Facebook Twitter youtube
Ц.АНАНДБАЗАР: Томоохон компани удирддаг хүнд хувийн жижиг сонирхол байдаггүй, байшин, машинтай болъё, таван төгрөг хулгайлчихъя гэх сэтгэлгүй болдог
2013-06-19 өдөр 00:51

anandbazar_dfjkdljfoiwjlfkdjfkd“Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазар манай шилдэг бизнесмэнүүдийн нэг. НИТХ-ын гишүүн байсан, өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулиар Дорноговь аймгаас нэр дэвшвэл ялахаар байсан гэдэг. Харамсалтай нь нэр дэвших мандатаа авахаас өмнөхөн барьж хорьж, хоёр сар шахам болоод сулласан. Буруугүй болохоор нь суллаа биз ээ. Ямартаа ч хэвлэлийнхэнд ховор, “эрээд олддоггүй эрдэнэ” болсон “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарын яриаг уншигч танаа хүргэж байгаадаа баяртай байна. Та WWW.TOVCHOO.MN сайтыг тогтон уншиж байгаарай.
-Та хэвлэлийнхэнд нээлттэй хүн биш. Энэ удаа манай уншигчидтай уулзах болсонд  баяртай байна.
-Бидний эрхэлдэг бизнест нэг их реклам хэрэггүй байдаг. Тэгээд ч миний хүмүүжил их өөр, олны хэл амнаас хол чимээгүй бизнесээ хийх дуртай.
-Та Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. Энэ сургуулийг социализмын үед төгссөн хүнийг одоо шүүмжлэх хүн байдаг. Ер нь энэ сургууль танд юу өгсөн бэ?
-Социализмын үед манай сургууль Монголын утга зохиолын хамгийн гол боловсон хүчнийг бэлтгэдэг  Б.Явуухулан, О.Дашбалбар, Ерөнхийлөгч Н.Энхбаяр гээд олон хүн, улстөрчид төгссөн. Би тэр сургуулийн орчуулгын ангийг Монголоос хамгийн сүүлд төгссөн 5 оюутны нэг дээ.Яруу найргийн ангид Г.Аюурзана сурч  бид зургуулаа төгссөн. Биднээс хойш олноор нь элсүүлж аваагүй юм билээ.
-Горькийн сургууль сурах үед нийгмийн шилжилтийн үе таарсан. Төгсөж ирээд Монголд ажиллахад хүнд байсан уу?
-Манай орос хэлний багш Нина Георгеевна “Та нар азтай оюутнууд, нийгмийн шилжилтийн бүх үеийг үзлээ.Социализмын үеийн 60 копейкээр хооллодог тэр сайхан үеэс авахуулаад капитализмд шилжих үеийн үймээн самуун,тэр байтугай  “путь” гэж нэрлэдэг төрийн эргэлтийг та нар харсан. Москва нэг өдөр танкаар дүүрчихсэн цагаан ордон уруугаа буудахыг үзлээ. Маш том гүрэн гэнэт нэг өдөр зөвхөн гялгар уут зардаг дэлгүүрүүдтэй болсон шилжилтийн үед та нар  оюутан байсан. Ийм үед оюутан байна гэдэг ховорхон аз  завшаан” гэж тэр багшийг хэлэхэд бид их гайхаж байсан.Одоо л ойлгож байна. Эрдэмтэй хүн тэгж их алсыг харж хэлдэг юм билээ.
