Facebook Twitter youtube
Г.Баасан: Адилхан Монголын иргэн болж төрчихөөд хэн нь тэрбумаар нь мөнгө цуглуулж, хэн нь юу ч олохгүй хог дээр дэвхэрч байх ёстой юм
2016-12-17 өдөр 02:54

baasan-egch-Засаг солигдлоо, ахмад, хүүхэд эмэгтэйчүүдэд халтай хандаж байна гэж иргэд үзэж байна. МАЧХ-ны тэргүүний хувьд юу гэж бодож байна?
-Монголчууд ахмад хүн гэхээр тэтгэвэрт гарсан хүний тухай ярьдаг гэж буруу ойлгодог. Энэ ойлголтоо халах хэрэгтэй. Эхээс төрсөн л бол ахмад болж таараа. Ахмад гэдэг ойлголт хүнээс салангид ойлголт биш, бүх хүн амын асуудал. Тийм учраас залуучуудад хандаж “Залуу мод ургахад хөгшин модны үндэс тэжээл болдог юм” гэдэг үгийг хэлмээр байна. Та нар хөгшрөхгүй юм шиг настай улсад битгий муухай хандаж бай. Эрдэнэбатын засгийн газар 100 гаруй хоног ажиллаж байна. Энэ хугацаанд ахмадуудад таагүй мэдээ их сонсогдож байна. Жишээлбэл хамтын тэтгэврийн асуудал байна. Насны хишиг гэж гаргаж ирлээ, нөгөөхийг нь 70, 80, 90 нас хүрч байж олж авах юм байна. Хамтын тэтгэвэр улсад олон жил тушаасан өөрсдийнх нь мөнгө л дөө. Үүнийг өгөхгүй болохоор ахмадууд их сэтгэл дундуур байна. Манай байгууллагад ахмадууд “Тэтгэврийн зээлийн хүүг буулгах яасан бэ, өртэй тэнгэрт хальсан улсыг яагаад өргүй болгож болохгүй байна вэ, хамтын тэтгэврийн асуудал маш чухал, даатгал төлсөн улсын итгэл найдвар байлаа, энэ мөнгийг өгөхгүй боллоо, тэгсэн мөртлөө насны хишиг гэж ярьж байна, энэ бидэнд наалдацтай биш байна” гэж шүүмжилж байна. Үүнийг ил хэлэхээр намын зүгээс энэ асуудлыг битгий хөгжөөгөөд байгаарай гэсэн, шахалт дарамт ирж гэсэн ахмадууд байна. Олон төрлийн мэдээлэл ирж байна. Аман яриагаар яахав, асуудлыг шийддэг төр засаг гэж байна, эцсийн шийд гараагүй байна гэж хэлж байгаа. Эцсийн шийдвэр гарсны дараа асуудлыг боловсруулж байгаад яаж гаргаж тавих вэ гэдгээ бодъё, одоо шууд дүгнэлт өгч болохгүй байна гэсэн байр суурьтай байгаа.
-Монгол хүний дундаж наслалт хэд билээ, насны хишгийг 70 настанд өгнө гэхээр арай хатуу биш үү?
