Facebook Twitter youtube
Сталины хүүг хэн алсан бэ?
2017-03-15 өдөр 08:22

Vasily StalinСталин нас бараад сар хагас болж байхад буюу 1953 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Сталины хүүг баривчилжээ.
Энэ хэргийг хэн эхэлж сэдсэн эзэд нь Сталины л гар хөл болж байсан Берия, Молотов, Маленков, Хрущев нар байсан юм. Энэ хүмүүс Сталины хүүгийн өөдөөс ам ч ангайж чадахгүй байсан гэдэг. Лаврентий Павлович Берия Аюулаас хамгаалах газрыг цагдаагийн байгууллагатай нийлүүлээд дотоодын цэргийг гартаа авч, намын нөхөд рүүгээ дайрахад бэлэн болсон цаг. Берия Сталины хүүг ард түмний сэтгэл санаанаас гаргах нь зөв, тэгэхгүй бол ард түмэн намайг хүндлэхгүй байх гэж бодсон биз. Василий бол Сталины мах цусны тасархай, нүүр царайгаараа ч эцэгтэйгээ адилхан санагдаад байхаар нь зайлуулахаар шийдсэн гэдэг.
Василий Сталин баривчлагдах гэж байгаагаа нисэгч нөхдөөсөө анх дуулжээ. Василий үүнийг сонсоод энэ бол «Лаврик ахын, Жора ахын хийж байгаа ажил байх. «Аавын маань энэ нөхөд» надад чихэр өгч, илж энхрийлж тоглож наадаж байсан юмсан» гэж хэлж байжээ. (Лаврик гэдэг нь Лаврёнтий Берияг, Жора гэдэг Георгий Маленковыг хэлсэн хэрэг.) Василий бүх бичиг цаасаа янзалж, зарим нэгийг нь галдан шатааж устгаад, хайртай нохойгоо буудчихаад хүлээж эхэлжээ.
Өглөө болохын алдад Аюулаас хамгаалахынхан орж ирцгээгээд «Нөхөр генерал аа, таныг баривчлах хуудас энэ байна!» гэж хэлжээ. Василийн хойноос хоёр орлогч нь, аж ахуйн дарга нь, дөрвөн туслах нь, жолооч нь, тэр байтугай штабын үсчин хүүхэн Лефортын шоронд орцгоожээ. Тэр үед, дөрөвдүгээр сард Василий Сталин ердөө л гучин хоёр нас хүрч байжээ.
Василий Сталин Москвагийн цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний командлагч байсан бөгөөд архи уудаг, тамирчдад тусалдаг, нууц амрагтай орос эр байжээ. Түүнд улсын өмч хөрөнгийг үрэн таран хийсэн гэдэг ял тулгажээ. Харин 1945 оны долдугаар сарын 20-нд Агаарын 16 дугаар армийн командлагч, хурандаа генерал Руденкогийн түүнд өгсен албан ажлын нь гэрчилгээг хэрэгт хавсаргасан нь одоо ил болжээ. Хоёр хуудас тэр бичигт Василий бол 18 наснаас Агаарын цэргийн хүчинд ажилласан, хорин настайдаа офицер болсон, 1941 оны зургадугаар сарын 22-ноос фронтод явж ганц өдөр ч ар талд гараагүй, эхлээд сөнөөгч онгоцны хороог командалсан, дараа нь Гвардийн 3 дугаар сөнөөгч онгоцны дивизийг командалж тэр дивиз нь Минск, Вильно, Шяуляй, Гродног чөлөөлөхөд оролцсон, 1781 байлдааны нислэг хийж 30 удаа агаарын тулалдаанд орж дайсны 16 онгоцыг устгасан, дайны төгсгөлд Василий 286 дугаар сөнеөгч онгоцны дивизийг командалж тус дивиз нь ганцхан Берлинийг эзлэх үеэр гэхэд л дайсны 17 онгоцыг сөнөөсөн, Василий өөрөө хөл, нуруу муутай ч ПО-2-оос авахуулаад хүчирхэг «Харрикейн» онгоцны хориод төрлийг амархан жолооддог, дайны бүх хугацаанд биечлэн 27 удаа нисч, хоёр онгоц сөнөөсөн гэдгийг нь бичжээ.