Бид 1989 онд  Орос яваад 1994 онд төгссөн. Нийгэм эдийн засаг нь маш их хямарсан, хүмүүсийн амьдрал өөрчлөгдсөн, мөнгөний ханш унасан үед л Монголдоо ирсэн. Оюутан байхдаа наймаа хийгээд мөнгийг нь аав ээждээ хадгалуулдаг. Аав ээж хоёулаа эмч хүн, наймаа гэж юу ч мэдэхгүй. Би хивс авах хэмжээний мөнгө аав ээждээ хадгалуулсан юм байх, тэрийг аав ээж хоёр авдрандаа хадгалсан юм шиг байгаа юм. Нэг өдөр над уруу утасдаж  “20 дугаар тогтоол гараад нөгөө хивсний мөнгө чинь нэг сандлын үнэ ч хүрэхээ байлаа” гэж яриад бөөн инээдэм болж байсан. Хоёр нийгмийн үед амьдарч байсан болохоор сайн муу талыг нь мэддэг. Магадгүй энэ өөрчлөлтийн үрээр би утга зохиолын ажилтан биш бизнесмэн болсон байхаа гэж боддог.
   -Ер нь утга зохиолын ажилтан, зохиолчид ахуй амьдралдаа арчаа муутай, сэтгэлээрээ баян хүмүүс эд мөнгийг үнэлж мэддэггүй.Тийм болохоор баяждаггүй гэдэг дээ?
-Би тэгж бодохгүй байна. Утга зохиол хамгийн өргөн салбар. Утга зохиол, уран зохиолд дэлхийн бүх амьдрал, тусгагддаг бүх мэргэжил явдаг. Өөрөөр хэлбэл зохиолчдын бичсэн киноноос бүх хүний амьдралыг үздэг, бүх хүний амьдралын тухай номоос л уншдаг, хүний  амьдрал тэнд багтаж байдаг. Тийм болохоор утга зохиолын мэргэжилтэй хүн ямар ч мэргэжлийг эзэмшиж чаддаг гэж би боддог. Утга зохиол шиг олон салбарыг мэддэг, их өргөн мэдлэгтэй, оюун ухаан төгс төгөлдөр хүмүүс байдаг энэ салбараас олон салбарт амжилт үзүүлэх бүрэн боломжтой гэж үздэг. Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай байна, улс төрийн ямар том оргилд хүрэв. Ц.Балдорж агсан байна, бизнесийн их өндөр түвшинд хүрсэн хүн,  Ж.Мягмарсүрэн байна, бидний үеэс С.Баярмөнх, Р.Хадбаатар гээд мундаг залуус их байна. Тэгэхээр тухайн хүн ямар чиглэл зорилготой амьдарсан бэ гэдгээс ямар түвшинд хүрэх нь хамаарна. Утга зохиолын ажилтнууд, сэтгүүлчид ямар ч үед хөрвөх чадвар их сайтай байдаг. Миний хувьд нефтийн салбар ямар чухал болохыг ойлгож, бизнес хийсэн. Энэ бизнесийн салбараар дамжуулж ард түмэндээ хэрэгтэй юм хийж болдог юм байна гэж ойлгосон учраас энэ чиглэлээр ажиллаж байгаа.
 -Таны ажиллаж байгаа салбар их хүнд байх, мөнгө ч их шаарддаг, бэрхшээл их гардаг уу?
-Бензиний бизнес шиг гайхамшигтай бизнес байхгүй. Бизнесийг амар хүнд гэж ангилж болохгүй байх. Яагаад гэвэл бүх л бизнесийн салбар хүндрэлтэй. Би  бизнес гэдэг үгийг бэрхшээлийг давах туулах, бэрхшээлийг шийдвэрлэх гэж орчуулдаг. Яагаад гэвэл манайх шиг хөгжиж байгаа оронд өдөр тутмын амьдралын бэрхшээлийг даван туулж байж бизнесмэн болдог. Бэрхшээлийг давж, туйлбартай, ажилдаа үнэнч байж бизнесмэн болно. Бензиний бизнес эргэлтийн хөрөнгө их шаарддаг, галын аюултай гэхчлэн хэцүү тал бий л дээ. Нөгөө талдаа бензин бол мөнгө шүү дээ. Ямар ч инфляцийн үед өөрийгөө авч явах чадвартай, ямар ч нийгэмд улс орныг хөгжүүлэх түлхүүр нь болдог, бүх хөдөлгөөн хөгжлийг дэмждэг, галын дөл өөдөө хийморьтой бизнес. Бусад бараа бүтээгдхүүн шиг улирлын чанартай биш.