-Монголчуудын дундаж наслалт 2009 оноос хойш өссөн. Эмэгтэйчүүд илүү урт насалдаг. Монгол эрэгтэйн дундаж наслалт дөнгөж 67, эмэгтэйчүүд 72 байгаа. Дундаж наслалт ийм бага байхад насны хишиг 70-аас эхэлнэ гэдэг амьдралаас хол тасархай болчихоод байна. Ингээд 70 хүрээрэй чи гэж байгаатай агаар нэг болчихоод байна. Одоо 60-70 настай ахмадууд битгий хэл 40-тэй залуус “Амьдрах нөхцөл алга аа, Баасан гуай. Ажил олдохгүй байна, олдсон ажил нь цалингаа өгөхгүй байна, их дарамттай байна, илүү цагаар их ажиллуулж байна, юмны өртөг өндөр болж, гэрт амаа ангайсан хүн олон байна, авсан цалин хаанаа ч хүрэхгүй байна” гэдэг, амьдралдаа сэтгэл дундуур байгаа хүмүүс олон байна. Манай төр засгийн шийдвэр гаргадаг хүмүүс өөрсдөө дутагддаггүй, гачигддаггүй, маргааш өглөө босоод талхгүй бол яана аа, цэцэрлэгийн хоолны мөнгө нэхвэл яана гэсэн зовлонг амсаж үзээгүй, амьдралаас тасархай улсууд. Ийм хүмүүс төр барихаар зовлон туулж байгаа ард түмнийхээ зовлонг огт ойлгохгүй байна. Эд нар зовлонгоо үүрээд, үлдсэнийг нь чирээд болдог юм гэсэн байдлаар хандаж байгаад иргэн Баасангийн хувьд их эгдүүцэж байна. Би улсад 37 долоо дахь жилдээ хөдөлмөрлөж явна. Залуу зандан явсан үе бий. Тэр үед өөр нийгэм байсан. Хүн болгон энэ 26 жил сайхан амьдарна, хуулийн дор тэгш, шударга амьдаръя гэж энэ нийгмийг сонгосон боловч энэ нийгэм нь өөрөө улс төрөөс хараат, эдийн засаг, худал хуурмагаас хараат, бүх юмыг цементлээд, гар хөлийг нь хүлж боогоод хаячихсан юм шиг хэцүү нийгэм рүү орлоо. Буруу замаар явж байна. Үүнээс гарахын тулд монгол хүн болгоны сэтгэл өвдөх ёстой. Даанч манай монголчууд тэмцэж сураагүй, бодож байгаа зүйлээ ний нуугүй хэлж сураагүй, нэрэлхүү, өөрийгөө голдог, бусдыг өөрөөсөө илүүд тавьж үздэг, өөрийгөө дорд үздэг, өөрт нь ийм эрх байна гэдгээ мэддэггүй том алдаанаасаа болж нэгдмэл нэг хүч байж чадахгүй, шаардлага тавьж чадахгүй байна. Зах зээлийн нийгэм гэдэг иргэн шаардахгүй бол юу ч олдоггүй нийгэм. Иргэд болохгүй байгаа зүйлээ бүгдийг нь төр засгаас шаардах ёстой. Биднийг хүн шиг аваад яваг, бидний амьдралд хэрэгцээтэй зүйлийг бий болгоод өг гэж татвараа төлж байна. Төр татварын дор оршино. Татвар төлөгчид өгөөд байдаг, хүн шиг амьдардаггүй. Харин ч өөр яаж авах боломж байна, тэрийг хайж байгаа болохоос өгөх боломж хайдаггүй. Иргэдэд юу өгөх вэ, ямар ачааг эдний нуруунаас хөнгөлж суллах вэ гэж бодохгүй, яасан сайхан даадаг нуруу вэ гээд ачаа нэмээд байна. Залууст хэцүү байхад ахмадуудад бүр хүнд байгаа. Үр хүүхэд нь ажилгүй, хүн л болсон хойно ач зээ нараа боловсролтой болгочих юмсан гээд зээл авчдаг. Ахмадууд дандаа тэтгэврийн зээлтэй, тэтгэврээ зээлж аваад булган шуба авч өмсөөд, Америк гарч зугаалсан ахмад нэг ч байхгүй. Дандаа л гэр бүл, үр хүүхэддээ дутуу зүйлийг нь гүйцээх гэж тэтгэврээ зээлж авдаг. Гэтэл төрийн томчууд яаж байна, оффшор данстай болоод, хэдэн тэрбумаар нь нууж байна. Тэрбум гэдэг энгийн ардад их хол, том мөнгө шүү дээ. Яагаад гуравхан сая хүнийг тэжээж чадахгүй, хүний дайтай авч явж чадахгүй байгаа юм бэ. Бид хуруу хумсаа хугалах шахаж явна, ер нь биднийг тэжээгээд байгаа юм уу, гадны хүмүүсийг тэжээгээд байгаа юм уу. Тэр их наяд төгрөгөөр юу хийгээд байгаа юм бэ. Лав ажлын байр бий болголоо гэж сонсоогүй.
