Facebook Twitter youtube
Гавьяат тамирчин, улсын начин Р.Даваадалай: ПУТИНТАЙ БАРИЛДАЖ ЯВЛАА
2013-05-22 өдөр 17:09

Даваадалай-Таныг ОХУ-ын Ерөнхий сайд В.Путинтай барилдаж байсан, ойр дотно харилцаатай таныг эмчилгээ хийлгэхэд В.Путин их тусалсан гэдэг. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Би Путинтай барилдаж явсан, гэмгүй найз ч гэж хэлж болно. Би цагдаагийн байгууллага, ДЯЯ-нд ажиллаж байсан. Тэгээд Москва руу курст яваад Путинтай танилцаж, барилдаж явлаа. Би зүгээр л Володя гэж дуудна. Хойно ДЯЯ-ны харъяа дээд сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд таарч би ялж Путин хоёрдугаар байрт орсон. Путин өөрөө ч ярьсан байдаг юм, сонин дээр. “Би Даваадалай гэдэг Монгол хүнтэй барилдаж явсан, барилдаанд Даваадалай ялсан. Хэрэв Даваадалайг ялсан бол өдийд улстөрч болоогүй бөхөөр явах байсан” гэж ярьсан байдаг. Би тэгэхээр улс төрийн зам уруу нь оруулсан хүн болж байгаа юм шүү дээ. Би 2003 онд ОХУ-д элэгний мэс засалд орсон.  47 саяар элэгний мэс засал хийлгэх болоход оросууд 27 саяыг нь буулгаж 20 мянган доллароор эмчилгээ хийж  өгсөн юм. Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ гэгч болж Путины нэр сүрээр мэс заслын маань үнэ маш их хямдруулж сайн ч эмчлүүлж авсан. Үүний хүчээр л би амьд явж байгаа.

-Олимпийн медальтнуудын холбоо байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ер нь Олимпийн медальтнууд дотроос хамгийн их дарагдаж хохирсон хүнийг таныг гэх юм билээ. Яагаад танд гавьяат тамирчин өгөлгүй удсан юм бол?

-Би одоо 59 нас хүрч байна, бараг 50 жил барилдлаа. Амжилт гаргаагүй биш гаргасан. Олимпоос медаль авсан, Самбо бөхийн ДАШТ-д хоёрхон удаа оролцож, нэг удаа дэлхийн аварга болж алтан медаль, нэг удаа мөнгөн медаль авсан. Зовж зүтгэж байж ийм амжилт гаргасан, одоо бие муухан байна. Гэтэл өнөөдөр гуравхан өдөр дуулаад л гавьяат болж байх юм. Би бол тэгээгүй, 1979 онд самбо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль, 1980 оны Москвагийн олимпоос жудо бөхөөр хүрэл медаль, 1981 онд самбо бөхөөр дэлхийн аварга, 1982 онд улсын начин болж байсан. Би тэгэхэд 1980 оны олимпоос хойш 10 жилийн дараа гавьяат тамирчин болсон.1980 онд намайг жудо бөхөөр Олимпоос хүрэл медаль аваад ирэх үед  гавьяат өгч болох л байсан. Өгөөгүй хаясан ш дээ, бүр сүүлд 1990 онд би гавьяат цол авсан. Гэхдээ яахав ээ, төр маань түвшин байвал болох нь тэр. Би тэр үед Ховдод байсан юм. Миний ээж тэгэхэд маш муу байсан, би ээжээрээ гавьяатын тэмдгийг сольсон доо. Тэр үеийн хэвлэлүүдээс ганцхан намын Үнэн сонинд Равдангийн Даваадалайд гавьяат тамирчин цол өглөө гэж бичсэн байсан. Хүнийг сайхан явлаа гэвэл үнэмшдэггүй залуу явлаа гэвэл үнэмшдэг гэдэг. Би ямар ч байсан сайн бөх байсан, бөхийн аль ч төрлөөр муугүй барилддаг, иртэй бяртай залуу явсан. Тэр үед Ази тивийн аварга энэ тэр чинь хаалттай болдог байлаа. Түүнээс би орсон бол медаль авах л байсан. Хэрэв орсон бол 1980-1990 он хүртэл  Азийн аваргыг 10 удаа хийх байсан байлгүй. Би Олимпоос медаль авахдаа олон сайн бөхчүүдийг ялсан, муу медаль биш. Яахав социалист капиталист хоёр лагерьт хуваагдчихсан үе болохоор Америк, Япон ороогүй л дээ. Тэгэхэд Америкт жудо бөх хөгжөөгүй, Японд миний жинд намайг ялах хүн байгаагүй юм. Олимпийн дараа 1980 оны өвөл Япончууд манайд ирсэн. Хоёр ч дэлхийн аварга байсан ч би хоюуланг нь ялсан. Дараа нь үнэмлэхүйд барилдсаад бас ялсан. Намайг шалгаж байгаа юм гэнээ, би тэгэхэд 88, 89 кг жинтэй байлаа. Хэрвээ 73 кг-д л ялбал чамд гавьяат өгөх гэж байгаа гэдэг юм байна. Ингээд би жин хасаж 73 кг-д барилдаад  Япон бөхийг ялж түрүүлсэн. Гэсэн ч гавьяат цолоо өгөөгүй ээ. Би олимпийн дараа ядарсаан ядарсан. Ажилгүй болж хуучнаар Барилгын яамны дэргэд “Барилгачин” клубыг байгуулаад өөрөө өөртөө ажил олж өгч явлаа. Тэгэхэд тухайн үеийн сайд Нямсамбуу гуай, Жаргал гуай  их тусалсан. Тэгж нэг намайг өөд нь татсан. Жаргал гуай бөхөд их элэгтэй, надад ч их тусалсан. “Миний дүү олон жил барилдлаа, яагаад гавьяат авдаггүй юм” гэж хэлж байж сэжүүр гаргаж өгч билээ. Жаргал гуай бөхөд их элэгтэй хүн, ер нь Бөхийн өргөөг Жаргал гуай барьсан юм ш дээ.   Жаргал гуай Барилгын цэргийн удирдах газрын дарга байсан генерал хүн. Одоо ч бий л дээ.

