Facebook Twitter youtube
Иргэн, гавъяат эдийн засагч Балбарын Мэдрээ: Одоо ч яахав аваагүй байхад авгай сайхан гэгчээр Хятадын төрийн банкийг л оруулж байж л диваажингийн орон болох юм яриад байна…
2016-12-28 өдөр 08:11

medree1-Танаас асуух юм их байна. Өнөөдөртөө нэг л асуудлаар ярилцъя гэсэн юм. Та зөвшөөрөх үү?
-За тэгье.
-Өнөөдөр Танаас Гадаадын банкны салбарыг (ГБС) оруулах талаар ярилцъя. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Энэ асуудал бол шийдвэр гаргахаасаа өмнө бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгээр ёстой долоо хэмжиж байж нэг огтлох шийдвэр байгаа юм.
Дэлхийд ч манай улсад ч эдийн засгийн хямралтай байгаа энэ үед богино хугацааны хийсвэр бөгөөд өнгөц нөлөөнд авталгүй, хожим засах боломжгүй буруу шийдвэрүүд гарахаас сэргийлэх ёстой.
Энэ асуудлаас үүсэж буй нэг зүйл гэвэл Монголын төр эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, банк, санхүүгийн салбарын аюулгүй байдлыг баталгаажуулах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна гэдэг нь улам тод ойлгогдож байна.
Гадаадын банкны салбар гэж асуусан учир салбар, төлөөлөгчийн газар, охин компаниар оруулахын ялгааг товч хэлье.
Төлөөлөгчийн газар нь толгой банкныхаа нэрийн өмнөөс арилжаа, зээлийн үйл ажиллагаа явуулахгүйгээр тодорхой судалгааны шинжтэй, төв рүүгээ мэдээлэл хүргүүлдэг ажлуудыг эрхэлдэг.
Салбар банк нь дүрмийн санг Монголд тусгаарлахгүйгээр гадаадад байгаа банкныхаа дүрмийн сан, санхүүгийн нөөцөөр өрсөлддөг, Монголын хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаж бүртгэгдээгүй, өөрийн орныхоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хамгийн осолтой хэлбэр.
Гадаадын банкны охин компани хэлбэрээр орж ирэх нь манай орны хуулийн дагуу үүсэн байгуулагдаж, дүрмийн сангаа тусгаарлаж, ижил юм уу ойролцоо нөхцлөөр шударгаар өрсөлддөг, бүртгэгдсэн орныхоо хууль тогтоомжоор бүрэн зохицуулагддаг учраас харьцангуй өөр.
Манайд энэ аргаар байгуулагдсан 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай Чингис хаан, Кредит гээд банкууд байж л байсан харьцангүй танил хэлбэр нь.
Оруулах хэлбэрийн хувьд ч бодох л ёстой.
Зэс, нүүрс, цайр, төмөр, гутал, хувцас, талх тариа, хүнсний ногоо өөр бусад зүйлийг үйлдвэрлэдэг хөрөнгө оруулагчид тэр л зүйлээ хийхээс бус бусад салбарууд, компанийн ажилд оролцох, нөлөөлөх боломжгүй ба татвараа төлөөд л зах зээлийн хуулиар оршин тогтдог.
Харин банк бол дээрх бүх салбарыг мөнгө, зээл, худалдааны санхүүжилт гээд олон зүйлээрээ дэмжих эсэх, хэрхэн өрсөлдөхүйц байлгах талаар байнга нөлөө үзүүлэхүйц бодлогын бизнес хийдэг. Жишээ нь, уул уурхай, газар тариалан, барилга, зам гүүр гээд манай эдийн засгийн улирлаас хамааралтай байдлаас шалтгаалаад өнөөдөр л шийдэхгүй юм бол бүтэн жилийг алдах бизнесд төрөөс олгодог зөвшөөрөл болон гэрээ хэлцэл, бэлтгэл ажлууд, бараа материалын татан авалт гээд банк өөрийн эрсдэлээ бодвол шийдэж болмооргүй ч эх орноо гэх үү, харилцагчаа халамжилсан ч гэх үү, эдийн засгийнхаа нийтлэг эрх ашгийг бодоод өнөөдөр банкууд шийдээд л явдаг. Хатуу шаардлагаа тавиад 7 хоног хүлээлгэж зээл олгоход л бизнесийн цикл нь зөрчигдөөд зөв санхүүгийн тус бус харин ч буруу туc болж, барьцаагаа, бизнесээ алдахад ч хүрдэг.

Бизнесийн циклийг нь 2 – 3 жил багахан зөрчүүлэхэд л газар тариалан, барилга, уул уурхай гээд улирлын чанартай салбарууд ханараад л унана. Барьцаагаа өгч л таарна.
Сүүлийн 3-н жил орчим хэрэгжсэн орон сууцны санхүүжилтын цаана 8 хувийн зээлээр орон сууцтай болж чадсан 86,000 гаруй өрхөөс гадна, барилгын салбар, барилгын бүх төрлийн материал, электрон бараа, мебель тавилга гэх мэт хэрэглээний худалдаа, үйлчилгээний чиглэлийн эрэлтийг урамшуулах замаар нийлүүлэлт буюу салбарыг хэрхэн дэмжиж болдог бодлогын бизнесийн нэг л жишээ байна. Энэ бол эх оронч шийдвэрийн жишээ ч гэж хэлж болохоор.
