Facebook Twitter youtube
О.Итгэл, Т.Энэрэл хоёрын рейтинг өслөө
2017-05-23 өдөр 02:53

EnerelОлон ангит киног савангийн дуурь гэж нэрлэж, нэр төрөө эрхэмлэдэг жүжигчид оролцон тоглохгүйг хичээдэг. Эсрэгээрээ олон ангит кинонд тоглон рейтинг нь өсөн алдрын оргилд хүрсэн жүжигчид ч бий. Холливудын жүжигчин Женнифер Анистон “Найзууд” цувралынхаа бүсгүйн дүрээр одоо хүртэл “овоглож” байна. Английн угсаа залгамжлах ханхүү Харри цуврал кинонд тоглосон жүжигчин бүсгүйтэй болзож, сүй тавин гэрлэхдээ тулж байна. Манайд олон ангит кино хийх оролдлого гарч байгаа. “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхэлсэн телевизийн олон ангит киног “үйлдвэрлэгч” цөөнгүй болж, саяхан “Хайр эргэсэн хавар” кино үзэгчдийн хүртээл боллоо. Энэ кино олны таашаалд нийцэж, үзсэн хүмүүс ам сайтай байна.
Энэ кинонд үе үеийн сайхан жүжигчид тогложээ. Тэр тусмаа УДЭТ-ын залуу жүжигчин Э.Идэрцог, О.Итгэл, Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин Т.Энэрэл нар тоглосон нь энэ киног чимжээ. Сүүлийн үеийн олон болон, нэг ангит киноны гол дүрд тоглосон залуус, дүрдээ ороогүй, хиймэл, дээрээс нь Солонгос киног дууриаж арзаганаж марзганасан, нүдний харц, дуу хоолой нь хоорондоо авцалдахгүй, дүрээ гаргаж чадахгүй, хэт зохимжгүй, хэтрүүлж жүжиглэж үзэгчдээ ичээдэг. Харин нэг гэр бүл, эхнэр нөхрийн дүрд тоглосон Э.Идэрцог, Т.Энэрэл хоёр энгийн, хүнд наалдахаар, үзүүштэй хөөрхөн дүр бүтээжээ. Тэр тусмаа гурван хүүхдийн эх, залуу эзэгтэйн дүрд тоглосон Т.Энэрэлийн тоглолт үзэгчдэд хүрч, залуухан жүжигчин бүсгүйг хүндэлж хайрласан хүмүүсийн тоо эрс өслөө. Т.Энэрэл “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны гол дүр Дашдаваагийн ач охин. Кино жүжиг, дууны клипэнд ч оногдсон дүрээ часхийтэл гаргадаг Т.Энэрэл “Хайр эргэсэн хавар”киноны Анартогтохын дүрийг ч амилуулж чадаж, Монголд нэг сайхан эмэгтэй жүжигчин төрөн гарсныг тунхаглав.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Холбоотой мэдээ