Facebook Twitter youtube
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян: Үндсэн хуульд косметик төдий мэс засал хийгээд ард түмэн хүлээж авахгүй
2017-11-6 өдөр 01:16

erdenejamiyan-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар МАХН ажиллаж,  удаа дараа хэлэлцүүлэг хийлээ. Ямар өөрчлөлт хийхээр ярьж байна?
-Нийслэлийг гурван бүсэд, хөдөө орон нутгийг зургаан бүсэд хуваагаад хэлэлцүүлэг хийсэн. Хөдөө орон нутгийн зургаан бүсийн хэлэлцүүлгээ дуусаад, Улаанбаатар хотод хоёр дахь хэлэлцүүлгээ хийж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Сүхбаатар, Чингэлтэй, Налайх, Багануур дүүргийн иргэд, гишүүд дэмжигчид оролцож байна. Бид Монгол улсынхаа нэрээс эхлээд Үндсэн хуулийн нэр, нэршлийг өөрчилье гэж ярьж байгаа. Монголчууд амны билгээс ашдын билэг гэлцдэг. Монгол Улсын нэр, Үндсэн хуулийн нэршлээ товчлохоор МУ-гийн ҮХ болдог гэж ярьдаг. Энэ мэт олон шалтгаан байгаа учраас ямар улс байх вэ гэж бодож, нэрлэх ёстой юм байна. Бид Бүгд найрамдах гэж засаглалынхаа хэлбэрээ оруулж, БНМУ гэж нэрлэхээр ярьж, Үндсэн хуулиа Дээд хууль гэж нэрлэе гэж зорьж яваа. Хэлэлцүүлгийн явцад Дээд хууль, үндсэн хууль гээд давхар хэрэглэж байна. Дээд хууль гэх нь оновчтой, хуулиа дээдэлж явдаг, хууль дээдлэх зарчим гэж бид ярьдаг. Тийм учраас Дээд хууль гэж нэрлэе гэсэн санал гарч байна.
-УИХ дээр ажлын хэсэг гарч, ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах нэг төсөл явж байгаа. Танай нам бүтнээр нь өөрчлөх тухай ярьж байх шиг. Яагаад ингэж “иж бүрэн” өөрчлөх ёстой гэж байгаа юм бэ ?
-Цоо шинээр бичиж, бүтнээр нь өөрчлөх тухай ярьж байгаа. Үндсэн хуульд косметик төдий мэс засал хийгээд ард түмэн ч хүлээж авахгүй. Ерөнхийлөчгийн эрх мэдлийг хасаж өгье, УИХ, Засгийн газрыг эрх мэдлийг жаахан нэмчихье гэдэг саналыг ард түмэн яагаад ч хүлээж авахгүй хөрс бүрдчихсэн. Ямар ч сайн өөрчлөлт хийсэн “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг шиг нэр хоч өгөөд явчихна. Энэ бол сайн арга биш. МАН-ын, одоогийн хэлэлцүүлээд явж байгаа 7-8 өөрчлөлт тиймэрхүү үр дүн авчирна. Эцсийн дүндээ иргэд хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлт гэж хэлэхэд хэцүү л дээ.
ндсэн хуулийг өөрчилж болохгүй гэсэн яриа бас гардаг шүү дээ.
