Facebook Twitter youtube
Д.ТӨМӨРТОГТОХ: Балжинням найруулагч “Минхай гэдэг чинь Төмөртогтох шүү дээ, Төмөртогтох чинь Минхай байхгүй юу” гэсэн
2017-07-23 өдөр 02:50

MinhaiМалын эмч эмч залуу 28 насандаа “Мандухай сэцэн хатан” киноны Минхайн пүрд тоглож хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон. Мэргэжлийн жүжигчин бус 28 настай залуугийн анхны дүр хүмүүст ийн хүн гэдэг ховор тохиолдол. Түүнээс хойш”Аянгат цагийн дууль”
“Зүргэнд шивнэсэн үг”
“Ану хатан” кинонд тоглосон, олонд хүлээн зөвшөөрөгдсөн сайн жүжигчин. Минхай баатар “Улаанбаатар таймс” сонинд сонирхолтой ярилцлага өгчээ.
Жүжигчин Д.Төмөртогтохыг “Aнy хатан”уран сайхны кипоны нээлтэнд оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд байхад нь уулзсан юм. Төмөртогтох гэхээсээ илүүтэйгээр Минхай хэмээн олноо алдаршсан энэ эрхмийг та лав санаж байгаа байх. “Мандухай цэцэн хатан” киноны Минхай шүү дээ. Дэлгэцийн анхны дүрээрээ л олон түмэнд хайрлан хүндлэгдсэн тэрбээр өдгөө Өвөрхангай аймагт ажиллаж, амьдарч байна.
-Бидний яриа Минхай баатрын талаарх ярианаас эхэлсэн нь зөв болов уу. Монгол түмэнд таныг таниулсан энэ дүртэй та хэрхэн “учрав”?
-Дээр үед Бүх ард түмний урлагийн их наадам гэж урлагийн их сайхан наадам зохион байгуулагддаг байлаа. Энэ наадамд оролцох уран сайханчдыг сум багаас шалгаруулж түүнээс шалгарсан нь аймагтаа, аймгаас шалгарвал улсдаа ирж дуу хөгжмөөр уралддаг байлаа. Хамгийн сайхан нь энэ наадамд шалгарсан хүмүүсийг театруудад жүжигчнээр авдаг байсан юм.
Одоо түүн шиг арга хэмжээг телевизийнхэн зохион байгуулдаг болжээ. Миний хувьд энэ наадмаас гарч ирсэн хүн л дээ. Өөрөөр хэлбэл би 1985 оны Бүх ард түмний их наадамд дуугаар оролцсон юм. Тэр үед би Өвөрхангай аймгийн Сант суманд амьдардаг байсан. Тухайн үед уурын зуух, хөдөө аж ахуй хариуцсан механик хийдэг ажилтай байлаа.
Урлаг уран сайханд дуртай юм болохоор тэрхүү урлагийн их наадамд оролцож сумаасаа шалгарч аймаг руу очиж байсан юм. Аймагт иртэл 15 дугаар баазад жолооч хийдэг байсан манай нэг дүү бас энэ наадамд баазаасаа шалгарчихсан бөөн баяр сууж байсан. Байгууллага, сум, багаас 300-аад хүн шалгарсан байсан юмдаг. Шалгарсан бүх хүмүүсээ Хужиртын амралтанд 25 хоног байрлуулж бэлдлээ.
Тэгж тэгж аймгаас 25 хүн шалгарч Улаанбаагар явах болсон. Тэдний дунд дүү бид хоёр байв. Ингэж анх Бүх ард түмний урлагийн их наадамд ах дүү хоёр хамт дуулж алтан медаль хүртэж байлаа. “Эхийн сургаал” гэж дуу дуулсан юмдаг. Хамгийн сүүлийн бадгийг нь дуулж байтал хүмүүсийн алга нижигнээд жигтэйхэн юм боллоо. Хүн чинь их сонин амьтан юм билээ.