Их жолоодогчийн хүүг 1953 оны тавдугаар сарын 9-нд, тэгэхээс тэгэх гэж Ялалтын баярын өдөр байцааж эхэлсэн байна. Түүнийг онцгой хэргийг мөрдөн байцаах хэлтсийн дарга дэслэгч генерал Влодзимерский, түүний орлогч хурандаа Козлов нар мөрджээ. Василийг гурав хоног байцаахад үйлдсэн протоколд дэндүү хуурамч зүйлс их байсан байна. Түүнд: «Сталин Василий Иосифович Москвагийн цэргийн тойргийн Агаарын цэргийн хүчний командлагч байхдаа улсын өмч хөрөнгийг үрэн таран хийж мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарлагадсанаараа зөвлөлт улсад ихээхэн эд материалын хохирол учруулсан» гэж бичжээ. Мөрдөн байцаагч нар түүнийг тойргийн Агаарын цэргийн хүчний командлагч байхдаа Төв нисэх буудлын байшинг штабынхаа байр болгосон, 1950 онд Ленинградын районы соёл амралтын хүрээлэнгийн дэвсгэр дээр спортын төвийг бариулж, шалган нэвтрүүлэхийн хоёр давхар барилга босгуулсныг нь буруутгажээ. Василийн хэлснээр бол энэ бүх барилгыг цэргийн сайд маршал Василевскийн зөвшөөрснөөр, өөрөөр хэлбэл түүний гарын үсэгтэйгээр хийсэн боловч, маршалаас асууж лавлаа ч үгүй ажээ. Буруутгах ажил үүгээр хязгаарлагдсангүй.
Василий 1947-гоос 1949 онд бараг бүх спортын төрлөер мастеруудын баг байгуулсан байжээ. Түүнээс гадна би АЦХ-нээс хөл бөмбөгийн багийг бий болгуулсан, эдгээр багт 300 гаруй хүн байсан, тэдний зардал жилд 5 сая гаруй рубль болдог байсан» гэж Василий ярьжээ. Дайны дараахан үеийн ямар ч тамирчнаас асуухад Василий бол ёстой мундаг хүн, ба бидэнд их ч тусалсан гэж хэлдэг байжээ. Василий шилдэг сайн тамирчдыг Москвад авчраад орон байр, цалин хөлс, цол хэргэм олгуулж байсан байна. Бас Василийг албаны онгоцоор ан гөрөөнд явдаг байсан, зусландаа морины саравч бариулсан, халуун усны байшин босгуулсан, Германаас ирэхдээ хэд хэдэн чемодантай хувцас хунар авчирсан гэж ял тулгажээ.
1960 оны эхээр Хрущевийн үе ид дундаа байхын цагт ерөнхий прокурор Руденко, Аюулаас хамгаалахын дарга Шелепин хоёр дахиад дээд газарт захидал бичиж «В. И. Сталинд өршөөл үзүүлж, Москвад гурван өрөө байр гаргуулах, мөн тэтгэвэр олгуулж 3 сарын хугацаагаар сувилалд явуулах, нэг удаагийн тусламж болгож 30 мянган рубль өгөхийг» хүсчээ. Ингээд л Сталины хүүгийн өмнө эрх чөлөөний зам нээгдэх мэт болтол бас л хэрэг бишиджээ.
Тэр жилийнхээ зун «намын нөхөд» нь Лаврентий Бериягаа цааш харуулаад Василийн хэргийг Аюулаас хамгаалахын шинэ дарга Кругловт шилжүүлж, Круглов нь Төв хорооны тэргүүлэгчдэд бичиг явуулж, түүндээ 20 сая рублийг үрж шамшигдуулсан гэж дурдаад дээрээс нь нэмж «зөвлөлтийн эсрэг дайсагнан дайрж, гүтгэлэг явуулдаг» гэжээ Кругловын бичсэн байна
И.В.Сталин нас барснаас хойш ЗХУКН, Зөвлөлт засгийн газрын удирдагчдын эсрэг гүтгэлэг явуулж намайг Зөвлөлтийн армиас зүй бусаар халсан, намайг архичин, ялзарсан этгээд болгон харуулахыг оролдсон гэж ярьдаг байсан. Мөн түүнчлэн В. И. Сталин Зөвлөлт засгийн газраас И.В.Сталины нас барсны дараахан удирдлагыг тасалдуулалгүй хангахад чиглэсэн арга хэмжээ авсныг нь буруушааж бас Зөвлөлт засгийн газар И. В. Сталины дурсгалыг мөнхжүүлэх хангалттай арга хэмжээ авахгүй байгаа мэтээр дургүйцэн ярьдаг байна. Ёс суртахууны хувьд бүрмөсөн ялзарсан В.И.Сталин гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр гадаадын сурвалжлагч нартай уулзаж И. В. Сталины нас барсны дараах байдлын талаар ярилцлага өгөх бодолтой байгаагаа хэлсэн байна» гэх мэтээр гүтгэн дурджээ.
