Facebook Twitter youtube
Найруулагч И.Нямгаваа: Одоо театрт замын унаанд дайгдаж, эсвэл хэн нэгэнтэй сундалдаад ороод ирсэн жүжигчид их болж дээ
2016-12-23 өдөр 02:49

nyamgavaaМонголын урлагийн ертөнцөд тoд эзэгнэл, том орон зайтай уран бүтээлчийн зангараг кино найруулагч И.Нямгаваагаас ханх татдаг юм. Хувь бүтээлчийн адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүд нь ямагт түүнийг амьдран буй нийгмээс нь ялган шигшсээр ирсэн. Эцэг эхээс заяасан нэрийнхээ өмнө кино найруулагч гэх алдраас өөрийг зүүгээгүй яваа нь ч түүний “зиндаархал”. Урлагийн “гал тогооны” гашуун шорвогийг ханатлаа амссан И.Нямгаваа найруулагч сүүлийн жилүүдэд улс гүрэн дамжсан томоохон бүтээлүүдэд хүч сорьж яваа. Америкт амьдарч буй түүнтэй нутагтаа түр ирээд байхад нь ярилцсанаа толилуулъя.
-Эх нутгаасаа хол, Америкт амьдраад багагүй хугацааг үдэж байгаа тань шиг ховор хүнийг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Таныг чихэр шиг амттай сониноор дүүрэн ирсэн байх гэж хорхойсч байна шүү. Монгол нутагтаа яаран яаран бүр ирэв үү, түр ирэв үү?
-Нутгийн минь салхи аргадан илж угтаад, хацар алгадан жихүүрхэн тосох үе зөндөө байлаа даа. Салхи нь хүртэл чихэнд үг шивнэх шиг сайхан даа сайхан. Аавын мйнь үгийг ээжийн минь үнсэлтийг санагдуулам салхиа санадаг аа. Заримдаа намайг, цаг хугацаа биш салхи л элээж байх шиг бодогддог. Дээхнэ манай Хөвсгөлийн Дээрхийн хүрээнд лам нар дэлхийг бөөрөнхий, хавтгай гэж хоорондоо маргаад сүүлдээ нэгэн залуу ламыг -За чи дэлхий бөөрөнхий байна уу, хавтгай байна уу мэдээд ир. Хэрэв хавтгай бол чи яваад буцаж ирж чадахгүй алга болно, харин бөөрөнхий бол чи явсаар буцаад ирнэ гэсэн гэдэг. Лам явсаар замдаа Шведийн цэрэгт татагдаад 1-р дайнд оролцож Оросын хувьсгал үзээд, монголд 30 оны үед ирэхэд бүх лам нь хороогдоод ганц лам үлдсэн байсан гэдэг. Үлдсэн өвгөн ганц лам нь “Дэлхий бөөрөнхий ажээ. Чи буцаад иржээ” гэсэн гэдэг. Энэ домог шиг яриаг Д.Жамъян бид хоёр гуниг баясал хослуулан ярьж, тэр чигээрээ кино байна шүү гэдэг юм. Би зүрхээ зогсон зогстол буцаж ирсээр байх болно.
-Та үнэхээр өөрчлөгдөөгүй байна. Таны хэмжээний асч буцалж байдаг омогшингуй монгол найруулагчийг эрх чөлөөний эх орон яаж ч өөрчилж чадах билээ? Гэхдээ өөрөө өөртөө, гэр бүлээ, ханиа хүртэл шинээр нээлээ гэж хэлэхийг тань сонсоод “Монголын амьдралын завгүй өдрүүд дотогш өөрийгөө чагнах тав тухыг бас олгодоггүй юм уу даа” гэмээр санагдлаа. Яг үнэндээ өөртөө шинээр нээгдсэн ноён И.Нямгаваа тэгээд хэнсэн байх юм бэ?
-Тийм үү? Мэргэжлийн минь онцлог юм байлгүй дээ. Өөрийн тааваар ертөнцийн газрыг балбаж л явна даа. Газар алгадан унах хүртлээ болж өгвөл бодлоо хүмүүстэй хуваалцах юмсан гэж боддог. Эрх чөлөөний гэх энэ оронд үгээр ярьж чадаагүй юмаа харцаараа, хайраараа ойлголцоно гэдэг чухал юм уу даа. Би Монголд байхдаа өөрийн ханиа /Долгорыгоо/ дэрвэж яваа охидоо төдийлөн сайн ойлгодоггүй явсан юм уу даа… Тэдний хүсэл мөрөөдлийг дотоод ертөнцийг гүнзгий хардаггүй байсан шиг… Харьд удсан том охидоо ч эцэг төдий үнсээд нүднийх нь ухархайд үлдсэн нулимсыг нь анзаараагүй юм болов уу… гээд өөрийгөө шүүн санаашрах үе зөндөө. Хэтэрхий зоргоор явна гэдэг хажуу хавиргынхаа амьсгааг мэдрэхгүй явна гэсэн үг биш баймаар. Хайртай хүмүүсийнхээ бодол санааг уншихыг хичээж явна даа. Хүний нутагт ямар их тэвчээр хүлээцтэй байгааг нь хараад би Долгороороо бахархаж явна. Сэтгэлдээ бол цулбуур алдуурсан морь мэт нутгийн зүг гүймээр санагддаг байх. Гэвч нэг ч илүү үг, үйлдэл хийхгүй байгаа нь элчин сайд Чойнхорын хэлсэнээр “Энэ гэрийн гадаад харилцааг Долгор хариуцах юм. Гайхамшигтай дипломатч” гэсэн үгийг үе үе эрхгүй санадаг.
-Тайз дэлгэцийн олон сайхан бүтээлүүдээрээ та монголын урлагт өөрийнхөө хэн бэ гэдгийг дуулиан шуугиантайгаар тунхагласаар ирсэн нэртэй уран бүтээлч. Таны идеал, таны ертөнцийг ажиж байхад өөрийгөө бусдаас илүү хэмлэж, зовоож, шатааж бүтээлүүд тань төрсөн байдаг. Энэ зовлонг та аль социализмын үзэл суртлын шалгуураас өнөөг хүртэл ханатлаа хатаагдталаа амссан уран бүтээлчийн хувьд сайнаар муугаар хэлүүлэхийн тухайд жинхэнэ цочроо нь гарсан гэж таныг л хэлж болох байх?

