Facebook Twitter youtube
ХЭЛДЭГ ХОЁР, ХИЙДЭГ ГАНЦ
2017-06-10 өдөр 05:06

md2Монгол Улсын хөгжлийн үүц болоод буй Өмнөговь аймагтай Ерөнхийлөгчид нэр дэвшигч гурван эрхэм ямар нэгэн сэжмээр холбогддог юм байна. Хэн нь ч энд төрөөгүй, өсөөгүй боловч хувь заяагаар гагнагдчихсан гэхэд буруудахгүй нь. Харин тэр сэжим нь сайн уу, саар уу гэдэгт л асуудал байгаа юм. Өмнөговь аймагт очоод иргэдтэй нь уулзаад явж байхад Ц.Дамдинсүрэн гуайн “Хэлдэг гурав, хийдэг ганц” өгүүллэг санаанд буух аж. Харин энэ удаад “Хэлдэг хоёр, хийдэг ганц” гэвэл зохих байх.

Энэ бол өмнөговьчуудын С.Ганбаатар, Х.Баттулга, М.Энхболд гуравт өгсөн нэр ч гэж болно. ХЭЛДЭГ ХОЁР Улстөрчийнхөө хувьд Өмнөговь аймгийн тухай хамгийн их ярьдаг хоёр хүн нь магадгүй Х.Баттулга, С.Ганбаатар хоёр байх. Нэг нь Төмөр зам, нөгөө нь Оюутолгой гэсэн үндсэн сэдэвтэй болтлоо шахуу болчихсон улстөрчид. С.Ганбаатарын тухайд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулна, ард түмэнд ашигтай болгоно гэхчилэн өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн байхдаа өдөр алгасахгүй шахуу ярьж байсан.
Харамсалтай нь, тооцоо судалгаатай эсэхийг нь мэдэхгүй ч С.Баярцогттой халз мэтгэлцээнд ороод лав байр сууриа хамгаалж чадаагүй. Хувь улстөрчийнх нь энэ ялагдал үргэлжилж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубайн гэрээ байгуулагдсан билээ. Энэ гэрээ С.Ганбаатарын яриад байгаа шиг үнэхээр муу болсон л юм бол тэр Өмнөговьчуудын төлөө зөвхөн ярьдаг л хүн юм байна. Хийсэн зүйл бол өөр алга. Х.Баттулга бас л Өмнөговь аймгийг өчнөөн жил ярьж яваа. Тавантолгой тойрсон талцал, хуваагдлын нэг “баатар”-аас гадна төмөр замын асуудлаар яалт ч үгүй энэ аймагтай холбогддог.
Нарийн царигтай төмөр зам тавилбал хятадаас цэрэг ороод ирнэ гэх мэдэгдэл хийж, өргөн царигтай зам тавьчихна гэж эхэлсэн түүний яриа эцэст үлгэр болоод дуусч байгааг өмнөговьчууд төдийгүй улсаараа мэдэж байна. Хамгийн гол нь тэр энэ бүх хугацаанд ярьсаар, хэлсээр ирсэн. Хийчихнэ гээд хэлж, яриад байхаар нь улсаас өчнөөн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт өгсөн ч хийсэн юм огт алга. Х.Баттулгын яриагаар бол бараг долоон жилийн өмнө Монгол Улс шинэ төмөр замтай болчихсон байх ёстой ч өнөөдөр Өмнөговь аймгийн нутагт ухсан нүх, овоолсон шороо хоёр л байна. Эдийн засгийн асар их хохирол дагуулсан төмөр замын энэ хэрэг байгаль орчинд ч төсөөлж баршгүй гарз учруулж байгааг өмнөговьчууд ярьж байна. Нүүрсний цуваа хөрс сэндийчиж, тоосжилт, шороон шуурга нь цөлжилтийг хурдасгаж байхад Х.Баттулга “ярьсаар л” байгаа. ХИЙДЭГ ГАНЦ МАН-ын нэр дэвшигч М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг батлуулах гэж УИХ-д өргөн барьж байсныг хүмүүс одоо бараг мартсан биз дээ.
Цагийн эрхэнд мартагдчихсан энэ гэрээний төслийн талаар “Хэрвээ тэр үед л байгуулчихсан бол…” гэх харуусал өмнөговьчууд төдийгүй улстөрчид, эдийн засагчдад ч байдаг аж. УИХ-ын дэд дарга асан Л.Цог “М.Энхболдын өргөн барьсан тэр гэрээ баталчихсан бол өдийд Дубайн гэх муу гэрээний тухай яриад суухгүй байлаа” гэж Өмнөговь аймгийн иргэдэд хэлж, тэд ч хүлээн зөвшөөрч байв. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор олон жил иргэний нийгмийн дуу хоолой болж явсан Л.Цог гуай энэ удаад “Эрс шинэчлэл”, “Шударга иргэдийн фронт” зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай эвсэл болон нэгдэж, М.Энхболд нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм байна.
Түүнээс гадна туршлагатай парламентч Д.Лүндээжанцан ч “2007 онд ҮАБЗ-өөр хэлэлцээд УИХ-д М.Энхболдын өргөн барьсан Оюутолгойн гэрээг баталчихсан бол ч…” хэмээн алдагдсан боломжийн талаар харамсангуй ярьж байна лээ. Учрыг ухвал 2007 оны дөрөвдүгээр сард М.Энхболдын УИХ-д өргөн барьсан Оюутолгойг ашиглах гэрээний төсөл батлагдсан бол гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2.8 тэрбум ам.долларт л багтааж хийх байж. Хөрөнгө оруулалтын асар их зардлын хэтрэлтгүй, тэр мөнгө нь Монголд, Өмнөговьд үлдэх байж. Мөн Монгол Улс 34 хувьдаа хамаарах хөрөнгө оруулалтыг ямар ч хүү, алдангүйгээр ногдол ашиг авч эхэлсэн өдрөөсөө л төлөх заалт байсан юм билээ. Оюутолгой, Тавантолгой хоёр талаасаа 40, 40 км яваад 80 мянган хүн амтай шинэ хот Өмнөговь аймагт байгуулах гээд олон асуудал тэр гэрээг баталчихсан бол шийдэдэх байж. Талцал, хуваагдал, улстөржилтөөс болж алдсан бас нэгэн боломж бол 2011 онд багтаж зэс хайлуулах үйлдвэр Оюутолгойд барина, барьж чадахгүй бол 2007-2011 оны хооронд олборлосон бүх баяжмалд нь 68 хувийн татвар нөхөж авах зэрэг заалтууд байсан юм. Харамсалтай нь, гадаад зах зээл дэх зэсийн үнийн өсөлтийг далимдуулж гэрээгээ байгуулахын оронд УИХ буцаасан нь өнөөдөр монголчуудын, өмнөговьчуудын алдагдсан боломж болж байгаа аж. Үүнээс гадна М.Энхболдын Өмнөговьтой холбогдох сэжим цөөнгүй. Гашуунсухайтын боомтын хөрөнгө оруулалтыг шийдсэн, Төрийн албан хаагчдын орон сууц, Бүсийн оношилгооны төв бариулсан гээд тоочвол олон ажил энэ аймагт хийжээ.

Х.ТЭРГЭЛ

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