Баахан олон хүн алга нижигнүүлээд л ташихаар дотор хачин болоод л нүдний нулимс бүрхээд ирсэн. Хүмүүсийн алга ташилтанд хөгжим ч сонсогдоггүй. Би өөрөө яаж дуулснаа мэдэлгүй дуулж дууссан байсан. Дуулж дуусаад хувцас сольдог өрөөнд ороод иртэл Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагч хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хоёр биднийг тосон зогсож байлаа.
Тэд “та хоёр ч алт сугалчихлаа” гээд баяр хүргэж гарлаа. Бид хоёр учраа ч олж байгаа юм байхгүй. Баахан хүмүүс гар бариад баяр хүргээд л. Ямар ч байсан Жанцанноров гуайн “манай Өвөрхангайн хүүхдүүд сайн байна шүү” гээд баяр хүргэж үнссэнийг одоо хэр нь санадаг юм. Бас энэ наадамд оролцсон хүмүүс стадионд параданд оролцдог байсан юм.
Тэр параданд оролцоод явж байтал Баяжихын Пүрвээ гэж өөрийгөө танилцуулсан монхойсон хамартай бор өвгөн над дээр хүрч ирээд “Чи кинонд тоглох дуртай юу” гэж асуулаа. Дуулах, кинонд тоглох гэдэг чинь хүүхэд бүрийн л хүсэл мөрөөдөл шүү дээ. Тиймээс би дуртай л гэлээ. Тэгсэн тэр хүн “за тэгвэл чи надад нэр ус хаягаа хэлчих” гэлээ.
Би Өвөрхангай аймгийн Сант сумаас ирсэн Төмөртогтох гэж хүн байна гэхэд тэр хүн ихэд нямбайлан бичиж аваад явсан. Түүнээс хойш хоёр гурван cap өнгөрлөө. Тэгсэн нэг өдөр “Мандухай цэцэн хатан” кино хийх гэж байгаа гэнээ. Энэ киног Ардын жүжигчин Жигжид найруулна гэнэ, хүмүүс пробонд их орж байгаа гэнэ гэсэн мэдээлэл дуулддаг боллоо.
Хэсэг ингэж шуугиж байснаа чимээ тасарлаа. Тэгснээ дахиад л “Мандухай цэцэн хатан” киног Жигжид найруулахаа больсон гэнээ, өөр хүнд шилжүүлж байгаа гэнэ, Балжинням гэж найруулагч найруулах юм гэнэ гэсэн яриа гарч хэвлэл мэдээллээр ч энэ тухай бичиж эхэлсэн. Социлизмын үед бүх юмыг цаанаас нь томилчихдог байлаа ш дээ.
Намайг Бүх ард түмний урлагийн их наадамд түрүүлж алтан медаль авсан болохоор Өвөрхангайн театрт жүжигчнээр ажилла гэсэн тушаал гарч би жүжигчин болсон байсан үе. Театрт ороод хоёр гурван cap болж байтал нэг өдөр дарга “киноны проб хийж байгаа гэнэ жүжигчид дуучид бүгд найруулагчийн ороонд ороод ир” гэлээ. Ороод очтол гурван танихгүй хүн байна.
Одоо бодохнээ тэд бол Балжинням найруулагч, Шаравдорж ах, Пүрэвсүх ах гурав байсан юм билээ. Намайг ороод очтол “Өнөболдод фото проб хийнэ, чи Мандухай хатнаас салж байгаа тийм байдлыг гарга даа” гэж байна. Би мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Зүгээр нэг дуулдаг санаатай. Тэгээд ч “Мандухай цэцэн хатан” зохиолыг уншаагүй байсан үе.
Тэгээд дотор хүнтэйгээ ярилаа. Эхнэр хүүхдээсээ салчихвал ямар байдалтай байх бол гэж дотроо бодоод хэд хэдэн зураг авахуулчихлаа. Ядахад фото проб гэдэг нь үг хэлэхгүй юм. Бүгдийг нүдээрээ илэрхийлэх учиртай гэнэ. Ингэж тал талаасаа хэд хэдэн зураг авахуулчихаад ийм амархан байдаг юм байх даа гээд гарлаа. Тэгээд л болчихсон. Нөгөө хүмүүс ч явлаа.