-Хийсэн бүтээлүүдээ тайлбарлах нь найруулагч хүнд чухал биш. Өнөөдрийг хүртэл Тарковскийн киноны гүн ухааныг үзэгчид төдийлөн таашаахгүй байгаа. Театрт нэгэн үеийн шинэчлэл хийсэн Мейрхольд, Эфрос нарыг алга ташин угтсан боловч дараа нь ад шоо үзсэн. Гэвч энэ бол тэр хүмүүсийн хүмүүст зориулсан сэтгэлийн дуудлага байсан. Театр, кино, утга зохиол бол хөгжмийн партитураар явдаг ажил биш. Манайх шиг цөөхөн хүн амтай газар урлаг бизнес болохдоо тааруул даа.
-Өмнө та “Би чамд хайртай 2″ киноны тухай уран бүтээлчийн хувьд сайн ялзмаг байж чадаж гэмээнэ сэтгэл хангалуун байна” гэсэн байсан. Таны зохиосон “Би чамд хайртай” 25 жилийн дараа ч яагаад хуучрахгүй сэтгэл ёгхийлгэсэн хэвээр байдаг юм бэ?

-Миний анхны ном “Сондгой тоо” нэртэй гарсан. Цөөхөн хэдхэн өгүүллэг бий л дээ. Тэр өгүүллэгээр “Би чамд хайртай” кино зохиол бичиж Б.Балжиннямтай хамтран найруулах байсан ч Дарханы театр бүжигчид, жүжигчдээ өгөхгүй гэснээс болж, нударга зөрүүлсөн хэргээр би Өмнөговь аймагт Анастасия Ивановна Филатовагийн захирамжаар нутаг заагдаж кино зогссон. Харин дараа жил нь Дарханы соёл урлагийн 10 хоногийн ажил эхэлж Балжаа ганцаараа найруулан цааш явсан даа. Монгол хүн “Би чамд хайртай” гэж хэлдэггүй юм нэрээ соль гэсэн үг яригдаж байв. Тэгвэл би зохиолоо татаж авъя гэснээр маргаан намжсан юм.
-”Би чамд хайртай” киноны Дэлгэрийн дүрийг та төрсөн дүү Дэлгэрийнхээ бодит амьдралаас сэдэвлэж бичсэн гэж үнэн үү?
-Миний дүү Нямдэлгэр гэж хүний төлөө гал, усанд орохоос ч буцахгүй хүн бий. Бид багадаа түүнийг өхөөрдөн Түнтүү гэж дууддаг байв. Сайхан сэтгэлээс өөр юмгүй дүү маань, хаана хүн хэрэг хийнэ “Би өрөвдөөд хэргийг нь хүлээчихлээ” гэдэг сонин хүүхэд байсан. Нилээн хожуу үерхдэг найз Эрдэнээ нь эхнэртэй байж нэгэн оюутан охинтой учир ургуулж, бие давхар болгожээ. Тэгээд “Би эхнэртээ юу гэж хэлнээ баларлаа шүү дээ. Түнтүү чи манай эхнэрт миний хүүхэд байгаа юм гээд тэр оюутан охиныг аваад суучих” гэсэн гэдэг. Түнтүү маань тэгье тэгье гэсэн байдаг юм. Ингэж хүний төлөө яахаас ч буцахгүй хохирч явдаг хүнийг оюутан охины найз охин нь аварч авч суусан гэдэг юм. Үлгэр домог шиг сайхан сэтгэлтэй дүү маань ойрд сураггүй л байна. Хааяа балгачихдагаас биш зөв хүн юмсан. Түүнээс үе үе аавын минь халирган зан харагдах шиг болдог юм. Түүнийгээ бодож “Би чамд хайртай”-н Дэлгэрийг бичсэн юм.
-Ямар ч уран бүтээлд цаг хугацааны шалгуур түүнийг сөрөх чадвар байх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн үеийн тэр шүүмж судлал ч юм уу бүр зогсчээ?

-Шүүмж гэдэг чинь тэр шүүмжлэгчийн хувийн л бодол шүү дээ. Нэг ёсондоо таалагдахгүй бол үзэгч шиг бут аваад, түүнийгээ шүүмж гэнэ. Харин урлаг судлал хөгжвөл уг нь зүгээр. Оросын алдартай зохиолч, найруулагч нарын уран бүтээлийн үйл ажиллагааг, тэдний хэлсэн, хийсэн үг бүрийг нь дагаж бичээд үлдээсэн судлал зүй, гарын авлага болох номнууд л байдаг даа. Энэ нь урлагаас гадна, тэр хүнийг хүнийх нь талаас хайрлаж бичсэн судлаачдын үг байдаг. Уран бүтээлчийг хүн талаас нь хайрласан, шүтсэн, биширсэн үйлдлээс нь судлал илүү хөгжих биз ээ. Ойрын жишээ Ноён Хутагтын адармаатай ааш аягийг тэсч түүний бүтээсэн Мянганы бүтээлийг авч үлдсэн, бас үлдээсэн хүн нь Дадушири гэгч бүсгүй байлаа шүү дээ. Монголын уудам тал хөндийгөөр дуугаа задгай тарааж цацсан тэр аугаа Хутагтын аялгууг цээжиндээ нулимстайгаа хураан бидэнд үлдээсэн нь Дадушири билээ. Тэр бүсгүй хайрлаж, судалсаар байснаа бидэнд үлдээжээ. Ийм судлал бодролын бичвэрүүд 18-19-р зууны Оросын сонгодог зохиолуудыг дагалдсан байдаг.
-Театрыг ариун сүм гэдэг. Тэгвэл тэр сүмийн эздийн дотоод уур амьсгал, хувь хүний яс чанарын сайн муу, сайхан муухайтай улаан гараараа үзэлцдэг найруулагчийн сэтгэл зүй гайхаш барсан ертөнц шиг байгаа юм. Таныг бол тайзны өмнө хамгийн харгис, хамгийн чанд хатуу хэрнээ яг тулахаар хамгийн ойр нулимстай, өр зөөлөн сонин хүн гэж жүжигчдээс олонтаа сонсч байлаа?

