиндаа оруулчихаад зугтчихдаг юм байна. Тэгээд л машинаас нь зүүгдээд 2 км шахуу явчихсан. Сүүлдээ нөгөө хэд чинь төв зам руу орж ирээд аргаа барахдаа миний арьсыг өгч, танилцаад нэмж мөнгө өгч байсан юм даг.
-Ёстой аймаар юм байна. Таныг ааг омогтой, юмнаас айдаггvй зан чинь сүүлдээ Оросын мафийнханд таалагдаж, таньтай бүр найз нөхөд болж, эр хvний ёсоор нөхөрлөж явсан гэдэг vнэн юм байна?
-Хүнийг айлгаж ичээдэг, доромжилдог хэсэг байхад томчууд нь бол арай өөр. Бид сүүл рүүгээ ганц хоёроор биш их хэмжээгээр арьс зөөж эхэлсэн л дээ. Тэгээд том гаруудтай найзалж эхэлсэн, Зориг зүрхтэй байсан ч юм уу, өөрийгөө зөвөөр ойлгуулснаар Ангарскийн том гаруудтай итгэлтэй түншүүд болж ирсэн л дээ. Ер нь хүн болгонд бизнес хийх өөр өөрийн чанар гэж байдаг. Итгэл гэдгийг би Оросуудад мэдрүүлж чадсан. Сүүлдээ 500 ширхэг булган малгай авчраад, мөнгийг нь өгөөрэй гээд явчих жишээний байлаа.
-Тийм эрт бизнест хөл тавьсаныг бодсон ч найз нөхдийн хүрээлэлдээ хэнийг голдуу оруулдаг вэ? Ялангуяа эрчvvдийн нөхөрлөл нэлээн өндөр шалгууртай байдаг юм шиг?
-Морь мал уядаг, хөдөө гадаа их явдаг хүний хувьд хөдөө тал руугаа найз нөхөд их бий. Шоронд ч найз нөхөд байна. Их хуралд ч сайхан найзууд байна. Хүний найз, нөхөр гэдэг хэмжээ хязгаар, өнгө мөнгө, нэр хvндийн асуудал биш. Хvн ер нь ямар явснаа мартаж болохгvй. Нөхөрлөл гэдэг цаг хугацааны хэмжүүрээр шалгарч үлддэг зvйл. Хүний амьдралд зовлон ч их, жаргал ч их. Зарим нь мөнгөтэй хөрөнгөтэй болоод, албан тушаал, vерхэл нөхөрлөл, эхнэр хүүхдээ хүртэл сольчихсон байдаг. Зарим нь алдаж эндээд, наашаа цаашаа болчихсон нь ч байна. Энэ бvхэнд эр хүний нөхөрлөлийн үнэ цэнэ харагддаг. Ядарсан vед нь харж ханддаг, даварсан vед нь ганц шанаа өгөх жишээний. Ийм нөхөрлөл их сайхан байдаг даа.
-Таныг “Шим”-ийн Цандэлэг гэхээс гадна уяач гэдгээр чинь хvмvvс андахгvй. Өнгөрсөн наадмаар алдарт уяач цол авсанд тань хожимдсон ч гэсэн баяр хүргэе. Ер нь морь мал, хурдан хүлэгтэй амьдралаа холбосон vе хэдийнээс вэ?
-1997 оноос хойш морь малтай ойр явна. Цэргийнхээ нэг сайн найзтайгаа хөдөөгvvр явж байгаад нэг ядарсан айлаас морь худалдаж авсан. Худалдаж авъя ч гэж бодоогvй юм аа. Жаахан уучихсан явж байхад нэг ядарсан залуу шар тайлж, хоол хийж өгсөн. Удалгvй л морио магтаад эхэлсэн. Тэгээд л авчихсан хэрэг. Тэр нь улсад айрагдсан. Тэгж л моринд “орсон” доо. Алдарт, манлай уяач гэдэг нь хvрч болшгvй өндөрлөг гэж боддог байлаа. Моринд мөнгө хөрөнгө, цаг заваа хайргvй зарж ирсэн. Эцэст нь үр дүнг нь vзэж байна. Хүн ямарваа нэг зvйлд зориглоод тууштай байвал үр дүнд хүрч болдгийг эндээс харж болно.