-Өнгөрсөн 4 жилд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэж нэлээд үзлээ. Иргэд ч эх орныхоо бүтээгдэхүүнийг авъя гэж зүтгэж байна. Эх оронч сэтгэл мянга байгаад эх орныхоо бүтээгдэхүүнийг авч чадахгүй байна. Үүнийг дээр төр барьж байгаа нөхдүүд зохицуулах ёстой. Ахмадын өргөдөл энд өрөөстэй. Бид яагаад энэ улсад 50 жил ажиллаж амьдарчихаад ганц өрөө орон сууцанд байх эрхгүй байгаа юм бэ. Өнөөдөр 100 гарчихсан бууралд газар олдохгүй байхад хятадын гуравхан сартай хүүхдэд 4 айлын хашааны газар өгчихсөн байна. Ямар засгийн газар ажиллаад байгаа юм бэ гээд ахмадууд бухимдаад орж ирж байна. Надад хэлэх үг олдохгүй байна. Та тайван бай, битгий бухимд гэхээс өөр хэлэх үг алга. Монгол хүн манай төр яагаад миний эсрэг шийдвэр гаргаад байна гэж сэтгэл нь өвдөж байна. Би төр биш, зүгээр л ТББ өөрийнхөөрөө санаачлагаар удирдаад явж байгаа хүн. Ийм юм сонсохоор сэтгэл урагдаж байна, тайван сууж чадахгүй байна.
-Таны цуцалтгүй тэмцэгч гэж үнэлдэг. Сүүлийн үед алга болчихлоо гэж үгүйлж байна…
-Алга болсон юм байхгүй, алга болбол цагдаа сэргийлэхээс хайна л даа. Сүхбаатарын талбай миний гэр ч биш, хүн болгон одоо Сүхбаатарын талбай дээр зогсох ёстой. Баасан зогссоны дараа очиж зогсоно гэсэн хуулийн заалт байхгүй. Би Монголын буурлуудын сайн сайхны төлөө, ээж нарын төлөө, авах ёстой юмыг нь авахуулж, өгөх ёстой зүйлийг өгүүлэхийн төлөө, ахмад дайчдын ая тухтай орон сууцанд оруулахын төлөө, эдийн засгийн дутагдалгүй байлгахын төлөө чамгүй хөдөлмөрлөсөн. Тэгж зогссоны төлөө дандаа Сүхбаатарын талбай дээр зогс Баасан гэж хэлж болохгүй. Энэ нь намайг яллаж байна гэсэн үг. Ингэж тэмцэж, зохион байгуулалтанд орж шаардлага тавибал амьдрал нь сайн сайхан болдог гэдгийн үлгэр дууриал болж харуулсан. Бусад хүмүүс Баасантай адилхан хоёр хөлтэй, дөрвөн мөчтэй, оюун тархитай. Надад бусдаас илүү юм юу ч байхгүй, дэлгүүр хоршоогүй, нэг ч бизнес хийгээгүй, дандаа л нийгмийн сайн сайхны төлөө ажилласан. Тэрний төлөө чи хаачив гээд байж болохгүй. Би ардаа амьдралтай хүн. Би МУИС-д бакалавр, магистрийн зэрэг хамгааллаа, сурлаа. Дээрээс нь 21 аймгийг бүтэн 3 удаа тойрлоо, 260 гаруй сумаар орлоо. Энэ их олон бичиг баримтыг уншиж, УИХ, Засгийн газар, яам тамга, хаана л байна ахмадуудад хамааралтай бүх асуудлыг оруулж байна. Манайх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хичнээн гэрээ конвецид багтсан юм, тэрийг бүгдийг нь ахмадуудад хэлж таниулж байна. Ахмадын хуулинд ямар алдаа байгааг харж боловсруулж, 