-Театр бол хүний тархи, зүрхэнд нөлөөлдөг ариун сүм л дээ.Хүний тархинд мэс засал хийдэг газар ч гэдэг. Гэтэл театр аяндаа хар захын байдалтай болоод үзэгчид нь хуушуур идэж, гар утсаар хоорондоо чанга яриад эхлэх үед миний, чиний ариун мөрөөдөл алга болж юунд хаана ороод ирснээ мэдэхээ болино. Би дэлхийн театрын төв болсон Орос орны Москвад сурч сайхан жүжгийн төлөө алалдаж үздэг үзэгчид, өрсөж дуулиан тарьдаг зохиолч, найруулагчдын үгийг сонсож хүн болсон. Хувьсгалт жүжиг, харилцаа дуунаас өөр уламжлалгүй театрт харин дараа нь бид ирсэн. Ноён Хутагтын “Саран хөхөө” театраа байгуулж байсан монгол дэг алдагдаад хоёр зуугаад жил болж санаа нь зөвхөн дуундаа шингэж үлдсэн.
Би театрт өлмий дээрээ явж хагас хоолойгоор хоорондоо ярьдаг газар гэж боддог байлаа. Учир нь тэнд мэс засал явагдаж байгаа учраас. Одоо театрт замын унаанд дайгдаж, эсвэл хэн нэгэнтэй сундалдаад ороод ирсэн жүжигчид, жүжигчин болох хүсэлтэй улс их болж дээ. Ер нь монголд хэзээнээсээ жүжигчний ажлыг царайлаг бие хаа сайтай, дуулдаг бүжиглэдэг, хичээл сургуульдаа муу (ялангуяа тоонд), мааздуу, мангар, сургуульдаа толгой муутай гэгддэг ёо ёотой, гоёх хийтэй улсын хийдэг ажил гэж үзсээр ирсэн. Одоо ч хэвээрээ шүү дээ. Яриад үзэхэд л ямар толгойтой жүжигчин нь мэдэгдэнэ. Заримдаа ой гутмаар шүү дээ. Уг нь энэ жүжигчин гэх ариун мэргэжлийг хүнд сэтгэл зүрхний гэгээ татуулах өндөр оюуны боловсролтой, цусаар биш, нулимсаар дүүрэн халгисан, хүмүүний төлөө цохилох зүрхтэй, зовиур дүүрэн хүний хийх ажил л даа. Уг нь зохиолч, найруулагчдын адил зиндаа дээгүүр мэргэжил шүү дээ.
-УГЖ Ц. Төмөрбаатар гуай та хоёрын дунд хөндлөнгөөс харахад Хүүхэд залуучуудын театртай холбоотой эртний л зөрчил яваад байдаг. Энэ тийм дуусч цөхөшгүй өс үү? Магадгүй эр улсууд шиг тулж суугаад ярилцаж болохгүй гэж үү? Хуулийн дагуу улсын театр татан буугдаж шинэ нэр томъёо авдаг шүү дээ.

