Facebook Twitter youtube
Н.Ням-Осор: 1993 онд өдөрт нэг, хоёр сая төгрөг орж ирнэ, би Монте Кристо гүн шиг л болж байгаа юм
2016-12-16 өдөр 03:39

dir_nyam-osor-Таны бизнест хөл тавьсан түүх их сонин, нийтийн бие засах газар ажиллуулж баяжсан гэдэг. Энэ үнэн үү?

-1990 онд нийгэм өөрчлөгдөхөд бид юугаа ч мэдэхгүй, төр засаг ч яахаа мэдэхгүй бүгд цочирдсон үе. Гэтэл Ерөнхий сайд Бямбасүрэн гуай хүртэл Монголын хамгийн том эрдэмтэн хүн яахаа мэдэхгүй байдалд орсон ш дээ. Цоо шинэ зах зээлийн харилцаанд орсон учраас бүгд самгардсан. Би Москвад Комосомолын дээд сургуулийг 1987 онд төгссөн. Төгсөж ирээд Хэнтий аймагт эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Нэг л өдөр ажлаасаа халагдсан. 1991 онд “Хүннү” гэдэг ХЭАА байгууллаа. Гэхдээ мөнгө төгрөг байхгүй л дээ. Дэмий л сум руугаа очсон. Тэгэхэд манай сум нэгдлийн дарга Даваажид, ерөнхий нягтлан бодогч Цэнд-Очир хоёр надад хоёр машин мах өгөөд “Чи Улаанбаатар хотод зарж борлуулаад, мөнгийг нь өгөөрэй” гээд нэгдлийнхээ чиргүүлтэй машинд ачуулаад явуулсан. Туранхай малын мах байсан ч бараа таваарын хомсдолд орчихсон байсан учраас Долоон буудалд айлын хашаанд зарахад гурав хоногийн дотор борлогдож дууссан. Хоёр машин мах овоо мөнгө болсон. Олсон цэвэр ашиг нь 40 мянган төгрөг. Нийлж ажилласан хоёр хүндээ тус бүрт нь 10 мянган төгрөг өгөөд, өөрөө 20 мянган төгрөг авсан. Тэр л манай бизнесийн эх үүсвэр болсон. Тэр мөнгөөрөө “Зар бичиг” сонинг нэг хүнтэй хамтарч гаргасан. “Үнэн”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” сонин л гарч байхад манай сонин гарч эхэлсэн. Анхны хувийн сонин байсан. Долоо хоногт нэг удаа гарч, 40 мянган хувь хэвлэж хоёр төгрөгөөр зардаг. Сониноо борлуулсны дараа мөнгөө үзэхэд дан нэгтийн дэвсгэртүүд байна. Тэр мөнгийг хэдэн авгай хагас өдөр тоолдог. Тэгэхэд бид ерөөсөө мөнгө тоолж үзээгүй, мөнгөтэй харьцаж сураагүй байсан. Одоо банкныхан дор нь тоолно шүү дээ. Сонин хийсэн ашгаараа улаан “Москвич”, Сансарт хоёр өрөө байр авч билээ. Дараа нь хүнсний дэлгүүр ажиллуулсан. ТҮЦ, хүнсний дэлгүүр ажиллуулсан нь мөнгөтэй харьцаж, мөнгө эргүүлэхэд сургасан.
-Та хэзээнээс нийтийн бие засах газрыг ажиллуулах болсон юм бэ?
-Би анх мөнгө төгрөгөнд их тооцоотой, эмэгтэй хүн шиг нямбай хоёр залуутай хамтарч ажилласан. Тэр хоёр мөнгийг хямгадахаа мэдэхээс зарцуулж мэддэггүй байсан л даа. Би мөнгө барьдаг найздаа хэллээ. “20 мянган төгрөгөөр дүнзэн байшин авъя” гээд байшингаа үзүүллээ. Харснаа “Ийм муухай юм авахгүй. Чи минь үүнийгээ ав, бид биеэ дааж юмаа хийе” гэлээ. “Тэгье” гээд л ганцаараа салж үлдсэн. “Нөгөө дүнзэн байшингаа хаана байрлуулах вэ” гэж хотын ерөнхий архитектур Жадамбаа гуайд хандлаа. “Тээврийн товчоон дээр нийтийн бие засах газар байгаа. Тэнд аваачаад барьчих” гэсэн. Нийтийн бие засах газрын зүүн талд дүнзэн байшингаа босгоод хүрнээр будаад, дотор талыг нь янзлаад хүнсний дэлгүүр болгосон. Овоо мөнгө орж байна. Сүүлдээ хажууд байгаа бие засах газрыг нь авмаар санагдаад, хотын дарга Баасанжав гуай дээр орсон. “Нийтийн бие засах газрын дэргэд миний