Цаг хугацаа өнгөрч би ч өнөөхийгөө мартчихаж. Хавар болж байтал дарга “Мандухай цэцэн хатан” киноны кино пробонд чамайг дуудсан байна” гэх нь тэр. Байгууллагаараа онгоцны зардлыг нь даалгаад л 55 минут нисч Улаанбаатарт ирж Кино үйлдвэр гэдгийг нь хүнээр заалгаад яваад очлоо. Тэгсэн тэнд дайн болсон юм шиг цус нөж болсон хүмүүс.
Бас шар эсгий үнэртсэн энэ газар хуучны хувцас өмссөн сахал үс ихтэй хүмүүс хаа сайгүй харагдана. Тэдэнд дунд Дамчаа ах, Сувдаа эгч гээд л хүндэлж явдаг хүмүүсээс маань ганц нэг хүн харагдана. Би ч Балжинням гэдэг хүнийг сураад туучихлаа даа. Өвөрхангайгаас ирсэн нэг эмэгтэйг дагуулаад Балжинням найруулагчийн өрөөнд орлоо. Тэгсэн тэр “нөгөө Өвөрхангайгаас ирсэн хүүхэд үү. За будгийг нь хийгээд хувцсыг нь өмсгөөдөх” гэж байна.
Тэгтэл хичнээн ч хүн өмссөн юм гэмээр их хуучин хувцас өмсгөх юм болов. Өнөөхийг нь өмсөх гэсэн жаахан сэжиг хүрээд болдоггүй. Гэтэл Балжинням найруулагч “за түргэл түргэл өмс” гэх. Аргагүйн эрхэнд өмслөө дөө. Сувдаа эгчийн хар гэрт байдаг хэсэг байдаг ш дээ. Тэр хэсгийн зургийг авч байсан юм билээ, тэр үед. Надад нэлээд урт текст өглөө. Өнөболд юм бодсон чинь Минхайн үг байна.
-Фото пробонд Өнөболдоор орсон болохоор тэгж бодсон хэрэг л дээ.
-Тэгэлгүй яахав. Гэхдээ би тэр үед зохиолыг нь их сайн уншсан байсан. Тиймээс Минхайг ямар хүн бэ гэдгийг мэдэж байсан л даа. Кино зохиол чинь эх зохиолоосоо шал өөр байдаг юм билээ. Тэгээд л өгсөн тэр текстийг нь уншиж уншиж Минхайд орсон доо. Тэгсэн Балжинням найруулагч “энэ дүрд 12-13 хүн орж байгаа, ямар ч байсан чамайг үзлээ, тэнцвэл дуудах байх одоо явж бай” гээд гаргачихсан.
Ингээд буцаад Өвөрхангайдаа ирсэн. Эхэндээ ч жаахан хүлээдэг байлаа. Гэтэл дууддаг юм биш. Тэгэхээр нь за тэр нэмэргүй болсон юм байж гээд хүлээхээ ч больчихсон байж байтал нэг өдөр театрын дарга дуудлаа. Яваад ортол “за чамд баяр хүргэе. Чи “Мандухай цэцэн хатан” кинонд тоглохоор болсон байна. Чамайг ажлаас нь чөлөөлөөд явуул гэсэн албан бичиг ирсэн” гэдэг байгаа. Би бөөн баяр болж жижүүрийнхээ утсыг шүүрч аваад эхнэртээ энэ баярт мэдээгээ дуулгасан. Тэр үед ямар гар утас гэж байсан биш. Тэгээд л Минхайд тоглохоор болсон.
-Минхайн баатарлаг үйл анх хаана өрнөв?
-Мандухай Исмэлийн гарт хөнөөгдчихөөд түүн дээр Минхай, Өнөболд нар орж ирж байгаа хэсгийн зураг авалтыг хамгийн түрүүнд авсан юм. Юу ч мэдэхгүй нөхөр шүү дээ би. Тиймээс Балжинням найруулагчаас Минхай гэж ямар хүн байдаг юм бэ гэвэл тэр Минхай гэдэг чинь Төмөртогтох шүү дээ, Төмөртогтох чинь Минхай байхгүй юу гэлээ. Тэрийг нь ч сайн ухаж ойлгосонгүй.
