Facebook Twitter youtube
МАН-ын 65-аа бөөгнүүлж чадаагүй хүн 200 мянгыг нэгтгэж чадах уу?
2017-11-15 өдөр 03:57

hay(1)МАН-ын Их хурал хэдхэн хоногийн дараа хуралдаж, олны анхаарлыг татаж буй намын даргаа тодруулна. Өнөөдрийн байдлаар УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярвааг МАН-ын даргын төлөө зүтгүүлсэн тухай яриа Саарал ордонд хөврөх болов.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа одоо 65-ын албан ёсны бүлгийн дарга. Гэхдээ бүлгээ бүрэн дүүрэн зангидаж хараахан чадахгүй байгаа нь нууц биш. Тэр ч бүү хэл “33” болон “32”-ын бүлгийг нэгтгэх гэж чармайх ч үгүй яваа гэсэн шүүмжлэлд өртөх болсон.

Тиймээс л Д.Хаянхярваааг 65-аа бөөгнүүлж чадаагүй хүн 100 мянган гаруй гишүүнээ нэгтгэнэ гэдэг худлаа гэцгээж байгаа. Мань хүний нэр мөнгө төгрөгийн асуудалтай ч хутгалддаг.

Тодруулбал, тэрбээр Сангийн сайд байхдаа монголчуудыг алагчилж, өөрийн тойргийн сонгогчдод нэг сая төгрөг тараагаад, бусдыг нь гар хоосон үлдээсэн гээд л яриа эхэлдэг.

Мөн Хонгор сум цианит натрид хордож, мөнгөн усаар уйлж байхад “Зүв зүгээр байгаа” гэж хээв нэг хэлж чадсан хүн. Тэгвэл энэ мэт асуудлаас болж М.Энхболдын гэх фракцынхан хоёр хуваагдаж намын даргад Д.Хаянхярваа бус нэр цэвэр залуусыг зүтгүүлэхийг УИХ-ын даргаас шаардах болжээ.

Мэдээж М.Энхболд даргад өгсөн энэхүү сануулга бодож үзэх ёстой асуудлын нэг. Яг үнэндээ дээрх дурдагдсан нэр дэвшигчдээс хамгийн хараар будуулах хүн нь Д.Хаянхярваа.

Тухайлбал, түүнийг Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийн тойрон хүрээлэгчдээ хөхүүлэн дэмжиж, төрөөс төрсөн тэрбумтнуудыг бий болгосон гэж ярьдаг.

Өөрөөр хэлбэл Д.Хаянхярваа тус аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа чамгүй их хөрөнгө хуримтлуулж одоогийн хэмжээнд хүрсэн гэдэг.

Ийн хэлэхийн учир нь, тэрбээр 1988-1992 онд Дархан-Уул аймгийн Барилга үйлдвэрлэлийн нэгдэлд эдийн засагч, 1992-1996 онд Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн, 1996-2000 онд Санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан.

Эдгээр ажлыг хийлээ гээд тэрбумтан болохуйц хөрөнгө хурааж даанч чадахааргүй. Тэгвэл түүнийг одоогийн энэ их хөрөнгөө яаж босгосон бэ гэдгийг Дарханы уугуул иргэд андахгүй мэддэг юм билээ.

Дан төрийн албаар яваад ингэж баяждаг бол ч … гэж ирээд л хүмүүс ярих нь бий. Ямартай ч тэрбээр Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймагт тэрбумтны хороолол гээчийг бий болгосон ба тэнд нь түүнийг тойрон хүрээлэгсэд л амьдардаг байсан нь дарханчуудын эгдүүцлийг төрүүлж байлаа.

Тухайн үед тэр хорооллын айлуудын байр байшингийн зураг сонингийн хуудаснаа гарч байсан юм. Тэгэхээр ганц ч бизнес хийлгүйгээр хөрөнгөжиж баяжиж болдгийг харуулсан түүнийг МАН-ын даргын сунгаанд оруулсан нь харамсалтай.

Өнөөдөр Монгол Улсад цэвэр бизнесээр мөнгө олно гэдэг дааж давшгүй олон даваа, нугачааг туулж, түмэн хүнд суртлыг өнгөрүүлж байж сая гүйцэлдэх үйл. Харин төрд шургаад авсан бол цөхөх юмгүй тэрбумтан болдог нь даанч шударга бус.

Иймд төрөөс төрсөн тэрбумтан гэх нэрийг зүүсэн Д.Хаянхярваа энэ удаагийн намын даргын сунгаанд өвдөг сөхөрнө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд буй нь гарцаагүй үнэн юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