Facebook Twitter youtube
БҮДЭГХЭН ОДНЫ ГЭГЭЭ
2017-10-22 өдөр 05:03

LkagvaЦаад өрөөнд сонин уншиж суутал ээж дуудлаа. Би уншиж байсан зүйлдээ баахан хоргодож:
-Юу вэ? гэсээр шагайвал ээж зурагт руугаа чимээгүйхэн заалаа. Хэсэг ажилчдад одон гардуулах ёслолын нэвтрүүлэг ажээ. Би учрыг нь үл ойлгон ижий рүү харвал:
-Таньж байна уу? гэж дүд мадгүй юм асуув. Надад таних хүн алга. Үнэнээ хэлбэл ээж:
-Та нар ч анхнаасаа таниагүй улсаа… гэснээ яагаав Долог! гэхэд нь сэтгэлийн мухарт гээгдэж, аль хэдүйнээ мартагдсан нэгэн бүсгүйн дүр хаврын ногоо цухуйх адил нүднээ хэнзлэн ургаж ирлээ.
***
Зайсангийн гүүр барьж байсан цаг. Би оюутан байлаа. Аав гүүрний манаач хийх. Гүүрний ч гэж дээ, барилгын материал хардаг байсан юм санж уу даа.
Би гадаадад сурдаг, зуныхаа амралтаар ирчихээд бас энэ барилга дээр юухан хээхэн хийдэг байлаа л даа.
Долог гэж бөндийсөн улаан хацартай жоохон охин байх. Хацар нь л бөндгөр болохоос биш турьгүй амьтаан. Дамнуурган тэвш дамжилж явааг нь анх харахад хаахна очоод нуруу нь хуга үсрэх бол гэж бодмоор. Бор гарынх нь хэдэн богино хуруу хүрзний иш атгаж хүрмээргүй. Тэгсэн мөртлөө ямар гэж санана. Нэг ажил дээр хамт тавигдчихвал ганц суниах зав өгөлгүй, ёстой нэг сунгаж өгнө дөө.
Материалаар суучихсан ч юм уу, бороо шороотой гээд ажил багатай байвал “Одоо юу хийхэв” гээд бригадын даргыг ч зүгээр суулгахгүй. Цаадах нь заримдаа уцаарлаад “Үгүй, чи ямар тийрэн шиг амьтан бэ” гэж суудагсан.
Тиймийг нь далимдуулаад хүн болгон зарах дуртай. Тэр болгонд Долог огт уцаарлахгүй хийж өгнө. Бүр зарах юм олдохгүй бол тамхиа хүртэл ороолгуулна гээч! Юу ч хэлж байсан уурланаа нэг байхгүй. Зарим нэг марзандуу нь:
-Долог чи ер нь ажил сайтай, хөөрхөн хүүхэн юмаа! Би чамтай сууна байгаа даа гэж цаашлуулахад толгой дохиод л инээмсэглэж явна.
-Хүүеэ, зөвшөөрч байна! Бас горьдов оо! Хэн чамтай суудаг юм бэ гэж арзалзахад нь бас л тэнэг юм шиг инээж явдагсан.
“Энэ жаахан солиотой байх аа” гэж охид шоолно. “Эм хүн биш, ажлын луус” гэж харцуул дооглоно. Тэр ч байтугай бүр давраад гар хөлийн үзүүрт зарах гэхдээ:
-Долоог, Долог гэж албаар “Гөлөөг, гөлөг” гэсэн аялгаар дуудахад нь ч огт юм санахгүй “Аан” гэсээр гүйж ирнэ.
Барилгачид өдөр тогоо тогоогоор цай чанаж, цаасанд боосон хуушуур, тарган мах гаргаж тас тас хөхрөн цайлахад Долог хэдэн боорцог гаргаж сэнжтэй ногоон аягаараа нэг цай хийж аваад хүн хүнийг нөгөө л тав зургаахан боорцгоороо дайлна. Түүнээс нь хэн идэх вэ дээ, “Баярлалаа, баярлалаа, өглөгийн эзэн минь, лусын дагина минь” гэж бас л дооглоно.
Хүн түүнийг юм идэж уу гэвэл “за” гэж уриалгахан нь аргагүй очоод ганц хэрчмийг ч юм уу, амсах төдий аваад завсарлага дуусах яагаа ч үгүй байхад ажилдаа гарна.