Дэлхий нийтэд санхүү, зээлийн үйлчилгээний хүрэлцээ гэсэн үзүүлэлт их чухал байдаг. Энэ нь хүмүүс зээл авах боломж байна уу, үгүй юу гэдэг шалгуур байгаа юм.
Монгол энэ үзүүлэлтээр бол маш өндөр. Өнөөдөр зээлгүй иргэн, аж ахуйн нэгжийг олоход хэцүү байх. Зээлгүй хүн алга гээд л зээлийн хүртээмж сайн байгаа нь зовлон шахуу л юм болоод байна.
Даанч зээлийн хүү нь өндөр, хугацаа нь богино байна, үүнийг төрийн бодлогоор нааштай шийдэж болно л доо.
Манай банкууд өрсөлдөөндөө хэт улайраад, харилцагчдынхаа эрэлтэд хүрэх гээд хэтрүүлчихсэн ч юм байгаа.
Цалингийн зээл гэхэд 36-48 сарынхаа цалинг банкнаас авчихаад, түүнээс хойш ажиллаад л зээлээ л төлөх байдалтай байгаа нь ажил олгогчид цалингаар нь ажилтнаа удирдах, хөшүүрэгдэх зүйлгүй болж, ажилтан ч хичнээн ажиллаад цалин авахгүй ч байгаа юм шиг байдал үүсээд байгаа нь аль ч талдаа сөрөг нөлөөтэй, эрсдэлтэй болж байгаа.
Гадны банкууд бидэн шиг ийм эх оронч, энэрэнгүй, уян хатан шийдвэр гаргана гэж байхгүй. Хатуу шаардлагаа тавиад л эхлэхэд зээлдэгчид барьцаагаа, бизнесээ алдахад ч хүрнэ.
Өнөөдөр Монгол улсад мөрдөж байгаа Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь банк, санхүүгийн байгууллагад барьцаалж болдог ба тусгай зөвшөөрлийг барьцаалагч банк нь энэхүү тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг үүрэг хүлээдэггүй.
Дээрх хуулийн холбогдох заалтуудын дагуу Гадаадын банкууд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах бүрэн боломжтой болно.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлээ бүрэн төлөөгүй бөгөөд дуудлага худалдаагаар аль нэг этгээд барьцааны зүйлийг худалдан аваагүй бол тухайн эд хөрөнгийг банк төлбөртөө тооцон авч, банкны захиран зарцуулах эрхэд шууд шилжүүлэх байдлаар шийдвэрлэдэг хуультай. Өнөөдрийг хүртэл газар, лиценз зэрэг эмзэг, эдийн засгийн суурь хөрөнгүүд буюу Модун шаньюгийн хэлсэнчлэн “газар бол улсын үндэс” болох хөрөнгийг үндэсний компаниудаа төлөвшиж, томорч амжаагүй байхад нь гадаадын барьцаалах эрхтэй банкийг оруулахыг хойшлуулсаар ирсэн нь төрийн зөв бодлого л гэж харж байгаа. Том бодлогын асуудал юм шүү, туршиж үзээд больж, сольж болохооргүй урт хугацааны асуудал шүү!.
Өөрөөр хэлбэл, их хэмжээний зээл авсан томоохон төсөл, бизнесүүдийн барьцаа хөрөнгө дээрх байдлаар гадаадын банкны захиран зарцуулах эрхэд шилжих хууль зүйн бүрэн боломжтой байгаа.
Гадаадын банкны хувьд өөрийн улсын компанид, эсхүл хэн нэг этгээдэд барьцааны хөрөнгийг ямар үнээр шилжүүлэх нь тус банкны шийдвэрлэх бүрэн эрх болж хувирна.
Монгол улсын хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын хувьд Гадаадын банк нь Монгол улсын Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг ч барьцаалах бүрэн боломжтой.
Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд заасны дагуу дээр дурдсанчлан зээлийн барьцааны шаардлагаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой байхаар байдаг.
Гадаадын банкнаас Монгол улсад банкны үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор хөндөгдөх, анхааралдаа авах шаардлагатай онцлох асуудлын нэг нь иргэн, хувийн хэвшлийн талаарх мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлын баталгаажилт алдагдах асуудал юм.
Зээлийн мэдээллийн тухай хуульд заасны дагуу Гадаадын банк нь Монголд банкны үйл ажиллагаа эрхэлж эхэлснээр зээлдэгч иргэн, хуулийн этгээийн зээлийн мэдээлэл, зээлийн лавлагааг тухай бүр онлайн болон бичгэн хэлбэрээр авах бүрэн эрхтэй болох юм. Уг хуулийн 6-р зүйлд “зээлийн мэдээлэл” гэдэгт ямар мэдээлэл агуулагдахыг заасан бөгөөд зээлдэгчтэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломжтой болно гэдгийг онцгой анхаарах шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын аюулгүй байдал, Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн талаарх мэдээллийн аюулгүй байдал хөндөгдөх өндөр эрсдэлтэй.
Хэрэв банк, түүний ажилтнууд шударга бишээр ажиллавал харилцагчдынхаа нарийн мэдээллийг нь авдаг зах зээлийг нь судалж, хувьд хэрэгтэй, өөртөө ашигтай гэсэн зүйлээ янз бүрийн аргаар эрсдэлд оруулж, барьцаа хөрөнгийг өөртөө ч юм уу, хэн нэгний захиалгаар ажиллах ч боломжтой.