300 гаруй мянган ахмадын гар дээр тавьж байна. Буцаад 190 мянган ахмадаас санал авлаа, тэднийг уншиж нэгтгэж байна, ажлын хэсэг байгуулаад яаман дээр 4-5 удаа хуралдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуралд хүртэл очиж сууж байна. Яагаад гэвэл манай ахмадуудын 13 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Тэр дотроо 57 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ер нь ахмад хүн хөгжлийн бэрхшээлтэй хүний тоонд ороход их ойрхон байдаг. Таяг тулна, хараа сонсгол муудна, тулгуур эрхтэн, үе мөч өвдөнө, энэ халтиргаа дунд бэртэж гэмтэх нь амархан. Хууль, үйл ажиллагаа, туршлага талаас нь ч тэр дутахгүй ажиллахын тулд юун Сүхбаатарын талбай, гэртээ харих завгүй ажиллаж байна. Баасан хаачив гэхийн оронд Баасан шиг болохгүй байгаа зүйлийн араас явж, хариуцаж, зөвлөгөө авч байгаад, хэлж ярьдаг, өөрсдийнхөө төлөө дуугардаг, өөрийн гэсэн байр суурьтай, нэг нь нийтийнхээ төлөө зан чанарыг шингээх хэрэгтэй. Хоёр өрөө байраар амаа таглууллаа ч гэх шиг. Намайг байр, мөнгө, эрх мэдлийн араас явдаг юм шиг атгаг амьтан гэж бодож, андуурч явдаг хүмүүс болих хэрэгтэй. Би монгол хүн болж төрснөөрөө бахархдаг, өөрийнхөө үүргийг биелүүлэхийг хичээдэг. Би үр хүүхэдтэй учраас сайн сайхан нийгмийг үр хүүхэддээ үлдээх нь миний үүрэг гэж ойлгодог.
-С.Эрдэнэ сайд байхад Нийгмийн хамгааллын яамнаас сард 9 сая төгрөг авдаг байсан гэж ярьдаг?
-Монголын ахмадын холбоо улсын төсвөөс 22 жил санхүүжилт авсан. Тэр санхүүжилт асар өндөр байсан, тэр тухай хэн ч ярьдаггүй. Төсвөөс их мөнгө авсан ахмадын байгууллага юу ч хийгээгүй, ахмадууд маш ядуу, тэтгэвэр багатай хэцүү байсан. Бид найман жил цалингүй ажилласан. Хөөцөлдөж явж байгаад ахмадын тэтгэврийг нэмсэн, ахмад ээж нарын асуудал, ахмад дайчдын асуудлыг шийдсэн, мөнгийг нь тэд идээд үйл ажиллагааг нь бид хийж ирсэн. Харин 2013-16 он хүртэл бид улсын төсвөөс, Монголын ахмадын холбооны тэр төсвөөс 6 дахин бага мөнгөөр бид санхүүжсэн. Тэр мөнгөөр 21 аймгийг тойрсон, Ахмадын хуулийг шинэчлэхийн төлөө зүтгэсэн, Монголын ахмадуудыг эзэнтэй болгосон, ахмадуудад төрөл бүрийн сургалт явуулсан. 11 төрлийн сургалт явуулсан. Одоо компьютерийн сургалт 5 дахь удаагаа явагдаж байна. 170 гаруй хүн төгссөн. МЧАХ Олон улсын ахмадын байгууллагын гишүүн болсон. Монголын ахмадын холбоо 22 жил төсвийн мөнгө идэхдээ юу ч хийгээгүй. Одоо Улаанбаатар хотын ахмадууд хэцүү байна. Нийслэлд Ахмадын холбооны шинэчлэлт явагдаагүй. Яагаад гэвэл Э.Бат-Үүл явуулаагүй.