Ямар том том жүжигчдээс асуултай нь биш. Тэгээд л нэг л их юм мэддэг хүн болоод явлаа даа. Хаалгаа нүдээд яваад ортол Дамчаа ах, Сувдаа эгчийг “алаад” бөөн цус нөж болчихсон байж байна.
Юм мэдэхгүй болохоор тэгдэг юм байлгүй дээ уур хүрээд давхиж очоод Дамчаа ахыг багалзуурдаж аваад сэлмээ далайгаад хойш нь дартал Дамчаа ах “болил доо чи, жаахан техниктэй тогло л доо” гэх нь дуулдав. Харин Балжинням найруулагч тэндээс зөв, наадах чинь зөв байгаа юм гээд орилж байсан юм даг. Тэгж л анхны зурагтаа хийлгэсэн дээ.
-Тэгэхээр анхны тоглолтоосоо эхлээд л таны жүжиглэлт Балжинням найруулагчид таалагдсан байх нь ээ?
-Тийм л юм шиг байгаа юм.
-Балжинням найруулагч Минхай бол Төмөртогтох шүү дээ гэсэн гэлээ. Ер нь тантай өөртэй чинь хэр төстэй дүр байсан бэ?
-Нацагдорж гуайн бичсэнээр бол Минхай надтай их ойрхон дүр байсан. Нүд нь жийтгар монхор хамартай гээд л яг намайг харсан юм шиг миний дүр төрхийг нь бичсэн байсан. Дүрийн хувьд бол надтай адилхан санагдаж байсан. Тоглолтын хувьд ямар болсон юм бүү мэд. Ямар ч байсан бодож байгаад л тоглосон. Өөрийгөө хөглөж зүрх сэтгэлээрээ л тоглосон.
-Бүх ард түмний урлагийн их наадмаас авьяас нь тодорсон энэ хүмүүн ер нь ямар мэргэжлийн хүн юм бэ? Та өөрөө түрүүнээс хойш мэргэжлийн жүжигчин биш шүү дээ гэж хэд хэд хэлсэн?
-Уг нь би чинь малын их эмч хүн юм шүү дээ. Одоо Өвөрхангай аймгийн Баянгол сумын мал эмнэлэгт үйлдвэрлэлийн эмчээр ажиллаж байгаа. Манай эхнэр ч бас малын их эмч. 1999 онд мал эмнэлгүүд хувьчлагдсан. Тэгэхэд малын эмнэлэг авч одоо хүртэл тэр малын эмнэлгээ ажиллуулаад явж байна.
-Социализмын үед театрын жүжигчнээр томилогдож байсан энэ жүжигчин яагаад ажил мэргэжлээ сольсон юм бол?
-1990-ээд онд тетар урлагийнхан бараг тэр чигтэ хаягдсан шүү дээ. Их хүнд он жилүүд байлаа. Тиймээс амьдрахын эрхэнд хэдэн хүүхдээ тэжээхийн тулд гахай хариулсан, видео кино ч гаргаж үзсэн. Ер нь юм юм хийж үзсэн дээ. Тэгээд сүүлд нь мэргэжлийн ажлаа хийсэн нь энэ. Мэргэжлийн ажил гэдэг сайхан л даа.
-Хоёулаа яриагаа дахиад уран бүтээл рүүгээ хөтөлье. “Мандухай цэцэн хатан” киноны дараа танд “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэж эзэн Чингис хааны тухай кино болон “Аянгат цагийн дууль” гэж бодит явдлаас сэдэвлэсэн уран сайхны кинонд тоглох хувь тохиосон байх аа?