-Тийм хэсэг хүмүүс байгаа. Байгууллагаар ярихад тодорхой нэг байгууллагын сахилга бат алдагдаад, ажилчид нь ажилдаа ирэхээ болиод, нягтлан нь мөнгөө дутаагаад, захирал нь ажилдаа санаа тавихаа боливол тэр байгууллага дүрэм журмаа өөрчилж, сахилга бат тогтоодог доо. Тэрэнтэй адилхан, Үндсэн хууль МУ-ын сахилга батыг тогтоож байгаа дүрэм журам. Биелүүлэхээ больсон дүрэм журмыг өөрчилж, шинэчилж байж, нийтээрээ ярьж, хэлэлцэж байж явдаг. Бид хэн гэдгээсээ үл хамаараад амьдралынхаа дүрэм журмаа өөрчилье гэж ярьж байна. Манай Үндсэн хууль үнэхээр гоё юм бол манай нийгэм ийм шүүмжлэлтэй байдалд хүрэхгүй. Байгалийн баялаг нь байна, ур чадвартай, авъяаслаг ард түмэн нь байна, том зах зээл байна. Юу дутлаа гэж бид ийм байдалтай амьдарч байна вэ. Тодорхой хэмжээнд Үндсэн хуулинд асуудал байна гэсэн үг. Өнөөдөр манай Н.Удвал сайд илтгэл тавилаа. Эрүүл мэндийн асуудал, хотын агаарын бохирдол, утаа тортог, замын бөглөө, стресс асар олон өвчний эх үүсвэр, үүр уурхай болж байна гэнэ. Ганцхан энэ жишээн дээрээс харахад Нийслэлийн эрх мэдэл, УИХ, Засгийн газрын эрх мэдэл гурав нэг бол давхцдаг, эсвэл гурвууланг нь хуваагаад, салаа ангид болгодог. Утааг шийдье гэхээр мөнгө төсвийг УИХ, зарцуулах төсөв, татварыг нь Засгийн газар авчихдаг, ЭМЯ хариуцах юм уу гэхээр, үгүй Нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцна гэдэг юм уу, энэ эзэнгүйдсэн, хариуцлагагүй байдал, энэ бүхнийг засах хэрэгтэй байна. Болохгүй байна. Эрүүл амьдаръя, хөгжье, бусад улс орноос илүү гардаггүй юм гэхэд дутахгүй хөгжье гэвэл Үндсэн хуулиас авахуулаад бүх тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна. Одоо манай хэрэгжүүлж байгаа Үндсэн хууль онолоосоо ч гажсан. Би хуульч хүн. Хуулийн сургуульд заахдаа “Засаглалын гурван эрх мэдэлд хуваасан” гэдэг. Төрийн гурван өндөрлөг гэж ярьдаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвуулаа нэг юмны хамааралтай. Ганцхан улс төрийн намаас хамааралтай. Шүүх нь ямар ч эрх мэдэл биш, Засгийн газар УИХ, Ерөнхийлөгч гурвуулаа оролцож байгаад, хамгийн эрх мэдэлтай юм уу, нөлөөтэй фракц, хүн нь өөрийнхөө хүнийг томилдог. Шүүх эрх мэдэл бие даасан биш болчихсон. УИХ юм уу, Ерөнхийлөгчийн дор, Засгийн газар нь УИХ-аас шууд хамааралтай. Өнөөдөр УИХ нь Засгийн газраа огцруулж чадаж байгаа биз дээ. Онолын дагуу хуваасан гэж ярьдаг, онолын биш байна. Үүнийг ядаж өөрчилье. Ард түмэн засгийн эрхийг барина гэдэг. Ард түмэн засгийн газраа огцруулах эрх байхгүй. Томилж сонгосон юм бол чөлөөлөх эрх нь байсан ёстой, байдаггүй. Ард түмэн Дүүргийн Засаг даргаасаа зөвшөөрөл авч жагсаж цугладаг. Дүүргийн Засаг дарга зөвшөөрөөгүй бол Засгийн газрын гишүүнийг шүүмжилж жагсаж тэмцэж болохгүй, тэгвэл шоронд хоригддог. Ард түмэнд ямар юмных нь эрх мэдэл байдаг юм бэ. Энэ болгоныг Үндсэн хуулиндаа тусгаж, зөв гольдрил руу оруулах ёстой. Эцсийн дүндээ өнөөдөр Үндсэн хуулийн буруу заасан, дутуу ойлгосон заалт тодорхой эрх мэдэлтэй бүлэглэлүүдийг хамгаалах болчихоод байгаа. Үүнийг өөрчлөхгүйгээр, тэртээ тэргүй ажлаа хийхгүй байгаа УИХ руу, эрх мэдэл өгөөд яах юм бэ. Эрх мэдэл нь ханасан байгаа Засгийн газарт эрх мэдэл авч өгөөд яах юм бэ. Бид бүгдийг цоо шинээр, онолынх нь хүрээнд, ард нийтийн эрх ашиг гэж байдал бол тэр хүрээнд шинэ үндсэн хуулийг хийх ёстой.
-Парламентын засаглалтай байх юм уу, эрх мэдлийн хуваарилалт нь яаж явах вэ?