-Бөхийн өргөөг Нямдорж гуай бариулсан гэж боддог ш дээ?

-Үгүй ш дээ. Ард түмэн  хэдэн төгрөг өгсөн. Тэгэхэд Элбэгдорж ерөнхий сайд байхад төсвөөс тэрбум төгрөг аваад барьсан барилга, энэ чинь хувийн өмч биш. Жаргал гуай Ховдын хүн болохоор Элбэгдоржийг ч их ятгасан байх. Жаргал гуай байгаагүй бол Бөхийн өргөөг барьж чадахгүй байсан. Тэрбум төгрөгийг хэзээ ч олохгүй. Би Бөхийн холбооны удирдах зөвлөлд оруулъя гэж ярьсан, оруулсан. Тэгэхэд “энүүгээр яах юм бэ, Жаргал юу юм” гэж намайг загнаж байсан хүн бий. Дарга нь зохион байгуулаад цэрэг нь байшин барьдаг л байхгүй юу. Тэгэхээр  Бөхийн өргөө Жаргалтай холбоотой. Саяхан гавьяат барилгачин болсон гэсэн. Бөхийн өргөөний шавыг тавьсан хүн бол яах аргагүй Жаргал гуай мөн.

-Таныг олимпоос ирэхэд юу өгсөн бэ?

-Надад юу ч өгөөгүй. Жудо бөхийн төрлөөр би Олимпоос анх удаа медаль авсан Хойтон жудогоор Олимпоос медаль авсны 30 жилийн ой болно. Би жудогоор яах аргагүй анхдагч мөн.

-Тийм. Цагаанбаатар Олимпоос ирээд шууд МУГТ болсон? 

-Би Цагаанбаатар биш байхгүй юу, 73 кг-д барилддаг байсан. Цагаанбаатар 60 кг-д авсан. Би түүнд нэг хатуу үг хэлсэн. Яахав хөөрхий, Далай ахаа гээд явж байдаг юм. Би жудо бөхөөр амьсгалж явдаг. Өнөөдөр намайг авч яваа хүн бол Жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга сайд л даа. Би жудо бөх хариуцсан менежер нэр зүүгээд явж байгаа. Монголын жудо бөхийн холбооны ерөнхий менежер шүү. Ямар ч байсан сард 500 мянган төгрөг өгдөг. Хөөрхий минь ёстой сайн залуу байгаа юм. Надад ямар үхсний өөр орлого байхав. Миний бие тааруухан байгаа, сүүлийн үед амьд явах гээд л үзээд байна. Надад өөр шунаад байх юм алга. 1980 онд Москвад олимпийн анхны медалийг авахад Ардын багш Дамдиншарав баяр хүргэж, “Чи ёстой азтай юмаа, одоо миний дүү шууд гавьяат” гэж хэлээд санаагүй юм сануулчихгүй юу. Тэгээд Монголдоо ирдэг өгөөгүй, 10 жил хүлээж байж 1990 онд л нэг юм авсан. Үүнд л жаахан гомдолтой санагдаад байдаг юм. Тэр 10 жилийн хооронд зөндөө хэлмэгдлээ. Намайг ажилд авдаггүй. Сүхбаатарын районд дасгалжуулагч байсан. Хотын намын хорооны хурлаар орж байж, 23 дугаар сургуульд биеийн тамирын багшаар очсон, 37 дугаар сургуульд ч багшилж байсан. Манайх Чингэлтэйд гэр хороололд байлаа, цалин бага, амьдралд хүрэхгүй. Дундговь аймгийн намын хорооны дарга Бат-Очир гэж хүн байсан юм.  Чи Дундговьд оч, Ядаж говийн нэмэгдэл авна шүү гэхэд нь очиж Биеийн тамир спорт хорооны дасгалжуулагчаар 2 жил ажилласан. Эр хүн олзонд гэж говийн нэмэгдлийг нь хүртэл горьдож хөдөө очиж ажилласан хүн шүү дээ.

