Facebook Twitter youtube
Улс төргүй ”улаан тоо” юу хэлэв?
2017-10-16 өдөр 02:22

-Нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 4.2 дахин буюу 1067.5 сая ам.доллараар өсчээ. Энэ нь улстөрчдийн дүгнэж байгаа шиг шууд л гадаад зах зээл дээрх үнийн өсөлтөөс хамаарсан өсөлт үү гэвэл бас үгүй. Энэхүү өсөлтийн 38 хувь нь үнийн өсөлтөөс үүдсэн бол 62 хувь нь биет хэмжээний өсөлтөөс хамаарсан байх аж-

 mbankМонголын экспортын гол бүтээгдэхүүн болох “хар алт” буюу нүүрсний үнэ гадаад зах зээлд өсөх, буурахаас дотоодын эдийн засгийн өсөлт, уналт шууд шалтгаалж байна гэх хялбархан дүгнэлт хаа сайгүй сонсогдох болов. Ялангуяа УИХ-ын гишүүд, улстөрчдийн амнаас энэ мэдэгдэл унах энүүхэнд. Засгийн газрын ажлыг дүгнэх, хянах эрхтэй гэхээсээ илүү үүрэгтэй гишүүд маань тоо баримт уншиж, тооцоо судалгаанд үндэслэсэн дүгнэлтийг олон нийтэд мэдэгдэх нь бас л үүрэг нь байх ёстой баймаар. Тэд хэдийгээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэх “дүрэмтэй” ч хий хоосон таамаг, төсөөллөөрөө мэдэгдэл хийгээд байх нь эцэстээ нийгмийг хамарсан ташаа ойлголт руу хөтөлж байгааг анзаардаг болов уу.

Нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеийнхээс 4.2 дахин буюу 1067.5 сая ам.доллараар өсчээ. Энэ нь улстөрчдийн дүгнэж байгаа шиг шууд л гадаад зах зээл дээрх үнийн өсөлтөөс хамаарсан өсөлт үү гэвэл бас үгүй. Энэхүү өсөлтийн 38 хувь нь үнийн өсөлтөөс үүдсэн бол 62 хувь нь биет хэмжээний өсөлтөөс хамаарсан байх аж.

Экспортолсон нүүрсний биет хэмжээ ийнхүү 62 хувиар өсөхөд гол худалдан авагч БНХАУ-ын Засгийн газартай манай талаас хийсэн олон удаагийн яриа хэлцэл, идэвхтэй санаачилга чухал нөлөөтэй байсныг онцлох нь зүй. Хятад улс олборлосон нүүрсний нөөцийн илүүдэлтэй ч нүүрсний олборлолтоор дамжуулан олон мянган ажлын байрыг хадгалж байгаа нь ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэж буй бодлого гэж төр, засгийн түвшиндээ үзэж ирсэн талаар Монгол Улсад тус улсаас суугаа Элчин сайд Шин Хаймин өнгөрсөн зун монголчуудад хандсан мэдэгдэлдээ ойлгомжтой дурдсан байсан.

Гэвч Монголоос импортоор авч буй нүүрсний хэмжээгээ Хятадын тал бууруулсангүй. Үүнд өмнөх Засгийн газрын идэвх, зүтгэл ч нөлөөлсөн. Өөрсдийгөө ойлгуулах, эрх ашгаа уялдуулах гээд олон удаагийн яриа хэлцлийн үр дүнд экспортын хэмжээг тохиролцож, улмаар хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэдгээрийн ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч байсан. Эцсийн үр дүнд энэ жил Монголоос экспортлох нүүрсний хэмжээ 30 сая тонн болж нэмэгдсэн нь өмнөх жилүүдэд байгаагүй дээд хэмжээ юм. Цаашлаад 40-50 сая тоннд хүргэх бололцоо ч бий гэж үзэж байгаа. Өмнөх Засгийн газрыг унагахдаа бүх талаар нь харлуулах, үгүйсгэх кампанит ажлыг эрчтэй явуулсан нь улстөрд байдаг л бохир технологи байх.

Одоо нэгэнт үүргээ гүйцэтгээд дууссан учраас бодитой ажил, алхам, тоо баримтыг цайруулах ёстой болов уу. Энд жишээ болгон нүүрсний экспортын орлого хэдий хэмжээтэй нэмэгдсэн, үүний хэдэн хувь нь үнийн өсөлтөөс шалтгаалсан талаар статистик дурдлаа. Зөвхөн нүүрсний гэлтгүй экспортын хэмжээ өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн нь тээвэр, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, болон үйлчилгээний бусад салбарын үйл ажиллагаа сэргэх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн. Тухайлбал, 2017 оны 2 дугаар улирлын байдлаар бөөний болон жижиглэн худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өсч, эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрсэн гэж статистик мэдээлэлд дурджээ.
Эх сурвалж:Өглөөний сонин

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