Facebook Twitter youtube
Э.Болор-Уянга: Гадаад найз залуу надад байдаг бол дагуулаад ирээч, ашгүй
2017-07-20 өдөр 02:54

Boloruyanga-МУГЖ Сарантуяатай та байнга хамт явж байдаг, тоглолтонд нь оролцдоггүй. Барагтай хүнийг тоодоггүй, хэр баргийн дуучныг шавиараа зарладаггүй эрхэмсэг хатагтайг дагуулаад байдгийн учир юу вэ? Багш, шавь юм уу? 

-Дагуулаад ч юу юм бэ? Дуучин Сарантуяа 2012 оны арванхоёрдугаар сард надад 2013 оны Монгол орноороо тойрон тоглох “Хайрын бурхан” аялан тоглолтдоо оролцох санал тавьсан. Түүнээс хойш маш дотно харилцаагаар холбогдсон эгч-найз маань. Албан ёсоор багш, шавь биш ч би түүнээс маш их зүйлийг сурч, мэдэрч яваа. Цаашдаа ч ихийг сурна гэж бодож байгаа. Би чинь “Saraa`s music” продакшн-ийн дуучин шүү дээ.
-МУГЖ Сарантуяа албан ёсоор бол ганцхан шавьтай гэдэг. Дуучин Насанбуян та гурав бүр хамтдаа “Газар шим”-ийн салатны сурталчилгаанд тоглосон. Энэ сурталчилгаанд хамтдаа тоглох саналыг дуучин Сарантуяа танд тавьсан уу?
-Мэдээж Сараа эгчид санал тавьсан байх л даа. Надад бол “Saraa`s music” продакшн-аас санал тавьсан. Тэр үед яг миний “Хайрын увидас” дууны бичлэг хийгдэж байсан юм.
-Ингэхэд гурван бүсгүй маань тоглолт, бичлэгнийхээ завсарлагаанаар салат л идэх үү?
-Үгүй яахав дээ, бичлэгний завсарлагаанаар мэдээж хэрэг хүн л юм чинь хоол ундаа идэж, ууна шүү дээ. Тэгээд ч би амьдрал дээр байнга үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ хэрэглэж, дэмждэг. Бүх хувцас, хэрэглэл гэх нь ч юу юм бэ? Тоглолтын хувцас, гадуур өмсдөг хүрэм, цув, цүнх, гутал гээд боломжтой бүхнээ Монголын дизайнеруудад захиалж хийлгэдэг. Ер нь өөртөө таалагдсан, өөрийнхөө дуртай өнгөөр хувцсаа хийлгээд өмсчихдөг гэхмэтчилэнгээр гоо сайхны бүтээгдэхүүн гээд боломжоороо дотоодын, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.
-Таныг дандаа тойрч байдаг бас нэгэн асуудал. Байнга л Болор-Уянга найз залуутай, нөхөртэй болсон уу гэж асуухаас залхдаг гэж та дээхнэ ярилцлага өгөхдөө хэлж байсан. Дахиад л ийм асуулт тавих нь. Магадгүй, ганц бие, залуухан сайхан, дуучин бүсгүйг байнга ээрдэг асуулт байх?
-Болчихдог бол болчихмоор л байна.
-Гэхдээ таныг дундад ази, турк гэмээр залуутай их л дотно холбоотой байх болсон гэсэн мэдээлэл гарсан байсан?
-Өө тийм үү. Намайг надаас сайн мэддэг хүмүүс ээ, надаар сонин юу байна гэсэн нэг онигоо шиг яриа моод болсон байсан байх аа. Тэгэхээр ашгүй надад тийм гадаад найз залуу байгаа бол мэддэг хүмүүс нь дагуулаад ирээсэй. /инээв/
-Магадгүй гадаад ивээн тэтгэгчтэй болсон ч юм уу гэсэн яриа гарсан л байх л даа. Ингэхэд энэ тоглолтыг тань хэн ивээн тэтгэж байгаа вэ?
-Хэн ивээн тэтгэх вэ дээ, өөрөө л. Харин би ивээн тэтгэгч байгаа бол ашгүй аваад ирээрэй гэж хэлээд байна шүү дээ. /инээв/