дэлгүүр байдаг юм. Тэр газрыг би засаж янзалъя, өнгө үзэмжийг нь сайжруулъя. Дэндүү муухай харагдаж байна” гэж гуйлаа. Баасанжав дарга тэр үед орон сууцны удирдах газрын дарга байсан. “Бие засах газар маш их алдагдалтай байгаа. Чи аваад ажилуулбал ажилуул. Чамд шууд өгье. Дээр нь байшин барилга барьж болно” гээд шийдвэр гүйцэтгэлийн хуудас гаргаад цохоод өгсөн. Баасанжав дарга дээр “Бие засах газар авъя гэж орсон хүн нэг ч байхгүй. Дандаа үйлдвэр завод хувьчилж авъя” гэдэг байж л дээ. Тэгээд л надад шууд өгсөн гэдэг. Би нийтийн бие засах газар дээр 11 метр урт, 7 метр өргөнтэй байшин ганцхан сарын дотор бариуллаа. Жорлонг нь хоёр болгоод өнгө үзэмжийг нь сайжрууллаа. Дээр нь барьсан байшингаа 24 цагийн дэлгүүр болголоо. Тэр үед хотод ганцхан 24 цагийн дэлгүүр ажилладаг байсан. Анх зүүн талд нь барьсан байшингаа хуушуурын гуанз болгосон. 1993 он шүү дээ. Өдөрт нэг сая төгрөг орж ирнэ. Баяр ёслолын үеэр 2 сая төгрөг орж ирж байна. Замбараагүй их мөнгө л дөө. Би Монте Кристо гүн шиг л болж байгаа юм. Мөнгө барьж үзээ ч үгүй хүн, гэнэт их мөнгөтэй болчихсон. Тэр мөнгөөрөө хүмүүсийг баахан дайлаад, хүн амьтанд мөнгө төгрөг тараагаад, ёстой халгиж, цалгиж өглөө. Манайхаар зохиолчид, сэтгүүлчид очоод хүлээж аваад, бүгдийг нь архидуулаад баллаж тавьдаг байлаа. Өөрөө ч архи уугаад баярхаад, мөнгөө хамаа намаагүй хүнд тараагаад түйвээж өгнө. Тэглээ гээд ч барагдах юм биш. Яаж барагдахав. Хоногт сая төгрөг орж байгаа юм чинь. Сүүлд сургууль байгуулаад л зөв замдаа орсон.
-Таны бизнес үргэлж амжилттай байсан уу? Алдаж, шатаж явсан үе бий юу?
-Ганзагын наймаанд явж Бээжин, Москвагийн хооронд явж хөнжилдөө ч унтах завгүй шахам гурван сар гахай үүрч гүйлээ. Гурван сар наймаа хийгээд авгайдаа ганцхан гуталтай ирж билээ. Хятадаас баахан бараа аваад Новосибирск, Свердловск зэрэг замын хотуудад вагон тавхан минут зогсох хооронд цонхоор нь бараагаа зарна. Тэгж явж, явж ганцхан гутлын ашигтай ажилласан. Вагонд монголчууд наймаа хийгээд, ууж идээд зодолдоод, баллаж өгч байгаа юм чинь. Тэрэн дунд би тууж явлаа. Хэнтий аймгийн эвлэлийн хорооны дарга гээд зангиа болсон их сүрхий эр. Бээжингээс 300 гаруй сурагч цүнх авчраад “Цүнхээ аваарай” гэж хашгираад, зараад зогсож байтал Хэнтийн залуучууд таараад “Эвлэлийн хороон дарга явж байна” гээд шоолонгуй янзтай. Эвгүйцээд ойр тойрноо хартал Эвлэлийн Төв хорооны II нарийн бичгийн дарга байсан хүн монгол гутал зөрүүлээд барьчихсан зараад явж байна. Сүхбаатарын районы Эвлэлийн хорооны дарга байсан хүн ч наймаа хийж байна. Дарга, сайдгүй бүгд л наймаа хийдэг байсан цаг даа. Хүн шулуун дардан замаар явдаггүй юм. Би бор зүрхээрээ явж өдий зэрэгт хүрсэн. Баасанжав гуай намайг “Ямар нэг дэмжлэг байгаагүй. Жинхэнэ гудамжнаас гарч ирсэн хүн” гэж ярьсан байна лээ. Тэр үнэн л дээ. Миний баримталдаг зарчим гэвэл “хүний итгэлийг алдахгүй байх ёстой” л гэж боддог. Оюутнууддаа ч “Овсгоо самбаа бол нэгдүгээр асуудал биш. Хүний итгэлийг алдахгүй, хүн шиг бай” гэж сургадаг. “Хүн итгэхээ байвал таны ажил ячвахаа больно шүү” гэж анхааруулдаг.

