Facebook Twitter youtube
НАРАНТУУЛААС МЭНДЭЛЖ БУЙ ТЭРБУМТАН
2017-10-21 өдөр 08:40

narantuul-750x350Манай эдийн засгийн томоохон хэсгийг биедээ шингээсэн Нарантуул зах байгуулагдсан цагаасаа олон мянган гэр бүлийг ажил амьдралын баталгаагаар хангаж, өдгөө ч тэр үүргээ амжилттай гүйцэтгэж явна. Түм түжигнэж, бум бужигнасан энэ л захаас ажил амьдарлынхаа гарааг эхлүүлж, өдгөө бизнесийн салбарт цахиур хагалж яваа тэрбумтнууд хэдэн арваараа тоологдох аж. Тэгвэл бид энэ удаа тэр л амжилттай яваа бизнесмэнүүдийн үргэлжлэл болохоор зүтгэж, хөдөлмөрлөж яваа Цэдэнбалын Батбаяр гэх нэгэн эрхмийн эгэл атлаа эгэл бус замналыг та бүхэнтэйгээ хуваалцах болсондоо таатай байна. Тэрбээр 5000 гаруй түрээслэгчтэй Нарантуул олон улсын худалдааны төвд тасралтгүй 24 жил савхин хувцасны худалдаа эрхэлж буй нэгэн юм. Цэдэнбалын Батбаяр 1973 онд Улаанбаатар хотод төрж, Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар дунд сургуулийг 1990 онд дүүргэжээ. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засагт шилжээд байсан 1990 оны хүнд хэцүү цаг үед Ц.Батбаяр тухайн үеийн олон мянган залуусын нэгэн адилаар дээд сургуульд элсэн орж чадалгүй амьдралд хөл тавьсан аж. Дээд сургуульд элсч чадаагүй ч Ц.Батбаяр гараа хумхин зүгээр суусангүй. Өөрт байгаа нөөц бололцоогоо тооцоолж, цаашид юу хийх, хэрхэн амьдарлаа босгох талаар эргэцүүлж эхэлсэн байна. Энэ үед түүний толгойд бүхнээс түрүүнд нэгэн бодол од мэт харван орж ирсэн нь хувцас оёж худалдаалах байж. Мэдээж энэ бодлыг нь бодит ажил болгож, биелэлээ олоход хамгийн их дэмжсэн хүн бол түүний хамтран зүтгэгч болох гэргий Нарантулгалаг. Учир нь Ц.Батбаярын гэргий Нарантунгалаг тухайн үед буюу 1992 онд ЗХУ-ын Ангарск хотын оёдлын польтехникумд суралцаж ирээд байжээ. “Эхнэр маань оёж шидэх ажилдаа гаргуун. Дээрээс нь оёдлын чиглэлээр сургууль төгсөж ирээд удаагүй байсан. Нууцгүй хэлэхэд, эхнэрийнхээ эзэмшсэн мэргэжил, уран гар хоёрт нь түшиглэж одоо эрхэлж буй энэхүү бизнестээ хөл тавьсан” хэмээснээр Ц.Батбаяр яриагаа эхлүүлсэн юм. Тэдний ажлын анхны багаж нь Ц.Батбаярын ээжийн хуучин оёдлын машин байсан бөгөөд залуу хосууд эхэн үедээ даавуугаар куртик оёх болсон байна. Тэд куртик оёх ажлаа жил гаруйн хугацаанд үргэлжлүүлээд савхин хувцас руу оръё гэж ярилцжээ. Үндсэндээ тэд энэ үеэс буюу 1993 оноос эхлэн өдгөөг хүртэл тасралтгүй савхин хувцас оёж, Нарантуул зах дээр борлуулж байгаа юм. Эхэн үедээ гэргий Нарантунгалаг нь гэрээрээ хонон өнжин савхи оёж, Ц.Батбаяр харин зарж борлуулах үүргийг чамбай гэгч нь амжуулдаг байсан гэнэ. Залуу хосууд анхныхаа бүтээгдэхүүнүүдийг Дэнжийн мянгад байрлах Нарантуул зах дээр аваачиж зардаг байжээ. Энэ тухайгаа Ц.Батбаяр, “Эхний үед өдөрт нэг савхин дээл оёж зардаг байсан.Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, хувь хүмүүсийн захиалга тасрахаа больсон нь ажлаа үргэлжлүүлэх том урам өгсөн” хэмээн хуучилсан юм. Ц.