Ажилчдыг цайлж дуусах хооронд зуурмагийн тэвшийг хайргаар дүүргэж, өрлөгчний нийвийг угааж, хүний өөрийн хүрз зээтүү хямгадаж, шуудайтай цемент ойртуулан, тоосго шохой дөхүүлнэ.
Долог гэж ийм нэгэн охин байв даа. Ээж л түүнийг магтаж дуудаж даллаж, өмнөөс нь хүн амьтантай ам муруйж хүртэл явдагсан.
Нэг удаа Долог шуудайнд модны зомгол хийж үүрээд явах гэхэд “Дамжилж хүргэж өг” гэж ээж загнаад би албан шаалтаар явж билээ. Хамт сурдаг хүүхдүүд харчих вий гэхээс би их л ичиж явсан. Тэгсэн хирнээ ам хуурайгүй шулганан явах Дологийн яриа надад сонин байлаа.
Ярьсан болгоныг үл санана. Киноны гэрэл цохьсон хальс мэт дуртгалын туузыг эргүүлж нэгэн үзвэл тэр ярианаас ийм л юм үлджээ.
“Аавын бие муудаад “түргэн” дуудаж эмнэлэг руу явахад би явалцсан юм. Манай хотын зах руу ямар замтай билээ дээ, чи юу андахав, сэгсчүүлж гарлаа даа хөөрхий Би ч тэр үед ааваа өрөвдөөд л донслох болгонд нь яс хугарч байгаа юм шиг сэтгэл хөндүүрлэж явсан даа. Аав минь ч эмнэлэгт очоод л өнгөрчихсөн. Тэгэхэд би хэрэв манайхаас эмнэлэг хүртэл засмалтай байсансан бол аав минь амьд байх юм шиг санасан.
Одоо ч гэсэн яагаад ч юм бэ бүү мэд, тэр бодлоо орхидоггүй ээ. Энэ л намайг хөтөлсөер зам барихад оруулсан байх гэж би боддог. Зам засах буянтай ажил гэж ээж минь ч намайг дэмжсэн. Хүний байтугай малын хөлд гишгэгдэх нэг чулуу зайлуулах нь эрхи маань уншихаас дээр гэж эмээ минь ч ярьдаг байсан. Энэ бүхэн л намайг энд авчирсан байх л даа. Би энэ хотын засмалыг ганц апхам ч болсон нэмэгдээсэй, одоо хийж байгаагаасаа ганц төө ч болов илүү хийхсэн гэж л адгадаг, хүн тэр бүрий ойлгохгүй юмаа. Намайг ингэж л адгаж байхад тавьж байгаа замын нойтон бетоныг ганц алхмын цаагуур тойроод гарчихаа залхуурч палийсан хар мөрөө үлдээгээд явдаг хүмүүст би үнэнээсээ уурладагаа.
Зам бол хотын нүүр царай. Зам сэвтэнэ гэдэг чинь Энгэсэг тавьсан хацар дээр сорви хийсэнтэй л адилхан шүү дээ. Би бетон зуурч цутгаж байгаагаа нийслэл хотынхоо царайг гоодож байгаагаар боддог шүү”.
Ингэж ярихыг нь сонсоод би Дологийг цоо шинээр гайхан харж, харин ч өөрийгөө чамлан, тийм их юм мэддэг, тийм их юм боддог хүнтэй юу ч дамжлаад, хаа ч явсан ичмээргүй, тэр ч байтугай бахархмаар санагдаж билээ.
***
Зурагтын дэлгэцнээ алтан гадас одон гардан авч байгаа энэ эмэгтэйг Долог гэж би танилаа.
Ээж ч бүр өөрөө шагнуулсан юм шиг л баярлаж:
-Ийм хүн одон авалгүй яахав, баатар ч болно доо. Би ч Дологийгоо хол явах хүн гэдгийг эртний мэдэж байсан юм л даа гээд над руу харахад түрүүнээс хойш чимээгүй суусан эхнэр минь хажуугаас оролцож:
-Өчнөөн жил гавьяа байгуулталаа зүтгэсэн юм бол хуруундаа ганц гархи аваад зүүчихээ яагаав даа хэмээн намжирдав.
Би дуугарсангүй. Хэрэв дуугарсан бол “Алтан гарыг алтаар чимээд яахав, бүдэгхэн одны гэгээг олж харахад билгийн хараа хэрэгтэй ажээ” гэж хэлэх байсан даа.  ЖАГДАЛЫН ЛХАГВА

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