-Одоо хийрхэж, амнаасаа хөөс цахруулан хоосон ярьдаг цаг биш. Би 10 гаруй жил энэ жүжигчний дэмий балай үгийг сонслоо. Заримдаа орон гарантаж байгаа нь зугаатай байдаг үе ч бий. Драмын нэгэн найруулагч цаадах чинь зүгээр ч нэг орон гаран хүн биш, гаран гаран хүн байхгүй юу гэсэн санагдаж байна.
Ингэж гарантаад хэрэггүй ээ. 1949 онд залуу үеийг интернационалист, марксизм ленинизмийн үйлст үнэнч, хүүхэд багачуудыг социализм, коммунизмын үзэл санаагаар хүмүүжүүлэх зорилгоор гэсэн тэр үеийн Төв Хороо, Улс төрийн товчооны тогтоол гарч театр байгуулагдсан байдаг. Одоо тэр үүргээ биелүүлээд, татан буугдах нь нэг их сонин биш. Театраар тэжээлгэж, улсаас цалин аваад хаа нэг тоглочихоод өрөөндөө диванаас унгаж унтаад, хэд хоногоор гэртээ харихгүй архиа уугаад, өвгөнтийн хөндий байгуулаад үнэр танартай байх тэр хэцүү үеүдийг би үнэндээ тэвчээгүй. Өрөөндөө хэд хоногоор архиа уугаад тэндээ бурхан болоход нь ясыг нь барьдаг алдартай жүжигчин ч бий болсон. Театр өөрөө хоног төөрүүлдэг, хоргодох байр маягтай болсон доо. Аймаар шүү дээ.
А.Очирбат гуай шиг 40-50 жил намын дарга хийж, хүмүүсийн хувь заяа, алдар гавъяаны тодорхойлолтонд дураа хүрвэл мутраа хайрладаг, үзэл бодол нийлэхгүй бол өршөөлгүй гудманд хаядаг, авъяасыг нам дүгнэдэг гэж үздэг жүжигчинд хэцүү л байгаа байх. Театрууд нэрээ өөрчлөөд л явдаг. Бөмбөгөр ногооныг Драматик театр болгоо биз дээ. Ардын эрх сонинг Өнөөдөр сонин болгоод, Сэргээн босголт банкыг Голомт болгосон биз дээ. Хүүхдийн театр Хаан театр болоод нүүгээд яваагүй шүү дээ. Театрын хувьд барилга нь байна. Очоод тогло л доо. Миний хувьд театрт жүжиг тавих нь амьтан сургахаас долоон дор гэдгийг мэдэх учир арай өөр чиглэлээр ажиллаж амьдармаар байна. Хар ухаанаар гоёор нэг бодъё л доо. Нэг онгоц нисэж яваад буцаад иртэл “Буянт Ухаа” онгоцны буудал нь “Чингис хаан” нисэх буудал болчихсон байж л дээ. Гэтэл нисгэгч нь би заавал “Буянт Ухаа”-д бууна гээд буудлаа тойроод нисээд байвал агаартаа дэлбэрэхээс өөр аргагүй биз дээ. Тэгэхээр газар буугаад тоглол доо, амьдрал ганц шүү дээ гэж тэр хүмүүст хэлье дээ. Уг нь 1990 онд манай театраас Б.Батзаяа, Туяа, И.Одончимэг, О.Энхтуул нар чинь ардчиллын салхи татуулан Хошин театр байгуулна гээд гарсан. Дараа нь 1991 онд Ц.Төмөрбаатар, Ц.Төмөрхуяг нар бас долоо найман хүн уриалаад сүргээрээ “Хүүхдийн театр байгуулна Гаваа чи огцор” гээд л гарсан. Тэрнээс хойш лав л Ц.Төмөрбаатар 3 удаа театрт буцаж ороод нэг удаа халамцуу ирээд даргын өрөөний цонхоор 2 давхраас үсрээд гараад явчихсан байсан. Сүүлд нь 1998 онд. Б.Лхагвасүрэнгийн “Галзуу гурвалжин” жүжгийг найруулах гээд бараагүй, жүжигчид нь хэл ам хийгээд төгсгөлд нь сүүлийг нь би мушгисан. Эцгийнхээ тоглож байсан театрыг хамт аваад явалцаач гээд би Ц.Төмөрбаатарт ерөнхий найруулагчийн тушаал гаргаж байсан шүү.
Сураад буй бичиг баримтууд чинь Үндэсний архивт байгаа. Очоод үзчихэж болно доо. Жаахан баримжаатай ярихгүй бол урт хэл хүзүү орооно гэсэн үг бий. Бас үг хэлэхийн өмнө амандаа чана гэсэн борогдуу гоё үг байна хө. Улс оронд чинь суурин дээрээ байгаа театрын байшин байтугай газар шорооноос чинь эмтлээд авч байхад бидний яриа сонин хэвлэлд ёстой илүү л зан байна. Соёлын ажилтны улсын зөвлөгөөн болоод урлагийнхан баларлаа, сөнөлөө, бүтэн театрыг Гаваа идчихлээ гээд хуралдсан байдаг. “Нөхөд минь гол юмаа ярья л даа. Юун тэр акталсан театрын байшин бэ?” гэж Соёлын яамны орлогч сайд асан Баатарцогт хэлж байж хурал голдиролдоо орсон гэдэг. Гавааг яриад яах гэж цугласнаа хоёр хоног мартчихсан байсан шүү гээд ярьцгааж байв. Урлагийнхан бид ч яахав дээ агаарт л байдаг улс шүү дээ гээд л өнгөрсөн. Үнэндээ газрын амьдралгүй хүмүүс…
-Энэ театрын барилга тойрсон хар сэрд таныг хариу өгнө гэж итгэж байна. Уг нь бол менежмэнтийн хувьчлалаар эхэлсэн энэ обьектийг таныг Хаан банкинд аманд багтахгүй их мөнгөөр худалдсан гэдэг? 6 сая ам. доллар гэл үү? Одоо ч гэсэн Америкт амьдарч байгааг тань үүнтэй холбоод хэл үг босч байна?

-Уг нь менежментийн хувьчлалаар авна гээд гурван жилийн хугацаанд улсаас төсөв авахгүйгээр 150 сая орчим төгрөг зарцуулаад байв. Гэнэт Төрийн өмчийн хороо, “Хэл ам, бослого суулт болоод байна театрын чинь барилгыг дуудлага худалдаанд оруулна” гэв. Өдөр шөнөгүй танай Ц.Төмөрбаатарын өргөдөл заргаар энд тэндгүй дуудагдаж залхлаа гэсэн. Радио, телевиз, сонинуудаар тэр үед миний тухай сонин сонин эрүүл хүний санаанд багтамгүй юм ярьсан л даа.
-Цааш нь юу болсон бэ? Театр зарсан мөнгөөрөө Америкт очоод хэвтчихлээ гэх юм. Үүнд ямар нэг хариу өгч цэг тавих болоогүй юу. Та чинь гадаадын уран бүтээлчидтэй хэд хэдэн томоохон кино бүтээсэн шүү дээ.