Бидний хэдэн монголчууд ч яахав ёс зүй, хүн чанараа бариад л байна. Гадаадын хүмүүс яаж ажиллахыг хэлж мэдэхгүй, хэрэв тодорхой зорилго өвөртлөөд ажиллаад эхэлвэл хориглосон, хаасан, хамгаалсан хууль журам нь ч зохицуулагч нь ч байхгүй тул цаг нь мөн үү гэж асуулт тавьж ойлгох нь чухал.
Харин Монгол улсын аль ч байгууллага ажилтнууддаа боломжийн цалин олгох, түүнчлэн, зээлийн хүүг бууруулах арга хэмжээг боломжит бүх хүрээнд авч хэрэгжүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байна.
1990 оноос хойш зээлийн хүүг бууруулах, банкны салбараа санхүүгийн талаар дэмжсэн бодлого бараг байгаагүй гэж хэлэхэд дэгсдүүлсэн болохгүй байх, харин ч банкуудаа баяжиж байна гэж цоллоод (энэ бол эндүү ойлголт, хэрэв банкуудыг активтай нь харьцуулбал 1.5-2 хувийн ашигтай байдаг, хэрэв өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 9-10 хувийн ашигтай ажилладаг) банкуудынхаа үйл ажиллагааных нь зардлыг нэмэгдүүлэх, зээлийн хүүгийн өртгийг өсгөх тал дээр чамгүй арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

-Зорилго өвөртлөөд гэж хэллээ. Яг юу гэсэн үг юм бэ?
-Манай Монгол улс өнөөдөр буурай хөгжилтэй байж болно, тэгээд бас эдийн засгийн хямралд автсан байгаа, түүнийг нь дөрөөлөөд л Монгол улсын ашигтай гэсэн болгоныг нь зээлээрээ дамжуулаад эздээс нь авах, эсвэл эдийн засагт нь мөнгө, зээлийн хомсдол үүсгээд нураагаад, зээлдэгчдэд ялгаатай хандаад хэнийг нь ялагч болгохыг нь шийдэх гэх мэтээр зөндөө олон үр дагаврыг шууд болон шууд бусаар бий болгож болно. Амыг нь мөнгөөр таглах гэдэг арга хэрэглэвэл яах вэ?. Ийм төрлийн санхүүжилттэй холбоотой нэмэлт эрсдэл үүсэхэд зүүн Европын зарим орнуудын хүмүүс зээлээ шийдвэрлүүлэхийн тулд Лондон, Парис явдаг шиг манайхан Бээжин явдаг болж ч магадгүй.

 

 

-Яагаад Бээжин явах гэж, банк нь өөрөө шийдвэрээ эндээ гаргах юм биш үү?
-Бээжин үү, Лондон явах уу гэдэг нь хаанахын өмчлөл, харъяалалтай байхаас хамаарна.
Хуучин социалист орнуудын жишээнээс харж байхад бүгд үндэсний арилжааны банкуудгүй болчихсон. Өөрөөр хэлбэл, гадныхан банкуудыг нь худалдаад авчихсан. Тэгээд тэдгээр улсын ард түмэн нь тэр чигээрээ зовхи нь доошоо болчихсон байсан, үүнийг миний бие Унгар, Болгар, Чех улсад албан ажлаар явж байхдаа тэдний банкируудтай ярилцахдаа ойлголт авч, мэдэрч байлаа. Хямрал болохоор барууны банкууд нь зээлээ олгохоо зогсоочихдог.
Ямар сайндаа хэдхэн жилийн өмнө Унгарын тухайн үеийн Засгийн газар нь барууны орнуудад авсан зээл, хүүгээ төлөхгүй гэж “тэнэгтэж” байхав дээ. Нэгэнт зээл өгсөн юм бол банкууд зээлээ, хүүтэй нь буцааж авах л ёстой. Олон улсын стандарт, хууль гэж бий. Тийм байдалд улс орноо хүргэж болохгүй.
Муу муухай бүхэн мөнгөнөөс болдог гэдэг. Иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгө- зээлээс л болж тангараг тасартлаа муудалцаж, шүүх цагдаа болдог, заримдаа хүн амины хэрэг ч болдог.
Мөн Хөрш айлууд, тэр битгий хэл төрсөн ах дүү, хамаатан садангууд ч гэсэн хоорондоо мөнгө төгрөг, авсан зээлээ төлсөнгүй, баянаараа дээрэлхлээ, ядуугаараа түрүү барилаа, авсанаа өг, амласнаа биелүүл, барьцаагаа авна гээд муудалцаж эхэлдэг. Ихэнхдээ барьцаа хөрөнгө нь орон гэр, унаа машин, зөвшөөрөл, лиценз гээд хамгийн чухал гэсэн зүйл нь байдаг тул тун хэцүү зүйл болдог биз дээ.
