Facebook Twitter youtube
Уулчин Р.Зориг: Ардын дайсны хүүхэд гэж сургуулиас хөөхөд 300 хүүхэд хоёр талаар зогсчихсон, нулимах нь нулимж, өшиглөх нь өшиглөөд л…
2017-11-1 өдөр 02:00

Zorig uulchinХүмүүс бидний дунд төдий л анзаарагдамгүй хэрнээ эгэл биш амьдралтай, бахархан дууриамаар нэгэн маань мөр зэрэгцэн алхаж явдаг. Бид энэ дугаартаа Уулын Зориг гэж олны днд нэрлэгддэг ч анхны эсэргүү 14-ийн нэг гэгдэн зүй бусаар хэлмэгдсэн тэнгэрлэг хүмүүн Мөрдэндэвийн Ядамсүрэнгийн ганц хүүгийн ээдрээт амьдралынх нь талаар ярилцсан юм.
-Таны амьдралын түүх их сонин. Ардын дайсны хүү гэж ад шоо үзэгдэж явсан ч өнөө хэр аавтай нь холбоотой олон сайхан дурсамж байдаг биз дээ?
-Миний аав Монголын анхны цөөхөн сэхээтнүүдийн нэг. Бага залуудаа олонд түгсэн сайхан зохиол бүтээлүүд туурвисан болохоор 1935 онд Ардын гавьяат уран зохиолч гэсэн цолыг төрөөс авсан. Их дуугай, дөлгөөхөн талдаа хүн байсан. Бас их дэгжин, цэмцгэр. Ээжийг Д.Дэнсмаа гэдэг, эмч мэргэжилтэй сэхээтэн хүн байсан. Аав ээж хоёр маань хойно Киевт суралцаж байхдаа танилцаж гэр бүл болоод, 1928 онд Монголдоо ирж намайг төрүүлсэн. Гэвч залуу хүмүүсийн алдаа байсан уу, удалгүй салцгааж, тэр үеэс л би шоовдорлогдож эхэлсэн юм шиг ээ. Аав ээж хоёр маань намайг хэн хэндээ өгөхгүй гэж булаацалдаад эцэстээ хамгийн зөв шийдсэн нь 24-ийн цэцэрлэгч өгч эргэж байхаар шийдсэн гэдэг. Тэгээд би гэдэг хүн чинь ой гарантайгаасаа цэцэрлэгийнхээ манаачтай хамт унтаж таван нас хүрсэн. Харин ээж маань Самбуу гуайтай эргээд ханилж Орост элчингийн гэргий болоод явахад нь аав намайг өөр дээрээ авсан. Ээж маань аавтай суухаасаа өмнө Самбуу гуайтай ханилж миний эгч Мааяаг төрүүлсэн байсан хэрэг л дээ. Харин намайг өөр дээрээ авах тэр үед аав маань Ардын жүжигчин Д.Ичинхорлоо гуайтай ханилж байсан.
-Аав тань эсэргүү хэрэгт гүтгэгдэж, анхны 14-ийн нэг болоход танд их л хүнд туссан байх даа.
-Төв талбайд хувьсгалын эсэргүү, ардын дайсан тэр тэрийг цаазаар авсугай гэсэн тогтоолыг цагаан хоолойгоор зарлаж байхад би чинь Д.Ичинхорлоо эгчийнхээ хормойноос зуураад л зогсож байлаа. Бөөн нус нулимс болсон хүмүүс уйлалдаад л, Засгийн газар дээр очиж амийг нь гуйх гээд гүйлдэж байсан. Тэгж өдөр нь тогтоол гаргаад шөнө нь гүйцэтгэсэн гэдэг.
-14-ийн дунд Самбуу гуай бас байсан гэдэг. Ер нь энэ хэргийн талаар олон сонин зүйл таныг мэддэг гэж сонссон?
-Тийм ээ, ээжтэй минь суудаг Самбуу гуай ч бас хэлмэгдсэн. Хамт Манжуурын хэлэлцээрт явсан. Хоёр нөхөр нь хоёулаа нэг дор, нэг өдөр буудуулсан нь их гунигтай бөгөөд одоо бодоход их сонин санагддаг юм. Үнэн хэрэгтээ 14 л гэж яригддаг болохоос биш 12 том хүн, нэг хүүхдийг буудсан байдаг. Хоёрыг нь өршөөл үзүүлж, 10 жил хорих ял оноогоод, 12-ыг нь буудаж хороохоор нүхийг нь ухаж байхад Биокомбинатаас нэг хүүхэд дугуй уначихсан сонирхон давхиж ирсэн байгаа юм. Тэгээд До яамнаас хүүг газар дээр нь устга гэсэн үүрэг өгсөн учир яах ч арга байгаагүй юм байлгүй.Тэр шөнөдөө хүмүүсийг устгахаар болоход Маршал шал согтуу жолоочдоо хандаж, гэрлээ нүх рүү тусга гэж тушааж байсан гэдэг. Тэнд байсан хүмүүсээс зоригтой дуугарч “Чойбалсан, чи биднийг ингэж буудаж байхаар хүрз бариулаад газар ухуулсан бол улс оронд хэрэгтэй байсан юм. Чиний нүгэл хэзээ нэгэн цагт өөр дээр чинь ирэх болно” гэж аав минь хэлсэн гэсэн. Энэ эцсийн үг нь байсан. Энэ бүхнийг би яагаад ийм сайн мэдэж байна гэхээр олон жил судалж хөөцөлдсөний эцэст тухайн үед газрыг ухаж байсан өвгөнийг, бас сайдын жолоочийг олж уулзсан. Одоогийн энэ Сонгинохайрханд 14-ийн шарил байдаг газрыг нь заалгаж олсон л доо. Хоёр хүнийг тус тусад нь авч очоод заалгахад яг энэ гээд нэг газрыг зааж байсан. Тэр газар нь арай өөр тос даасан бор хөрстэй, хөрс нь доошоо суусан байсан.