-Монгол эрийн чимэг сайн морь, сайхан хүүхэн гэж үгтэй. Үнэхээр л харж байхад мөнгөтэй, амбицтай, хийморьлог эрчүүд хурдан хүлэг илүү сонирхдог нь ажиглагддаг?
-Морь, бөх, сур гэдэг Монгол эр хvний цусанд байдаг хобби. Хааяа боддог юм, муу хүнтэй нөхөрлөхийн оронд адуунд дурласан нь дээр гэж. Адуу бол эр хүний хийморь. Төрийн сүлдэнд адуу байдаг нь их учиртай шүү дээ. Бидний тvvхэнд их vvрэг гvйцэтгэсэн амьтан. Дайн байлдаан, ард тvмний ахуй амьдрал гээд ярьвал адуу бидний түүхтэй салшгүй холбоотой. Ялангуяа, хурдан морь гэдэг онцгой төрсөн, онцгой хувь зохиолтой амьтан л даа.
-Уяачид хурдан хүлэг гэдэг хүнийг сайн, сайхан эрчүүдтэй нөхөрлүүлдэг буянтай амьтан гэх нь элбэг. Хурдан хүлгүүд тань таны нөхөрлөлийн хүрээг чамгvй тэлсэн биз?
-Үүн дээр нэг л юм хэлье. Нэг удаа их хурлын 2 гишүүнтэй хамт чонын авд явж байтал машин цасанд суучихдаг юм байна. Тэгээд хажуу талын айлаас тракторыг нь гуйгаадах гээд нөгөө хоёроо явуулчихаад би жолоочтойгоо цасаа ухаад vлдлээ. Тэгтэл нөгөө айл маань шатахуун дууссан, чадахгvй гээд шалтгаан тоочоод хөдөлдөггүй гэнэ. Тэгэхээр нь би очоод танилцаад морь, мал уядаг гэсэн чинь трактор нь асаад очоод татаад гаргаад өгчихсөн. Ялангуяа хөдөөний ард түмэн, Монголчууд морио тэгж дээдэлдэг. Хотод мэдээж би ялагдаж, нөгөө хоёр маань дийлнэ л дээ. Би 300-аад адуу, 20 гаруй азаргатай. Үнэ хаяж авсан адуу гэвэл 2006 онд 35 саяар адуу авч байлаа.
-Таныг ойр дотныхон чинь хэлэх гэснээ хэлчихдэг, жинхэнэ мужик гэдэг юм билээ. Тухайн vедээ Монголдоо байтугай Орост байхгүй ганган машин унаж байсныг тань мэдэх юм. ?
-Гоё машин унах дуртай. Унаж vзээгvй машин гэж байхгүй дээ. Хүн ер нь амьд яваа насандаа сайхан морь, сайхан эмээл хазаар, сайхан гэр орон, сайхан унаа тэрэг эдэлж хэрэглэж байх ёстой гэж би боддог. Сайн, сайхан амьдрах нь хүний амьдралын зорилго юм даа. Өөрөөсөө юм харамладаг, нэг сонин хувцас өмсчихөөд, эхнэртээ ч нэг сонин машин унуулчихаад яваад байдаг эрчvvд байдаг. Гобсек шиг. Би тийм хүмүүсийг ойлгодоггvй. Хүний нас богинохон, тиймээс байгаа vедээ байгаа юм шиг амьдарч, байгаа юм шиг эдэлж хэрэглэж амьдрах хэрэгтэй гэж боддог.
аны зүүж байгаа алтан цаг таны бэл бэнчин, имижийг илтгэж байна. Нууц биш бол энэ цагийн үнийг сонирхож болох уу?
-Энэ чинь Rolex, яахав дээ, 60 мянган долларын vнэтэй эд.
орь, мал эр хүний чимэг гэдэг. Тэгвэл орчин vеийн эр хvний хувьд та юугаар гангардаг вэ?
-Одоо бидний нас явчихжээ. Залуудаа бол хос жийнс л өмсөхгvй бол болдоггүй байлаа. Хувцас бурхан, бие чөтгөр гэдэг. Тиймээс хувцсандаа анхаардаг аа. Монгол хувцасны тухайд чанар, чансааг нь мэднэ. Европ хувцасны тухайд мэдээж брэнд гэдэг vнэхээр чанартай болохоор л товойгоод гараад ирчихсэн байгаа шvv дээ. Үнэ мөнгө нь нэг их чухал биш, биед тохиромжтой байхыг чухалчилдаг.