Одоог хүртэл манай улс хөрш орнуудтайгаа “Эрдэнэт”, Улаанбаатар төмөр зам зэрэг хэдхэн асуудлаас өөр бизнес, аж ахуйн хэрүүл ярьдаггүй, төр нь төрийнхөө түвшний асуудлыг л ярьдаг энхтайванч, найрамдалт харилцаатай байгаа. Бизнесийг нь оруулж ирчихээд хохироогоод, доромжлоод, төр нь гадны мөнгө хүүллээс иргэдээ, эдийн засгаа хамгаалахаас аргагүй байдал үүсэхээр нөгөө тал ч мөн тийм л байдалд хүрнэ байх. Одоо ч яахав аваагүй байхад авгай сайхан гэгчээр Хятадын төрийн банкийг л оруулж байж л диваажингийн орон болох юм яриад байна. Тун удахгүй хөрш том гүрэнтэйгээ энх тайванч, найрамдалт харилцаандаа сэв суулгах суурийг тавьж байж ч магадгүй тул ийм юмаар оролдохгүй байх нь дээр биз дээ.
Гадны банк оруулж болно. Гэхдээ тодорхой хязгаарлалт, нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдээ хууль, журам, гэрээндээ тусгаж өгөх ёстой гэдгийг л үүгээр хэлэх гээд байна.
Хуучны Бирм буюу одоогийн Мьянмар улсад л гэхэд Төв банк нь гадны банк орж ирж салбараа байгуулахыг зөвшөөрсөн. Гэхдээ 4-5 болзол тавьсан байдаг.

Тодруулбал, тус банкны ганцхан салбар үйл ажиллагаа явуулах ёстой, энэхүү банкны салбар нь жижиглэнгийн салбарт орж ажиллахгүй, том бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийнэ. Валютаар зээл олгож болох ч үндэсний мөнгөн тэмдэгтээр зээл олгож болохгүй.
Эцэст нь, 30-40-н жилийн хугацаатай 20 тэрбум ам.долларыг жилийн 1 хүртэл хувийн хүүтэй Төв банкинд нь зээл олгоно, Төв банк нь энэ зээлүүлсэн мөнгийг рейтингээр нь дотоодын арилжааны банкууддаа хуваарилан зээлдүүлж, улс орныхоо банк санхүүгийн салбарыг хөл дээр нь баттай зогсоох болно гэсэн болзол тавьсан. Ингэж өөрийнхөө орныхоо банк санхүүгийн салбарыг хөл дээр нь баттай зогсоох болно гэсэн болзол тавьсан.
Оруулж ирвэл зөв, эсхүл буруу гэж ярихын оронд манай улсад ашигтай хувилбараар нь, үндэсний аюулгүй байдалд харшлахааргүй байдлаар гадны банкуудыг оруулж болно гэсэн л байр суурьтай байна.
Бид чинь Монголынхоо банкуудыг болохоор хувьчлаад, гадаадын төрийн өмчит банкийг болохоор урихаар байдалтай байгаа, ийм зөрчилтэй бодлого явуулж болохгүй.

-Тэгээд Таныхаар бол яаж шийдэх ёстой болж байна. Хүмүүс бага хүүтэй зээл авахыг хүсч байгаа нь үнэн биз дээ?
-Гадаадын банкийг оруулахын тулд өөрсдөө бэлтгэлээ л сайтар хангах хэрэгтэй. Ядаж л наад зах нь ямар банкийг оруулж болох, ямар нөхцлөөр оруулах, зохицуулалт, хяналтын тогтолцооны чадавхтай болох гэх мэт зөндөө олон асуудлыг ярихгүйгээр, шийдэхгүйгээр нийгмийн сүлжээгээр хэсэг нөхдүүд уриалан дуудсаны дагуу нийгмийн сэтгэлзүйд нийцүүлэх байдлаар шийдвэр гаргаж болохгүй, энэ асуудалд ул суурьтай хандахыг л хүсэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид хүмүүсийн яриад байгаа шиг бага хүүтэй зээл олгохгүй л байгаа нь бодит зүйл. Гадаадын 63,7 хувийн хөрөнгө оруулалттай ХААН банк, 77,9 хувийн хөрөнгө оруулалттай ХАС банкны зээлийн хүү нь дотоодын, үндэсний хөрөнгө оруулалттай банкуудынхаас байнга өндөр байсан. Өнөөдөр ч хэвээрээ л байгаа.
-Гадаадын том банкууд яагаад гадаад улс оронд өөрийн банкны салбараа нээж ажиллуулдаг юм бол?
-Ганц банк ч биш, бүх бизнес ерөөсөө ашиг олж болох, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ шинэ зах зээл хайж л ордог.
Зарим хүмүүсийн бодож байгаа шиг зайлуул энэ ядуу зүдүү монголын бизнес хийдэг хэдэн нөхдөд бага хүүтэй, буяны чанартай зээл олгоё гэсэндээ орж ирэхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Олгосон зээлээ олж авахаа ч тооцож байж л орж ирнэ. Өөрөөр хэлбэл, зээлээ авч чадахгүй хараад суугаад байхгүйгээ мэдэж байгаа учраас л орж ирэх гээд байгаа.
Банкны бизнесийг маш энгийнээр хэлбэл, зөвхөн өөрийнхөө мөнгийг төдийгүй, харилцагчид, хөрөнгө оруулагчид, санхүүгийн зах зээлд оролцогчдоос хадгаламж, харилцах данс, бонд зэрэг хэлбэрээр хөрөнгө мөнгө цуглуулаад, төлбөр түргэн гүйцэтгэхэд шаардагдах буюу 40 орчим хувийг нь бэлэн хадгалж, 60 орчим хувийг нь арай илүү хүүтэй зээлдүүлж байж л хадгаламжийн болон бусад хүүгээ 100 хувь буюу зээлд гаргах боломжгүй, өнөөдөр ч, маргааш ч ирээд авч магадгүй мөнгөнд чинь төлж байгаа хүүгээ олоод, өөрийнхөө үйл ажиллагаагаа санхүүжүүлж, ажилтнуудаа цалин хөлстэй байлгаж, тэднээрээ хүмүүсийн хөрөнгө санг бүрэн бүтэн байлгуулж, санхүүжилт хэрэгцээтэй санхүүгийн зуучлал хийдэг.