-Энэ эрх баригчид танай холбоотой хамтарч ажиллаж байна уу?
-Монголд аль нам нь төрийн эрхэнд гарна, тэр нь ахмадуудын өмнөөс мөнгө иддэг зуршил тогтсон. Шинэчлэлийн засгийн газарт би асуудлыг ойлгуулсан. МЧАХ байгууллагад ямар ч нам, улс төрийн асуудал хамааралгүй, ТББ улс төрөөс хараат бус, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, өөрсдийнхөө нийтлэг эрх ашгийн төлөө явдаг. Бид яг хуулийн дагуу байгуулагдсан. ТББ байгуулагдаад, ижил зорилготой салбар байгууллагууд байгуулж, бүгд гэрчилгээтэй болсон. Гэтэл Монголын ахмадын холбоо МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 58 дугаар тогтоолоор 1988 онд байгуулагдсан тэр гэрчилгээгээ аймгуудад канондаад өгчихсөн болохоос биш 22 жилд ямар ч салбар байгууллагууд нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, биеэ даасан бодлого хэрэгжүүлж чадаагүй, намын даргын хараа хяналтанд явсан. Та нар бод доо. Ахмадын байгууллагын даргыг Засаг дарга нар нь томилдог байсан гээд бод. Тэгэхээр тэр олон нийтийн байгууллага мөн үү, биш байгаа биз дээ. Манай Ахмадын чөлөөт холбооны ажилд ямар ч засгийн хүн ирж оролцохгүй. Бид хүнээ томилоод, бодлогоо тавиад, засгийн бодлоготой холбоод, ахмадуудад тулгамдаж байгаа асуудлыг гаргаж тавиад явдаг. Өдөр шөнө шиг ялгаатай. Бид цөөхүүлээ ажилласан ч МУ-ын 21 аймагт салбараа байгуулаад, бүр 272 суманд салбартай болж, бүгдийг нь гэрчилгээжүүлээд, тамга данстай болгоод ажлын чиглэл өгсөн. Үүрэг даалгавар өгч, тайлангаа тавьж ажилласан. Өнөөдөр 9 сая төгрөгийн төсөвтэй 300 гаруй мянган ахмадтай газрын хувьд нэг ахмадад 310 төгрөг зориулж ажиллаж байна гэсэн үг. Нэг хүний бүтэн хувь заяа. Би хулгайч биш, би хувьдаа ашиг хайдаггүй. Би алд биеийнхээ төлөө явдаг атгаг амьтан биш. Би бүх монголчуудыг, ахмадуудыг сайхан байлгахын төлөө явдаг. Сэтгэлтэй, бусдын төлөө өөрөөсөө давж явах чадалтай хүн. Төрд 25-аас дээш жил ажилласан 65 наснаас дээш насны ахмадуудыг авах ёстой үнэлгээг нь өгч чадсан. Манайх олон улсын ахмадын байгууллагад элссэн учраас гадаад харилцаагаа маш сайн өргөжүүлж чадсан. Тэгвэл Монголын ахмадын холбоо асар их мөнгө авч байсан. Юу хийсэн юм бэ? Дарга нь НДЕГ-ын дарга байхдаа мөнгөний асуудалд нэр холбогдсон нөхөр Ахмадын холбооны дарга хийж байгаа. Олон улсад бүртгэлтэй байгууллагын хувьд бидний ажлыг дэмжих байх гээд өнөөдөр хүртэл Миеэгомбын Энхболдод мессеж бичээд сууж байна.
-Өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн?
-Би Монголын ард түмэнд хэлмээр байна. Баасан яачив гэхийн оронд Баасанг эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг түвшинд ажилд тавьчихаад “Чи юу хийж байна” гэж зандраад, цохиод авч байсан ч би дургүйцэхгүй ажиллана. Ямар ч шийдвэр гаргах түвшинд санал өгч гаргадаггүй, өгөх ёстой саналаа өг чаддаггүй байж надаас юм нэхэх шаардлагагүй. Би энгийн дугаар хорооны иргэн Доржтой л адилхан хүн.
-УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харлаа. Тэрбумтан, 10 тэрбумын орлоготой байна?
-Та нар миний хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэх хэрэгтэй. Би би 2013-16 онуудад хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн. Намайг хараад гайхаж байсан. ТББ-ын тэргүүн ХОМ өгч үзээгүй, ямар сонин юм бэ гэлцэн инээлдсэн. Би өгөх ёстой, яагаад гэвэл МУ-ын нийт татвар төлөгчдийн мөнгөнөөс авч үйл ажиллагаа явуулсан учраас миний ХОМ бүх хүний нүдэн дээр ил байх ёстой гээд 4 жил ХОМ өгсөн. Надад тэрбум байтугай сая төгрөг байхгүй. Яагаад бүгдээрээ адилхан Монгол орны иргэн болж төрчихөөд хэн нь олон тэрбумаар мөнгө цуглуулж, хөрөнгөө барж ядаж байхад, хэн нь юу ч олдохгүй хог дээр дэвхэрч байх ёстой юм. Үндсэн хуулиндаа хүн бүхэн тэгш эрхтэй гэж заасан ч, тэр хааччихсан юм бэ. Шударга ёс, хүнлэг энэрэнгүй хааччихсан юм бэ. Монголын ард түмнийг дорд үзэж бйана, дээрэлхэж байна, бид дээрэлхүүлж байна. Баасан хааччихсан юм бэ гэж суухын оронд би энэ улсын иргэн шүү дээ, би ингэж ядуу амьдарч байхад, хэн нь оффшор данс бий болгочихов, миний ч гэсэн эзэмшиж, хувь хүртэх ёстой байгалийн баялгийг хэн оффшор данс болгов гэж Монголын толгойтой болгон бодох ёстой. Өөрсдөө тэмцэх ёстой. Оффшор данстай иргэдээ нам нь нэр дэвшүүлээд, иргэд нь ч сонгоод явуулж байна. Гэтэл гадаад оффшор данстай хүнийг яав. Дор хаяж муу хэлдэг Орос, хятад хоёр оффшор данстай улстайгаа яаж тэмцэж байна. Япон яаж байна. Энэ төрд түмний төлөө явдаг хүн байна уу. Гуравхан сая хүнтэй, 7000 гаруй уурхай ухаж байгаа, 50 сая малтай, өргөн уудам нутагтай, монголоор дүүрэн худалдааны төв, том том дэлгүүр, бар ресторанууд. Энэ орлого хаашаа орчихоод байгаа юм. Хэн энэ орлогоор хөрөнгөжиж мөнгөжөөд байгаа юм бэ. Би нэг л зүйлийг хэлмээр байна. Монголчуудаа, өгч байгаа татвартаа хяналт тавья, бүгдээрээ нийлье, надтай уулз, ард түмэнтэйгээ нийлж онцгой комисс байгуулаад татвараа хянаад явъя. Оффшор данстай хэн байна, тэр мөнгийг яаж оруулж ирэх ёстой юм, хууль хяналтын байгууллагын ямар хүн хуулийг гууль болгоод байгаа юм бэ, ямар үнэнч хүнийг учир битүүлгээр устгаад байга юм бэ, ямар улс төрийн тоглоом яваад байгаа юм, учрыг нь олох ёстой. Улс төр бол бохир тоглоом гэж хээвнэг яриад, ард түмнийг улс төрөөс ангид хол бай гэчихээд, өөрсдөө улс төр лүү гүнзгий орчихоод биднийг дээрэлхэж байна. Юу болоод байгаа юм бэ, ийм байж болохгүй ш дээ. Хүн болгон улс орны өмнө хүлээсэн үүрэгтэй, тэмцэх эрхтэй, ард хариуцлагатай гэдгээ ард түмэн өөрсдөө ойлгож, тэрний төлөө явах, санаа зовох хэрэгтэй. Ганц хоёр дуугардаг улсаа өмнөө