-“Мөнх тэнгэрийн хүчин дор” бас Балжинням найруулагчийн хийсэн кино шүү дээ. Балжаа найруулагч пробгүйгээр шууд Боорчийн дүрийг надад өгч байсан юм. Харин түүний дараа Чинаагийн Галсангийн “Аянгат цагийн дууль” гэж кинонд Баянак гэж дүрд тоглосон. Тувачуудын тухай кино. Ч.Галсан өөрөө тува хүн юм билээ. “Гул Аранжин”-д тоглодог Хишигдорж найруулсан, энэ киног.
Тэр Баянакад тоглох хүн олдоггүй гэж Равданд хэлтэл Минхай л тоглоно доо. Түүнийг олж уулз гэснээр би “олзлогдсон”юм билээ. Найруулагч надтай уулзаад Баянак бол хэлмэгдэж ууланд байж байгаад нас барсан бодит хүн, түүний хэрэглэж байсан чүдэнз энэ, муна нь энэ гээд хэдэн хятад чүдэнз том цагаан муна харуулж байсан юм.
Тэгээд л тэр киноны пробонд орчихоод буцаад “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноныхоо зураг авалтанд иртэл Балжинням найруулагч “чи одоо хаа хамаагүй явдаг нөхөр юм уу даа. Бас нэг кино руу орчихсон уу” гээд аашилснаа гэхдээ би түрүүнд нь чамайг шинэ жүжигчин гээд тэр кинонд явуулаагүй юм. Одоо бол гайгүй болсон байх гэж бодоод явуулъя.
Гэхдээ нөхөр минь график эвдэж болохгүй шүү гэснээр би “Аянгат цагийн дууль”-ийн Баянакад тоглосон. Өмнөх үйл явдал нь “Мандухай”-г хийж байхад болсон юм. Яасан гэхээр Дамдин найруулагч “Мандах нарны туяа” гэж кино хийх гэж байна, чамайг жанжинд проб хиймээр байна. Хүрээд ирээч гэхээр нь би очиж пробонд орлоо. Тэгсэн би тэнцчихсэн.
Гэтэл Балжинням найруулагч “Чи одоо Минхай гэж түүхэн баатрын дүрд тоглох гэж байж өөр кинонд явах гэлээ. Энэ бол Төв хороогоор батлагдсан кино. Чи Минхайдаа тоглох ёстой гээд учирласан. Гэтэл Дамдин найруулагч жанжны дүр бол бас л түүхэн дүр. Чи жанжинд тоглох ёстой. Энэ киног Соёлын яам баталсан гэсэн. “Мандухай цэцэн хатан” киноны зураг авалт эхэлчихсэн байсан болохоор Балжинням найруулагч “чи юм юманд савсаганаад” гэж аашилж байсан юм. Тэр үеийг ярьж байгаа нь тэр.
-Кинонд хорхойсч байсан болохоор хоёуланд нь л тоглочихмоор санагдсан байлгүй. Тэгээд шийдээ яаж гаргав?
-Тэгэхээр нь би бодлоо доо. Надад “Мандухай” нь л хэрэгтэй юм байна. Жанжинд тоглолоо гэхэд би Дашнамжил шиг жанжинг гаргаж чадахгүй. Тэгээд ч Монголын ард түмэн Дашнамжилыг жанжин гэж хардаг. Би түүнээс илүү гаргаж чадахгүй юм чинь гэж бодоод Минхайдаа тоглосон. Тэгээд жанжинд Базаррагчаа тоглосон шүү дээ.
-Ер нь Балжинням найруулагч таны тоглолтонд нэлээд амташжээ дээ?
-Хөдөөний жирийн л нэг монгол эр хүн гэдэг талаас нь намайг харж хайрладаг байх гэж би боддог. Жүжигчин болох гол суурийг Балжинням найруулагч л тавьсан юм ш дээ. Харин миний багш гэвэл ном. Би багаасаа номтой нөхөрлөсөн. Ном уншаад уйлдаг, инээдэг тийм л хүүхэд байлаа. Харин тэрийг маань дэмжиж гаргаж ирсэн хүн бол яах аргагүй Балжаа багш. Би Балжаа багшдаа баярлаж явдаг, Монголын ард түмэнд намайг таниулж өгсөнд нь. Намайг танихгүй хүн байдаггүй л юм шиг байна лээ.