-Тэс ондоо болгоно. Нэгдүгээрт “Төр засгийг бүрдүүлэх ард түмний эрх” гэж байна. Ард түмэн гэж хэн бэ. БНМУ-ын иргэд, түүний үр сад Монголын ард түмэн мөн гэж томъёолж эхэлнэ. Олон заалт бий. Тухайлбал, хамгийн сүүлд 4.6 дээр Төр засаг Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэхгүй, эсвэл Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмэн эсэргүүцэл илэрхийлж, хугацаанаас нь өмнө шинээр эмхлэн байгуулах эрхтэй гэж байна. Төр засгийг ард түмэн байгуулна, ард түмэн буцааж татан буулгана, төрийн эрх мэдлийг хуваарилна гээд, дотор нь парламент, хоёрдугаарт засгийн газар буюу ерөнхийлөгч, засгийн газраа ерөнхийлөгч нь томилох буюу, сонгодог бусад улс шиг гүйцэтгэх засаглалын эрх мэдэл тодорхой байна. Шүүх эрх мэдлийг бүх ард түмнээс сонгоно гэж байгаа. Ахиад дээрээс нь Хяналтын эрх мэдэл гэж оруулж өгч байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг гурвууланг нь хянадаг эрх мэдлийг оруулж байгаа. Энэ нь дотроо хоёр хуваагдана. Нэг нь санхүү, аудитын маягаар ажилладаг Ардын хянан шалгах хороо, нэг нь Хүний эрхийн үндэсний хороо буюу хүний эрхийн чиглэлээр ажилладаг байна. Аль аль нь нөгөө гурван эрх мэдлийн байгууллагын гаргасан буруу шийдвэрийг зогсоох мэдэлтэй байхаар оруулж байна.
-УИХ, парламентаа хоёр танхимтай байхаар тусгасан. Зарим нь парламент мэргэжлийн байх ёстой гэж үзээд, пропорцианоль тогтолцоо руу зүтгэдэг, зарим нь ард түмний төлөөлөл байх ёстой гэж мажоритори тогтолцоо руу тэмүүлдэг. Аль нэг тийшээ сольж үзээд, эсвэл хольж үзээд будилж явна. Дээд танхим буюу Үндэсний их хурилдай намын гишүүн биш байна, улс төрийн намын гишүүн байхыг хориглоно. Тэр хүмүүс сум, хороо, тосгон, сууриан болгоноос нэг хүн сонгож хурилдайг бүрдүүлнэ. Шинээр тосгон юм уу сум үүсвэл тэндээс нэг хүн ордог байна. Дээрээс нь үйлдвэрчний эвлэл, эрдэмтэд, шинжлэх ухааны академичид томилогдож, залуучууд, ахмад, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл, нийгмийн төлөө ажилладаг ТББ-ууд оролцоно. Бага хурал буюу мэргэжлийн парламентын төлөөлөл цэвэр намын жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн намууд бодлогоо гаргахын тулд эрдэмтэн мэргэдийг, эдийн засагч, хуульчдыг, анагаах ухаан, боловсролын салбарын хамгийн шилдэг хүмүүсээ жагсаалтаар оруулж байгаад хуулиа боловсруулна. Хууль тогтоох, боловсруулах үйл явцыг хүртэл Үндсэн хуулинд оруулж өгсөн. Хуулийг боловсруулах ажлыг Бага хурал, хууль боловсруулан гаргалаа ард түмэнд танилцуулна, Үндэсний хурилдайд үзүүлнэ, тэр хооронд хугацаа байна. Нэг хоногийн дотор хууль батлагдахгүй. Урт хугацааны дотор ард түмэн уншаад, сумаасаа сонгогдсон төлөөлөгчдөө санаа бодлоо илэрхийлнэ, хэлж явуулна. Тэгээд Үндэсний их хуралдай нэг бол батална, эсвэл батлахгүй. Энэ хоёр танхим хэлэлцэж баталсан хуулийг Засгийн газрын тэргүүн буюу ерөнхийлөгч соёрхон батална, хэрэгжүүлж явна. Хууль тогтоох батлах явцыг бие биенээсээ хараат, чанартай болгоно. Хэн нэгэн компани, хувь хүний захиалгаар, нэг хүний өглөө бодсон мөрөөдлөөр хууль хийлгэхгүй.
