Facebook Twitter youtube
МУСТА Д.Намсрайноров хуримаа хийж, найман гавьяат нэг тайзнаа заларлаа
2017-09-12 өдөр 01:46

Namsrainorov (14)-085341-392950031Namsrainorov (16)-085347-1354815615Namsrainorov (35)-085509-1253380324Namsrainorov (37)-085515-58328648Namsrainorov (40)-085525-1290449523Дуучин Д.Намсрайноров намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр хуримаа хийлээ. Энэ намрын дуулиант хуримын нэг болохоор олны яриа татраагүй л байна. Дуучид, урлагийн одод дотроо Д.Намсрайноров даруухан нь гэгддэг. Хүмүүсийн хараанд амьдрах болсон 10 гаруй жилийн хугацаанд түүнийг халамцуу явахыг, охид хүүхнүүдтэй орооцолдож, олны хэл амны бай болж явсан удаагүй, “хорхойд хоргүй” дуучин гэж болно. “Хонгор чамдаа” дуугаараа монголчуудад танигдаж, олны хайртай дуучин болж байх үедээ анх гэргийтэйгээ учирчээ. Энэ цагаас хойш 10 жил өнгөрч, залуу хосууд Н.Нарангарав, Н.Тэмүүлэн, Н.Одонгоров гэдэг гурван хөөрхөн хүүхэдтэй. Залуу хосын хуримын цайллага “Скай ресорт”-д болсон. Олны танил дуучин, хэн хүнтэй нийцтэй Д.Намсрайноровын хуриманд Төрийн соёрхолт бүжиг дэглээч, С.Сүхбаатар, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, Б.Сийлэгмаа, Х.Болормаа, Энхзул тэргүүтэй гавьяатууд, Идэржавхлан, Баярын Болд, “Шуранхай”-н Номин-Эрдэнэ тэргүүтэй залуу дуучид цугларчээ.
Аавынхаа дуулах авъяасыг өвлөж төрсөн охин нь “Эх орондоо би хайртай” дуу дуулж, хурим эхэлсэн. Дуучдаар бялхсан энэ хуриманд “дуу дууны сайхныг шилж дуулж”, сонор мялаасан аялгуутай тансаг хурим болсон. Хуримын ёслолыг нээж Д.Намсрайноровын аав Ч.Доржгочоо гуай ерөөлийн үг хэлж, хуримын эзэн Д.Намсрайноров, Ц.Баярчимэг хоёрын ээж хүүхдүүдийнхээ хувь заяаг нэг цул болгож, сүү өргөн, нэг саванд юүлэх ёслол үйлдсэн нь утга учиртай. Хоёр эхийн нэг саванд хоёр талаас нийлүүлсэн сүүг хэн ч ялгаж чадахгүй шиг, хоёр хүүхдийн хамтын амьдрал, гэрлэлт бат бөх, сүүн цагаан замтай байхын билэгдэл аж.
Дуун хуримын ёслолын үеэр гол үүрэг гүйцэтгэсэн авъяаслаг ерөөлч залуу аргагүй олны анхаарлыг татсан. Хосууд хуримын ордноос гарч Сүхбаатарын талбайд талбайд ирэх үед шар торгон хантааз, “Юндэн” малгайтай залуухан ерөөлч цэцэн цэлмэг үг урсгаж, хуримлагч хосоос эхлээд улсын нийслэл Улаанбаатар, төв талбай, ойр орчмын барилга, албан байгууллагыг оруулан магтаж, ардын аман зохиол болох Гэрийн ерөөл магтаалаас илүү гарахаар магтаал шүлэг зохион хэллээ. Зайсан толгой дээр гарахын үест дөрвөн уулаа, байгал дэлхийгээ магтсан ерөөлийг аялгуулан уншиж, мөн хуримын цайллаганд ирсэн зочдыг ширээ ширээгээр нь шүлэглэж, Төрийн соёрхолт С.Сүхбаатар, МУГЖ Т.Баясгалан, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Б.Сийлэгмаа, Х.Болормаа, Д.Энхзулын залуу дуучин Д.Идэржавхлан, Баярын Болд, Д.Найдандорж зэрэг олны танил хүмүүсийг нэр цохон нэр, ажил, дуулсан дууг толгой холбож шүлэглэсэн нь аргагүй төрмөл ардын авъяастан, ардын аман зохиолыг залуу үед дамжуулах бас нэгэн гүүр, бахархал гэдгээ харууллаа. Хуриманд оролцогсод цэцэн цэлмэг ерөөлчийн авъяасыг бахдаж, хэн болох тухай битүүхэн сурагласан. Монгол хуримын салшгүй нэг хэсэг болох гэрийн ерөөл айлдсан, ерөөлч залууг Б.Пүрэвсүх гэдэг аж. Б.Пүрэвсүх цаашид олон залуусын хуриманд оролцож, ардын аман зохиолын нэг хэлбэрийг, монгол найр хуримтай хослуулан түгээн дэлгэрүүлэх биз ээ.