Батбаяр, Нарантунгалаг нар 1992 онд гэр бүл зохиож Хайлаастын гэр хороололд гал горломтоо бадраажээ. Хийж бүтээх хүсэл, эрмэлзлэлээр дүүрэн хорь гаруйхан настай залуус өөрсдийн хүчээр амьдрах сууцаа барихаа ч бас мартсангүй. Тэдний эхлүүлсэн бизнес амжилттай болж, өргөжиж эхэлсэн үе бол 1996 он. Энэ үед тэд хөдөлмөрийнхөө хөлс, хуримтлуулсан мөнгөөрөө дөрөвдүгээр хороололд нэг өрөө байр худалдан авчээ. Энэ үед Ц.Батбаяр бизнесээ илүү дэлгэрүүлж, өргөжүүлэх зорилго тавьжээ. Тэд өмнө нь зөвхөн эрэгтэй савхи оёж зардаг байсан бол энэ цагаас эхлэн эмэгтэй, эрэгтэй савхи, савхин бээлий, савхины жижиг өөдсүүдийг зүйж савхин тор зэргийг оёх болжээ. Бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэх тусам тэдэнд хүн хүч дутагдаж эхэлсэн нь ойлгомжтой. Энэ байдлыг шийдэхийн тулд гэрээр оёдол хийдэг хүмүүст оёдлын машин авч өгч, цалинжуулан савхин хувцас оёулж эхэлжээ. Гэхдээ хувцасныхаа эсгүүр болон загварыг өөрсдөө гаргадаг байсан нь мэдээж хэрэг. Өдрөөс өдөрт тэдний энэхүү бяцхан бизнес өргөжин тэлж ашиг орлого ч тэр хэрээрээ нэмэгдэж байр орон сууцаа томруулах тухай бодол өрхийн тэргүүн Ц.Батбаярт төрөх болжээ. Ингээд Ц.Батбаярынх гэдэг айл 2000 онд гурван өрөө байранд нүүж оржээ. Улмаар 2005 онд Таван шард байрлах таван давхар байрны нэг давхрын жижиг өрөөг худалдан авч тохижуулан оёдлын цехээ байгуулсан байна. Ц.Батбаяр энэхүү оёдлын цехээ “N” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь түүний гэргий Нарантунгалагийнх нь нэрний эхний үсэг аж. Тэдний оёдлын цех өдгөө таван оёдлын машин, гурван оёдолчин, нэг туслах ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нарантуул зах дээр Ц.Батбаяртай ижил төрлийн наймаа эрхэлдэг буюу савхин хувцас худалдаалдаг 60 гаруй лангуу бий. Энэ дундаас өрсөлдөж бараа бүтээгдэхүүнээ зарна гэдэг бол тийм ч хялбар ажил биш. Харин энэ хүнд хэцүү асуудлыг тэрбээр худалдан авагч, үйлчлүүлэгчидтэйгээ найрсаг дотноор харилцаж, тухайн хүний хүсэж байгаа чанар, загвартай савхийг оёж нийлүүлэх замаар шийджээ. Хувцас бол цаг үеэ дагаад байнга загвараа өөрчлөхийг шаарддаг эд. Энэ утгаараа хүмүүст таалагдсан орчин үеийн загвартай савхи оёж гаргахын тулд Ц.Батбаяр Нарантуул дээр савхиа зарахын хажуугаар цаг заваараа интернэтээс савхин хувцасны сүүлийн үеийн чиг хандлагын талаар мэдээлэл цуглуулж, катологи, сэтгүүлүүдээс шинэ загваруудынхаа ерөнхий шийдлийг эрж хайдаг тухайгаа ярьсан. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргалаа гэхэд хаана яаж худалдаалах вэ гэдэг өөрөө том асуудал гэдгийг Ц.