Бензин маш их том улс төрийн агуулгатай байдаг. Бензиний үнэ өсөхөд ард түмэн доргидог, амьдрал нь хэцүү болдог. Энэ бизнесийг хийдэг хүний хувьд үүнийг ойлгодог. Тийм ч учраас Улаанбаатарын нийтийн тээврийн асуудлыг зайлшгүй шийдэх ёстой гэж боддог. Сая гаруй хүнтэй нийслэл хотод микроавтобусаар нийтийн тээврийн хэрэгслийг зохицуулна, шийднэ гэж байхгүй. Микроавтобусны буруу биш л дээ. Нүүдэлчин удамтай маш авьяаслаг жолооч нар микроавтобусаар хурдан түргэн үйлчилж байгаа нь сайн хэрэг.   Гэхдээ сая хүнтэй хотын тээврийг микроавтобусаар зохицуулах боломжгүй. Манай 600 гаруй ажилчдын олонх нь хоёр автобус дамжиж ажилдаа ирдэг. Бид ажил олгогч эздийн хувьд хүмүүсээ яаж сайн сайханд хүргэх вэ гэж боддог. Нийтийн тээврийн асуудлаа эн түрүүнд шийдэх ёстой. Хурдан галт тэрэг, метро хотод хэрэгтэй. Метрог заавал газар доогуур тавих шаардлагагүй. Метро олон хүн тээвэрлэж асар богино хугацаанд хол газар хүргэж өгч чаддаг. Улаанбаатар баруунаас зүүн тийш сунасан хот. СХД-т амьдардаг хүн СХД-тээ ажилладаггүй, ажил тийм амар олддоггүй болохоор БЗД-т ажиллах хэрэгтэй болдог, 2-3 автобус дамжин ажилдаа очдог. Цалингийнхаа талыг автобусанд өгөөд байвал хүнд ш дээ. Бид 40 км урттай хурдан галт тэргийг барих ёстой. Энэ том төсөл биш, бид одоо барих цаг нь болсон. Хотын баруун захаас зүүн зах хүртэл 30 минутанд метрогоор зорчдог бол амьдралын асар том асуудал шийдэгдэнэ, цахилгаанаар явдаг болохоор өртөг зардал ч бага байна.
-Ер нь таны үеийнхэн УИХ-д нэр дэвшээд эхэллээ. Та өрсөлдөхгүй тийм амбицгүй хүн үү, улс төр сонирхдоггүй юм уу?
-Аливаа үйл ажиллагаа дандаа зорилготой байдаг. Монголд УИХ-ын гишүүн их хүндтэй байх шиг байгаа юм. Гэхдээ сайн бизнесмэн байна гэдэг чухал. Хүн болгон ажлаа хамгийн  сайн хийдэг улс орон хурдан хөгждөг. Хөгжингүй оронд бизнесмэн хүн илүү их хүндтэй байдаг. Монголчууд ямар нэг хүний тухай асуухдаа “Тэр хэн бэ?” гэдэг. Харин өрнөдөд  “Тэр юу хийсэн хүн бэ” гэж асуудаг.Бид УИХ-ын гишүүнээ буруу сонголоо гэж шүүмжлээд  байдаг. Яагаад гэдгээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй. УИХ-ын гишүүнийг  “хэн бэ” гэж асуудаг.Гоё дээлтэй ,том машин унасан мундаг дарга гээд сонгодог. Сонгосныхоо дараа амаа барьдаг. Хэрэв “Тэр юу хийсэн хүн бэ” гэж асуувал тэр хүний тухай зөв ойлголт авна.Тэгж асууж, асуултанд нь нүүр улайхааргүй хариулах бүхэл бүтэн үе Монголд бий болж байна. Олон арван тэрбум төгрөг төсөвт төлдөг,олон зуун ажилчинтай, менежмэнт нь барууны түвшинд хүрсэн компани удирддаг маш олон залуучууд байгаа.