Төр, түмэндээ нэр хүндтэй олон дуучид цугласан хуримын ёслолыг МУГЖ Ц.Үенч ардын сайхан дуугаар ая дууны мэндчилгээ өргөн эхлүүлж, араас нь МУГЖ Т.Ариунаа тайзнаа уригдан гарч ирсэн. МУГЖ Т.Ариунаа хуримлагч хосын хоёр сайхан ээжид зориулж, ээжийн тухай сайхан хит дуугаараа ая барьж, хосуудад зориулж хайрын дуугаараа бэлэг барилаа. Дараа нь “Догь байгаа биз” дуугаа дуулсан нь оролцогчийг “доргиож”, рок попын манлай болсон МУГЖ Т.Ариунаагийн цоглог хэмнэлтэй дуунд хөгжиж хөөрсөн зочид бүжгийн талбайд гарч, найр жигдэрлээ. Төрийн албанд удирдах ажил эрхэлж, олны өмнө дуулах нь ховордсон МУГЖ Г.Эрдэнэбат “Гэргийн дуу”-гаараа ая дууны мэндчилгээ өргөсөн нь хүмүүст “сюрприз” гэдэг нь боллоо.
Төрийн хүндэтгэлийн тайзнаа хаа нэгтээ л дөрвүүлээ хамт гарах болсон “Камертон” хамтлагийнхан 18 насандаа анх танилцаж, 10 жилийн дараа гал голомтоо бадрааж байгаа хосуудад зориулан “18 нас” дуугаа дуулж, хуримыг чимлээ. Дуу дууны сайхныг шилэн ая барьсан найр үргэлжилж, найман гавьяат тайз дүүргэн эзэгнэлээ. Монгол хурим найрын сүлд дуу болох “Сүүн цагаан хурим” дууг зохиосон МУГЖ “Хоовон” Энхбаяр, анх дуулж олонд хүргэсэн МУГЖ Дашдондог, МУГЖ Бүрнээбаяр, Бархас, бөмбөрчин Цоомоо, Болоож, “Том” Жагаа зэрэг найман гавьяат дуучин Д.Намсрайноровын хурим, гэр бүлд зориулан “Сүүн цагаан хурим”-аа дуулж хөгжимдсөн нь ойрд үзэгдэж сонсогдоогүй том үйл явдал болов. Дөрвөн гавьяатын тоглолт үзэж явснаас, олноо хүлээн зөвшөөрөгдсөн, алдартай наймын найман гавьяат нэг тайзан дээр, нэг дуучны хуриманд дуулна гэдэг сонссон хүн магнайгаа хагартал баярламаар, дууг нь дахин дахин сонсмоор, гайхамшигтай.
Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр гурав, Төрийн хошой шагналт Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн хөгжим, Ч.Чимэд, Ц.Ойдов нарын цомнол “Жаргалын зам” дуурийн “Найрын дуу” буюу Халиуны дууг дуулсан нь ёстой л дахин дахин дуулуулмаар сонсголонтой. Лодойн Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа хамтран “Амар түвшин сууна” дуугаа дуулав. Дуучин Д.Намсрайноровын хурим хоёр хэсэгтэй, эхний хэсгийг хөтлөгч Буянаа, оргил хэсгийг SBN телевизийн нүүр царай болж байсан авъяаслаг хөтлөгч, “Яг түүн шиг” нэвтрүүлгийн хөтлөгч Болд хөтөлсөн.
Д.Намсрайноровын аав Ч.Доржгочоо Төв аймгийн харъяат, Монгол Улсын Аварга малчин, Аймгийн Алдарт уяач, нэрт дуучны гэргий Ц.Баярчимэгийн аав Баянхонгор аймгийн харъяат, Осолгүй манлай, Онц тээвэрчин Ж.Цэрэнбат. МУСТА Д.Намсрайноров аймаг алгасан, хошуу сунган хайр сэтгэлээр холбогдон, нижгэр хурим хийж гал голомтоо бадраалаа. “Скай ресорт”-ын их танхимд болсон хуримын ёслолын замыг цагаан, цайвар ногоон цэцгээр чимэглэсэн нь ирж яваа хуримын зочдын сэтгэлийг эрхгүй хөдөлгөнө. Хуримын эзэн дуучин, зочид нь ид уран бүтээлээ туурвиж яваа, Монголын нэрд гарсан сайхан дуучид болохоор дууны дугараа тасрахгүй. Д.Намсрайноровын СУИС-ийн ангийн багш Гантулга, цуг сурч төгссөн ангийнх нь андууд болох А.Хосбаяр, Б.Оюунбат, Ө.Цэрэнчунт, А.Мөнгөншагай тэргүүтэй залуус МУСТА Д.Намсрайноровын дуунуудыг эвлүүлж “попури” дуулсан.
Найрын эзэн Д.Намсрайноровын дуулагчлан
“Алдаатай оноотой амьдралын харгуйд
Амрагаа түшээд жаргаж суувал амьдрал тэр шүү дээ”…
Танилцаад удаагүй гэрлэж бараалсан биш, 10 жил хамт амьдарч, гурван хүүхдийн аав ээж болон, ургаа бат гагнаж, холбосон үедээ, хамтын амьдралаа баталгаажуулан, нижгэр хурим хийж байгаа сайхан хосын цаашдын амьдралын зам дардан, аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