-Та  Ховдод бас багшилж байсан уу?

-Үгүй ээ. Аавын маань бие муудаад очсон ч удалгүй бурхан болсон. Ээжийн маань бие сайнгүй байсан болохоор тэндээ жаахан байсан л даа. Тэгээд ээж маань ч удалгүй өнгөрсөн. Би 23 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм. Дараа нь Чингэлтэйд 37 сургуульд багшилсан. Би хуучнаар УБДС төгссөн биеийн тамирын багш болсон маань их хэрэг болсон. Надад өөр ажил алба байгаагүй, ер нь намайг их дардаг байсан. Би тэрийг ойлгодоггүй юм. Яагаад олимпоос хүрэл медальтай ирэхэд гавьяат өгөөгүй юм бол дараа нь 1981 онд дэлхийн аварга боллоо, Ардын хувьсгалын 60 жилийн ой ч давхацсан, тэгэхэд гавьяат өгчихгүй яасан юм бол. Ажил ч олддоггүй байлаа, ингэж хүнийг их унтраадаг. Манай аав ээж хоёр МАХН-ын гишүүн байсан, үе үе “чамаас бусад нь гавьяат болчихож“ гэдэг, ээж маань бүр “даанч дээ миний хүүд яагаад өгдөггүй юм” гээд уйлдаг байсан. Хөөрхий ээж маань өнгөрч би ч гавьяат болсон, гавьяатыг ээжээрээ сольж авсан гэж бодохоор гашуун байдаг.  Аав ээж хоёр намайг гавьяат болохыг хараагүй. Гэхдээ нэг юм хэлэхэд надад энэ гавьяат жижиг байхгүй юу. Би дуучин Жавхлан, Бат-Эрдэнэ, Баясгалан эд нар биш. Одоо бол миний болзлыг хангасан хүн байдаг, Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медаль самбо бөхөөр авсан хүн байдаг, тэр гавьяат. Гэтэл Олимпоос медаль авсан хүнд бас шууд гавьяат өгдөг. Надад гавьяатын тэмдэг хэрэггүй ээ. Түүний оронд хоёр өрөө байр юм уу, нэг машин аваад өгвөл дээр. Тэр үед гавьяатын тэмдгэнд 3000 төгрөг дагалдуулж өгдөг байсан гэдэг. Би тэрийг нь авч чадаагүй, замаас нь нэг нь аваад идчихсэн байсан. Ер нь дуу дуулаад явбал хөдөлмөрөө үнэлүүлдэг л юм байна. 1990 онд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Очирбат Артаг, Оюунболд, Даваажав бид дөрөвт цуг өгсөн. Одоо Артаг, Оюунболд, Даваажав бүгд алга даа. Одоо намайг авч явах гээд л байх шиг байна. Би үлдье, 70 хүрчихье л гэж хичээж байна. Би хоёр хэнз хүүхэдтэй хүн, хэдэн жил харагдъя гэж бодож байна.

-Та 1982 онд начин болсон, үндэсний бөхөөр барилдах хүнд байсан уу?

-Начин цолыг гуйж аваагүй ээ. Начин бол тэртэй тэргүй миний халаасанд байсан. Би Увсын Солоон начнаар гурав давж, Галдандагва начнаар дөрөв давсан. Мягмар заанаар тав давсан. Мягмар их сайхан бөх, улсад бараг 20 гаруй шөвгөрсөн хүн. Мягмар заан “Миний дүү, хоёулаа сайхан барилдъя. Чи илүү дутуу юм бодохгүй шүү” гэсэн. Мягмар заан баруун талтай, би зүүн талтай. Би тойрч зугтаж байгаад өвгөн зааныг жаахан муутгаж байгаад зүүн золгоод нэг хутгасан. Би нэг муу хутгадаг юмаа. Тэгж би давж БНМАУ-ын начин болсон. БНМАУ-ын спортын мастер хүн. Бөхийн спорт хүнд. Жудогоор барилдах хэцүү. Самбо эвгүй ш дээ, арай л нүдэнд өчдөггүй. Би хэвтээ барилдаанд тааруу, босоо барилдаанд гайгүй.