Сингапурын Засгийн газрын гишүүдийн ихэнх нь бизнесмэнүүд байдаг юм билээ. Засгийн газрын гишүүд нь 100 сая доллароос дээш эргэлттэй компанийг амжилтай удирддаг, Сингапурын үндэсний их сургуулийг сайн дүүргэснээс гадна дэлхийн стандартад дүйцэхүйц их сургуулийг амжилттай дүүргэсэн байх ёстой гэсэн. 100 сая доллароос дээш хөрөнгөтэй компанийг удирддаг хүнд хувийн жижиг сонирхол байхгүй болчихдог юм байна. Нэг байшин, машинтай болъё, таван төгрөг хулгайлчихъя гэх сэтгэлгүй болдог. Үндэсний их сургуулиа сайн төгсөнө гэдэг хэл соёлоо сайн мэднэ гэсэн үг. Дэлхийн хэмжээний сургуульд сурна гэдэг англи хэлийг төгс эзэмшинэ гэсэн үг. Орчуулагч дагуулж яваад сайд хийгээд тухайн салбарыг удирдаад явна гэж байхгүй ээ. Тийм өндөр түвшинд очиж байж УИХ, Засгийн газрыг гишүүн болох тухай ярихаас биш нэг тамга хармаалчихаад УИХ-д очно гээд байдаг нь буруу жишиг. Бид юм хийж бүтээж чаддаг зөв улстөрчдийг сонгож чадвал Монгол улс хөгжинө. 30 жилийн өмнө Сингапур манайх шиг хүн амтай, бүх юмаа гаднаас импортоор авдаг, газар дор нь ямар ч баялаг байхгүй ядуу улс байсан. Зөв удирдагч, Ерөнхий сайд гарч ирээд хэдхэн жилийн дотор эрчимтэй хөгжиж нэг хүнд оногдох сарын орлого нь 10 мянган доллар хүрсэн.    Гэтэл Монгол газар доороо асар их баялагтай, 40 сая малтай, энэ сайхан өргөн уудам нутагтай, Орос Хятад гээд уудам зах зээлтэй хөрштэй, ямар нэг терроризм, цунами болдоггүй, хэн нэгэн өөр шашинтан нь бөмбөг тавиад дэлбэлчихдэггүй тайван орон, хүмүүс нь их ухаантай болохоор хөгжихөд уг нь тийм хэцүү биш.
- Тэгвэл та юу хийсэн хүн бэ?
-Манай компанид 670 гаруй ажилчин ажилладаг, 8 охин компанитай, улсад жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж байна. Энэ жил гэхэд 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. “Уорнер брос” кино компанитай хамтран “Өргөө” кино театрыг 4 тэрбум 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулж ашиглалтанд орууллаа. Энэ нь Монголын үндэсний хөрөнгө оруулагч хөрөнгө оруулж босгосон Америк стандартын анхны кинотеатр. Энэ нь манай соёлд чухал нөлөөтэй. Хүмүүс ном уншдаг, кино үздэг амьдралын сайн сайхан руу тэмүүлдэг болсон үед улс орон хөгждөг. Наймаа хийгээд, мөнгө бодоод, хоорондоо хэрэлдээд байвал улс орон уруудаад байдаг.Мөн бид 64 сая долларын хөрөнгө оруулалттай “Савой парк hotel”гэж 5 одтой зочид буудлын сүлжээ байгуулахаар ажиллаж, зураг төслөө хийж дууслаа. Хамгийн орчин үеийн 216 өрөөтэй, 3 Ерөнхийлөгчийн өрөөтэй, спорт цогцолбор, фитнесс залтай буудал барихаар ажиллаж байна. Америктай хамтарсан моторын маслын үйлдвэр Эрдэнэт хотод  байгууллаа.Монголчууд бид бензин үйлдвэрлэж чадахгүй гэдэг. Яг үнэндээ бензин үйлдвэрлэх тийм хэцүү биш. Монголын үндэсний компани моторын тос хийгээд, хамгийн өндөр машинуудад хоёр жил хийж яваад шалгачихлаа. Одоо бид Солонгосоос савлагааны иж бүрэн тоног төхөөрөмж худалдаж авч эх орондоо үйлдвэрлэсэн масло түгээх боллоо. Энэ нь Монголын нефтийн компаниудын бахархах үйл гэж бодож байна. Саяхан бид Монголын нефтийн салбарт бензиний картыг анх удаа нэвтрүүллээ. Худалдаж аваад л байвал картанд байгаа бензиний үнэ хямдардаг, бонус цуглуудаг, шууд түгээгүүрээсээ үйлчилдэг орчин үеийн технологи. Энэ карт нэвтэрвэл олон машинтай байгууллагуудад ашигтай. Интернэтээр бүх зарлагаа хянана, худалдаж авах тусам үнэ хямдарна, ямар зарцуулалт хийснээ  хянахад бүтэн жилийнх нь репорт нь хадгалагддаг гээд олон давуу талтай.