-Турк ч билүү, дундад Ази ч билүү залуутай нэлээд дотно явж байна гэсэн мэдээлэл гарсан байсан биз дээ?
-За мэдэхгүй. Одоо чинь урсдаг шатан дээр зэрэгцээд өнгөрсөн хүнтэй шахуу хардах гээд л байна шүү дээ. Юун турк, дундаж Ази ….Би монгол залуустаа л дуртай. /инээв/
-Ингэхэд ээжийн хувьд Эх үрсийн баяраа хэрхэн тэмдэглэв? Завгүй байв уу?
-Завгүй байсан ч охинтойгоо тэмдэглэлгүй яах вэ? Бас уламжлал ёсоороо 100 хүүхдэд бэлэг өгчихсөн. Ер нь боломжоороо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг хичээдэг. Заримдаа баяраар хүүхдүүд, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэйгээ цугтаа дуулж, хөгжилдөж, ярилцдаг. Энэ жил хараахан тэгж чадсангүй ээ. Зав муутай.
-100 хүүхэд ээ. Сайн үйлсийн ажил уу?
-Ер нь л сүүлийн гурван жил би боломжоороо л хүмүүст тусалж хүүхдүүдэд бэлэг бэлтгэж байгаа. Чихэр жимс биш, сүү тараг ч юм уу, мөн л Монгол үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг бэлэглэдэг. Энэ жил санхүүгийн хувьд жаахан хямралтай байлаа /инээгээд/. Тэглээ гээд боломжоороо бэлгээ бэлтгээд тараачихсан. Ер нь бол заавал мөнгө төгрөг гэхээсээ илүү тус багаддаггүй. Нэг өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй дуулж хөгжиж өнгөрөөдөг ч юм уу, бичиг баримтгүй, яаж хөөцөлдөхөө мэдэхгүй хүмүүсийг дагуулж яваад эсвэл өөрөө яваад бичиг баримттай болгочих, орон гэргүй хаачихаа мэдэхгүй байгаа хүнийг айлын хашаанд буулгаад өгчих гээд буян багадахгүй. Өөрөө завгүй байсан ч гэсэн хүмүүст хэлээд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тэмтэрч уншдаг номыг нь аваад өгчих гэх мэт боломжоороо л сайн үйлс хийдэг. Ялангуяа сүүлийн 3-4 жил жижигхэн өдөрлөг зохиож, бэлэг бэлтгэх уламжлал болсон. Уг нь сар бүр сайн зүйл хийдэг байсан, сүүлийн үед сар бүр арай л чадахгүй байна.
-Ямар сонин юм бэ, хувьдаа би өөрийг тань ийм сайн үйлс хийдэг гэдгийг сонсоогүй, мэдээгүй л байсан юм байна? Яагаад?
-Юун яагаад гэж? Тэдэнд өөр хэн туслах юм бэ? Бид л туслахгүй бол.
-Үгүй ээ, ийм мэдээлэл гарч байгаагүй ээ гэж л?
-Аан хүмүүс хүүхдүүдэд бэлэг бэлэглэлээ, тэр эмээд тусаллаа, тийм ажил хийлээ гээд л сошиалд зураг хөргөө тавиад байдаг юм. Би хувьдээ үүнийг дэмий гэж боддог юм. Тус л бол тус биз дээ.
-Мундаг юм аа, танд баяр хүргэе. Ингэхэд төрсөн өдрөөрөө ямар бэлэг авах юм сан гэж бодож байна вэ? Ямар бэлгэнд дуртай вэ?
-Энэ удаад миний төрсөн өдрөөр бэлэг өгөөд хэрэггүй ээ, зөвхөн тоглолтын маань тасалбарыг худалдаж аваад ирээрэй гэж л байгаа, хүмүүст. Уран бүтээлч бид ч ажлаа л хийж байгаа хүмүүс, хөдөлмөрөө үнэлүүлж байгаа хүмүүс. Гэтэл энд тэнд ирээд дуулаад өгөөч, эсвэл тоглолтын тасалбараа бэлэглээч гэдэг хүмүүст жаахан дургүй л дээ, уучлаарай.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
А.Туяа

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