Ингэснээр мөнгөний илүүдэлтэй нь банкинд мөнгөө хадгалуулж хүү авдаг, мөнгөний хэрэгцээтэй нь зээл авч ажлаа бүтээгээд ашигласан хугацааныхаа хүүг төлдөг, дунд нь зуучилж өгсөн банк нь үйл ажиллагааныхаа зардал, ашгийг олдог 3-н талт харилцаа.
Зээлийн хүүг банк тогтоодоггүй, зах зээлийнхээ зарчмаар тогтдог, түүнд нөлөөлдөг олон хүчин зүйлс байдаг юм. Тухайлбал, Зээлийн хүүнд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь тухайн орны нийт эдийн засгийн эрсдэл юм. Үүнээс гадна 1эдийн засгийн тогтвортой байдал, 2инфляцийн түвшин, 3санхүүгийн эх үүсвэрийн хүрэлцээ, 4санхүүгийн зуучлалын зардал, 5татан төвлөрүүлж буй хөрөнгө буюу эх үүсвэрийн өртөг, 6Төв банкны бодлогын хүү зэрэг олон хүчин зүйлс зээлийн хүүнд нөлөөлнө.
Гадаадын банкууд ч ийм л зарчмаар зээлийн хүүгээ тогтоодог. Манай улсын нийт эдийн засгийн эрсдэл буураагүй, эдийн засгийн дархлаа тогтож амжаагүй байгаа үед гадаадын ямар ч банкийг оруулж ирэхээс үл хамаараад дотоодын санхүүгийн зах зээлд зээлийн хүү хүссэн хэмжээнд буурах нөхцөл бүрдээгүй, боломж ч хязгаарлагдмал байна.
-Манай банкууд өөрсдөө зээлийн хүүгээ бууруулж болдоггүй юм уу?
-Дөнгөж сая миний хэлсэн зүйлийг анхааралтай сонсвол зээлийн хүүг банк тогтоодоггүй, зах зээлийн зарчмаар тогтдог гэдгийг л хэлэх гээд байгаа юм.
Бодит байдал дээр манай орон хадгаламж, мөнгөн хуримтлал багатай, байгаа жаахан хөрөнгийн эх үүсвэр маань хугацаа нь богино, дээр нь банкууд болон хадгаламж зээлийн хоршоод гээд өрсөлдөөн их учраас хүүг нь бага байлгах боломж багатай байгаа.
Зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах талаар банкууд хамтарч хийх ажил мөн цөөнгүй байгаа. Тухайлбал, АТМ, карт уншдаг пос терминал машин, гар утсаар хийдэг төлбөр тооцоо, Свифт сүлжээ, Зээлийн мэдээллийн сан зэргийг банк дундаа хамтран ашиглаж, давхардсан зардлыг мэдэгдэхүйц багасгах боломж бүрэн бий.
Дээр нь зээл төлүүлэлт хамгийн хүнд, удаан, өндөр өртөг зардалтай байгаа гээд банкнаас шалтгаалахгүй, зээлийн хүүнд нөлөөлж байгаа зүйл ч бий.
Хэрэв гадаад орныхон шиг зээлээ чирэгдэл, зардал, хугацаа багатай төлүүлж чаддаг бол хүүг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бас бий. Гэхдээ, зээлийн хүүг сүүлийн 20 гаруй жил боломжоо тултал бууруулсан. Энэ нь хүүгээ бага байлгах өрсөлдөөнөөр банкууд өөрсдийнхөө хэмжээнд шийдэгдэж ирсэн болохоос төр, засгаас оролцоод дэмжээд нөлөөлсөн юм байхгүй. Төр засгаас туслаад нөлөөлөөд хийж болох ажил байгааг би дээр хэлсэн.
ОХУ-ын жишээг л харахад манай банкууд шиг хамтарч ажиллаж чадахгүй байгаа хэсэг дээр нь Төв банк нь оролцоод л зах зээлийг илүү үр ашигтай болгох талаар шийдвэрээ гаргаад бүгдэд нь тэгш, эцсийн дүндээ ард түмэндээ ашигтай байх зохицуулалт хийгээд л байгаа.
Манай нөхдүүд энэ мэтээр дотроо шийдэх юмыг хийхгүй атлаа гаднаас банк оруулах талаар л яриад байгаа нь тийм ч зөв биш. Энэ мэтээр хийж болох ажил зөндөө л их байгаа. Гагцхүү сэтгэл л хэрэгтэй дээ.
-Та Гадаадын банкны салбар байгуулах нөлөөний талаар яриад байна. Яг Хятадын банк (Банк оф Чайна) манай улсад байгуулагдвал Монгол улсын Үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлж болох талаар хариулт өгөхгүй юу?
