Facebook Twitter youtube
ХҮН: С.Ганбаатар Ерөнхийлөгч байх чадамжгүй
2017-06-14 өдөр 08:12

jpg

Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг эгнээндээ нэгтгэж, даргаараа хүртэл сонгож байсан Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ынхан Монгол Улсын Ерөнхийлөгч болох чадамжгүй гэлээ. ХҮН нам нэгэн үе С.Ганбаатарыг намын даргаараа сонгож байсан.

Тэгвэл ХҮН-ын шинэ даргаар сонгогдсон Б.Найдалаа “Манай нам Монгол Улсын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ үеийн үзэл санаа, боловсрол мэдлэгтэй залуусыг гишүүнчлэлдээ багтаасан улс орны хөгжлийг тодорхойлох нам байхаар анх байгуулагдсан. ХҮН алсын хараагүй, улс төрийн ашиг хонжоо харсан хүнтэй хамтран ажилласнаас болж ард түмнийхээ итгэлийг алдсандаа ард иргэдээс уучлалт гуйж байна. Ард түмнийхээ итгэлийг алдах гол үндсийг С.Ганбаатар намын дарга болчихоод тавьсан. Хөдөлмөрийн үндэсний намыг дотроос нь хагалан, бутаргасан. ХҮН нам, гишүүдийг дотор нь бусниулсан хүн бол С.Ганбаатар юм. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд өөр нэг намаас өрсөлдөж ялагдчихаад одоо МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нь улстөрч хүнд байж боломгүй ёс суртахуун” гэлээ. Мөн МАХН-ын нэр дэвшигчийн балгаар үүссэн дотоод зөрчил нь дууссан гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга сэтгүүлчдэд дуулгасан. Тэрбээр “ХҮН богино хугацааны ашиг хонжоо харсан зарим увайгүй хүнийг эгнээндээ нэгтгэж, түүнээс сэргийлж чадаагүйдээ 2016 оны УИХ-ын сонгуульд ороогүй. Энэ үйлдэл нь манай намыг дэмждэг олон хүний урмыг хугалсан. Иймээс манай нам олон нийтээс уучлалт хүсье” гэв. Жиргээч Батаа хэвлэлийн хурлын үеэр “ХҮН-д үймээн самуун үүсгэсэн С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвших чадамжгүй гэдгийг би анхнаасаа хэлж байсан. Хувь хүнийхээ хувьд С.Ганбаатар ХҮН-аас уучлалт гуйх ёстой” гэсэн юм.

Э.Цэцэг

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