-Ингэж аавыгаа хэлмэгдсэний дараа таны хувь тавилан хаашаа эргэв ээ?
-Д.Ичинхорлоо эгчээс аавын ээж, эмээ хоёр маань намайг авсан. Аав, ээж хоёрыг хэлмэгдүүлээд Д.Ичинхорлоо эгчийг том жүжигчин болохоор тэр үү, яагаа ч үгүй орхиход эмээ ихэд дургүйцэн “Энэ муу хүүхэн л миний хүүг ховлочихлоо. Хүүгийн минь толгойг залгичихлаа” гээд их муу. Эмээд лам хүн “Энэ хүүхэд тань дээр байвал хүн болохгүй” гэсэн учир намайг их баян хужаагийнд өргүүлсэн. Гэвч би удалгүй тэр айлаас оргож Амгаланбаатараас морин тэргээр ирж байсан юм даг. Ээжийг минь эсэргүүний гэр бүл гээд До яамны мөрдөнд хоёр жил хорьсон.
Энэ үед эгч бид хоёр их зовсон доо. Яг л одооны траншейны хүүхдүүд шиг орох орон оочих аягагүй хоёр амьтан өдөржин гудмаар тэнэнэ. Гэвч тэр үеийн хүмүүсийн сайхан сэтгэлийн ачаар өлсөж үзээгүй. Харанхуй болохоор хүрээд ирээрэй, хаалга аяархан цохиорой гээд, эсхүл тэнд тийм юм тавьчихъя идчихээрэй гээд л…
Хүн амьтан ирж хоно гэж хэлээгүй өдөр хоёулаа Сүхбаатарын талбайн модон индэр дотор унтана. Нил шээс ханхлаад л ямар олиг байв гэж. Эгч маань эмэгтэй юм болохоор айлд зарагдаад бас ч гэж учиртай.
-Тийм амьдралаар удаан амьдарсан уу?
-Ээж маань гарч ирээд манайх гэдэг айл дөрвөн ханатай жижигхэн гэр олж авч Дунд голын эрэг дээр барьж элэг бүтэн болж байлаа. Тэр үед ээж маань миний хойд эцэг болох циркийн Раднаабазартай сууж байсан. Гуравдугаар ангид сурч байтал нэг өдөр 14 хүүхдийг ардын дайсны хүүхэд сургуульд сурах эрхгүй гээд хөөдөг юм байна. 300 гаруй хүүхэд хоёр талаар зогсчихсон нулимах нь нулимж, өшиглөх нь өшиглөөд л. Тэгээд сургууль соёл ч үгүй гудамны хүүхэд 1943 онд Сүхбаатарын сургууль, одоо энэ Офицерийн сургууль элсэлт авч байна гэхээр нь яваад очлоо. Ээж маань Раднаабазарын Зориг гээрэй. Аавынхаа нэрийг дурсаж болохгүй шүү гэж захиад явуулсан. Гэтэл хэдийнээ мэдчихсэн эсэргүү М.Ядамсүрэнг нууж нам засгийг залилах гэлээ гээд хөөж явуулсан. Гэртээ харих гэсэн хэцүү санагдаад л…
-Тэгээд яаж сургууль соёлын бараа харав. Их залуугаараа боксын аварга, дугуйн спортын мастер болсон шүү дээ?