-Та Монголын сайхан бүсгүйд амжилттай оролцсон бүсгүйтэй гэрлэсэн байх аа?
- Оюутан мисс болж байсан бүсгүй. Гурван хүүгийн маань ээж, эмч мэргэжилтэй хүн.
-Та шүлгийн номоо хэвлүүлж байсан уу? Ер нь яагаад мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?
-Мэргэжил болгон өөрийн сул тал давуу талтай. Зохиолч нар дунд амьдрахад нэг хэцүү зүйл байдаг. Ямар үзүүлэлтээр хэнийгээ сайн гэдгээ шалгаруулж чаддаггүй хүмүүс шиг санагддаг. Цуг сууж байхад сэтгэлийн хөдөлгөөнтэйдээ тэр үү, хэмжүүр нь их хэцүү болоод тэр үү хүн болгон л өөрсдийгөө хамгийн агуу гэж ярьдаг. Нэг яруу найрагчтай уулзахад би хамгийн агуу л гэдэг. Тэрийгээ заавал хүлээн зөвшөөрүүлэхийг боддог. Архи сархад их хэрэглэдэг. Тэр байдал нь намайг энэ хүрээлэл дотор байнга явах хүсэл зорилгоо өөрчлөхөд хүрсэн байх гэж боддог. Би архи уух дургүй. Дунд нь байж архи уухгүй байх нь цагаан хэрээ шиг харагдана. Эсвэл би заавал өөрийгөө магтах хэрэгтэй,магтахгүй бол муу хүн шиг харагдана. Энэ хоёр нь надад угаасаа байдаггүй чанар, энэ байдлаас болсон байх. Би дөрвөн ном орчуулсан ч хэвлүүлээгүй байгаа. Георгий Иванов гэж мөнгөн үеийн том яруу найрагч дэлхийд цөөхөн хүн мэддэг, Мария Цветаева зэрэг том зохиолчидтой эн тэнцэхүйц яруу найрагч. Түүний зохиолыг орчуулж  дипломоо хамгаалсан. Оросын алт, мөнгөн үеийн зохиолчдын шүлгийг орчуулсан дөрөв, миний шүлгийн хоёр ном хэвлүүлэхэд бэлэн бий. Гэхдээ аль алиныг нь хэвлүүлээгүй. Цаг нь болоогүй ч юм шиг, тэрийг хэвлүүлбэл өөрийгөө магтах хэрэгтэй ч юм шиг санагдаад, эсвэл шал өөр ажил хийж яваа болохоор миний гол зорилго биш юм шиг санагдаад байдаг. Миний шүлэг зохиолыг уншиж мэддэг,зохиолч найз нар бий л дээ. Одоо өөрөө хобби маягаар бичиж, ядарсан үедээ амардаг, сэтгэл гунихарсан үедээ тайвширдаг зүйл маань шүлэг. Ном унших дуртай, миний гадаад томилолтын ихэнх цаг номын дэлгүүрт өнгөрдөг. Шинэ ном заавал авах нь миний хамгийн гол хобби.