Байдлаас үзэхэд байцаагч нар баталгаа муутай байсан болохоор Василийг гагцхүү 2 жил өнгөрсөн хойно бүр 1955 оны есдүгээр сар гаргаж байж яллахад хүрчээ. Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг хийж албан тушаалаа хортойгоор ашигласан (хэчнээн юм үрэгдсэнийг баталж чадсангүй) тул найман жил хорихоор шийтгэсэн байна. Сталины хүү энэ бүх хугацааг Лефортын щоронд өнгөрөөхдөө нэргүйгзэр өнгөрөөсөн нь сонин юм. Зөвхөн мөрдөн байцаагч нар, шоронгийн дарга түүнийг Сталин овогтой гэж мэддэг байжээ. Дараа нь Василийг цуут Владимирын шоронд шилжүүлж, зургаан жил суулгажээ.
Василиид бас л саад тотгор учирчээ. Энэ нь түүнийг хоригдож байхдаа засраагүй, муу хорон санаа өвөрлөж явдаг байсан, аавынхаа байх үед эдэлж байсан бүх онцгой хөнгөлөлтийг эдлэх ёстой гэсэн, Түүнд Казань юмуу Куйбышевт очиж суу гэхлээр би Москвагаас хаашаа ч гарахгүй гэдэг, бас овгоо соль гэхээр эрс татгалзсан, надад тохирсон нөхцөл бүрдүүлэхгүй бол үндэсгүй шийтгүүлсэн, намайг эрүүдэж зовоож байсныг ил хэлнэ гэдэг гэх мэтээр буруутгажээ.
Сталин гэдэг нэрийг бүрмөсөн үг болгохыг хүсэгчид санасандаа хүрч Сталин овогтой хүнийг цөмийг нь өөрчлүүлж бүгдийг Джугашвили овогтой болгожээ. Тэр байтугай, хүссэн хүсэлт минь биелэгдэхгүй бол Хятадын элчин сайдын яаманд хандаж Хятадад явуулж эмчлүүлж, ажиллуулж өгөөч гэж гуйна гэж сүрдүүлдэг гэсэн хуурамч мэдүүлэг бий болсон байна. Ийм учраас ЗСБНХУ-ын прокурорын газар, Аюулаас хамгаалах газар Василийг суллагдсан хойноо ч хуучин зангаа тавихгүй нь гэж үзээд хуульд заагаагүй зүйлийг баримтлан Казань хотод 5 жилийн хугацаатай суулгахаар нутаг заасан байна.
Энэ бол тэр үед нэг ч гадаадын хүн ордоггүй хот байв. Түүнд нэг өрөөтэй байр гаргажээ. Эмч нарын магадлагаагаар бол Василий бие муу, удаан хугацаагаар эмчлүүлэх ёстой байж.Армид 25 жил алба хаасныг нь харгалзан 300 рублийн (шинэ мөнгөөр) тэтгэвэр олгохоор болсон боловч зөвлөлтнйн генерал хүний нэр хүндийг унагасан гэж үзээд Батлан хамгаалах яамны шугамаар сарын 150 рублийн тэтгэвэр тогтоожээ. Мөн түүнчлэн түүнд паспорт олгохдоо өөр овогтой байх нь зүйтэй гэж үзсэн байх юм.
Василий Сталин 1961 оны гуравдугаар сард Казаньд хүргэгджээ. Тийнхүү түүнийг гэр орон ч үгүй, найз нөхөд ч үгүй, хүүхнүүд ч үгүй, ажил ч үгүй тэр байтугай овог ч үгүй болгож чаджээ. Ингэж мөнгөлсөн эвэр, нөмрөг, гүрж дууны хэдэн пянз хийсэн ганц чемодантай Казаньд ирж Гагарины гудамжны 105 дугаар байшинд суух болжээ. Василий тэнд ердөө л ганц жил болсон байна. Гэхдээ энэ ганц жил хачин нууцгай, учир үл ойлгогдох зүйлээр дүүрэн байжээ.