-“Их засаг” их сургуулийг хамгийн том, хамгийн их орлоготой хувийн сургууль гэдэг. Хэр ашигтай ажилладаг вэ?
-Сургалтын төлбөрийг хувьдаа аваад, гадагшаа дотогшоо яваад зугаалбал их мөнгө, сайхан амраад байж болно. Харин сургуулиа хөгжүүлж, дотуур байр, номын сан, компьютер заал танхим байгуулъя гэвэл бага мөнгө, хаанаа ч хүрэхгүй. Манай хувийн сургуулийн захирлууд гадагшаа их явдаг. Зарим захирлууд 20-30 орноор явсан, зарим нь 40 орноор явчихсан байдаг. Сургуульдаа орж ирсэн орлогынхоо тал мөнгөөр барилга байшин барьж, сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаардаг.
-Энэ сургуулийг ганцаараа үүсгэн байгуулсан гэсэн. Яагаад хэн нэгэнтэй хамтраагүй юм бэ?
-Олон хүн хамтарч чадахгүй худлаа юм билээ. Мөнгө төгрөгтэй холбоотой маргаан их гардаг. Өөрсдөө зөрчилдөнө, ах дүү нар, үр хүүхэд нь зөрчилдөнө. Хэрэг байхгүй. Ямар ч байсан нэг толгойтой байх хэрэгтэй. Олон толгойтой байхад эв нэгдэл гэж байхгүй болно.
-Сургуулиа хүүхдүүддээ өвлүүлэх үү?
-Мэдээж хүүхдүүдээ бэлдэнэ. Одоохондоо миний өмч. Хоёр, гурван үеийн дараа хэний өмч болохыг мэдэхгүй. Тэгэхээр ямар л байсан би үүсгэн байгуулж, хөл дээр нь босгосон. ИЗИС ард түмний баялаг. Нэг хүн хорин хүний хоол идэхгүй ш дээ. Энэ сургууль хувийн өмч биш. Би “Хэрлэнгийн хөдөө арал” жуулчныхаа бааздаа очоод дарга нараасаа “Энэ хэний өмч вэ?” гэж асуусан. Өөдөөс таны өмч гэж байна шүү. Би “Миний өмч биш. Би жилдээ л нэг удаа ирдэг хүн. Ням-Осорын нэртэй боловч та нарын өмч. Та нар сайн ажиллуулаад, ашиг орлогыг нь нэмэгдүүлээд явбал та нар сайхан амьдарна, үр хүүхэд чинь сайхан амьдарна” гэж хэлэхэд гайхах хүн ч байсан.
-ИЗИС-аас өөр, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг уу?
-10 салбар нэгжтэй. “Хөдөө арал” жуулчны бааз, Чингис хааны онгон шүтээний төв байна, зочид буудал, ресторан байна. Бүгд л гайгүй ажиллаж байна. Манай Монголчууд “Галын дөл өөдөө” гэж ярьдаг нь ортой юм билээ. Би хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй дүүтэй хүн. Гэхдээ тэднээсээ хол эмээ ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан. Эмээгийн маань гэр хоёр ч удаа шатаж, эмээ бид хоёр өмссөн хувцастайгаа үлдэж байсан. Тэглээ гээд бид хоосроогүй. Манай эмээ юмыг үржүүлдэг, арвижуулдаг, их буянтай хүн байлаа. Надад бага ч гэсэн тэр буянаас нь шингэсэн юм болов уу гэж би боддог юм. Би “Баяжихсан, мөнгөтэй болохсон” гэж бодож яваагүй. Аяндаа л энэ бүхэн бий болсон. Гэхдээ би маш их хөдөлмөрлөдөг байсан.
-Таныг их нүнжигтэй зүйл эдэлж хэрэглэдэг гэсэн. Таны барьдаг хөөрөг, унадаг машин зэргийг сонирхож болох уу?
-Ажил гэж явсаар хоолоо аятайхан идэж чадахгүй, аятайхан унтаж чадахгүй л явна. Тийм үнэтэй эд эдлэл надад байдаггүй. Мөнгө олоод сайхан амьдарч байвал боллоо. Харин өмнөх ажлаа сайн хийгээд, тайван амьдрахыг л хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа. ЭХ СУРВАЛЖ СЭРҮҮЛЭГ СОНИН

 

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл
  1. iim xvn bsiimuu ix l oligarxi gej boddog bsan cnie ix saixan xvn bna mundag umaa tanid amjilt xvsie

  2. I gotta favorite this web site it seems very helpful extremely helpful

    http://pinkfascinator.com/beige-fascinators-stunning-looks/

  3. I respect your work.
    best madden mobile 17 coins seller http://www.madden-store.com

Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