-Та яагаад хариу өгөхгүй байгаа юм бэ гээд их л асуудаг байв. Улс эх оронд энэнээс чухал асуудал байхад актлагдсан хоёр давхар байшин тойроод хэрэлдээд сонинуудын нүүрийг дүүргээд хэрэггүй байсан юм л даа. Тэгээд ТӨХ, 3 сарын дотор 215 сая төгрөг төлөөд ав гэсэн шийд гарсан. Уг нь 3 жилийн хугацаанд энэ мөнгийг үе шаттай төлөх гэрээтэй байсан ч хэл амыг нэг тийш болгох шаардлага гарсан даа. Энэ үед аяндаа миний театр байгуулах мөрөөдөл унтарсан. Сүүлд өргөтгөл хийсэн хөрөнгө оруулагч “Строй инвест”-ийн Г.Зориглон чамаас болж өрөнд орлоо гээд “Хаан” банкинд өгсөн байдаг. Уг нь яахав дээ олон улсад банкууд өөрийн гэсэн кино компани, театртай байдаг шүү дээ. Би ч тэрний нэг хэлбэр гэж бодоод өнгөрсөн. Би зээлийн бичигт гарын үсэг зурж байснаас “Хаан” банкны төлбөрт зураагүй юм байна. Тэгээд ч уран бүтээлч хүнд барилга байшин ямар хамаа байх вэ. Сэтгэлдээ гэгээтэй, театртай явбал болоо доо. Одоо гараа халаасандаа хийгээд чөлөөтэй алхаж явна.
Эзэн Чингис хаанаас Монголд Христын сүм байгуулах газар гуйж хар лам очсон байдаг. Хариуд нь Чингис хаан тэр ламд – Эхлээд сэтгэлдээ сүмээ бий болгож байгуул гэсэн гэдэг. Тэрэн лугаа хүн болгоны Сэтгэлд өөрийн театр, өөрийн аялгуу буй. Энэ үймээн шуугиан нөгөө л газрын төлөөх тулаан байх аа. 1995 онд Соёлын сайд Н.Энхбаяр байхдаа Хүүхдийн театрыг жүжигчин найруулагчгүй зөвхөн байрны захиралтай байх шийдвэр гаргаж байлаа. Дараа нь 1996 онд Гэгээрлийн яам /Сайд Лхагважав/ намайг кино үйлдвэрийн даргаар тавих тушаал төлөвлөөд, Хүүхдийн театрыг Драмын театртай нийлүүлэн, Ардын дуу бүжгийн чуулгыг, Үйлдвэрчиний соёлын төвд аваачин, Үйлдвэрчний соёлын төвийг Хүүхдийн театрт аваачих гээд сонин хачин төлөвлөгөөтэй байсан даа. Би л анхдагч нь болж театрын “туйпуу” залгисан хэрэгт ороод байгаа болохоос театрууд тусгайлан жүжигчдийг тэжээдэг тогтолцооноос салж байрууд хувьчлалд шилжих нь ойлгомжтой. Одоо хэсэг бүлгээрээ хамтлаг, продакшн болоод байр савтай нь гэрээ хийгээд тоглоод л байна шүү дээ. Тэгээд ч Монголд учир мэдэх хүн үл хөдлөх хөрөнгөтэй байя гэж бодохоо больжээ. Муугаар бодоход Алтжингийн галын аюул шиг юм амар тайван унтуулахгүй шүү дээ. Иймд мөрөөдлийн 6 сая доллараа бодоод тайван амар явах шиг сайхан юм хаа байна.
-Хувьчлалд оролцох гэж хөрөнгө мөнгө босгох чамгүй л арга чарга хайсан байж таарна. Сүнстэй театрын сүнсгүй найруулагч гэж хэлэгдтэлээ юу эсийг үзсэн байхав?

-Хүмүүст эс гэхэд үр хүүхдэд хэрэгтэй “дайн тулааны адал явдалтай” ном үлдээнэ. Яруу найрагч Р.Рожденственский 30 настайгаасаа дурсамжаа бичсэн гэдэг. Надад хангалттай “хар” дэвтэр байгаа учир уужуухан бичнэ.
Анх театрын барилга баригдах гэж суурийг нь ухаад 20 жил болсон гэдэг. Хоосон сууринд хүүхдүүд байлдаж тоглох, дотор нь хүн унаад үхэх ердийн үзэгдэл байсан юм биш үү. Театрт ажиллаж байсан зарим жижүүр, шөнө театрын 2 давхарт хүмүүс уйлалдаж орилоод гүйгээд байх юм гэдэг байсан. Зарим жижүүр айгаад ажлаа өгч ч байсан. Театрын өргөтгөл хийхэд хулгай гараад орос мэргэжилтнүүд ээлжлэн шөнө жижүүр хийдэг байсан. хийдэг байсан. Эмэгтэй хүмүүс чанга, чанга яриад гуйлдээд, тачигнатал инээлдээд байх юм бид айгаад байна гээд оросууд хоёр гурваараа хонох болсон. Зарим хүний биен дээр хувцасны далд газар цэцгийн тарианы сорви шиг цус шүүрсэн тав зургаан сорвитой болоод хонолоо гээд ирээд үзүүлж байсан тохиолдол ч бий, Америкийн нэг баримтат кинонд үл мэдэгдэх яг тийм сорвийг үзүүлж байсныг би санаж байна. Нэгэнт уй гашуутай, инээд наргиатай жүжиг их тоглодог байсан болохоор агаарын долгионд нь хий үзэгдэл үлдсэн юм байлгүй л гэж боддог. Гэхдээ бага зэрэг айдас төрнө.
-Ц.Төмөрбаатар гуай хувьчлалыг дагалдаад цагдаа шүүхээр ч таныг шалгуулсан байдаг байх аа?