-Сургууль соёл ч үгүй амьтан байж байтал нэг өдөр ээж маань шинэ дээл өмсгөөд, өнөөдөр манайд их том жанжин ирнэ, аятайхан шиг байгаарай гэж захиж байна. Гэтэл нэг одон тэмдэг болсон машин тэрэгтэй хүн манайд ирж бууз хуушуур болоод л, бягтруулаа тавьчихаад бүжиглэлдээд байна аа. Би ч гадаа хүлээгээд л байлаа. Тэгсэн нөгөө Раднаабазар чинь жанжинтайгаа хамар амнаасаа цус гартал зодолдож байна. Намайг сургуульд оруулах гэхэд тоосонгүй гэж найзтайгаа зодолдсон юм байж. Тэгж анх бүх цэргийн алдарт жанжин Ж.Лхагвасүрэн гуай надад сонины тасархай дээр цохолт хийж өгч, би 1944 онд офицерын сургуулийн хөгжмийн ангид орж, гурван жил хөгжим үлээсэн дээ. Бас л энэ эсэргүүний хүүхэд гээд нийлж шоглох санаатай. Сургуулиа төгстөл дарлуулахгүй байх арга юу байх вэ гэж бодож олсон нь боксчин болох. Боксын тэмцээнд ороод сайн зодоончин болъё гээд тоглож эхэлсэн. Ингээд нөгөө ардын дайсан Зориг чинь анхны аварга боксчин Зориг боллоо. Тэгээд ирэхээр чинь хахууль авдаг хүүхдүүд эргэлтийн чихэр еэвэнгээ зөөж гүйж нэг нэгнээ ховлодог болоод ирж байгаа юм. Ингэж офицерийн сургуулиа төгссөн. Дараа нь эгч маань тэр үед Шарав гэж том сайдын гэргий болчихсон байсан болохоор эгчийнхээ буянаар Их сургуулийн түүхийн ангид орсон.
-Ингэж явсан хүн уул гэдэг их спорттой нэг насныхаа амьдралыг холбосон түүх сонин байх болов уу?
-Их сургуулийн гуравдугаар курст байхдаа 1937 оны айхтар хэргийг дахин хүлээсэн. Учир нь Улаанбаатар Бээжингийн хооронд 10-аад хүнтэй, хоёр орны найрамдлын аялал хийх болов. Би тэнцээд орчихсон мундаг амьтан хөөрөөд л, Их сургуулийнхан маань бүх нийтээр үдэн гаргахаар Сүхбаатарын талбай дээр цуглачихсан байтал гэнэт л “Чи эсэргүү М.Ядамсүрэнгийн хүүхэд байна. Чамайг улсын хил давуулж болохгүй. Бараг л ямар санаатай энэ багт шургалав” гэх зэргээр хэлээд л хөөдөг юм байна. Ямар их гомдсоныг үгээр илэрхийлэх юм биш. Тэр өдөр ээждээ “Та нар ер нь яачихсан улс вэ! Би та нараас болж дандаа л хөөгдөж, баларч байх юм. Би хүний нүүр харж чадахгүй нь, сургуулиасаа гарна” гээд баахан хашгираа биз. Гэтэл тэр үед ээжийн маань хэлсэн үг их сонин. “Тэгж их Бээжин үзэхийг хүсээд байгаа бол Амгаланбаатарыг гурав тойрчихоод ир. Тэр чинь Бээжин. Харин сургуулиа төгсчихвөл дэлхийг ч тойрно шүү дээ” гэж байсан. Тэгж байтал уулын спорт гэж шинэ спорт гарсан. Нэг гэм нь үхсэн ч гомдолгүй гэж хэлж ордог юм байх гэж яригдаад. Би бодлоо. Ер нь надад их тохирсон юм байна. Гар зодоонд мундаг, тэгээд дээрээс нь ардын дайсны хүүхэд үхэж байсан ч эдэнд ямар хамаатай юм гэж бодоод очоод л орчихсон. Тэгж анх Монголын уулын спортын багт орж Отгонтэнгэр ууланд авирч, 1955 онд нөгөө ардын дайсан чинь анх удаа төрөөс Засгийн газрын жуухаар шагнуулсан. Энэ үеэс л уулын сүлд хийморь ямар их сайхан байдгийг мэдэрсэн дээ. Одоо 77 нас хүртэлх хугацаанд хойд, урд хоёр туйл Африкт л очиж үзээгүй. Ээжийнхээ хэлснээр дэлхийг тойрсон нь энэ юм уу даа гэж боддог.
-Нэр цуутай хүмүүстэй ханилахаар бодоход ээж тань их сайхан хүүхэн байсан байх. Харин Д.Ичинхорлоо гуайг хүүхэд гаргаагүй, ааваас тань хойш удтал хүнтэй суугаагүй гэдэг. Х.Чойбалсан гуайг түүнд сэтгэлтэй байсан гэдэг яриа үнэн болов уу?
-Ээж маань их сайхан өндөр, дугуй цагаан хүүхэн байсан. 80 хол гарсан хойноо ч нийтийн бүжгэнд сэмбэгэнэтэл гүйгээд орчихдог хүн байсан юм даа. Харин Д.Ичинхорлоо ижий надад их сайн, чамайг харахаар аав чинь нүдэнд харагдах юм гээд л Их сургууль дээр маань байнга ирж намайг харж уйлж сууж байгаад явдаг байсан. Би ч хүү шиг нь ирж очдог байсан. Өнгөрөхөд нь хүүгийн үүрэг гүйцэтгэсэн дээ. Х.Чойбалсан гуайн талаар үнэн эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан намайг тэднийд байхад Сүхбаатарын гэргий Янжмаа гуай дээр ирж байна гээд л их ирдэг. Ичинхорлоо эгч хар цагаан дуугардаггүй, нүүр өгдөггүй байсан санагддаг. Их ч сайхан хүүхэн байсан даа.
-Ярилцсан С.ЛХАГВА

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