Батбаяр хэлж байв. Харин энэ асуудлыг 1993 оноос хойш өнөөг хүртэл олны хөлд дарагдсан Нарантуул олон улсын худалдааны төв шийдсээр ирсэн байна. Зарим нэг нь Нарантуулыг хар зах хэмээн ярьдагт тэр дургүй. Учир нь Нарантуул бол түүний хувьд ажил бизнесийнх нь салшгүй нэг хэсэг төдийгүй амьдралд нь ээл, ивээлээ хайрласан газар юм. Энэ талаар тэр, “Миний амьдралд өгөөжөө өгсөн хамгийн сайхан газар бол Нарантуул. Зөвхөн надаар зогсохгүй монголын маань олон мянган гэр бүл энэ захын буянаар амьдарлаа өөд нь татаж, хүний дайтай аж төрж яваа” хэмээн бахархалтайгаар ярьсан. Савхин эдлэлийн бизнесээ цаашид өргөжүүлэн тэлэх бодолтой байгаа юу? гэсэн миний асуултад, “Цаашид савхин хувцасныхаа нэр төрлийг нэмэгдүүлж гадаад улсад хувцсаа гаргаж борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Монголын нөхцөлд хүмүүс гол төлөв хавар, намрын цөөн хэдэн сард савхи худалдаж авдаг. Хавар, намрын улирал бол савхи зардаг бидний хувьд сезоны үе. Харин өвөл, зун гэх мэт бусад улирлуудад борлуулалт тийм ч сайн байдаггүй. Жилийн дөрвөн улиралд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд гадаад руу гаргах арга замыг сонирхон судалж байна. Хамгийн ойрын гадаад зах зээл бол Хөх хот. Өвөрмонголчууд монгол савхийг сүүлийн үед илүүтэй сонирхож байгаа нь анзаарагдсан. Энэ утгаараа Хөх хотод салбараа нээх зорилготой байгаа” хэмээн тэрбээр ярьсан юм. Ажил, амьдралд нь ач тусаа хайрласан Нарантуул худалдааны төвийнхөө талаар, “Миний эрхэлж буй бизнес өргөжин тэлж байгаад эхнэр бид хоёрын хичээл зүтгэлээс гадна Нарантуул захын нөлөө их бий. Бид Нарантуул зах дээрээ 24 жил бүтээгдэхүүнээ зарж байна. Цаашдаа ч эндээ худалдаа наймаагаа эрхэлсээр байх болов уу” гэв. Тэрбээр өнөөг хүртэл босгосон амьдарлынхаа талаар фэйсбүүкийн “Caffe Bene Mongolia”хуудаст, “Би Нарантуул зах дээр 20 жил зогсч байна. Хөдөлмөрлөөд л байвал болоод л байдаг юм даа. Анх 20 гаруйхан настай жаахан хүүхэд л эхнэртэйгээ сууж байлаа. “Сайхан амьдарна аа” гээд л хоёр талаасаа юу ч бодолгүй нийлж байсан юм шүү дээ. Хайлаастад би байшингаа өөрөө бариад л тусдаа гарч байлаа. Эхнэр юм оёно. Ингээд бид 2 савхин куртка өөрсдөө оёж зарж эхэлсэн дээ. Шөнө унтахгүй л оёдог байлаа. Залуу ч байж. Тэгээд 4 дүгээр хороололд 1 өрөө байранд орж байсан. Дараа нь 3 өрөө болгосон. Харин одоо нэг шинээр баригдсан хороололд 3 өрөө байранд амьдарч байна. Унах унаагаа ч жилээс жилд сайжруулж л явлаа. Оёдлын цехтэй болсон. Амьдрал амархан биш л дээ. Гэхдээ хөдөлмөрлөөд л байвал болдог л юм” хэмээн бичсэн нь асар олон залууст хийж бүтээх урам зориг хайрласан нь гарцаагүй. Учир нь тус хуудаст нийтлэгдсэн Ц.Батбаярын пост 17 мянган хүнд таалагдаж, 1625 хүн шэйр хийж хуваалцсанаас үүнийг мэдэж болно. Өөрийн гараар бий болгосон хөдөлмөрийнхөө ургацыг энэ амьдарлаас өдөр бүхэн хурааж, түүндээ сэтгэл хангалуун яваа Ц.Батбаяр гэх эрхэм хийж бүтээхийн их эрмэлзэллийг ийнхүү бусдадаа үлгэрлэж, энгийн даруухнаар бидний дунд аж төрж явна. Эх сурвалж: Нарантуулын мэдээ сонин

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