-Яагаад заавал төрийн өмчтэй, хөрш орны том банкны салбарыг нээж ажиллуул гээд шуугилдаад байгаад эргэлзээ төрж байгаа.
Энэ банкийг оруулж ирэх сонирхолтой тэр хүмүүс аюулгүй, санаа зовоох зүйл байхгүй гэдгээ нотлоод нухацтай ярих байлгүй дээ.
Банк оф Чайна нь дэлхийн топ 5-н банкинд багтдаг, нийт 2.6 их наяд ам.доллар (Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 217 дахин их) – ын актив хөрөнгөтэй, Хятад улсын төрийн өмчит банк юм.
Төрийн гэдэг үгийг яагаад онцлоод байна гэвэл Төр нь тухайн банкны бодлого, үйл ажиллагаа, ашиг, үр дүнд нь сонирхолтой байж, шаардлага гарвал төр нь нөлөөлж, эрх ашгийг нь хамгаалах, төлөөлөх боломжтой этгээдийн асуудал бүр эмзэг.
Манай улсад Европын Сэргээн босголтын банк, Японы Токио Мицубиши банк болон Сумитомо Мицуй банк гээд л банкууд салбар банкаа ажиллуулахгүй, зөвхөн төлөөлөгчийн газраа ажиллуулж байна. Эднээс сонголт хийх боломж бас байгаа.
Зөвхөн Европын Сэргээн босголтын банк гэхэд 2010-2016 оны 9-р 30-ны байдлаар Төлөөлөгчийн газраараа дамжуулан Монголд нийт 83 төсөл болон компаниудад 1.4 тэрбум еврогийн буюу 3.8 их наяд төгрөгийн зээл санхүүжилт, хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үүнтэй адилхан Банк оф Чайна Төлөөлөгчийн газраараа дамжуулан зээл олгож болно шүү дээ гэсэн амьд жишээ бэлхэнээ байна.
Орж ирэхээс өмнө Төрийнхөө шугамаар шахалт үзүүлж банкаа байгуулах гэсэн ганцхан банк байгаа.
Банкаа тусгаар улсын газар нутаг дээр нь байгуулж орж ирэхийн тулд шахаж тулгаж дээрэнгүй хандаж байгаа хүмүүсийг дараа нь бид хамжааргатай байлгаж чадах уу?
Яагаад Японы төр, Европын холбоо, АНУ-ын төр Монгол улсад манай улсын банкны салбарыг байгуул гэж шахалт үзүүлэхгүй байгаа юм бол? гэсэн сөрөг асуулт өөрийн эрхгүй гарч ирж байна.
Түүхээ эргэн харвал, 1921 онд Ардын Хувьсгал ялсны дараа Гадаадын капиталыг шахан зайлуулснаар бид эдийн засгийн бодлогынхоо тусгаар тогтнолын боломжийг бүрэн олсон. Энэ бол түүхэн үнэн бөгөөд ач холбогдол нь өнөөдөр ч хэвээрээ байгаа, монголчууд бид харалган байж болохгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол улсын банкны салбарт хөрш хил залгаа орны төрийн өмчтэй банкны ноёрхол тогтох нь бусад салбартай зүйрлэшгүй өөр, хүнд үр дагавартай, угтаа үндэсний эдийн засгийн бодлогыг хэн удирдах тухай, хараат улс болох уу, үгүй юу гэдэг л асуудал юм.
Ямартай ч гэсэн онцолж анхаарах зүйл гэвэл хөрш улсууд нэгэндээ банк байгуулж ажиллах нь оновчтой бус. Учир нь банкнаас өөр хүний өмч хөрөнгийг хуулийн дагуу барьцаалдаг бизнес байдаггүй.
Тэр барьцаанд нь газар, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, ашигт малтмалын орд гээд бүх л зүйл байж болдог.
Хөрш орнууд түүхийн турш л газар нутгаа тэлэх сонирхол, маргаантай байсан.
Саяхан энэ 2016 онд Тажик улсаас Хятад улс, газар нутгийн хэсгийг нь өрөндөө авсан явдал шиг юм болохгүй гэдгийг хэн батлах юм бэ?
БНХАУ өөрийн төрийн өмчлөлийн банкаараа дамжуулан Монгол улсад төрийн бодлогоо нэвтрүүлэх, Монголын дотоод актив хөрөнгүүдийг ямар ч хязгаарлалтгүй худалдан авч, манай улсыг эрсдэлд хүргэхгүй гэдгийг хэн нотолж чадах вэ?
Энэ бол шууд үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд Эдийн засгийн аюулгүй байдал хамаарахын зэрэгцээ эргүүлж засах боломжгүй маш буруу шийдвэр болно гэж үзэж байна.
Хятадын банк салбараа байгуулж, өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр дотоодын иргэн, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээгээр зээл олгох боломжтой хэдий ч, нөгөө талаас дунд болон урт хугацаандаа Монгол улсын томоохон төсөл, бизнесүүд БНХАУ-ын төрийн бодлого бүхий банкны нөлөөлөл, барьцаанд бүхлээрээ орох, улмаар тэдгээрээс Монгол улсад үзүүлэх нөлөө, шахалт ихсэх, БНХАУ-ын төр өөрийн бодлогыг ямар ч саад, хязгаарлалтгүй хэрэгжүүлж эхлэх аюултай.