бариад, албатай ч юм шиг, өр тавьчихсан ч юм шиг. Монголын ард түмний өөрсдийнх нь арчаагүй байдлаас ийм байдалд хүрч байна. Энд гомдох юм байхгүй. Хүн болгон дуу хоолойгоо гаргаж, иргэний эр зоригтой байгаач. Намуудад хуваагдчихаад, өөрт нь ашигтай бол юу ч хийж байсан хамаагүй явуургүй зан гаргаад л. Ийм байж болохгүй. Намайг Сүхбаатарын талбай дээр гарах ёстой гэж бодож байгаа улсууд хүрээд ир. Бүгдээрээ цуг гаръя. Надад гэр бариад өгчих. Намайг Хуулийн сургууль төгсөд аймхай хулчгар болсон гэж бодож байгаа бол горьдсоны гарз. Харин ч би улам хурц болсон. Одоо 30-40 настай залуусыг өрөвдөж байна. Ажлын байр байхгүй, хувиараа нийгмийн даатгал төлж байж магадгүй. Гэтэл тэрийг нь буцааж өгөхгүй нь байна ш дээ. Ингэж өлбөгөр амьдарснаас тэмцэж амьдарсан нь дээр. Би тэгж бодож байна. Хүн болгон л болохгүй зүйлийн төлөө тэмцэцгээ, үгээ хэл. Хуулинд бүх эрх мэдэл чинь байна. Хэнийг ч доромжлохгүйгээр үгээ чөлөөтэй хэл, төрөөр үйлчлүүлэх эрх нь ард түмэнд байна. Энэ эрхээ эдэлж чадахгүй, мэдлэгээ тэлэхгүй байна. Гэдэс өлсөх яах вэ, тархи хоосон байх маш аюултай. Монголд 600-гаад хууль батлагдлаа. 3 сая хүнд зориулаад 600 гаруй хууль баталлаа, нийгмийн харилцаа яагаад зохицуулагдахгүй байгаа юм бэ. бид амар тайван амьдарч чадахгүй байна, асар олон асуудал байна. Тийм учраас Монголын эдийн засагт хуримтлагдаж байгаа мөнгө, гадаадаас орж ирж байгаа мөнгө, өдөр тутам эргэлдэж байгаа мөнгөнд хяналт тавих ард түмний онцгой комисс байгуулах цаг болсон. Төлсөн татвартаа хяналт тавимаар байна. Надтай хүчээ нэгтгэх байвал ирж уулзаарай. Залуус бидний асуудал биш гэж битгий хойш суугаарай. Анх намайг Ахмадын холбоог байгуулахад тэтгэвэр 20-хон мянга байсан. Өнөөдөр тэтгэвэр 216 мянга боллоо, юу ч шаардаагүй бол юу ч олдохгүй байх байсан. Шаардсаны хүчинд 32 мянгын тэтгэвэр 251 мянга боллоо, дундаж тэтгэвэр 35 мянга байсан, өнөөдөр 380 мянга боллоо. Тийм учраас урвадаггүй шарвадаггүй, шударга эх орон, ард түмнийхээ төлөө явдаг хүн хаана байна, эрэл хайгуул хийж байна. Би шударга бус зүйлд дургүй. Би Монгол хүн хүн амьдрах таатай нийгмийн төлөө явсаар байгаад амьсгалаа хураана. Хүн болгон тийм байгаасай. Тэгвэл хуурамч улс төрд гарч, биднийг удирдаж чадахгүй. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг шиг, ард түмэн муу учраас ийм муу хүмүүс сонгож гаргаад, муу төр байгуулаад байгаа юм. Тийм учраас ард түмэн минь их л юм бодох хэрэгтэй, та нар минь сайн хүн болцгоо. Иргэн болгон шударга зөв байвал төрд муу хүн орох нүх хаагдана.
Эх сурвалж: “СЭРҮҮЛЭГ” СОНИН

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