-Одоо Үндсэн хуулиас, эсвэл шинээр яригдаж байгаа нэмэлт өөрчлөлтөөр яригдаж байгаа заалт энэ дотор хадгалагдаж байгаа зүйл байна уу?
-Хүний эрхийн асуудал бараг бүгдээрээ орсон. Гэхдээ бид нэмж оруулсан. Манайх НҮБ-ын Хүний эрхийн конвенцид нэгдсэн, Түгээмэл тунхаглалыг зөвшөөрсөн мөртлөө дан дутуу. Нэг бүтэн өгүүлбэр байлаа гэхэд талыг нь аваад хаячихсан. Өөрсдөө хэрэгжүүлэхэд амархан байдлаар авчихсан байдаг. Тэрийг бүгдийг нь бүхлээр нь оруулж байгаа. Сүүлийн үед социал демократ үзэлтэй улс төрийн намууд, улстөрчдийн гаргаж тавьж байгаа хүний эрхийн томоохон асуудлыг шууд оруулж байгаа. Зарим олон улсын шинжээчид “Маш хүнлэг, хүний эрхийн дээдэлсэн сайн заалт болжээ” гэж хэлж байсан. Жишээ нь “BASIC INCAM” гэж шинээр гарч ирж байгаа ойлголт бий. Америк, европын улстөрчид гаргаж тавьж байгаа. Тухайн улсын иргэн л бол цалин орлоготой ч бай, орлогогүй ч бай, яг амжиргааны баталгаажих түвшинд хүрэх орлоготой байх ёстой, тэрийг төр хангаж өгөх ёстой. Үүнийг Үндсэн хуульдаа заавал оруулж өгч байгаа. Жишээ нь тэтгэмжийн аргаар, тэр хүн ажил хийдэггүй ч байсан мөнгө өгч байх ёстой. Энэ нь тухайн хүний эрүүл, аюулгүй амьдрах боломжийг хангахаас гадна, үр хүүхдийг харж, бусаддаа, нийгэмдээ нөлөөлөхгүй байх ёстой. Энгийн ажлаа хийж амьдарч яваа хүнд, тэр ажилгүй хүн аюул учруулахгүй ёстой гэдэг ч юм уу, нийгмийн талаасаа ч бодсон олон чухал үр дагавартай. Цалин хөлсийг манай Үндсэн хуульд “цалин авах эрхтэй” гээд биччихсэн байгаа. НҮБ-ын хүний эрхийн конвенци дээр “Хүний зэрэгтэй амьдрахуйц, ахуй амьдралд нь хүрэлцэхүйц, шаардлагатай бол нэмэлт эх үүсвэрийг арвижуулсан цалин, хөдөлмөрийн хөлс авах хэрэгтэй” гэж заасан. Тэрийг яг тэр утгаар нь оруулж байгаа. Хүний цалин ажил олгогчийн тогтоосон 300 мянган төгрөг, авбал ав, байвал бай гэж байгаа биш, байртай, машинтай, үзвэр үйлчилгээ үздэг, хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулдаг, хувцас хунараа авдаг, бүх хэрэгцээнд хүрэлцэхүйц байх ёстой. Энийг л цалин гэж хэлнэ. Түүнээс бага мөнгийг халамж, тэтгэмж гэж нэрлэнэ. Халамжийн дайтай мөнгө өгчихөөд цалин гэж хэлж болохгүй. Тэр утгаараа манай нам өнөөдөр багш нарын тэмцлийг дэмжиж байна.
-Парламентад Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцүүлэг явж байна. Тэнд танай намыг төлөөлж байгаа гишүүн оролцож байгаа юу, УИХ-ын гишүүнээрээ дамжуулж ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?
-Бид илэрхийлээгүй. МАХН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Сүүлд сонсоход төрийн ордонд зарим нэг хүнийг дуудаад, “Үндсэн хуулийг ингэж өөрчилдөггүй юм, өөрчлөх хэрэггүй, болохгүй” гэх маягийн юм ярьсан гэж сонссон. Тэр хүн дотроо юу бодож байгааг би сайн мэдэхгүй. Би хувьдаа ойлгохгүй байгаа. Хэрвээ МАХН-ын гишүүн юм бол хуралдаа оролцох хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