Түүний сүүлчийн эхнэр Мария Николаевнагийн дурсан ярьснаар 1962 оны нэгдүгээр сард үл мэдэгдэх Мария Нузберг гэдэг хүүхэн газрын хаанаас гарсан нь бүү мэд, бий болоодохжээ. Энэ хүүхнийг Аюулаас хамгаалахынхан хүүхдүүдтэй нь цуг Сибирээс авчраад Василийг сахиулах болж бүр тусгай байр гаргаж өгсөн байна. Нузбергийн талаар өөр мэдэгдэх юм юу ч байхгүй бөгөөд чухамхүү түүнийг ирснээс хойш Василий «нэг хачин өвчтэй» , болоод үхэн үхтлээ тэр өвчнөөс салаагүй ажээ.
«Тэрхүү нэгдүгээр сард би Василийг орхиж гарахаас өөр аргагүй болсон. Тэр Нузберг Василийнхаас салахаа болиод түүнд тариа хийдэг байсан» гэж Мария Николаевна ярьсан” байна. Мария Николаевна хэлэхдээ, нойрсуулах тариа хийж байгаа юм гэж хэлдэг байсан хэрнээ нэг удаа тарианы шилийг нь аваад бичгийг нь унших гэтэл нөгөө хүүхэн шүүрч аваад бяц дэвссэн байна.
«Гуравдугаар сард намайг ажил дээрээ байтал эмч Барышева утасдаж: «Танай хар хүн муу байна. Таныг ирээч гэж жигтэйхэн их гуйж байна» гэж хэлсэн. Тэгэхэд нь би ч очлоо, үнэхээр Василий дор орчихсон байлаа. Бүр ч их тураад царай нь царай биш болчихсон байв. Нөгөө Нузберг дэргэд нь суугаад холддоггүй. Би Василийгаас «Чи яагаад өөрөө утасдсангүй вэ?» гэж асуувал «Би чадаагүй, би байгаагүй» гэж хэлсэн. «Юу гэсэн үг вэ?» гэхэд минь «Намайг аваад явчихсан байсан» гэв. «Хааш нь тэр вэ?» гэвэл «Тэр хамаагүй ээ» гэж хэлэв. Түүнийг хааш нь яах гэж аваачсан, аваачсан хойноо яасан нь ойлгогдсонгүй, хэн ч надад тайлбарласангүй» гэж Мария Николаевна дурсан ярьжээ.
Гуравдугаар сарын 17-нд Василийг үл мэдэгдэх зүг аваад явчихжээ. Түүнээс хойш, хоёр хоноод байхад Сталины хүү нас баржээ. Василий Сталин 42-хон настайдаа нас барсан байна. Аавыгаа нас барсны дараа 14 хоногийн дараа баривчлагдаж, ааваасаа хойш 10 жил амьдрахдаа 9-ийг нь шоронд өнгөрөөсөн. Лефортын шорон, Владимирийн шорон хоёрт есөн жил болсон хүдэр чийрэг ид насны эр хүн Казанийн цөллөгт очоод гайхалтай сэжигтэйгээр хурдан зуурт “зүйл дууссан” нь тэр.
Бас нэг зүйлийт хэлэхэд. Арскийн оршуулгын газар салах ёс гүйцэтгэхээр авсны тагийг онгойлгоход Василийг таньсангүй гэж Мария Николаевна ярьсан байна, Нүүр нь тэр аяараа хөх няц, хамар нь бяц цохиостой байжээ. «Энэ чинь хүн биш юм бол уу» гэж тэр бодсон гэнэ. Булшин дээр нь нэг таван хошуутай нимгэн банз зоогоод, нэрийнх нь оронд төмөр дугаар зүүжээ. Түүнээс хоёр жилийн дараа нөхөд нь боржин чулуу босгож «М.Джугашвилигээс ганцхан чамдаа» гэсэн үсэг сийлж шаазан дээр Василийн дүрсийг буулгуулаад ёслон хүндэтгэсэн боловч хэд хоногийн хойно үзэхэд хэн нэгэн хүн тулгаж байгаад хэд хэд буудаж юу ч үгүй эвдэлсэн байжээ. Василий Сталиныг нас барсан хойно нь булшин дээр нь цэргийн хувцастай хүмүүс үе үе ирж, хүндэтгэн ёсолдог байжээ.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