-Яг үнэндээ би Ц.Төмөрбаатарыг буруутгадаггүй шүү. Эцгийн генийг гайхамшигтай уламжилсан хүн. Ул үндэсгүй юм яриад шүүх, телевиз, сониныхныг ч амар заяа үзүүлэхгүй. Зарим нь бүр барааг нь хараад зугтдаг гэдэг юм. 2002 онд Монголын радиогоор Японтой хамтарч кино хийнэ гээд найруулагч И.Нямгаваа Соёл Урлагийн газрын дарга Эрдэнэчимэг нар хөрөнгийг нь идэж уужээ гэх мэдээ явдаг байна. Радио дээр манай улсууд очоод асуутал “Монголын мэдээ” сонины мэдээг бид нэвтрүүлсэн гэлээ. “Монголын мэдээ” сонин дээр очтол Ц.Төмөрбаатар Төрийн соёрхолын тэмдэгээ зүүж ирээд өөрөө энд сууж байгаад гараараа бичиж өгсөн гэдэг юм байна. Эрдэнэчимэг дарга л их уурласан даа. Миний хувьд эвгүй ч гэсэн бага зэргийн сенсаци бол байдаг л зүйл гэж боддог доо. Тэр үед Японтой дуулиан болоод л байсан болохоос “ногооныг” үнэртээгүй байсан үе л дээ. За тэгээд ч газрын амьтан би байтугай, төрийн сэнтийд суудаг тэнгэрийн луунууд идсэн уусан гээд яригдаж л байдаг. Америкт нэг мартагдсан кино од 1 сая долларыг папараци хийдэг хүмүүст өгөөд би маргааш хоёр залуухан хүүхэнтэй зочид буудлын тийм номерт нүцгэн байна, намайг очоод илчлээд олонд амьд мэнд сайн явааг харуулаадах гэсэн гэдэг. Хорвоогийн сонин хачин, солио гажуу их шүү дээ.
-Ц.Төмөрбаатар гуай Алтан Өлгийд байдаг миний эцгийн шарилын зэс хөөмөлийг И.Нямгаваа хуулж авсан ч гэх шиг, би Нямгавааг буудна ч гэх шиг эвгүйцмээр үгс чулуудаж л байсан. Харин та өршөөлтэй, өгөөмөр хандах юм?

-Уг нь зөв тэмцэл зөв маргаан байвал хөндлөнгийн хүнд ч мэдээлэл зөв өгөгдөнө шүү дээ.
Тэнэгтэй маргавал гар цустана
Ухаантантай маргавал үг сонсоно гэсэн үг бий дээ.
Арай энэндээ тултал муухай яриагүй байлгүй дээ. Хэвлэлийн ч алдаа байж магадгүй шүү дээ. Бид бие биенийхээ үг хэлэх эрхийг боомилох хэрэггүй л дээ.
-Театрын өргөтгөлийн үеэр та Япончуудтай хамтарч “Бөртэ чоно” киноны ажилдаа орсон гэсэн. Тэр хойгуур бас бодвол бужигнасан биз?

-Хүн хоорондоо тэмцэлдсэн ч маргааш нь эргэн уулзах хуруу зай үлдээж хэрэлд гэсэн үг бий. Эргээд уулзах нүүргүй болтлоо биенээ нулимаад яахав дээ. Надтай хамт ажилласан Кадокава Харүки гэж яруу найрагч, найруулагч хүн байсан. Үе уламжилсан хөрөнгө зоорьтой тэрбумтан хүн гэдэг юм. Монголд ирсэн хойно нь Кадокаваг эсэргүүцэж киноны гэгдэх хэсэг нөхөд сониноор мөнгө нэхэж шантажлаад хар тамхичин, Якуза нарын толгойлогч гээд есөн шидээр хэлсэн дээ. Эсрэг байдаг эмэгтэйг ч Японоос авчирч хэвлэлийн хурал хийлгээд жүжиг шиг юм болоод л байсан. Кадокавагийн Хайкуг уул нь олоод уншчихсан, хийсэн киног нь үзчихсэн бол зүгээр байсан юм. Ганц Монголд ч биш хаа ч тамын тогоо байдаг л юм. Хүн л байсан газар, сонин /орон гаран/ хүмүүс дүүрэн шүү дээ. Харин Кадокава огтхон ч тоогоогүй явсан даа. Айл болгон хашаандаа нохойтой. Нохой болгон хуцдаг гэж ч бодсон юм билүү. Хэн мэдлээ…
-Та “Бөртэ чоно” киноны Япон хөрөнгө оруулагчдаар хөдөлмөрөө сэтгэл хангалуун үнэлүүлж чадсан биз дээ? 20000 хүнтэй зураг авалт хийж, Японуудтайгаа сайдаж муудаж бас л тэнд “дотроосоо шатаж улайсч” юм юм л үзсэн биз дээ?

-Японы киночдын ажил хөдөлмөрийн зохион байгуулалт гайхамшигтай. Монголчууд ч ихийг сурч авсан байхаа.
-Монгол найруулагчийн ур чадварыг хэрхэн үнэлснийг ний нуугүй мэдмээр байна. Уншигчдын хүсээд байгаа асуулт шүү дээ. Театр зарсан, идсэн уусан гэдэгт цэг тавиач…?

-Хөнгөхөнөөр хэлэх юм бол татварынхан уурлах байлгүй дээ. Гэвч би Америкт “TAX” татвар төлдөг болохоор гайгүй биз дээ. Тийм их сонирхоод байгаа юм бол Япончуудтай орлогын хувь авахгүйгээр хоёр сая таван зуун мянган /2,500,0/ ам.доллараар гэрээ хийж ажилласан. Энэ нь надад хангалттай. Орос, Америкийн хамтарсан киноны орлогын 13%-ийг би Америкт хүртдэг.
Одоохондоо илүү дутуу зардалгүй энгийн амьдрахад болж л байна. Жирийн америкчуудын амьдардаг байранд
ердийн л амьдарч байна. Америк диваажин биш гэдгийг би мэднээ. Амгаланд намайг хаустай гэсэн байсан. Тэнд манай кино зургийн хэрэгслийн агуулах бий. Би одоо 13-таа байгаа.
-”Догшин хутагтын сахиус” кино Азийн шилдэг 10 киноны нэг болсон. Дараа нь Английн судлаачид дэлхийн шилдэг 100 киноны 31-т эрэмблэсэн нь манайд нам жимхэн өнгөрөх шиг болсон?

