Facebook Twitter youtube
Н.Номтойбаяр: Эмэгтэй 48, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломж бүрдэж байгаа
2017-06-30 өдөр 09:41

viber imageХөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим эргэлзээтэй заалтуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуулийн төсөлтэй холбогдуулан олон нийтэд буруу ташаа мэдээлэл их хүрч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн заалт оруулсны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.
Уг хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх босго нь 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10-20 жил байдаг. 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт хэвээр үлдэх юм. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг энэ хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 10, 15 жилээр нэмэгдэж байна хэмээн буруу ташаа ойлгоод байна. Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа. Энэ нь 60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байгаа” гэв.
Харин тэтгэврийн насыг хоёр жилд нэгээр нэмэгдүүлэх заалт хэвээр үлдэж байгаа. Гэхдээ хуулийн үйлчлэлийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр тогтоолгоох хоёр дахь хувилбар бүхий сонголт бий болж байгааг салбарын сайд онцолсон.
Дээрх хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйг тэрбээр мөн дуулгасан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, шимтгэлийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх хөшүүрэг оруулж өгсөн байна. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг олон нийтийн өмч болгон хуульчилж байгаа аж.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн тухайд, жирэмсэн эхэд таван сартайгаас төрөх хүртэлх хугацааны тэтгэмж болгож сар бүр 40 мянган төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд хүүхэд тус бүр нэг 1-3 сая хүртэлх төгрөг олгохоор, 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт хийжээ. Дараагийн үл ойлголцоод байгаа зүйл нь ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг өгөхгүй болж байна гэх мэдээлэл гарсан. Тэгвэл салбарын сайд дээрх мэдээлэл ташаа болохыг мэдэгдэж, хоёр ихэр бол тус бүр нэг сая төгрөг, гурван ба түүнээс дээш ихэр тус бүр 3 сая төгрөг олгохоор тусгасан” гэлээ.

Х.Сүрэн

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