-Ноён Цандэлэгийн гэр бvлтэй танилцаж болох уу?
-Миний гэргий сайхан бvсгvй бий. Миний сайн яваагийн 50 хувь миний эхнэрийн хvч.
-Амьдралын тав тух гэж чухал юм бий. Таныг хаусад амьдарч байсан анхны хvн гэдэг юм билээ. Ер нь амьдралынхаа тав тух, орчин нөхцөлд хэн нь илvv санаа тавьдаг вэ?
-Тэр vед Оргил рашаан сувиллын тэнд хувийн орон сууц байдаггvй байлаа. Тэнд Сономпил, манай Энхбат, авто тээврийн газрын дарга байсан Рэнцэндорж гэдэг хурандаа бид 4 анх хувийн орон сууц гэдгийг барьж орж байлаа. Эхний vед манай авгай, хүүхдүүд хүнгvй зэлүүд газар эвгүй байнаа, хурдан ирээч ээ гэдэг байсан. Одоо бол тэнд хөл тавих зайгүй болсон. Гэр орны тохижилтын хувьд гэргийн маань ихэнхийг нь нугалдаг даа.

-Ингэхэд мөнгө гэж ноён Цандэлэгийнхээр юу вэ?
-Мөнгө бол эрх чөлөө. Мөнгөгүй эрх чөлөө гэж байдаггүй. Гараад нэг гэдсээ цадтал сайхан хооллое гэхэд мөнгө хэрэгтэй. Сайн боловсрол эзэмшье, аятайхан машин аваад уначихъя гэхэд мөнгө хэрэгтэй. Найзынхаа зовлонг хуваалцъя гэхэд мөнгө хэрэгтэй. Хvн мөнгөгүй байж болохгvй. Мөнгө олдог байх хэрэгтэй. Мөнгөөр хүмүүсийн зовлон бас жаргалыг хуваалцаж чадна. Тиймээс мөнгө тэр чигээрээ эрх чөлөө. Амьд явахын баталгаа.
-Ер нь иргэн хүнийхээ хувьд өнөөгийн улс төрд үнэлэлт дүгнэлтээ өгч суудаг биз дээ?
-Улс төр болохгvй байнаа. Бизнес, улс төр 2 нэг хөнжилд ороод байна. Эрхээ авсан нам хүмүүсээ тарааж байршуулаад, бизнес хийчихэж байна. Авлигал дээд цэгтээ хvрчихлээ. Маш сонин сонин хvмvvс дээшээ гарч байна. Бараг миний жолооч байсан хvмvvс өнөөдөр улс төрийн алба хашаад, аймаар их мөнгөтэй болчихсон явж байна. Цагдаа, шvvх, гааль, хянан шалгах газар гээд төрийн нэрийг барьсан рекетүүдээр Монгол дvvрсэн. Энэ арай гаарчихлаа.
Ингэж болохгvй. Эд нарыг давраачихсан байхгvй юу. Монголд мафи байхгvй болохоор улстөрчид давраад байна. Энэ хатуу болоод хамгийн үнэн үг шvv. Мафи байж байж энэ идэж, уугаад байгаа хүмүүсийг хазаарладаг. Гаргаж тавьдаг, бас хуваалцдаг. Монголд одоохондоо мафи байхгvй л дээ. Уг нь бол байх ёстой. Улаанбаатарын газар дуусчихлаа л гээд байдаг, гэтэл над дээр 23 газар барьчихсан залуу орж ирлээ. Тэрний дундаж vнийг бодоход ойролцоогоор хэдэн арван сая доллар хүрнээ. Миний мэддэг нэг хүүхэд 3 сая доллараар ашигт малтмалын лиценз зарсан.