-Догшин Хутагтын сахиусыг 2000 онд Токиод Азийн шилдэг кино гэж зарлан гаргасан. Английн Кино Урлагийн Академиас 20 дугаар зууны дэлхийн шилдэг 100 киног шалгаруулж 31-д найруулагч нь мөн кино бас 31-д эрэмбэлсэн байдаг. Яахав дээ би ч 20-р зууны л хүн юм чинь…
-”Нямгаваа фильм продакшн” компаний АНУ, ОХУ-тай хамтарч бүтээсэн “Чингис хааны нууц” кино 2009 оны Оскарын 82 дахь наадмын гадаадын шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн гэсэн. Баяр хүргэе, танд?

-Энэ киног Оскарт Монголоос нэр дэвшүүлэх болтол манай хэсэг нөхөд Лос-Анжелосийн Оскарын кино академитай урьтаад гэрээ байгуулчихсан юм билээ. Оскарын академид ирэх тодорхойлолт Т.Ганди гэдэг хүний гарын үсэгтэй байх ёстой гэсэн шаардлага Америкаас бидэнд тавьсан. Гэтэл Монголын тэр кино академи нь олддоггүй. Т.Ганди нь тамга тэмдгээ мэдэхгүй гээд… Улсуудыг нь олж, бланк нь хайж, тамгыг нь даруулсаар байтал нэг ёсондоо хожигдсон гэсэн үг. Хурдан шуудан ч тус болоогүй дээ. Энэ амьдрал ч өөрөө уртын дуу биш ёстой жинхэнэ хип хоп болжээ гэж бодсон.
-Яг одоо сэтгэлдээ ямар бүтээл дуншиж явааг нууц биш бол сонирхуулж болох уу?

-Дэлхийн нэвтэрхий тольд Чингис хаан, Өгөөдэй хаан, Хубилай хаан гурав л бичигдсэн байдаг. Хамгийн
ээдрээтэй хувь заяатай нь Хубилай хаан. Хубилай хааныг урвагчаар дуудаж, гутаадаг хүмүүс олон. Тэр үед Юань гүрний нийслэлийг хэрвээ Хорхорумд байгуулсан бол үй түмэн хар хятадын шаахай монгол газар нутагт гишгэчин, өвөг эцгийн байгуулсан Их Монгол сөнөх байсан. Хубилай хаан Монголын нууц товчоог элгэндээ тэвэрч, нулимсаа дотроо эгшээж харь нутагт дуу хуураа санагалзан 380 хүнтэй их хөгжмийн оркестр байгуулж, одон орон судлах төв, дэлхийн анхны усан флот бий болгож, Пагва ламаар дөрвөлжин бичиг зохиолгож, эх нутгаа санаж санагалзан шүлэг найраг бичиж байсан байдаг. Хэрвээ бид Хубилай хааныг дотроос нь нээж хийхгүй бол хятадууд манай их Хаан гээд хийнэ. Тэгэхдээ энийг нүүр амаа цавуудаж, будаж, онигоотож байгаад дотроо хонхортоо хийх биш дэлхийн хүртээл болохоор хийх хэрэгтэй. Б.Явуухулангийн хэлдгээр Дэлхийн дэвжээ хэрэгтэй байна. Бидний хүчирхэг дээдэс гадагшаа улс төрийг төвхнүүлж алга болоод, цэргээс зугатсан ядарсан улсын үр сад үлдсэн бололтой. Тун аминчхан хонхортоо хаадаа магтаад суух дуртай юм. Нэрт найруулагч Океев хэлэхдээ Чингисийг монголчууд нутагтаа хийгээд яах нь вэ дээ. Азийн хэмжээнд хийгээд ч гутамшиг. Дэлхийн хүнийг дэлхийн хэмжээнд Америкаас эхлээд олон орон оруулж оролцуулж хийвэл сайн бүтээл болно гэсэн байдаг.
-Та эргэж харах дуртай юу? Мөрөөдөлдөө хөл тавьж байсан залуу халуун Дарханы театрын найруулагч И.Нямгавааг одоо эргээд харвал юу бодогдохсон бол? Урлагт хөл тавиагүй бол та өдийд хэн байх байсан бол?

-Хуучин Дарханы соёлын ордны шар байшин одоо ч нүдэнд ил. Д.Нацагдоржийн “Би биш” дуулалт жүжгийг хийхэд Хотын Намын Хороо долоон удаа хааж байсныг… Намын Төв Хорооноос намайг Барууны урсгал гаргасан жүжгийг чинь хаа гээд явууллаа шүү дээ гээд Э.Оюун багшийн үнсээд зогсож байсан… Гадна довжоон дээр нулимстай зогсож байхад минь Цэнгээ ирээд нүдийг минь зөөлөн арчиж байсан… Жүжгийн сургууль тараад задгай машин дээр би биеэ барин зогсож явсан үе… Зургаа авахуулах дургүй намайг холбооны цаад модон дотор охин Сарнайг минь тэрэгтэй нь түрүүлээд нэгэн фоксгүй зураг авч байснаас эхлээд…
Мэргэжлийн “өвчин” тусч солиортлоо ажиллаж явсан сайхан үе зөндөө. Ажлын төлөө, ар гэр үр хүүхдээ хаяад мал шиг ажилладаг үе байж дээ. Манай Хомби /Н.Долгор / “Хэрвээ чи найруулагч болоогүй бол юм ухаж төнхөж явдаг мөрдөн байцаагч байх байсан” гэдэг юм. Тийм хүн болсон ч би бичээд суудаг хүн байх байсан биз.
-Америкт очоод зээ нартайгаа илүү дотносож байгаа байх. Монгол хэлээ заах эх орноо ярьж таниулах гээд найруулагч өвөөгийн үүрэг бишгүй байх даа?