Мөн стратегийн ач холбогдол бүхийд тооцож буй манай дотоодын банкны салбар, Монголын банкууд сайн харилцагчгүй, хадгаламж эзэмшигчгүй, зээлдэгчгүй, төсөлгүй болж, өрсөлдөх чадвараа бүхэлд нь алдах, татан буугдах эрсдэлтэй байна.
Мөн эдийн засгийн хувьд хуваагдмал байдал ч үүсэх эрсдэлтэй.
Тус банкны төлөөлөгч Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ хятадын хөрөнгө оруулалттай 6,000 гаруй аж ахуйн нэгжийг дэмжин ажиллахаа мэдэгдсэн.
Харьцангуй хямд гэх хүүтэй санхүүжилт авах зорилгоор Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд Хятадын банкнаас зээл авах, хятад хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах, улмаар 100 хувь үндэсний гэх аж ахуйн нэгж, байгууллагууд уусан “үгүй болох”, түүнчлэн, Хятадын хөрөнгө оруулалт, оролцоотой хэдэн мянган компанид улсынх нь банк үйлчилж эхлэхэд зах зээлд ямар ч тэнцвэргүй монополь байдал бий болж, манай улсын эдийн засаг Монголын болон Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал байдалтай болохыг үгүйсгэх аргагүй юм.
-Гадаадын том банкууд гадаад улс оронд өөрийн банкны салбараа нээж ажиллуулж болдог, яагаад Монгол улсад ажиллуулж болохгүй гэж?
-Ингэхэд Монгол улс ямар улс билээ, хөгжил нь ямар билээ?
АНУ, Япон, Герман, Англи, Франц зэрэг улсынх нь, банкуудынх нь хөгжил, эдийн засгийн багтаамж, потенциал, эрсдэл даах чадавх, хүн амын тоо, газар нутгийн байршил нь Монгол улсынхтай харьцуулшгүй өөр биздээ.
Гадаадын Банкны Салбар (ГБС) нь дотоодын банкуудтай өрсөлдөх нөхцөл, боломжийн хувьд ч олон давуу талтай гэдэгтэй маргах шаардлагагүй.
ГБС байгуулагдсанаар Монгол улсын банкны салбар дахь хөрөнгө өсөж, санхүүгийн хэрэгцээ, хүртээмж болон урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлсэнээр эдийн засагт шууд болон шууд бусаар эерэг нөлөөллийг үзүүлнэ л дээ.
Гэвч эдийн засгийн бодит өсөлт (Жишээлбэл, Монгол улс дотоодын хэрэгцээгээ хангахуйц хүчин чадалтай “Нефть нэрэх үйлдвэр”, “Ган бүтээгдэхүүний үйлдвэр”, “Шил, шилэн бүтээгдэхүүний үйлдвэр”, “Зэс хайлуулах үйлдвэр” гэх мэт)-ийг хэрхэн дэмжих бол гэдэг нь асуулт болж байна. ГБС нь өргөжин тэлэхийн хэрээр зах зээлд шууд нөлөөлөгч болох нь гарцаагүй.
-Гадаадын Банк Салбараа Монгол улсад нээснээр манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь юу байх бол?
-Юуны өмнө манай улсын эдийн засагт таагүй нөхцөл үүсэх нь их байх болов уу гэж бодож байна. Тухайлбал, Банкны тогтолцоонд хэт давамгайлах болно. Манай банкуудын зээлийн хүү олон улсын жишгээс харьцангуй өндөр тул энэ нь ГБС-ын хувьд давуу тал болох учир өнөөдөр арилжааны банкуудаас санал болгож буй зээлийн хүүнээс хавьгүй бага хүүг зах зээлд санал болгох нь ойлгомжтой.
Дотоодын банкууд дээр дурдсан хүчин зүйлийн улмаас ГБС-тай үнээр өрсөлдөж чадахгүй учир зах зээлээс шууд шахагдаж, үндэсний гэх арилжааны банкууд байхгүй болох аюултай.
Банкны тогтолцоонд нэг буюу цөөн хэдэн оролцогчоос, тодруулбал ГБС-аас хараат байдал нь Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдалд харшилна.
Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг эмзэг болгоно. ГБС дотоодын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр зээл (төгрөг, гадаад валютаарх)-ийн хүүг бууруулах, гадаад валютын ханшийг тогтворжуулах зэрэгт эерэг нөлөө үзүүлж болох ч эдийн засаг, улс төрийн шалтгааны улмаас Монгол улс дахь үйл ажиллагаагаа зогсоох буюу хязгаарлах эрсдэлтэй. Зах зээлд шууд нөлөөлөгч оролцогч банк манай зах зээлийг орхих буюу үйл ажиллагаагаа хязгаарлахад л тус улсын санхүүгийн зах зээлийг тогтворгүй байдалд оруулах аюултай.

Дотоодын банкуудыг сулруулна. ГБС орж ирэн дотоодын зах зээлд нэвтэрснээр банк хоорондын өрсөлдөөн нэмэгдэх ба үүний үр дүнд дотоодын банкууд шигшигдэн, одоо байгаа арилжааны банкууд нэгдэх замаар цөөн тооны илүү өрсөлдөх чадвартай банкууд үүсч болно, эсвэл эсрэгээрээ тодорхой зах зээлийн хэсэгт төвлөрсөн цөөн тооны банк, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч идэвхгүй бусад банкууд үүсэх эрсдэлтэй.