Яахав дээ, энэ ард түмний өмч мөн л дөө. Гэхдээ цөөхөөн эрх мэдэл авсан хүмүүсийн хvрээнд хэт замбараагvйгээр эргэлдэж байгаа нь шударга бус. Болдогсон бол их хурлын гишvvн болоод, над шиг хэдэн хүнтэй нийлж байгаад энэ хууль бусаар баяжсан хүмүүсийг буцаагаад байранд нь тавьж vзэхсэн. Надтай адилхан ганзага үүрээд, улаан гараараа, бор зүрхээрээ амьдралд хүрсэн хүмүүс бий. Гэхдээ цөөхөөн улсууд байдаг юм, 50, 60-д л эргэлдэнэ. Ийм хүмүүсийг би хүлээн зөвшөөрдөг.
-Нээрэн л тань шиг бор зүрхээрээ баялгаа бүтээсэн хvмvvс цөөхөн шvv?
-Би жишээлбэл, улсын өмчөөс ганц үйлдвэр, ганц газар авч үзээгvй хүн. Гэхдээ би өөрийгөө хоцорсон гэж боддоггүй. Би шударга хөдөлмөрөөр мөнгө олдог. Мөнгийг үнэргvй гэдэг. Мөнгө үнэртэй. Би зөв үнэртэй мөнгө үр хүүхдүүддээ үлдээе гэж боддог. Аав нь зовж байсан юм чинь, миний хүүхдүүд үнэтэй машин унаад бардам яваг л дээ. Тэгэхэд өнөөдөр буруу, муухай үнэртэй мөнгөөр авсан хаус, машин уначихсан явж байгаа хүмүүсийг хараад дотор муухайрдаг. Дургүй хүрдэг. Ард түмэн үүнд чинь бухимдаад яриад л байна шүү дээ.
Ардчилсан нам, Ардын намын 200-гаад өрх Монголоор тоглож байна. Цагдаа шүүх, хил гааль, яам тамгын газруудыг хэдхэн өрх хуваагаад эзэмшчихсэн.
Үүнийг би жагсаалтаар нь ч гаргаж чадна. Ийм байж болохгүй ээ. Мафи хэрэгтэй байна, эд нарыг цээрлүүлэх ёстой. Буруу замаар олсон их мөнгийг хорвоо даадаггүй ш дээ. Цөмрөөд, цөмрөөд уначихдаг. Үүнтэй адил энэ буруу аргаар мөнгө олчихсон хүмүүст бурхан гэж байдаг юм шүү гэж хэлмээр санагддаг юм. 2007 онд гэхэд л 30, 40 дээд тал нь 100 сая доллартай болчихсон хүмүүс Монголд байсан. Тэд цадаж, ханахгvй улам л цаашаа яваад байна. Тэр мөнгөнөөсөө ядарсан ард тvмэнтэйгээ хуваалцвал хичнээн их ядарсан айлын тогоотой хоолонд махыг нь нэмж, буян үйлдэнэ гээч.
-Та их өөрийнхөөрөө, хэтэрхий шударга араншинтай хvн санагдлаа. Яг vнэндээ Монголд бизнесээ ашигтай явуулъя гэвэл ямар нэг улс төрийн “малгай” хэрэгтэй гэж ярьдаг. Магадгvй таны энэ араншин бизнест чинь нөлөөлдөг vv?
-Яг үнэн. Нөлөөлчихөж байгаа байхгvй юу. Би ажлаа бvтээхийн тулд хүмүүст тал засаж мөнгө өгч чаддаггүй. Ядаад л хүмүүс айгаад авч чаддаггүй. Энэ сахалтай нөхөр айхтар гэдгийг хараад мэднэ ш дээ. Энэ утгаараа миний бизнесүүд хумигдаж эхэлж байна. Би дэлгүүрийн сvлжээ хийж vзсэн. Хаагдсан. Бараа оруулаад ирнэ. Татвараа хууль ёсоор нь төлөхөд 1000 төгрөгөөр зарагдахаар бараа байдаг. Гэтэл нөгөө барааг өөр дэлгvvрт 800-аар зараад эхэлдэг. Яасан гэхээр, тэд татвараас нуугдчихсан байдаг. Монголд өнөөдөр шударга бизнес эрхлэх нөхцөл алга. Улс төртэй холбогдож эсвэл авлигалтай нөхөрлөх замаар л бизнес эрхэлж байна. Үүнийг цэгцлэх цаг нь болсон. Монголд шударгаар бизнес эрхлэх боломжгvй гэдгийг би яс махаараа мэдэрсэн хүн. Тиймээс хэлдгээ хаана ч хэлнэ.
-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