-Монголын ард түмэн “Мандухай цэцэн хатан” кинонд онц дүн тавьсан. Харин та Минхайдаа ямар дүн тавьдаг вэ?
-Жүжигчид сүүлд нь ингэдэг байж гээд л ярьдаг юм билээ. Би ч бас тэгж л хэлэх гээд байна. Миний хамгийн анхны бүтээл. Юу ч мэдэхгүй байж хүмүүсийн сэтгэлд хүрнэ гэдэг бас болж л байгаа хэрэг. Төмөртогтох өөрийнхөө материалыг ашиглан бас тэр олон хүмүүсийн тавилыг зөв авч явсны хүчинд боломжийг болсон юм шиг санагддаг.
Гэхдээ хиймээр юм их харагддаг. Минхайн ааруул идэж байга, тэмцэл хийж байгаа хэсгүүд хүмүүсийн сэтгэлд их л хүрсэн байдаг юм билээ. Одоо харахад ингэдэг байж гэж надад бодогддог л юм. Дутуу хийсэн юм их харагддаг. Мандухайг хийж байх үед би дөнгөж 28 настай байлаа шүү дээ.
-“Зүрхэнд шивнэсэн үг” гэж киноны Дэлэгт тоглосныг чинь хүмүүс мэдэж байгаа байх. Олон хүнд нэгийг бодогдуулсан сайхан кино шүү?
-Миний тоглосон ганц гол дүр бол “Аянгат цагийн дууль” киноны Баянак. Бусад нь бүгд туслах дүр. Дэлэг ч гэсэн киноны зөвхөн төгсгөлд орж ирдэг дүр шүү дээ. Гэхдээ би ямар ч дүрийг жижиг дүр гэж боддоггүй. Харин түүнийг яаж томруулах вэ гэж боддог. Тэгээд би Дэлэгийг амьдаараа алуулчихаж байгаа хүн юм байна гэж бодоод энэ дүр дээр ажилласан.
Дэлэг гэдэг хүн байх ёстой газраа байхгүй ёсгүй болчихсон хүн юм байна гэж бодоод явж байтал араас нь охин нь “Ааваа” гээд гүйж ирдэг шүү дээ. Тэгэхээр Дэлэг хүүхэддээ яллуулчихсан амьд сүг юм байна гэж бодож энэ дүрийг гаргасан.
-“Зүрхэнд шивнэсэн үг” кинонд тоглосноос хойш 11 жилийн дараа “Aнy хатан” кинонд тоглож байна гэж та ярьж байсан. Энэ цагийнханд хүлээлт үүсгээд байсан энэ кинонд тоглох хувь яаж тохиов?
-“Зүрхэнд шивнэсэн үг” киноны найруулагч нь Бат-Өлзий ажилласан шүү дээ. Тэр ийм кино хийх гэж байгаа гэнэ чи ирж пробонд орооч гэснээр би “Ану хатан” киноны Булат жанжны дүрд тоглосон. Ану хатан бол Монголын түүхэнд домог болоод үлдчихсэн хатан. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог юм. Яагаад гэхээр би Мандухай, Ану гэсэн Монголын хоёр том хатны хажууд дагаж явсан Булат бол Ану хатныг, Галдан бошгитыг хамгаалж явсан түмтийн жанжин шүү дээ.
-Ер нь та хатдыг хамгаалах хувьтай хүн юм аа даа?
-Би урд насандаа баатар байсан бөгөөд өнөө хүртэл сүнс нь биед минь шингээтэй байдаг юм болов уу гэж боддог. Мандухайн Минхай, Чингисийн Боорчи, Ану хатны Булат баатар, Аянгат цагийн дуулийн Баянак ч тэр баатарлаг эрчүүд. Тэгэхээр би баатрын сүнстэй юм шиг байгаа юм. Олон баатарт тоглолоо харин одоо би нэг том хаан ч юмуу ноёны дүрд тоглох юмсан гэж боддог.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