ГБС нь ашиг өндөртэй зах зээлийг сорчлох буюу зах зээлийн “өрмийг хамаад хусмыг үлдээх” бодлого явуулахыг үгүйсгэх аргагүй ба байгууллагын банкны буюу том компаниудын зах зээлийг алдах нь эхний ээлжинд дотоодын банкуудын ашигт ажиллагаанд, дараагаар нь санхүүгийн чадавхид нь сөргөөр нөлөөлнө.
Төрийн Мөнгөний бодлого хүчгүйдэнэ. ГБС нь санхүүгийн чадавхиар дотоодын арилжааны банк төдийгүй, манай улсын Монголбанктай ч харьцуулшгүй давуу талтай байна. ГБС-т мөнгөний нийлүүлэлтэд хангалттай нөлөөлөх хэмжээний санхүүгийн эх үүсвэр бий.
ГБС-ын санхүүгийн чадавхид Монголбанкны мөнгө-зээлийн бодлогын арга хэрэгсэл нь хязгаарлалт болон хөшүүрэг байдлаар нөлөөлж чадахгүй нөхцөлд хүрвэл Монгол улсын эдийн засгийн тусгаар байдал аюулд учирна.
Санхүүжилтийн ялгавартай бодлого баримтлах магадлалтай. Ялангуяа, Төрийн өмчтэй ГБС үйл ажиллагаагаа Монгол улсад явуулбал, ийм банк нь өөрийн улсын хилийн чанад дахь эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалах, стратегийн ач холбогдолтой бүс нутагт улсынхаа худалдаа, бизнесийн бодлогыг дэмжих нь зайлшгүй.
Төрийн өмчтэй ГБС нь эрх зүйн хувьд хэдий ашгийн төлөө боловч төрийн өмчит хуулийн нэгж болохын хувьд салбарынх нь үйл ажиллагаа Монгол улсын эдийн засгийн хөгжлийн бодлоготой нийцэхээс илүүтэй өөрийн улсын эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгдэнэ.
Төрийн өмчтэй ГБС нь Монгол улс дахь өөрийн улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн үйлчилгээ явуулах нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө.
-Гадаадын банкны салбар манай улсад байгуулагдсанаар нийгэмд үзүүлэх нөлөө нь юу байх бол?
-Төрийн өмчтэй ГБС Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтэрсэнтэй холбоотойгоор зах зээлээ хадгалж үлдэхийн тулд манай улсын арилжааны банкууд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийн, боловсон хүчний цомхотгол явуулах, эс бөгөөс зах зээлээс шахагдсан банкууд үүдээ барьснаас тодорхой хэмжээний ажилгүйдэл үүснэ.
Гэвч, үүнээс илүүтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ? гэдэг илүү анхаарал татаж байна. Учир нь, ГБС Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтэрснээр тэдэнд чиглэсэн зээлийн үйлчилгээний зардал буурч, хүртээмж нь дээшлэх үү гэдэг асуудал тодорхойгүй.
Мөн Монголын том компаниудын зах зээлээс шахагдсан арилжааны банкууд хоорондоо нэгдэх, эсвэл ирээдүйд эдийн засгийн ашиг авчрах магадлалтай тусгай зөвшөөрөл эзэмшигч төдий идэвхгүй байдалд шилжих магадлалтай.
Харин ч ГБС – аас өөрийн орны эдийн засгийн ашиг сонирхолд нийцсэн ялгавартай бодлогоор өөрийн улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ашиггүй байдал үүсэх болно.
Ийм байдал цаашид даамжирвал банкны төдийгүй бизнесийн зах зээлийн тодорхой хувийг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид алдахад хүрч, улмаар иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлнө.
Мөн дотоодын санхүүгийн салбарт өөрийн хамаарлыг үүсгэсэн ГБС нь зах зээл дэх байр сууриа ашиглан, бизнесийн бус зорилгоор, тодруулбал, тодорхой шалтгааны улмаас улс төр, эдийн засгийн дарамт, шахалт үзүүлэхийн тулд зээлийн хүү, хүртээмж, төгрөгийн ханшид зориудаар нөлөөлж, нийгэмд тогтворгүй байдал үүсгэх бололцоотой.
-Эцэст нь Та дүгнэлтээ хэлбэл, юу гэхсэн бол?
-Ярилцлагын явцад нэг биш дүгнэлт хэлсэн.
Базаж хэлэхэд, энэ асуудал зөвхөн хэдэн банкуудын асуудал биш, эдийн засгийн болон газар нутаг, бодлого, амьжиргааныхаа тусгаар тогтносон, бие даасан байдалд үзүүлэх нөлөөг нь бүхэлд нь авч үзэх шаардлагатай. Өнөөдөр банкинд ажиллаж байгаа хэдэн хүний ч юм уу, банкинд хөрөнгөө оруулсан байгаа хэдэн хүний асуудал биш. Тэр хүмүүс ямар нэг ажил хийгээд л амьдраад явчихна, миний мэтийн насны хүнд хамаа байна уу гээд явж болох л байх. Гэхдээ ийм ноцтой асуудлаар хөнгөн гоомой хандахыг хараад зүгээр явах сэтгэл хүрэхгүй байгаадаа л мэдэж байгаа, бодож байгаа зүйлээ олонд хүргэх гэсэн юм.

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. What is that guy?
    buy madden mobile coins http://www.madden-store.com

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