Facebook Twitter youtube
Эрүүлжүүлэхийн асуудлаа шийдсэн Польшийн туршлагаас…
2017-01-3 өдөр 04:10

eruuljuuleh-bairПольш улс богино хугацаанд архины хамаарлаас гарсан орны тоонд ордог юм билээ. Тэдний туршлагыг судлах гэж дэлхийн олон орноос хүмүүс очдог. “Монгол хүн-2020″ хөтөлбөрийн Эрүүл Монгол хүн хэсэг дотор “Архигүй Монгол хүн” дэд хөтөлбөр батлагдсан юм. Энэ дэд хөтөлбөрөө батлуулахын өмнө Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хамт миний бие Польшийн Варшав хотын Эрүүлжүүлэх эмнэлгээр зочилсон юм. Варшав хотын хэмжээнд нэг Эрүүлжүүлэх эмнэлэгтэй. Эмнэлэг нь манайхны үзүүлж, үйлчилгээ авдаг шиг жирийн л эмнэлэг. Нэг давхартаа согтуу ирсэн хүмүүсийг хүлээн авч согтолтын зэргийг тогтоогоод бүх хувцас, биед байгаа зүйлийг нь хураан аваад хоёр давхарт эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь эмнэлгийн /унтлагын хувцас шиг/ хувцас өмсүүлээд өрөөнд оруулчихна…Согтолтын зэргээс хамаараад эмчилгээ нь өөр өөр…Хүнд согтолттой буюу манайхаар агсам тавиад дөвчигнөөд байгаа гаруудыг оронд нь бэхлээд тайвшруулах эмчилгээ /дусал/ хийчихнэ. Харин хөнгөн нөхдүүдэд чихэргүй хар кофе шанага шанагаар нь өгч байсан. Анх Эрүүлжүүлэхийн хаалгаар ороход л кофе шопд орсон мэт сэтгэгдэл төрж кофены үнэр ханх тавьж байгааг эхлээд гайхаж байсан юм. Тэгсэн 2 давхарт гарсан чинь коридорт нь хүүхэд байхад зусланд үзэмний шүүс уудаг байсан шиг том саванд кофе чанаад тавьчихсан. Цоожтой өрөөнөөс хонх дуугараад л жижиг цонхоор кофе өгч байсан. За тэр ч яах вэ…Амьдралын түвшин өөр “гудамжны” гэх нөхдүүдийг нөгөө жигүүрт нь тусад нь байршуулдаг юм билээ. Хамгийн их гайхсан нь Эрүүлжүүлэх эмнэлэгт нэг ширхэг ч цагдаа байсангүй. Харин эмч нар бие хамгаалах урлага тодорхой төвшинд эзэмшсэн нуруу туруу бие хаа тасарчихсан залуучууд, бүсгүйчүүд байсан л даа…Эрүүлжүүлэх эмнэлэгт согтуучуудыг цагдаа нар хотын бүх хэсгээс авчирч эмч нарт хүлээлгэн өгдөг гэсэн үг. Харин төлбөрийн хувьд манайхны хэлдгээр Эрүүл мэндийн даатгалын дэвтэр шиг картыг нь уншаад жирийн эмнэлгийн үйлчилгээнээс арай өндрөөр төлбөрийг нь уншуулаад л авчихдаг. Маргааш нь Эрүүлжүүлэх эмнэлгээс тооцоогоо хийгээд гарах нөхөр кофегоо уугаад шүршүүрт ороод гараад явчих шижээтэй.
Аялал үүгээр дууссангүй Эрүүлжүүлэх байрны өөр нэг жигүүрийг бидэнд танилцууллаа…Ердөө зочид буудал юм. Архинд донтсон хүн сайн дураараа ирж эмчлүүлдэг эмнэлэг. Польшид архины эсрэг эмчилгээг 100 хоног буюу тасралтгүй 3 сар үргэлжлэх ёстой гэж үздэг. Өвчтөн сайн дураараа сэтгэл заслын эмчилгээнд хамрагддаг гэсэн үг. Манайд хэрэглэж байгаа гиптонуз, наалт наах, спирал, эм уулгах энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх хориотой. Үзүүлсэн нөхцөлд үр дүнгүй хүний эрүүл мэндэд хор хохирол учруулсан, залилан гэж үзээд шууд эрүүгийн арга хэмжээ авдаг. Мөн архи, хар тамхи гээд зүсэн зүйлийн идээнд донтсон хүмүүсийг эдгээхийн тулд Төрийн бус байгууллагуудынх нь оролцоо №1. Энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудынхаа байр, ашиглалтын зардал, мөн үйлчилгээний хөлсийг нь төрөөс нь гаргаад өгчихдөг. Манайхаар бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нь төрийн бус байгууллагуудтайгаа гэрээлээд мэргэшсэн , мэргэжлийн хүмүүс нь эмнэлгийн бус энгийн нөхцөлд тоглож, ярьж суунгаа бусдыгаа архинаас гаргачихаж байгаа юм л даа… Энэ бүхнийг бичсэн учир гэвэл Улаанбаатар хотдоо нэг л эрүүлжүүлэх эмнэлэгтэй байя. Тэгэхгүй бол бүх эмнэлгийн нэг давхарыг эрүүлжүүлэх болголоо…Мөн төр засаг минь мөнгөө өгөөд төрийн бус байгууллага Цогтсугар гуай гээд найдвартай хүмүүст нь даатгаад архинд донтох өвчинд нэрвэгдсэн хүн зоноо аварч болохоор байна гэх гэсэн юм. Варшав хотын Эрүүлжүүлэхээс гадна Хүүхэд харах үйлчилгээ, Эмэгтэйчүүдэд утсаар туслах төв гээд яг одоо МОНГОЛД минь хэрэгтэй байгаа олон газраар бидний хэдэн нөхөд орсон доо…Их ч юм тархиндаа хурааж ирсэн…

Ю.Гэрэлтуяа

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