-Өвөө болж гэрт сууж хүүхэд харах би дургүй ээ! Хааяа уулзах ярих, өхөөрдөх, хайрлах юм байлгүй яахав. Өдөр болгон уруул дэвсэж, элгээ дэвтээх маягаар байх онц биш. Тэртэй тэргүй цагийн аясаар өөр өөрийн замаар яваад л өгнө. Хуучцуул хүүхдийн сэтгэл хожмоо сэмлэчихнэ нэг их битгий ойр байлга гэдэг ч бас үг шүү. Монгол угсаатай гэдгээсээ ичихгүй байдаг сэтгэлийн хаялга нь наашаа Монгол руу гэсэн хүмүүс болоосой гэж битүүдээ хүсдэг. 2007 онд зээ нараа охидынхоо нөхрүүдийн хамт авчирсан даа. Хирээрээ л байхыг бодсон. Сайхан л байсан гэдэг.
-Та Хөвсгөлийн хүн. Бөөгийн сүсэг увидас хоосонгүй биз дээ? Мартсанаас нэг үеэ бодвол Монголоор
дүүрэн бөө удган төрж байгаа?

-Би бөөг мэргэлдэг түргэлдэг хүмүүс гэхээсээ эртний зан үйлийн нэгээхэн хэсгийг үзүүлдэг улс гэж боддог. Мухар сүсэг, ядуу амьдралыг нь далимдуулж тоглох улс олширчээ. Өөрсдийгөө яая гэж байж хүн өөд нь татна гээд хэнгэрэг балбаад явах юм. “Зөн билгийн тулаан” ч гэх шиг тааварлах төдий шоуг чинь хуурамч шинжлэх ухаан гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн од гаригийг шинээр нээж шилэн бөмбөрцөг шиг дэлхийгээ гаднаас нь харж байгаа сансрын эрин зуунд хийх юмгүй улсын хийрхэл хэрээс хэтэрсэн. Яахав дээ тэгээд савныхаа хэрээр худгийн ус ховоодно гэдэг биз дээ. Далай багш хэлэхдээ “Бурхан гэж байхгүй ээ. Хүн өөрөө өөртөө бурхан” гэж сайхан үг хэлээ биз дээ. Тэгэхээр зарим нь өөрсдийгөө чөтгөр болгоод явж байхаас… Бүгд дуулдаг болохоос, бүгд хөгжмийн зохиолч болдоггүй ээ. Үнэндээ агаарын орон зайд буй долгионоор хүний бодол санааг таадаг хүмүүс байдаг ч ихэнх нь ил гардаггүй юм. Хүний сэтгэл зүй, түүний утсыг олж барьдаг улс өдрийн од мэт ховор.
-Таны ээжийг сурган хүмүүжүүлэгч байсан тухай Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Т.Галсан гуай ярьдаг юм билээ?
-Хүн цагийг элээж ертөнцийг орхин одохдоо Ээжээ гэж дууддаг гэдэг. Сэтгэлийг нь сүүтэй нь хамт хөхөж өссөн надад ч ялгаагүй ирэх цагийг мөн тэгж тосно. Ээжтэйгээ уулзах өдрийг тэсэн ядан хүлээнэ гэх нь хаашаа юм бэ…! Ярих юм, хийсэн юмтай очихсон гэж боддог. Би ертөнц хоосон гэдгийг эхийнхээ дэргэд ойлгосон хүн. Хүн хоосноос ирээд хоосонд байж байгаад хоосон руугаа буцахыг би сайн мэднэ. Энэ хоорондох хоосон зайг амьд байлгаж байгаа үг нь Ээж гэсэн үг л байдаг. Миний ээжийн тухай олон сайхан дурсамж ярьдаг яруу найрагч Т.Галсан, П.Пүрэвсүрэн, зохиолч Д.Намсрай, сэтгүүлч Д.Дорждулам гээд ээжийг минь босоод иртэл дурсаж ярьдаг хүмүүст талархаж явдаг.
-Та ОХУ, АНУ руу гээд Монголын соёл урлагийн нэгэн том гүүрийг олон улсын хэмжээнд тавьж байгаа уран бүтээлч. Нутагтаа ирээд тайз дэлгэцийн бүтээлд мэргэжлийн нүдээр сэтгэл чилээж суугаа болов уу?

-Чилээх цаг ирэх буй заа.
-Ингэхэд таны гавьяа шагнал юу билээ? Манай шагнал урамшлын тогтолцоо танд юу бодогдуулдагийг асуухгүй өнгөрч боломгүй байна.

-Одоогоос хоёр жилийн өмнө В.В.Путинг ерөнхийлөгч байх үед OPT 1 телевизээр манай орос орноос бусад орон оюуны хөдөлмөр авъяасыг үнэлж байна. Гэтэл манай улс алдар цол, алдар гавъяаны одон тэмдгээр биднийг хуурч байна. Ганц жишээ хэлье. ЗХУ-ын Ардын жүжигчин Андрей Борисов /Илья Муромец-д тоглодог/ Лениний болон төрийн соёрхолт ЗХУ-ын ардын жүжигчин Крючков /”Yep” кинонд тоглосон/ нар эцсийн эцэст хоолны мөнгөгүй, амьдралын ямар ч баталгаагүй өлсөж шахам үхлээ гэж олон жүжигчид яриад энэ хоосон шагналаа эргэж хараач боливол яасан юм бэ ерөнхийлөгчөө гэж байсан. Би ч тэдэнтэй санал нэг дээ. Манайд ч энэ хоосон гавъяат гэх мэтийн тэмдгүүд ард олон, хамт олны дунд хуйсагнуур байдал үүсгэдэг. Ер нь зохиолч, жүжигчин найруулагч гэдэг чинь бараг бурхнаас өгч буй алдар нэр юм шүү дээ. Надад эцэг эхийн өгсөн нэрнээс өөр гуншин байхгүй ээ. Хэрэг ч үгүй.

Ш.ОТГОНЦЭЦЭГ

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