 -Та урьд нь монгол эмэгтэйтэй ханилж явсан. Яагаад салчихсан юм бэ?

-Байт сурын Дариймаа гэдэг эмэгтэйтэй ханилж байсан. Салахад миний бүх баримтыг ураад шатаачихсан гэсэн. Надад ямар ч бичиг баримт байдаггүй, тэгж бас болохгүй ш дээ. Бид 20 жил амьдарч 3 хүүхдийн аав ээж болсон улс. Би Ховдын Дарви сумын хүн. Манай сум 5 баатартай. Бүх л алдартнууд байдаг. Ардын эмч, академичид, бүх л улсын цол гавьяатан бий. Улсын баатар ч бий, Чогдон гуай байна. 1939, 1945 оны дайнд оролцсон. Дараа нь Даваадалай орно гэнэ шүү. Би энх цагийн баатар. Хамгийн сайхан баатар уурхайчин Отгонцагаан гуай. Ховдоос гараад Улаан даваан дээр эмээлээ овоон дээр тавиад хотод ирсэн, уурхайд ажилд ороод Даваажав уурхайчин баатартай цуг ажилласан гэдэг. Цалин нь буудаг. Даваажав баатар хуруу зузаан мөнгө авдаг, өөрөө 12 хуудастай нимгэн дэвтэр шиг нимгэн мөнгө авдаг, мөнгөө тоолж мэддэггүй аавдаа авчраад өгчихдөг, хөдөлмөрийн баатрыг дагаж ажилласаар баатар болсон гэж ярьдаг. Би үнэхээр ажил хийж явсан хүн шүү гэдэг. Хоньчин баатрууд байдаг. Тэдний зарим нь хувийнхаа малыг нэгдлийн мал дээр нэмж тоолуулж байгаад баатар болчихсон гэж яригддаг юм.

-Таны амьдрал хэр байна. Том хүүхдүүдтэйгээ ойр байдаггүй гэж сонссон?

-Амьдрал барзгардуу л байна. Би 140 мянган төгрөгийн тэтгэвэртэй. Манай авгай ОХУ-ын иргэн болохоор энд ажил олддоггүй. Бага хоёр хүү 14, 16 настай. Ерээд онд Тува бүсгүйтэй ханилсан. Барнаульд тэмцээнд явж байгаад танилцаад одоо хүртэл хамт амьдарч байна. Өмнөх эхнэрээсээ хоёр охин нэг хүүтэй хүн. Том охин “Жайка”-д ажилладаг. Уулзаагүй холбоо барихгүй л юм. Дунд хүү маань Алтангадас начны хүү Хүчитбаатартай хамт сумод явсан. Мөр нь мултраад барилдахаа больж одоо Америкт байгаа. Миний бага охин Сансрын нисэгч Ганзоригийн хүүтэй гэрлэсэн. Тиймэрхүү л байх шив дээ. Ер нь би хүн алсан биш хүрээ талсан биш, амьдралд байдаг л зүйл. Би байшингаа өгөөд тэндээс юу ч аваагүй өмссөн хувцастайгаа л гарсан. Тэгээд амьдрахын төлөө зүтгэж байна. Сайн хүмүүс надад тусалдаг. Одоо эмчилгээнд явдаг юм билүү гэж бодсон ч эмчилгээгүй болчихож гэсэн. Хоёр удаа шинжилгээ өгсөн, муу гардаг юм. Би үхэх юу ч биш. Амьтан ах дүү мөнгө өгье тусалъя гэж байна. Урьд нь элгээ тайруулсан. Одоо бол хэцүү. Гэртээ гам бариад хэвтье гэж бодож байна. “Хар чонот” компанийн захирал Баянцагаан гэдэг залуу “Танд 10 сая төгрөг өгье, та эмчилгээнд яв. Та амьд л байх ёстой шүү” гэсэн. Эмчилгээнд мөнгө зарж яваад яах юм. Гэртээ хэвтэж хярмаа ууж байгаад чад гэх өдрөө л чад гэчихье гэж бодож байна. Одоо би эм тариа ууж л байгаа. Хоёр хоногийн дараа гэртээ харина. Адьшаа гэж ховдын сайхан сэтгэлтэй залуу ирж мөнгө өгье та эмчилгээнд яв гэж байсан. Туулынхаа хөвөөнд хэвтэж байгаад нэгийгээ үзье. Одоо хүнийг чандарлаж байна. Би Ховдын Дарвийн хүн. Сутай уулынхаа өвөрт хэвтэж байя гэж боддог. Их муудвал тийшээгээ машинд суугаад явна даа.

Tovchoo.mn

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