-Бэлэн болсон шүлэг, орчуулгын номоо хэвлүүлэхэд санхүүгийн бэрхшээл байхгүй нь мэдээж. Яагаад ингэтэл удаан дардаг юм бэ?
-Биччихээд маргааш нь хэвлүүлчихдэг хүн ч байдаг. Маш их бодож бичдэг бүтэн жил шүлгээ дарчихаад гаргадаг хүн ч бий. Б.Явуухулан гуай насан туршдаа ганц л том ном гаргасан. Шүлэг зохиол оролддог хүн болгонд өөрийн гэсэн онцлог бий. Би завгүй байна. Нэгэнтээ хэвлүүлж байгаагийнх их сайн редакторлаж чанартай юм гаргая гэж явсаар өнөөдрийг хүрчихлээ.  Ойрын төлөвлөгөөнд энэ бүгдийг хийх бодол бий. Нэг үеэ бодвол манайхан ном уншдаг боллоо. Саяхан болтол бид ном байтугай хоол хүнсээ ч зохицуулж чаддаггүй байлаа шүү дээ.
-Та Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Соёлын яамны сайд байхад туслахаар нь ажиллаж байсан. Одоо холбоотой байдаг уу?
-Намайг Горькийн сургуульд явахад нөлөөлсөн гол 3 хүний нэг шүү дээ. Тэр үед Н.Энхбаяр дарга зохиолчдын эвлэлийн хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга байсан.   Тэр хүний мэдлэг боловсролыг их биширдэг байсан. Миний нагац ах Зундуйн Дорж, О.Дашбалбар гуай гурав намайг Утга зохиолын сургуульд ороход их нөлөөлсөн. Миний аавын нөлөө бас их бий. Тийм учраас хэдийгээр 10 дугаар ангиа алтан медальтай төгссөн, өөр зөндөө сургуульд сурах боломж байсан ч конкурсдэж энэ ангийг сонгосон. 136 хүүхдээс 5 хүүхэд тэнцсэний нэг нь би. Зарим хүн гайхдаг ч миний хувьд хамгийн сайхан сургууль төгссөн гэж боддог. Энэ амьдралын их  сургуулиас ямар ч мэргэжлийн хүн гарч болно. Горькийн сургууль яаж байгуулагдсан түүхийг манай багш нар ярьдаг байсан. Жижигхэн шавилхан биетэй,    хурдан хөдөлгөөнтэй хүн М.Горький дээр ирээд “Та их сайхан зохиол бичдэг юм байна.Та хувьсгалын тухай, иргэдэд урам зориг өгөхөөр ядуу хүн хувьсгал хийж, хааныг сольж байгаа тухай зохиол бичээд өгөөч” захиалга өгсөн. “Тэгээд л бидний сайн мэдэх “Салхич шувуун дуу”-г анх бичсэн гэдэг. Дараа нь хувьсгал ялсны дараа Ленин Горькийг дуудаад “Та ард түмний тархийг цэнэглэдэг сайхан сургууль байгуулаач. Тэр нь манай нийгмийн үзэл бодлын суурь нь байх юм” хэлсэн гэдэг. Тэр дагуу 1934 онд энэ сургуулийг байгуулсан. Социализмын үеийн кино ямар байдаг байлаа. Нэг ядуу хүн хүнд хэцүү амьдралтай байж байгаад нэгдэлд орж, 500 ямаа маллаад эхний жил төллүүлсэн чинь бүгд үхдэг, дараа жил нь хичээж байгаад бүгдийг нь онд мэнд оруулж, хөдөлмөрийн баатар, АИХ-ын депутат болоод 5 ханатай цагаан гэр бариад жаргаад дуусдаг. Ер нь ард түмнийг ямар нэгэн юманд итгүүлэхэд уран зохиол их нөлөөлдөг. Одоо яагаад хэрэлдээд зодолдоод бужигнаад байна вэ гэвэл одоогийн утга зохиол ямар ч үзэл бодолгүй болсон. Юу хүсэж зорьж байгаа нь тодорхойгүй, хүмүүс зодоон тулалдаантай кино үзсээр байгаад тийм болсон. Сайн сайхан зүйлд уриалан дуудсан ном сонин гарах тусмаа нийгэм төлөвшдөг.
 - Одоо таны үеийнхэн “Болор цом”-ын эзэд, нөгөө хэсэг нь орчуулгын яруу найрагчид гээд талцдаг. Та  мэргэжлийн хүний хувьд алиныг нь дэмждэг вэ?
- Ер нь аливаа урлаг өөрийн арга мотивтой байдаг. “Болор цом” яагаад зарим хүнд сэтгэлд нь хүрээд, яагаад заримынх нь сэтгэлд хүрдэггүй вэ гэвэл шүлэг, яруу найраг өөрөө хоёр агуулгатай. Зарим нь цагаан, хүнд шууд хүрдэг, хөгжим аялгуу сайтай шүлэг бичдэг. Ийм шүлгийг хүн анх сонсоод ойлгодог,тайзан дээрээс маш сайхан сонсогддог. Харин гүн ухааны утга уянгын гүнзгий шүлгүүдийг хүн шууд ойлгохгүй.  Г.Аюурзанын шүлгийг тайзан дээр уншихад хүн хүлээж авахгүй. Аль аль нь буруу биш. “Болор цом” байхгүй бол шүлэг найрагт хүмүүсийг дуртай болгох том хүч байхгүй болно. Дандаа “Болор цом” гээд гүйгээд байвал гайхалтай сонгодог яруу найраг ядуурна. Амьдрал өөрөө баян. “Болор цом” буруу, зөв гэж туйлшрах юм байхгүй. Надтай цуг төгссөн Г.Аюурзаныг “Болор цом”-д ордоггүй гэж сонссон. Аюурзанын зөв, яагаад гэвэл Аюурзанын шүлгийг тайзан дээр уншихад хүмүүс ойлгохгүй. Аюурзанын номыг худалдаж аваад уншвал үнэхээр сайн яруу найрагч юм аа гэдгийг ойлгоно.
-Зундуйн Дорж гуайн бие муухан дуулддаг. Ер нь ямархуу байгаа бол?
-Дорж ах суу билэгт яруу найрагч. 40 гаруй номтой хүн. Дорж ах миний амьдралд их нөлөөлсөн.Ахын “Мал сүргийг гэмт халдлагаас сэргийлэх нийгэмлэг”  маш олон хүнд тусалсан.Ганцхан хүн мөртлөө бүх л бүтэн том төрийн институт шиг ажиллаж байсан. Монголын толгой зохиолчдын нэг гэж зөвхөн дүүгийн хувьд биш, мэргэжлийн сургуулийг нь төгссөн хүний хувьд хэлнэ.Олон жилийн дараа суут зохиолч байжээ гэдгийг хүлээн зөвшөөрнө. Тэр үед илүү их хүндлэл ирнэ гэж боддог .Эрүүл мэндийн хувьд сайнгүй байсан ч одоо бие нь сайжирч байгаа. Хүү нь манай компанид ажилладаг.
- Долоон сарын нэгний үймээнээр ганцхан танай байгууллага мэнд өнгөрч. Уг нь СТӨ-нд байрладаг, яаж зүгээр өнгөрөв өө?
-Тэр үед манай хамгаалалтын албаныхан сайн ажиллаж гурван өрөөгөө эвдүүлээд үлдсэн. Гурван талд нь түймэр шатаад аймаар юм болсон ч бурхны авралаар манайх гайгүй өнгөрлөө. Манай хамгаалалтын ажилтнууд сайн ажиллаагүй бол бас л адилхан шатаж, дээрэмдүүлэх байсан.
-Ярилцсанд баярлалаа. Ч.ӨЛЗИЙДЭЛГЭР WWW.TOVCHOO.MN

 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